Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/04241

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 17 182/ШШ2024/04241

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .............. тоотод оршин суух, Б овогт Д.С /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух, Л овогт С.Б /РД:0000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 1,776,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.С,

Хариуцагч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024.03.07-ны өдөр 07 цаг 30 минутад prius-41 маркийн 0000 улсын дугаартай суудлын автомашинд ............. 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явган хүний гарцаар гарч байхдаа мөргүүлсэн. Тухайн осол гарснаас 5 сарын дараа нурууны муруйлт , цүлхийлттэй болсон ба А эмнэлэгт рентген зураг авахуулж, 10 хоногийн турш эмчлүүлсэн.

Эмчилгээний дараа гам барих зайлшгүй шаардлагатай болсон тул 2024.07.18-наас 08.18-ны өдөр хүртэл ажил хийгээгүй CU дэлгүүрт ажиллаж өдөрт 35,000 төгрөгийн орлого олдог. Одоо төгсөх курсын оюутан ба түүнээс өөр орлого байхгүй...

Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учруулсан хохирол 700,000 төгрөг, бичиг баримт хуулбарласан зардал 36,000 төгрөг, олох басйан орлого 1,040,000 төгрөг, нийт 1,776,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1,130,000 төгрөгийг 2 удаа буюу 2024.10.20-ны өдөр 565,000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 565,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой... гэв.

 

Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага 1,776,000 төгрөгөөс 646,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,130,000 төгрөгийг хариуцагч 2 сарын дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд Д.С миний бие 1,776,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 646,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч С.Б нь үлдэх 1,130,000 төгрөгийг 2024.10.20-ны өдөр 565,000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 565,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Б-т холбогдуулан хохирол 1,776,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 646,000 төгрөгийг татгалзаж, 1,130,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч нь 2024.10.20-ны өдөр 565,000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 565,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Д.С-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.30-ны өдөр төлсөн 43,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 31,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч С.Б-т холбогдох хохирол 1,776,000 төгрөг гаргуулах тухай Д.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 646,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,130,000 төгрөгийг 2024.10.20-ны өдөр 565,000 төгрөг, 2024.11.20-ны өдөр 565,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч С.Б-ээс тэмдэгтийн хураамж 31,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.30-ны өдөр төлсөн 43,366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН

 

Т.ЗОЛЗАЯА