| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0014/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ч. холбогдох ,, тоот хэргийг хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,,тоот хашаанд байсан иргэн Х.Оы 42-09 УНЕ улсын дугаартай, Тоёота Аурис маркийн автомашин дотроос монетон ээмэг, бөгж, гинж, метал бугуйвч, бэлэн 70.000 төгрөгийг хулгайлж, 1.616.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Х.О-ы өгсөн:
“... 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би С.Б, түүний нөхөр Ш.Д, Ж.Г болон түүний эхнэр Ч.Э-гийн хамтаар Архангай аймгийн төвд Ж.Г-гийн гэрт пиво ууж юм ярьж сууж байгаад тэр шөнөдөө Ж.Г-гийнд хоносон. 19-ний өглөө Ш.Д эхнэр С.Б-гийн хамт ажилдаа явсан байсан. Би 9 цагийн үед босоод Ч.Э-г ажилд нь хүргээд хамаатны айл болох Оийнд очсон. Айлд очоод нүүрээ будахаар цүнхээ онгойлготол цүнхнээс 70.000 төгрөг, монетон ээмэг, гинж, бөгж алга болсныг мэдсэн. Ж.Ггийнд хонохдоо тухайн үед унаж байсан 42-09 УНЕ улсын дугаартай Тоёота Аурис маркийн улаан өнгийн автомашинаа тэдний хашаанд оруулж, цүнхээ машинаасаа авч буугаагүй юм. 10 цагт цагдаагийн газар очиж алдсан эд зүйлсээ бүртгүүлсэн. 12 цагийн үед цагдаа болон шинжээч нар ирж хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Цагдаад мэдүүлэг өгсний дараа миний металь бугуйвч алга болсоныг мэдсэн. Би 20-ны өглөө Улаанбаатар хотод ажилтай байсан тул 19-ний орой Архангай аймгаас явсан. 21-ний өдрийн 17 цагт Ч.Э-тэй холбогдоход сумын цагдаа чиний алдсан зүйлсийг зах дээр хүнд зарах гээд явж байхад нь хураан аваад надад 18 цагийн үед Цахир сумын эрүүгийн төлөөлөгч У.Б гэж хүн хүлээлгэж өглөө гэж хэлсэн. Би эд зүйлээ хулгайд алдчихаад бөө болон ламд үзүүлэхэд хамт байсан эмэгтэй хүн авсан байна гэж хэлсэн. Тэр бүх үйл явдалд Энхтүвшин надтай хамт явсан бөгөөд С.Б авсан юм болов уу гэж хэлж байсан. Гэтэл Ч.Э өөрөө миний эд зүйлийг хулгайлчихаад баригдах болохоороо цагдаагаас авсан дүр эсгэж надад буцаан өгсөн. Ч.Э У.Б гэх цагдаатай хуйвалдсан болохыг У.Б-той утсаар ярихдаа олж мэдсэн. У.Бтой хийсэн яриаг гар утсаар бичлэг хийж хадгалсан байгаа. Би С.Б , Ш.Д, Ж.Г, Ч.Э-гийн хамтаар 5-уулаа байсан. Бид 5-аас өөр хүн байгаагүй, шөнө 2 эмэгтэй такситай ирээд хашааны цаанаас буцсан. 2012 оны үед сая алдсан ээмгээ Ч.Эгийн гэрт цүнхэн дотроос алдаад гэрт нь хайтал тэдний хивсэн доороос олж авч байсан. Тухайн үед тэднийд байсан айлын хүүхэд аваад нуусан байна гэж бодож байсан. Сая алдагдсан зүйлсийг олж өгсөн гэх цагдаатай 89452828 гэсэн дугаараар холбогдож ямар хүн миний эд зүйлсийг хулгайлсан талаар тодруулахад явуулын хүн гудамжинд шээж байгаад газраас олж аваад зарах гээд явж байсан тул тэмдэглэл хийлгүйгээр хурааж аваад Энхтувшинд хүлээлгэж өгсөн гэж ярьсан. С.Б У.Бтой уулзаж манай найз Ч.бЭнхтүвшин намайг авсан гэж хардаад байна та хэн авсан байсныг нь хэлнэ үү гэж хүсэлт гаргахад эрэгтэй хүн авсан гэж хэлж байгаад сүүлдээ яриа нь зөрөөд ер нь танай найз л авсан байсан гэж хэлсэн байсан. С.Б болсон зүйлийг надад хэлсний дараа би У.Бтой ярьж яриаг бичлэг хийн хадгалж авсан. У.Б хэлэхдээ Ч.Э манай нэг найз нөгөө найзын эд зүйлийг хулгайлсан байна. Би 2 найзаа муудалцуулмааргүй байна. Ямар нэгэн аргаар зохицуулаад өг гэж гуйсан гэсэн. Ч.Э өөрийн хийсэн үйлдлээ нуун дарагдуулахын тулд өөрийн хамт ажилладаг Б.Х гэх /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ эмэгтэй дээр очиж манай найз юмаа хулгайд алдаад бөөд үзүүлтэл бөө нь манай өөр найз авсан байна, түүнийгээ манай хашаанд турбан доогуур нуусан байна, хамт очоод олж өгье, ганцаараа очихоос айгаад байна гэж Б.Хг дагуулаад явсан байсан. ...У.Б нь Ч.Э-гийн хамт ажилладаг Б.Х гэдэг хүний төрсөн аав нь байгаа юм. Ээмэг 7.3 грамтай монет, 2008 оны үед 400.000 төгрөгөөр' авч байсан. Одоо би 400.000 төгрөгөөр үнэлэнэ. Гинж 10.3 грамтай 2012 онд 800.000 төгрөгөөр авч байсан одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ. Бөгж 1.7 грамтай 1 кратын монет, 2017 онд манай найз бэлэглэж байсан. Би бөгжөө 200 мянган төгрөгөөр үнэлнэ. Мөн 70000 төгрөг болон металл бугуйвчийн хамт алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
*Гэрч У.Бын өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг өнгөрч байхад манай охин Б.Х над руу залгаад манай ажлын газрын эгчийн найзууд ирж амраад буцахдаа нэг найз нь машин дотроосоо ээмэг, зүүлтэй алдсан гэнэ. Тэгээд хашаан дотор чинь энд тэндгүй тавьсан байж магадгүй гэж нөгөө нэг найз хэлсэн гээд хамт очоод үзээд өгөөч гэсэн юм. Би хамт очоод хашаан дотор нь үзсэн чинь хашаанд нь байх төмөр дотор нэг улаан хайрцагтай юм байна. Энийг яах вэ? гэсэн. Тэгэхээр нь би ээмэг, бөгж хулгайд алдагдсан эзэн нь тодорхойгүй хэрэг гарсан, дотроосоо байна гэж өмнө манай төлөөлөгч нар ярьж байхыг сонсож байсан болохоор аваад үзээдэх гэсэн. Охин маань авч үзлээ, ээмэг, бөгж, гинж байна гэсэн. Тэгэхээр нь та хоёр аваад ирвэл би үзээдэхье гэсэн. Намайг захиргааны хажууд машинтайгаа зогсож байхад нэг танихгүй тарган, намхан эмэгтэй манай охины хамт ирсэн. Тэгээд энэ нөгөө найз нь юмаа алдсан гээд байсан надтай хамт ажилладаг, манай ажлын нягтлан хүүхэн гээд надад Ч.Эг танилцуулсан. Би хайрцагтай юмыг нь онгойлгож үзээд зурагнуудыг нь өөрийнхөө аппаратаар аваад буцаагаад өөрт нь өгөхдөө чи энэ бөгжийг авчихсан юм биш үү гэхэд үгүй би аваагүй гэсэн. Тэр өдрөө энэ талаар эрүүгийн төлөөлөгч Төмөршагай, Санчир нарт хэлж асуусан. Тэгэхэд энэ дуудлаганд Ш.Дашдондов гээд эрүүгийн мөрдөгч явсан. Бид 2 сайн мэдэхгүй байна гэсэн. Уг хайрцагт эмэгтэй хүний монетен ээмэг 2 ширхэг / нэг хос/, эмэгтэй нарийн гинж 1 ширхэг, эмэгтэй дээрээ жижиг шигтгээтэй бөгж 1 ширхэг байсан. Тэр эмэгтэй /Ч.Э/ хэлэхдээ манай нэг найз нөгөө найзынхаа юмыг авчихсан юм шиг байна. Найзуудаа хооронд нь муудалцуулмааргүй байна. Манай найзад аль болох зөвөөр ойлгуулаад яриад өгөөч гээд байхаар нь би Ч.Эгийн өгсөн дугаар руу залгасан боловч холбогдохгүй байсан. Би цагдаагийн баярт явах ёстой байсан учраас тэр хоёроос салаад явсан. Намайг цагдаагийн баярт яваад 2017 оны 07 дугаар сарын 23-ны орой гэртээ ирэхэд миний утас руу танихгүй дугаараас олон удаа залгасан байсан. Би тэр дугаар руу буцаж залгаагүй. Маргааш нь буюу 24-ний өдөр тэр дугаараас над руу “Цахир сумын хэсгийн төлөөлөгч мөн үү, би ээмэг бөгжөө алдсан хүн байгаа юм. Та хаанаас, яаж олсон юм бэ гэж асуусан. Би охины маань хамт ажилладаг хүн гуйгаад байсан болохоор нь “Энэ ээмэг бөгжийг нэг хүн гудамжинд шээж байгаад олоод зах дээр зарах гээд явж байхад олж авсан Тэгээд зургийг нь аваад найзад чинь хүлээлгээд өгчихлөө” гээд хэлчихсэн юм. Би Ч.Э гэх тэр эмэгтэйг авсан байж магадгүй гэж бодсон. Тэгээд өөрт нь хэлтэл би аваагүй, би ийм юм хийх хүн биш гэж хэлэхээр нь төрийн байгууллагад ажилладаг хүнийг арай ч хүний юмыг авахгүй байлгүй гэж тухайн үедээ бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
* Гэрч С.Б-гийн өгсөн:
“... 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай найз Х.О хотоос ирээд манай нөхөр Ш. Д, Ч.Э, түүний нөхөр Ж.Г, манай хүү Д.Б бид нар хамт салхинд гарахаар болсон. Гэтэл бороо ороод байсан болохоор болиод Гост сүпермаркетаас 6 лааз пиво, 0,75 л-тэй 1 шил архи аваад Ч.Эгийн гэрт нь очиж сууцгаасан юм. Шөнийн 01 цагийн үед байх архи дуусаад Ч.Эгийн нөхөр, манай нөхөр 2 архинд яваад дахин 1 шил архи авч ирээд бид нар тэрийгээ ууж дуусаад 03 цагийн үед унтацгаасан. Би нөхөр, хүүхдийн хамт Ч.Эгийн гэрийн дунд өрөөнд ор засуулаад шууд унтаад өгсөн. Маргааш өглөө ажилтай байсан учраас 07 цаг 30 минутын үед тэднийхээс гараад явсан. Бид гурвыг гарах үед тэд нар унтаад үлдсэн. 2017 оны 07 сарын 19-ний өдөр 10:00 цагийн үед Х.О над руу машинд байсан ээмэг, гинж, мөнгө алга байна гэж мессэж бичсэн. Би цагдаад тэмдэглүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэднийг цагдаа дээр очиход би ажилтай байсан учраас очиж чадаагүй. Тэр өдөр Х.О цайны цагаар над дээр ирээд алдсан зүйлсээ ламд үзүүллээ гэж хэлж байсан. Мөн тэр өдрийнхөө орой хот руу явж байхдаа миний алдсан эд зүйлийг Ч.Э авсан байж магадгүй гэж мессеж бичсэн. Тэгээд 2017 оны 7 сарын 21-ний өдөр Х.О над руу “алдсан эд, зүйлээ олчихлоо, цагдаа олж өгсөн байна" гээд мессэж үлдээсэн байсан. Тэгээд би Э рүү яриад Х.О алдсан эд зүйлээ олчихсон гэж байна. Алдсан юмыг нь чамд өгсөн гэж байна ямар цагдаа, яаж олж өгөв гээд асуусан. Тэгээд надад сэжигтэй санагдаад Э-д тэр эд зүйлсийг олж өгсөн цагдааг олж уулзсан. Тэр цагдаа хэлэхдээ охинтой маань хам ажилладаг, би тэр хүнийг сайн танихгүй. Манай охин дагуулж ирээд хамт ажилладаг эгчийн маань найз юмаа алдчихсан, тэрийг нь нэг найз нь авчихсан юм шиг байна 2 найзыгаа муудалцуулмааргүй байна, аргалаад буцаагаад өгөөч гэж гуйгаад байхаар нь Х.О-д тэгж хэлж өгсөн юм гэж ярьсан. 2017 оны 07 сарын 23-ны орой ахындаа оччихоод гэртэй ирсэн чинь манай хашааны гадаа нэг машин зогсож баисан. Тэр машинаас Ч.Э бууж ирээд Х.О-ы алдсан зүйлийг чи авчихсан байсан байна. Чамайг л бодоод би цагдааг гуйж хэлүүлсэн юм гээд нөхөр хүүхдийн дэргэд гүтгэж доромжилсон. Намайг гүтгээд байсан болохоор бид маргалдаад Ч.Э манайхаас гараад явсан. Тэр орой Х.О над руу яриад Ч.Э миний алдсан эд зүйлийг авсан гэдгээ хүлээсэн гэж хэлсэн. Энхтүвшин өөрийн ажилладаг байгууллагын хамт олондоо О-ы алдсан зүйлийг намайг авсан мэтээр ярьж гүтгэсэн болохоор нэр төрөө сэргээлгэхээр цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
Гэрч Б.Хгийн өгсөн:
2017 оны 07 дугаар сарын 20, 21-ний үед, яг хэдний өдөр байсныг одоо сайн санахгүй байна. Би ажил дээрээ их эмч И-ын хамт ажлаа хийгээд байж байтал манай нягтлан Ч.Э гаднаас орж ирсэн. Цайны цаг байсан болохоор хамт “Рич ланд” гээд хоолны газарт хамт хоолонд орсон. Тэгээд хоол идээд сууж байтал Ч.Э бидэнд хандаж “манай гэрт гурван найз маань хамт 5-лаа байж байгаад нэг найз маань нөгөө найзын эд зүйлсийг авчихсан юм шиг байна. Тэгээд эд зүйлсээ алдсан найз маань бөөгөөр дуудуулж ном уншуулсан, өгөхгүй бол бүр том ном уншуулна гэсэн. Манай хашаанд байдаг төмөр трубануудад үз гээд байна. Би ганцаараа явахаасаа айгаад байна, 3-лаа хамт яваад үзээдэхье гэж гуйсан. Ишжамц эмч нярай үзэх ажилтай гээд явсан. Би Ч.Эгийн хамт Тамир хороололд байх гэрт нь очсон. Хашааных нь жижиг хаалга түгжээтэй, том хаалга нь онгорхой байхаар ороод хашаан дотор нь хайсан. Ч.Э ярихдаа танайх төмөр ихтэй юм чинь тэр төмөр трубан дотроо үз гэж хэлсэн гэж Х.Оы найз нь хэлсэн гэсэн. Би Ч.Эд хэлэхдээ хулгайлсан юмаа юу гэж айлын хашаанд төмөр дотор орхих юм бэ аваад л явна биз дээ гэж хэлсэн. Тэгээд Ч.Эгийн хашааных нь ертөнцийн зүгээр урд талд эмх замбараагүй тавьсан төмрүүдийн тэнд очоод доошоо суутал нэг трубан дотор улаан өнгийн хайрцагтай зүйл харагдсан. Би Ч.Эг дуудаад тэр мөн үү гэхэд мөн байна гэсэн. Тэгээд энийг үзэж болох юм бопов уу гэхэд чи ааваасаа асуугаад өгөөч гэсэн. Тэгээд би аав У.Б руу залгаад болсон асуудлаа ярьсан. Манай аав Архангай аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчийн ажилтай юм. Тэгээд ааваасаа асуухад алга болсон эд зүйлтэй таарч байна уу? үзээдэх гэхээр нь бид 2 тэр улаан хайрцагтай зүйлийг аваад онгойлгож үзэхэд Ч.Э алга болсон зүйл нь яг мөн байна гэсэн. Бид хоёр тэр улаан хайрцагтай ээмэг, бөгжийг аваад ажил руу явж байтал захиргааны хажуу талын зам дээр аавын машин зогсож байсан. Бид 2 аав дээр очоод нөгөө хайрцагтай зүйлүүдээ үзүүлсэн. Ч.Э манай нэг найз нөгөө найзын маань юмыг авчихсан байна. Бид их олон жил найзалж байна. ийм зүйлээс болж найзуудаа муудалцуулмааргүй байна. Та манай найзад хэлээд өгөөч гээд нэг утасны дугаар өгсөн. Манай аав чи өөрөө авчихсан юм биш биз дээ гэж асуухад үгүй, манай найз авчихсан юм шиг байна, та хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь аав тэр утас руу залгахад холбогдохгүй байсан. Аав тэр зүйлсийнх нь зургыг аппаратаараа аваад буцаагаад өгсөн тэгээд аав яваад өгсөн. Ч.Э тэр эд зүйлс хулгайлсан гэх найзынхаа нэрийг хэлээгүй. Манай найз л гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
Гэрч Ж.Г-гийн өгсөн:
“...Миний эхнэр Ч.Э Цахир суманд төрсөн. Эцэг , эх нь нас барцгаасан. Төрсөн ах Ч.Г, Ч.Л, төрсөн дүү Ч.Э нар нь Улаанбаатар хотод, төрсөн эгч Ч.Энхжаргал нь Цахир суманд амьдардаг. Ч.Э нь “Гурван тамир” дээд сургуулийг 2005 онд төгссөн. Тэр үед бид танилцан байсан юм. Тэгээд 2005 онд гэр бүл болсон. Одоо 5-9 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Манай эхнэр гэртээ хүүхдүүдээ харж байгаад 2016 оноос Эрдэнэбулган сумын Өрхийн эрүүл мэндийн төвд нягтлангаар орсон юм. “Гурван тамир” дээд сургуульд хамт суралцаж байсан. Х.О, Ч.Б нартай найзлаж, хааяа манайхаар ирцгээдэг. Ч.Э нь янз бүрийн буруу ааш авир гаргадаггүй, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаг, төлөв даруу зантай. Ийм асуудал яагаад гаргасан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
Гэрч Ш.Дийн өгсөн:
“... 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр миний эхнэр С.Б найз Х.О нь ирсэн гээд бид найз Ч.Эгийнд очсон юм. Тэр үед манай эхнэрийн найз Х.О, Ч.Э, түүний нөхөр Ж.Г, манай хүү байсан. Бид дэлгүүрээс архи пиво аваад Ч.Эгийнд сууцгаасан. Бид шөнийн 3 цагийн үед амраад өглөө тэднийхээс гараад ажилдаа явсан. Ч.Э Оы эд зүйлсийг авсан талаарх асуудлыг би сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Яллагдагч Ч.Э2гийн өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 1-17 тоотод байх гэртээ байж байхад найз Х.О орж ирсэн. Надтай хэсэг юм ярьж сууж байгаад С.Б дуудаад байна, би очоод аваад ирье гээд гарсан. Тэгээд 19 цаг өнгөрч байх үед Ш.Д, С.Б, тэдний хүү болох Д.Б нарын хамт орж ирсэн. Бид хөдөө Тамирын гол руу салхинд гарахаар явсан боловч бороо ороод байсан болохоор болиод Гост супермаркетаас 9 лааз пиво, 0,75 литрийн 1 шил архи аваад манайд хоол унд хийгээд хамт сууцгаасан. Тэгээд шөнийн 00 цагийн үед архи дуусаад манай нөхөр Ж.Г, С.Бгийн нөхөр Ш.Д хоёр архи олж ирэхээр гараад 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи аваад орж ирсэн. Би 3-н лааз пиво, архинаас нь ч нилээд уусан. Одоо хир их ууснаа санахгүй байна. Тэр үед манай гэрийн хаалга дэлгээтэй харагдахаар нь очтол хашааны хаалга бас онгорхой байхаар нь хаахаар очсон юм. Тэгээд гарч явтал дотор муухайраад бөөлжихөөр хашаанд тавьсан Х.Оы машиныг налаад суусан. Тэгээд бөөлжчихөөд босох гээд татсан чинь хаалга нь онгорхой байхаар нь дотор нь ороод суусан. Тэгээд Х.Оы машины суудал дээр байсан хар өнгийн цүнхнээс улаан хайрцагтай зүйл, эвхсэн мөнгийг аваад гэр рүүгээ ороод коридорт байх үүдний тавиурын тавцан дээр тавиад унтлагын өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш өглөө намайг сэрэхэд Х.Д, С.Б нар явчихсан байсан. Манай нөхөр Ж.Г, О бид 3 сэрээд манай нөхөр ажил руугаа яваад, Х.О намайг ажлын үүдэнд буулгаад явсан. Тэгээд ажил дээрээ байтал Х.О залгаад миний ээмэг, зүүлт, мөнгө алга болсон байна гэсэн. Дашлхүндэв, Х.О бид 3 цагдаа дээр ирж мэдэгдэж тэмдэглүүлээд Х.О Улаанбаатар хотод ажилтай гээд явсан. Тэгээд би тэндээсээ 2-р цэцэрлэг дээр тайлан гаргачихаад гэр рүүгээ очоод үүдний тавиур дээрээс нөгөө хайрцагтай зүйлээ аваад хайрцгийг нь онгойлгож үзэхэд монетен ээмэг/1 хос/, монетен гинж 1 ширхэг, монетен бөгж 1 ширхэг байсан. Мөнгийг авч үзэхэд 70,000 төгрөг байсныг нь аваад, ээмэг зүүлт, бөгжийг нь буцааж хайрцагт нь хийгээд хашааны хаалганы эсрэг талд байсан төмөр трубан дотор хийчихсэн юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай найз С.Б надтай утсаар ярихдаа далаар мэргэлдэг хүнд үзүүллээ нөгөө алдсан зүйл чинь танай хашаан дотор чинь байна гэж хэлсэн. Чи хашаанд дотор байх төмөр дотроо сайн үзээдэх гэсэн. Тэр өдрөө би “Ар мөнгөн чагнуур” өрхийн эмнэлгийн эмч Ишжамц, Б.Х нартай хамт хоолонд ороод сууж байхдаа энэ талаар ярьсан юм. Тэгсэн манай хоёр эмч танай тэр найз чинь тэгвэл авчихсан байж магадгүй юм гэхээр нь танай аав чинь цагдаа биз дээ хэрвээ манай хашаанд байвал яах вэ танай ааваас зөвлөгөө авъя гэж хэлсэн. Би Б.Х эмчийг Тамир хорооллын 1-17 тоотод байх хашаандаа дагуулж очоод хашаан дотор хамт хайсан. Тэгээ Хандсүрэн эмч хашаан дотор хайж байгаад миний трубан дотор хийсэн байсан хайрцагтай ээмэг, зүүлт, бөгжийг олж хараад намайг дуудсан. Би одоо яах вэ ааваас чинь зөвлөгөө авъя гээд Хандсүрэн аав руугаа залгаад би ярьсан. Би тэр хүнд хэлэхдээ 2 найзтайгаа байж байгаад манай нэг найз нөгөө найзын маань юмыг авчихсан юм шиг байна. Энэ 2 их олон жил найзлаж байгаа юм. Ийм зүйлээс болоод эвдрэлцүүлмээргүй байна. Та эвтэйхэн аргалаад буцааж өгөхөд туслаач гэж гуйгаад захиргааны хажууд байна гэхээр нь яваад очсон. Намайг Б.Хгийн хамт очоод нөгөө улаан хайрцагтай зүйлээ аавд нь үзүүлэхэд Б.Хгийн аав нь чи өөрөө авчихсан юм биш үү гэж асуухад би аваагүй. Та энийг эзэнд нь өгөхөд туслаач гэж гуйсан. Тэгээд Б.Хгийн аав тэр ээмэг, бөгж, зүүлтний зургийг зургийн аппаратаар авчихаад буцаагаад өгсөн. Үнэхээр л тийм юм бол би яриад өгье гэхээр нь Б.Хгийн аавд Х.Оы утасны дугаарыг өгчихөөд Б.Х эмч бид хоёр ажил руугаа явсан. Тэр өдрийнхөө 5 цагийн үед Б.Хгийн аав цагдаагийн баярт явах гэж байгаа гээд Цагаан даваанд өөрийнхөө амьдардаг гудмандаа зогсож байхаар манай найзтай ярьсан уу гэж асуусан. Б.Хгийн аав хэлэхдээ би ярьсан алдсан юмыг чинь найзад чинь өгсөн гэж л хэлсэн шүү” гэсэн. Би баярлалаа гээд яваад өгсөн. Тэгээд хавтгай модны жуулчны бааз дээр байж байхад С.Б над руу яриад Х.Оаа алдсан юмаа олчихсон гэнэ. Яахаараа цагдаа олдог юм бэ? Надад тэр цагдаагийнхаа дугаарыг өг гэсэн. Би дугаарыг нь өгөөгүй юм.Тэр цагдаатай С.Б өөрөө очоод уулзчихсан байсан. С.Б над руу яриад тэр алдсан юмыг нь чи авчихсан юм биш үү. Тэгэхээр нь би гэрт нь такси бариад яваад очтол цагдаагийн ярьсан зүйлүүдийг утсан дээрээ бичээд авчихсан байсныгаа надад сонсгосон. Миний өмнө ярьсан зүйлүүдийг цагдаа ярьсан байсан. С.Б намайг чи Х.Оы ээмэг, бөгж, зүүлтийг авчихсан биздээ гээд орилоод байсан. Би С.Бтай маргалдаж байгаад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод О руу залгаад болсон явдлаа үнэнээр нь хэлээд уучлалт гуйсан. О надад тийм л юм бол үнэн явдлаа хэлээд цагдаадаа өргөдлөө өг гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хийсэн хэргээ бичээд цагдаад өргөдлөө өгсөн. Би ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-49 дүгээр тал/
* 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаарт тал
*Гэрэл зургийн үзүүлэлтүүд, хх-ийн 21-22 дугаар тал
*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 37 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-52дугаар тал /
*Архангай аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн 847 дугаартай албан бичиг /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг болно.
2017 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 1- 205 тоот хашаанд байсан иргэн Х.Оы 42-09 УНЕ улсын дугаартай, Тоёота Аурис маркийн автомашин дотроос эд зүйлс хулгайлагдаж иргэн Х.Од 1.616.700 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,тоот хашаанд байсан иргэн Х.О-ы 42-09 УНЕ улсын дугаартай, Тоёота Аурис маркийн автомашин дотроос монетон ээмэг, бөгж, гинж, метал бугуйвч, бэлэн 70.000 төгрөгийг хулгайлж нийт 1.616.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Оы “...Гэтэл Ч.Э өөрөө миний эд зүйлийг хулгайлчихаад баригдах болохоороо цагдаагаас авсан дүр эсгэж надад буцаан өгсөн. Ч.Э У.Б гэх цагдаатай хуйвалдсан болохыг У.Бтой утсаар ярихдаа олж мэдсэн....” гэх мэдүүлэг, гэрч С.Б-гийн “....Тэр цагдаа хэлэхдээ манай охин дагуулж ирээд хамт ажилладаг эгчийн маань найз юмаа алдчихсан, тэрийг нь нэг найз нь авчихсан юм шиг байна 2 найзыгаа муудалцуулмааргүй байна, аргалаад буцаагаад өгөөч гэж гуйгаад байхаар нь Х.Од тэгж хэлж өгсөн юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг гэрч У.Бын “...Намайг захиргааны хажууд машинтайгаа зогсож байхад нэг танихгүй тарган, намхан эмэгтэй манай охины хамт ирсэн. Тэгээд энэ нөгөө найз нь юмаа алдсан гээд байсан надтай хамт ажилладаг, манай ажлын нягтлан хүүхэн гээд надад Ч.Эг танилцуулсан. Би хайрцагтай юмыг нь онгойлгож үзээд зурагнуудыг нь өөрийнхөө аппаратаар аваад буцаагаад өөрт нь өгөхдөө чи энэ бөгжийг авчихсан юм биш үү гэхэд үгүй би аваагүй гэсэн. Уг хайрцагт эмэгтэй хүний монетен ээмэг 2 ширхэг / нэг хос/, эмэгтэй нарийн гинж 1 ширхэг, эмэгтэй дээрээ жижиг шигтгээтэй бөгж 1 ширхэг байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-гийн “...Тэгээд Ч.Э-гийн хашааных нь ертөнцийн зүгээр урд талд эмх замбараагүй тавьсан төмрүүдийн тэнд очоод доошоо суутал нэг трубан дотор улаан өнгийн хайрцагтай зүйл харагдсан. Би Ч.Э-г дуудаад тэр мөн үү гэхэд мөн байна гэсэн. Эмэгтэй хүний монетэн ээмэг 2 ширхэг / нэг хос/, эмэгтэй нарийн монетэн гинж 1 ширхэг, эмэгтэй, дээрээ жижиг шигтгээтэй бөгж 1 ширхэг байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Ч.Эг-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Э-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийг ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй шүүгдэгч Ч.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Ч.Э-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Э-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж түүнд эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хадгалж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ч.Э бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхл тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР