| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2033001270071 |
| Дугаар | 2022/ДШМ/85 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ДШМ/85
Х.Ням-Өлзий, “Эрин эрдэнэс” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор Н.Бадам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.Ням-Өлзий, “Эрин эрдэнэс” ХХК нарт холбогдох эрүүгийн 2033001270071 дугаартай, 150/2021/0065/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
“Эрин Эрдэнэс” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 100 айл, 45,48 тоотод оршин байрлах, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх-8299, Геологийн суурь судалгаа хийх-7210, Барилгын засвар хийх-4330 чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй /РД:6132588/,
Түвд овогт Хоролсүрэнгийн Ням-Өлзий, Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, барилгын засалч мэргэжилтэй, “Эрин эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4-р хороо Хаппи хотхон 11-107 тоотод оршин суух, /РД:Д392032910/,
Урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.
Шүүгдэгч “Эрин эрдэнэс” XXК нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сас хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хул азарганы тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулан байгаль экологид 48.512.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Х.Ням-Өлзий нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртзл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хул азарганы тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулан байгаль экологид 48.512.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Х.Ням-Өлзийгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Эрин эрдэнэс” ХХК-ийн үйлдлийг 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ням-Өлзийд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-д оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалган,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Hyunday Robex 3700 LC-7 маркийн 77-77 УР улсын дугаартай экскаватор 1 ширхэг, Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex 3700 LC-7 маркийн 77-77 УР улсын дугаартай экскаватор 1 ширхэг, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий Hyunday Robex- LC-3маркийн экскаватор 1 ширхэг, нийт 60,000,000 төгрөгийн механизмын үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-аас 30,000,000 төгрөгийг, шүүгдэгч Х.Ням-Өлзийгөөс 30,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1,974,514 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-аас 987,257 төгрөг, шүүдэгч Х.Ням-Өлзийгөөс 987,257 төгрөг гаргуулан “Эртэч наран” ХХК-д олгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ням-Өлзийд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч Х.Ням-Өлзий энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдан,
...Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Ням-Өлзийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх нь хуулийн этгээдэд болон тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагад ял шийтгэл хүлээлгэх, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйл, компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн тул дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Нэг. “Эрин-Эрдэнэс” ХХК нь 2020 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Хонгор овоо багийн нутаг дэвсгэрт Хул азаргын нуруу гэх газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулж байгаль экологид 48,512,760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Гэхдээ шүүхээс байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцон гарахдаа нөхөн сэргээлт хийх зардлыг нэмж хохиролд тооцсон нь үндэслэлгүй байна.
“Эртэч наран” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд байгаль орчинд нөхөн сэргээлтийн зардал 35,305.410 төгрөг гэж тооцсоныг хохиролд оруулан тооцож төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна. Нөхөн сэргээлтийн зардлыг тооцсон нь уг эвдрэлд орсон газар, газрын хэвлийд нөхөн сэргээлт хийхэд ийм зардал гарна гэж л урьдчилан тооцсон асуудал юм.
Харин Ашиг малтмалын тухай хуулийн 49-р зүйлд Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох талаар хуульчилж өгсөн. Хуулийн энэ зохицуулалтын дагуу тооцон гаргасан хохирол, нөхөн төлбөр нь хэргийн холбогдогч компанийн учруулсан бодит хохирол, нөхөн төлөх төлбөр юм. Байгаль орчны тухай хуулийн 49-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг хохирол , нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр хуульчилжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2 -т зааснаар хохирол, нөхөн төлбөрийг эргүүлээд нөхөн сэргээлт хийхэд зарцуулахаар заасан байдаг.
Иймд хохирол, нөхөн төлбөрөөс гадна шинжээчийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардал гэж тооцсон 35, 305.410 төгрөгийг анхан шатны шүүх нийт гэм хорын хохиролд оруулан тооцсоныг хасуулахаар гомдол гаргаж буйг хүлээн авна уу.
Хоёр. Анхан шатны шүүхээс “Эрин-Эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзийгөөр гэм хорын хохирлын 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх удирдлагад хуулиар хүлээгээгүй эд материалын бүрэн хариуцлагыг оногдуулжээ . Өөрөөр хэлбэл “Эрин-Эрдэнэс” ХХК-ийн байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрийг болон битүүмжилсэн хөрөнгийн үнийг 50, 50 хувиар тооцон гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзийгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Компанийн тухай хуулийн 9-р зүйлд заасан компани өөрийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг, төлбөр барагдуулдаг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Компанийн тухай хуулийн 84.1 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтны нэг бөгөөд зөвхөн уг хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэг заасан хохирлыг л өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр хуульчилсан байхад шүүх хуулийн энэ зохицуулалтыг огт анхаараагүй орхигдуулсанд гомдолтой байгаа болно. Нэгэнт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа тул бүх хохирлыг компани өөрийн хөрөнгөөр төлөх хуулийн зохицуулалтай байна.
Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2,3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд гүйцэтгэх удирдлагыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэхдээ түүнд компанийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх техник хэрэгслийн үнийн 50 хувийг төлүүлэхээр шүүх шийдвэрлэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн түүнд 3 жилийн хорих ял оноож ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэг хүлээхгүй компанийн гүйцэтгэх удирдлагаар хохирол төлүүлэхээр шийдвэрлэж, түүнийг хохирол нөхөн төлөөгүй гэж үзэж хорих ял оноож ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж гомдолтой байна. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа тохиолдолд хохирлыг компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар эрх үүрэг тодорхойлогддог гүйцэтгэх удирдлага дангаараа хариуцах эрх, үүрэг бүхий субъект биш юм. Гүйцэтгэх захирал нь зөвхөн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан ажил гүйцэтгэх эсхүл хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг хүлээсэн эрх бүхий ажилтан төдий гэдэгт шүүх огт дүгнэлт хийлгүй түүнийг хохирол нөхөн төлөөгүй гэж үзэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Шүүх хурлаас өмнө эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэж чацарганын мод тариалсан талаар шүүх хурлын явцад хэлэлцэгдсэн боловч нөхөн сэргээлт дуусаагүй байсантай холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл гараагүй, албан ёсоор сум орон нутаг нь хүлээн аваагүй байсан тул нотлох баримт гаргах боломжгүй байсан болно. Одоогийн байдлаар 5 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж 85% -тай, 4 га газарт биологийн нөхөн сэргээлт хийж 2000 ширхэг чацарганын суулгац тариалж нөхөн сэргээлтийн ажил 65%тай явагдаад байгаа болно. Энэ ажилд 150,000,000 гаруй төгрөг зарцуулагдсан байна. Нөхөн сэргээлтийн ажил ойрын үед 100 хийгдэж дуусах ба албан ёсоор сум орон нутагт актаар хүлээлгэн өгч, Шинжээчээр ажилласан “Эртэч наран” ХХК-ийн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан байгаа.
Түүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд хэргийн холбогдогчдод барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч 10,000,000 төгрөгийн тусгай дансанд байршуулсан байгаа ба үүний 6,000,000 төгрөгийг Х.Ням-Өлзийгөөс өөрөөр нь хувиас нь гаргуулсан болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын 5,6,7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж гэм хорын хохирол, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн техникүүдийн үнэ, шинжээчийн дүгнэлтийн төлбөрийг компанид бүрэн хариуцуулахаар өөрчлөлт оруулж , мөн хуулийн 1.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзийд оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ял оноож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ням-өлзий болон хуулийн этгээд “Эрин Эрдэнэс” ХХК нь өнөөдрийг хүртэл байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, тодорхой газар нөхөн сэргээлт хийсэн гэж байгаа боловч энэ талаар хохирогч ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул хохирол хор уршиг арилсан гэж үзэхгүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч “Эрин эрдэнэс” XXК, “Эрин Эрдэнэс” XXК-ийн захирал Х.Ням-Өлзий нь 2020 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хул азарганы тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 48.512.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “... тус компани нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй, харин түгээмэл тархац буюу хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрөлтэй. ...2020 оны 09 сарын 09-ний өдөр тус компани нь 1 ковш, 1 экскаватор, 5-6 ажилтантай ирсэн. 2020 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн газрын хэвлийг хөндөж эхэлсэн. Энэ талаар орон нутгийн удирдлагуудад хэлж байсан боловч тус компани нь улмаар 11 сардаа алт угаах төхөөрөмж оруулж ирэн газар нүх шуудуунууд ухаж алт угааж эхэлсэн. Тус компани нь нийт 7 экскаватор, 4 ковш, 4 дизель, 4 экскубер, 2 контейнертой, 11 ширхэг гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан... алт олборлож байгаа талаар сумын иргэдээс мэдээлэл авч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Отгонбаатарын “... Фейсбүүкээр уурхайд ажилчин авна гэсэн зарын дагуу утсаар холбогдоод ирж ажилласан... би усан буун дээр ажилласан. Экскаватороор авчирсан шороог бууддаг. Намайг ирэхэд ажил нь эхэлсэн байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Энхтөрийн “...би энэ газар ирээд 13 хоног ажиллаж байна. Нэг хүнтэй өдөр шөнө ээлжлээд бункерт орсон чулуу түүж, цэвэрлэх ажил хийсэн. Чадраабал гэдэг хүний заавраар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Чадраабалын “ .. би 2020 оны 10 сард Эрдэнэцогт гэдэг хүнтэй утсаар холбогдоод Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй уурхайд байгаа. “...Ц.Цогтсайхан гэж хүнтэй холбогдоод ажиллаж бай. Би араас чинь очиж гэрээ хийнэ...” гэсэн. Би Хюндай 3000 маркийн Хово машинтай ирж 2020 оны 10 сарын 07-ны өдрөөс 10 сарын 21-ний өдрийг хүртэл газрын хөрс хуулалт хийж доошоо газрын гүн 3 метр ухахад хөрсний ус гарч байсан. Эрдэнэцогт тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлсэн...тодорхой хэмжээний алт авсан боловч өр зээлээ төлж чадаагүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Ганзоригийн “...Би 2020 оны 10 сарын 20-нд Улаанбаатар хотоос Ц.Цогтсайхантай холбогдоод ...дизель тог гаргагч хэрэгтэй байна... гэхээр нь ...түрээсээр ажиллах юм байна... гээд насос, дизельчин 2 хүн аваад ирсэн. Миний авчирсан тог гаргагчаар алт угаах төхөөрөмж ажиллуулж байсан. Миний мэдэхээр 3 усан буу ажиллуулж олборлолт явуулж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Даржаагийн ... компани захирал Эрдэнэцогт намайг дуудаад ...Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд манай уурхай очсон байгаа ажилчид ажил цалгардуулаад байна. Ажил эрчимжүүлэхэд тусал... гэсэн. Намайг ирэхэд уурхай ажиллахад бэлэн болсон, эхний угаах төхөөрөмж нь суурилагдсан, 2 карьер ухагдсан байсан. Захирлын гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлсэн. Тусгай зөвшөөрөлгүй олборлолт хийж байгааг мэдээгүй. Бүх техник нь түрээсээр ажиллаж, гэрээг захирал Эрдэнэцогт хийж байсан. Би гэрээгээр ажиллаж цалингаа авч байсан. “Эрин Эрдэнэс” ХХК нь миний төрсөн дүү Х.Ням-Өлзийгийн эзэмшлийн компани байгаа юм. Тус компанийг Х.Ням-Өлзий 2020 оны 08 сард хүнээс худалдан авсан. Би Г.Эрдэнэцогттой найз нөхдийн журмаар танилцаад 4 жил гаруй болж байгаа. Дүү Х.Ням-Өлзий нь тэнсэн харгалзах ялтай байсан, ямар нэгэн асуудал гарвал шоронд явчих гээд байсан тул Г.Эрдэнэцогтоос гуйж түүний нэр дээр компанийг шилжүүлсэн юм. Тус компани нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй, харин түгээмэл тархац буюу хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд алтны шар газар байсан учраас алт олборлох үйл ажиллагаа явуулсан. ...компанийн үйл ажиллагаа байсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эрдэнэцогтын “... Би 2020 оны 05 сард Х.Даржаатай танилцсан. Тэгээд Х.Даржаагийн жолоочоор ажиллаж байсан. Х.Даржаа...дүүгийнхээ “Эрин Эрдэнэс” ХХК- ийг түр шилжүүлмээр байна. Чамаас өөр итгэх найдвартай хүн алга... гэж хэлсэн. Тэгээд Улсын бүртгэлийн газар очиж компани нь миний нэр лүү шилжсэн. Х.Даржаа нь Хайрга дайрга олборлож байсан. Би Дарханд гэртээ байж байхад 2020 оны 10 сарын дундуур алт олборлож байгаа талаар хэлээд ...Цагдаа дээр очиж уулз... гэсэн. Би юу болоод байгаа талаар асуухад ...чамд хамаагүй геологич Цогтсайхан ах бүгдийг хариуцна... гэсэн. Ингээд 2020 оны 12 сарын 16-ны өдөр Даржаа яриад ...компанийг дүү Х.Ням-өлзий рүү буцаагаад шилжүүлчих... гэсэн тэгээд буцаагаад шилжүүлсэн. 2020 оны 10 сарын үеэр компани над руу шилжсэн үед Х.Даржаа намайг дуудаад техник түрээслэх гэсэн юм гээд гэрээгээ хийчихсэн байсан. Би хэдэн гарын үсэг зурсан. Би компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн үүрэг оролцоо байгаагүй. Ер нь бол энэ хугацаанд гарын үсэг л зурсан. Би Х.Даржаагийн жолоочоор ажиллаж байсан болохоор олон удаа гуйсан тул дүүгийнх нь компанийг нэр дээрээ шилжүүлсэн. 2 сар болгоод буцааж шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаярын “...Би Ням-Өлзий гэх хүнийг анх 2020 оны 09 дүгээр сард л анх удаа харсан юм. Би өөрийн ковшоо түрээслүүлнэ гээд зар тавьчихсан байсан чинь Ням-Өлзий утсаар холбогдоод тэгээд манай ковшийг түрээслэхээр болсон юм. Зөвшөөрөлтэй компани гэж ойлгосон ...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэлийн “...2020 оны 9 дүгээр сарын эхээр Отгонбаяр гэдэг танил техник түрээслэгч залуу над руу яриад би Заамарт техникээ зөвшөөрөлтэй алтны компанид түрээслэх гэж байна гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн техникээ түрээслэхээр болоод өөрийн төрсөн ах болох Мөнхбаярын эзэмшил дээр байдаг 77-77 УР улсын дугаартай "Хьюндай Робекс 37001_С-7а” маркийн экскаваторыг түрээсэлсэн юм. Тухайн үед техник Налайхад байхад түрээслэн авах гэж байгаа хүмүүс авчраад амралтын өдөр “гэрээ хийнэ” гэж шахсаар байгаад хийсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Баярсайханы “...2020 оны 10 дугаар сарын эхээр Ням-Өлзий над руу яриад ...ахаа экскаватораа түрээслүүлээч манай "Эрин Эрдэнэс" ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа, таны экскаваторыг нэг сар түрээслэх хэрэгтэй байна... гэхээр нь би зөвшөөрөөд Ням-Өлзийтэй гэрээгээ байгуулаад экскаватораа Ням-Өлзийд өгсөн юм. Тэгээд сүүлд 2020 оны 11 сарын 10-д гаргаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хул азаргын тохой гэх газарт өөрийн экскаватораа авахаар ирэхдээ "Эрин Эрдэнэс" ХХК-г хууль бусаар ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад цагдаад шалгагдаж байгаа талаар нь мэдсэн юм. Би экскаватораа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,
Шинжээчийн дүгнэлт: “Эрин Эрдэнэс” ХХК Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3-р багийн нутаг “Хул азаргын тохой” гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж нийт 34.21 мянган м3 эзлэхүүн бүхий 6.65 га талбайг эвдсэнээр байгаль орчинд нийт 48,512,760 (дөчин найман сая таван зуун арван хоёр мянга долоон зуун жаран) төгрөгтэй дүйцэх хэмжээний хохирол учруулсан байна.
Холбогдогчийн эвдсэн талбай Туул голын эргийн хамгаалалтын бүс, хайгуулын тусгай зөвшөөрлийн Х\/43000160 талбайтай хэсэгчлэн давхцаж, харин улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн Х\/43000160 талбай нь “Эрин эрдэнэс” ХХК-ийн нэр дээр байна.
Мөн эвдрэлд өртсөн газар өмнө нь эвдрэлд өртөөгүй байсан бөгөөд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нийт 35,305.410 (гучин таван сая гурван зуун таван мянга дөрвөн зуун арван) төгрөг шаардлагатай болно...” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.“Эрин Эрдэнэс” ХХК нь улсын бүртгэлд 6132588 регистрийн дугаараар бүртгэлтэй уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, барилгын засвар хийх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх ба тус компанийн эзэмшигч нь удаа дараа өөрчлөгдөж байсан боловч гэмт хэрэг үйлдэгдэх үед тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Х.Ням-Өлзий байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
“Эрин Эрдэнэс” ХХКомпани нь түгээмэл тархац буюу хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрлөө урвуулан ашиглаж хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан, тус хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, гэмт хэргийг бусдыг хөлсөөр ажиллуулах, түрээсийн гэрээ байгуулах зэргээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул “Эрин Эрдэнэс” ХХК -ийн захирлыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан нь үндэслэл бүхий болсон байна.
3.Анхан шатны шүүх Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийн этгээд “Эрин Эрдэнэс” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-ийн захирал Х.Ням-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
4.Шүүгдэгч “Эрин эрдэнэс” ХХК-ийн захирал Х.Ням-Өлзий нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч нь тэнсэж хянан харгалзах хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлийн талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй боловч 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн заалтад хамрагдсан байна.
5.Харин шүүхээс хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэхийг 1 жилийн хугацаагаар хасаж, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн 50 хувийг хуулийн этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэв.
Учир нь: “Эрин эрдэнэс” ХХК /6132588/-ийн хувьцаа эзэмшигч иргэн Х.Ням-Өлзий /Д392032910/ улсын бүртгэлийн Ү-2206059405 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж, 111 дүгээр байрны 157 тоот хаягт байрлах орон сууц бүртгэлтэй боловч тухайн “Эрин Эрдэнэс” ХХК /6132588/-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, компани нь тодорхой үйл ажиллагаа явуулдаг гэдэг боловч санхүүгийн хувьд тогтвортой эсэх нь тодорхойгүй, татварын албанд “Х” тайлан хүргүүлсэн, хуулийн этгээд нь уул уурхайн чиглэлээр, зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, барилгын засвар хийх гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр тухайн компанийн бүхий л үйл ажиллагаа явуулах эрхийг хассан атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломж байгаа эсэхийг анхаараагүй байна.
6.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд тус хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.”, 5 дахь заалтад “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:”, 6 дахь хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.” гэж тус тус заасан байхад улсын байцаагч болон, мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулаагүй нөхцөлд тус хуулийг зөрчин шүүгч өөрөө хохирлын хэмжээг тооцон гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Тухайн хэрэгт улсын байцаагч болон, мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулаагүй тул шүүхээс байгаль орчинд учруулсан хохирлыг нэмэгдүүлэн тооцож 117.531.470 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчлөн шүүгдэгч Х.Ням-Өлзийгөөс байгаль орчинд учруулсан хохиролд 48.512.760 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийг хэрэглэх атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэлийн шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан техникүүдийг иргэний нэхэмжлэгч нартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан авч ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул техникүүдийн өмчлөгч буюу иргэний нэхэмжлэгч нарт нь олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар техникүүдийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
7.Хэдийгээр шүүх дээрхи зөрчлийг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэлээ шүүгдэгч Х.Ням-Өлзий нь хууль бусаар олборлолт хийсэн газартаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байгаа зэрэг байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг арилгасан, хуулийн этгээдийн эрх ашгийн төлөө гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хуулийн этгээдээр 100 хувь төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Х.Ням-Өлзийд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчлөх боломжтой гэж тайлбарласан.
9.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч нь хууль бусаар олборлолт хийсэн газартаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байгаа талаар баримт ирүүлсэн боловч хохирогч тухайн хийгдсэн ажиллагааг хүлээн аваагүй байх тул хор уршиг арилсан гэж үзэхгүй, шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК /6132588/ нь ганц гишүүнтэй, компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, компани нь тодорхой үйл ажиллагаа явуулдаг гэх боловч санхүүгийн хувьд хохирол төлөх боломжтой талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, татварын албанд “Х” тайлан хүргүүлсэн зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 100 хувь хариуцан төлүүлэх боломжгүй байна. Шүүгдэгч Х.Ням-Өлзий нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй, хохирол төлөхөө бодитойгоор илэрхийлээгүй тул түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн үндэслэлгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Х.Ням-Өлзий нь энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн,гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлж барагдуулсан, байгаль орчинд учирсан экологийн хохирлыг арилгахаар техникийн болон биологийн нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг 02 жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.Ням-Өлзийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх зааснаар шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-ийн түгээмэл тархац ашигт малтмал олборлох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ням-Өлзийд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-д оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.” гэж,
5 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-ийн захирал Х.Ням-Өлзийгөөс байгаль орчинд учирсан хохирол 48.512.760 төгрөг, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 35.305.410 төгрөг, нийт 83.818.170 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.” гэж,
6 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Hyunday Robex 3700 LC-7 маркийн 77-77 УР улсын дугаартай экскаватор 1 ширхэг, Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, Hyunday Robex- LC-3 маркийн экскаватор 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи хөрөнгийг өмчлөгч иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхгэрэл, Д.Отгонбаяр, Ц.Баярсайхан нарт олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyunday Robex 3700 LC-7 маркийн 77-77 УР улсын дугаартай экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, Shandong lingong.LG-953 89-89 УБ улсын дугаартай авто ачигчийн үнэ 15,000,000 төгрөг, Hyunday Robex- LC-3маркийн экскаваторын үнэ 20,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-ний захирал Х.Ням-Өлзийгөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж,
7 дахь заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1,974,514 төгрөгийг шүүгдэгч “Эрин Эрдэнэс” ХХК-ийн захирал Х.Ням-Өлзийгөөс гаргуулан “Эртэч наран” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН