Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0050/З |
Дугаар | 128/ШШ2024/0462 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0462
2024 05 28 128/ШШ2024/0462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дын О РД:Ч,
Нэхэмжлэгч: Нгийн С РД:,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Лгийн А РД:,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Х //,
Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга,
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч: С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн П*******гийн Б*******.
Тус шүүх хуралдаанаар: “Газар эзэмших эрх олгохгүй байгаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Иргэн Д.О, Ж.С нараас 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр С******* дүүргийн Газрын албанд С******* дүүргийн Б*******ны Б*******нд газар эзэмшихээр хүсэлт гаргажээ.
2. С******* дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албанаас тус иргэдэд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21/771 дүгээр албан бичгээр “...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-т ...заасны дагуу материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа ирүүлнэ үү...”, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21/417 дугаар албан бичгээр “...Өргөдөл хүсэлтийн нэгдсэн бүртгэлд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* бүртгэлийн дугаартай шинээр газар эзэмших хүсэлт бүртгэгдсэн боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан материалын бүрдэл дутуу тул шийдвэрлэгдээгүй байна. Иймд холбогдох материалын бүрдлийг ханган тус албанд дахин хандан уу” гэх хариуг тус тус хүргүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч нараас анх 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба “Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Газар эзэмших эрх олгохгүй байгаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах тухай” хэмээн тодруулсан бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Иргэн Д О, Н.С нар нь С******* дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт Рашааны зүүн энгэрт газар төлөвлөн иргэдэд олгож байна, газар хүссэн өргөдөл хүлээн авч байна гэсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл материалаа С******* дүүргийн Газрын Албаны бичиг хэрэгт өгсөн бөгөөд Н******* гэж газрын байцаагчид хуваарилагдсан байсан. Энэ дагуу очиж уулзахад энд газар олгох боломжтой гэсэн газар зааж өгсөн. Тэгээд кадастрын зураг хийлгэ гээд С******* дүүргийн урд талд байрлах саарал байшингийн 1 давхарт "У*******" ХХК надад зааж өгсөн тэр газар нь орж Билгээ / Утасны дугаар 88052102 залууг дагуулан зааж өгсөн газар нь 2 кадастрын зураг хийлгэн мэргэжилтэн Н*******т хүлээлгэн өгөхөд таны материал “ок” боллоо наадмын дараа захирамж гарна танд утсаар мэдэгдэнэ гэсэн. Хэсэг хугацааны дараа 8 сар гаргаад очтол Н******* нь халагдсан С******* гэж мэргэжилтэн ажлыг нь хүлээж авсан байдаг. Түүнтэй уулзаад учир байдлаа хэлтэл компьютер дээрээ шүүж үзээд дээшээ дарга руу орсон байна та хүлээгээд байж бай захирамж гартал гэсэн. Очих болгондоо аман хариу авч горьдлого тээж явсаар их цаг хугацаа алдсан. Сүүлд хүсэлт гаргасан газарт айлууд буугаад эхэлсэн байсан. Тэгээд очиж уулзахад таны байршил тодорхойгүй гээд буцсан байна. Таны өгсөн гээд байгаа материал олдохгүй байна өгсөн хүнээсээ ав гэх мэт ам хариу өгдөг болсон. Та дахиад байршил олоод ир гэсний дагуу 3-аас 4-н газар байрлал хүсэж очсон боловч дандаа шалтгаан тоочиж үгүйсгэж буцааж ирсэн. Анх хүсэлт гаргаж кадастр хийлгэсэн газарт миний өргөдөл өгснөөс хойш газар олгогдсон байсныг Gazar.gov.mn сайтаас мэдээлэл авсан болно. Миний хувьд Газрын тухай хуульд зааснаар хүсэлтээ гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж, улмаар миний хүссэн газрыг өөр этгээдэд эзэмшүүлснээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. Тухайн хууль бус захирамж, эс үйлдэхүйтэй холбоотой гомдлоо шат шатны байгууллагад гарган авсан хариугаа нэхэмжлэлдээ хавсаргасан болно.
Иймд Монгол Улсын иргэнд газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуульд заасан 32 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангаж газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасан хэдий ч тухайн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэдэг агуулгаар газар эзэмших эрх олгохоос татгалзсан үйлдлийг гаргасан. Төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч байгууллага нь газар эзэмших эрх олгохоос татгалзсан тохиолдолд тухайн татгалзал нь өөрөө хуульд заасан үндэслэл буюу хуульд нийцсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, иргэн газар эзэмших хүсэлттэй холбоотой баримт бичгүүдийг бүгдийг нь хавсаргаад өгчихсөн тохиолдолд таны баримт бичгийн бүрдэл дутуу байна гэдэг агуулгаар газар эзэмших эрх олгохоос татгалзах, газар эзэмших эрх олгохгүй байх эс үйлдэхүй гаргах нь өөрөө хууль бус. Энэхүү хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, эд хөрөнгө олж авах эрх болоод хууль ёсны эрх ашиг сонирхлууд хөндөгдсөн гэж үзэж байгаа. Тиймээс энэхүү хөндөгдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, газар эзэмших эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газар хөөцөлдөхдөө эс үйлдэхүй гэдэг зүйлийг их харлаа. Би яагаад жоохон хоцорсон бэ гэвэл Gazar.gov.mn гээд сайт гарч ирсэн. Түүнээс хараад манайд газар олгохгүй байгаа гэдэг нь худлаа юм байна гэдгийг мэдсэн. Газар олгосон мэдээлэл ил болсон. Зөвхөн газрын байцаагч нарын нууц байсан сайт ил гарч ирснээс тухайн сайт дээрээс мэдсэн. Миний өргөдлөөс хойш өчнөөн 100-гаар газар олгосон байдаг юм. Надад өгч байгаа хариу болгондоо үл тоосон маягтай иргэн Л.А таны гэж нэг хариулаад Ар гүнт гэж нэг хариулаад л. Тухайн 3 хариу албан бичиг дээрээ ерөөсөө миний хүсээгүй газрыг дурдаж хариулсан байсан. н.С******* гэж байцаагчтай хамт даргатай нь ороод уулзахаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ыг яриад би хариуг нь өгчихье гээд л даргынхаа өөдөөс хэлдэг юм. Тэр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ыг би бүрдүүлье гэхээр та яваад газраа олоод ир гэдэг би уул хад руу баахан явж байгаад ганц 2 газар заагаад очихоор энэ газар байхгүй. Эзэнтэй гэдэг. Тэгэхээр нь Gazar.gov.mn -ээс канондож аваад энэ хоосон газрыг авъя. Энэ газар дээр кадастр хийчихье гэхээр үгүй, наадах чинь боломжгүй гэдэг. Энэ айлуудад яагаад олгочихсон юм бэ, миний хүссэнээс хойш өчнөөн газар олгочихсон байна шүү дээ, гэхээр мэдэхгүй, олгогдоод л явж байгаа шүү дээ гэсэн тайлбар хэлдэг. Цоорхой газар байна. Хашаатай айлууд байна гэхээр би бүгдийг нь цуцлах гэж байгаа юм гээд яриад байдаг. Энэ олон 20, 30 айлыг цуцлахаар буцаад яах гэж байгаа юм бэ, гэхээр тэр хавиараа тэгж байгаа шингээгээд олоод өгнө гээд газрын эзэн шиг юм н.С******* гэдэг хүн ярьдаг. Сайт 2022 оны дундуур гарч ирсэн. Тэрнээс хойш миний өргөдлөөс хойш өчнөөн зуун хүнд газар олгочихсон юм байна. Тэгээд өргөдөл бичиж эхэлсэн. Үүнийг шийдэж өгөөч ээ, гээд. Тэгэхлээр Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-ыг л хэлдэг. Анх н.Н******* намайг дагуулж яваад энэ, энэ газар сууна шүү. Энэ газарт л кадастр хийлгэнэ шүү гэж надад хэлсэн. Энэ тухайн хүний хийх ёстой ажил. Гэтэл утсаа авдаггүй, ажлын 2-3 өдөр нь гадуур ажилтай байдаг гээд. Тэгээд 7 хоног нь өнгөрчхөөд. Хариу албан бичиг болгондоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т гэж заагаад байгаа юм. Тэгээд тэрийг нь бүрдүүлье гэхээр газар зохион байгуулагчийн бичгээр бүрдүүлж болдоггүй материал байдаг байна. Сүүлдээ надаас залхсан юм уу, яасан юм шороотой амны хамгийн орой дээр ганц газар санал болгосон. Чи тэрийг үзээд ир, тэр газар л чамд олгох боломжтой газар гэж надад хэлсэн. Тэгээд баярлаад зааж өгсөн газар луу нь яваад очсон чинь бүр уулийн оройд, ямар ч тог байхгүй газар байсан. Энэ арай доор нь байж болдоггүй юм уу гэхэд доор нь тусгай амлалт газар. Дээр нь л байгаа газрыг олговол болно гэсэн. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.-т заасан бүрдүүлэлт гэж зөндөө явсан. Би дуртай газраа авчхаад энэ газарт зураг хийлгэе, хоосон газар юм шиг байна гэхээр газар зохион байгуулагчтайгаа ярьсан юм уу, бид мөнгийг чинь аваад чамд хийгээд өгчихөөр газар чинь давхацчихна гэсэн. Тэгээд байцаагчтайгаа ярихаар, газар байхгүй гээд эс үйлдэхүй үзүүлээд байдаг. Ямар ч хүн кадастрын зураг өгөөгүй хэрнэ шүүхэд хандаад явж байна гэж байхгүй” гэв.
9. Хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Д.О, Н.С нар нь С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан "Монгол Улсын иргэнд газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын татгалзлын тухайд. Д.О, Н.С нарын иргэд нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж, өргөдөл бүртгэлийн карт ******* дугаар бүртгэгдсэн байна. Уг хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т "Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг" гэж заасны дагуу материалын бүрдэл дутуу байгаа тул шийдвэрлэгдээгүй байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан бүрдэл дутуу тул шийдвэрлэх боломжгүй тул хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг хийлгэж ирэх талаар С******* дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны тухайн хороог хариуцсан газар зохион байгуулагч Ц.С******* биечлэн уулзаж тайлбар гаргаж байсан болно. Хуулийн шаардлага хангасан хэмжээ зааг байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг хийлгэж ирээгүй.
Газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлагын татгалзлын тухайд. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбоотойгоор дүүргийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрх шинээр олгохгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр “газар эзэмших эрх олгохгүй байгаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох “гэж тодруулснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.
3. Тодруулбал, иргэн Д овогтой Оээс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад гаргасан өргөдлийг Улаанбаатар хот С******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авсан тухай тодорхойлолт /хх-ийн 10/ хэрэгт авагдсан ба уг өргөдлийн хариуг С******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21/417 дугаар албан бичгээр өгсөн. /хх-ийн11/ Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01-04/2826 дугаар албан бичгээр “С******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаар бүхий өргөдөл гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан материалын бүрдэл дутуу тул материалын бүрдлийг ханган дахин хүсэлтээ гаргана уу” гэх хариуг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аэд өгчээ. /хх-ийн 12/
4. Харин нэхэмжлэгч нар нь маргаан бүхий асуудлаар С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2023/14029 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Д.О Н.С нараас С******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдлоор авч хэлэлцэх маргаанд хамаарахгүй тул тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /хх-ийн 13-14/
5. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, үүгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрээгүй байна.
6. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2. “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.1. “овог нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2. “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3. “газар эзэмших зориулалт хугацаа” гэж заасныг нэхэмжлэгч иргэд нь хангах шаардлагатай, өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг эдлэхийн тулд хуульд заасан шаардлага хангасан баримт материалыг хавсарган газар эзэмших тухай хүсэлтээ гаргахаар байна.
7. Хэрэгт авагдсан,
7.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/2643 дугаар албан бичгээр “нэр бүхий нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр газар эзэмших эрх авахын тулд хэзээ, хэдэн удаа, ямар хэлбэрээр хүсэлт гаргасан болох, хэрэв хүсэлт гаргасан бол хүсэлт тус бүрийг бүртгэсэн бүртгэл, уг хүсэлтэд хариу өгсөн албан бичиг, утсаар ярьсан бүртгэл зэрэг бүхий л баримтыг нотлох баримтаар ирүүлэх”-ийг С******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас шаардахад уг албаны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 19/352 дугаар албан бичгээр “нэр бүхий хоёр иргэний нэрээр өргөдөл хүсэлтийн программаас шүүж үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өргөдөл бүртгэлийн ******* карттай хүсэлт бүртгэгдсэн байна. Уг хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” материалын бүрдэл дутуу байгаа тул шийдвэрлэгдээгүй байна” гэх хариуг ирүүлсэн. /хх-ийн 56/
7.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Тайлбар, баримт гаргуулах тухай” 1/2640 дүгээр албан бичгээр “захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших хүсэлт гаргасан баримт бичгийн бүрдэл дутуу байна, баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж хүсэлтээ өгөх” агуулгаар утсаар ярьсан эсэх, албан тоот хүргүүлсэн эсэх талаар тайлбар, баримт гаргуулах, түүнчлэн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдсэний дагуу нэхэмжлэл гаргагч иргэдийн зүгээс шаардсан баримт бичгийг гүйцэд бүрдүүлэхийн тулд ямар хариу өгсөн, ямар баримт бичиг бүрдүүлж өгсөн талаар тайлбар, нотлох баримт ирүүлэх”-ийг нэхэмжлэгч иргэн Д.О, Н.С нараас шаардсан авч /хх-ийн 43/ хариу ирүүлээгүй байна.
7.3. Нэхэмжлэгч нарын газар эзэмшихийг хүсэж байгаа маргаан бүхий газар нь С******* дүүргийн шинэ суурьшлын бүс байх бөгөөд тог цахилгаан одоогоор очоогүй. Газар эзэмшихийг хүсэж буй иргэдээс ямар нэгэн байдлаар бодитойгоор хэрэгжүүлж байгаа газрын эзэмших эрх байхгүй, хашаа, хайс хатгасан үйл баримт байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч иргэд нь хоёр өөр газар, газар эзэмших хүсэлтэй байсан зэрэг үйл баримтыг шүүхээс явуулсан газрын үзлэгээр тогтоогдож байна.
8. Ийнхүү нэхэмжлэгч талаас маргасан үндэслэлийг Газрын тухай хуулийн зохицуулалт, маргаан бүхий үйл баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбартай харьцуулан дүгнэлт хийвэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3. “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
9. Тухайлан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан баримт материалын бүрдэл дутууг хариуцагч нь нөхөн гүйцээхгүй бөгөөд “хууль бус эс үйлдэхүй”-ээр маргаж буй 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөлдөө дээрх баримтыг хавсаргаагүй гэдгээ нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаан дээр тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхтэй холбоотойгоор аливаа хүсэлт баримт материал байхгүй, харин 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хүсэлт нь өргөдөл бүртгэлийн ******* дугаартай картад бүртгэгдсэн” гэх тайлбараар няцаагдаж байна.
10. Иймд нэхэмжлэгч нараас газар эзэмших талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.4. “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар газар эзэмших эрхийн хүсэлт /нэхэмжлэгч иргэдээс шалтгаална/ хуульд заасны дагуу явагдаагүй тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, сэргэх, шүүхээр хамгаалагдах эрх байхгүй байна.
11. Нэхэмжлэгч нар нь Газрын албаны буруутай үйл ажиллагааны талаар тухайлан газар зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн талаар тусдаа маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Н.С нараас С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар эзэмших эрх олгохгүй байгаа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрх олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН