Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04336

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 23 182/ШШ2024/04336

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................. тоот хаягт байрлах, Б ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ тоот хаягт байрлах, Д ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 24,154,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д ХХК нь манай компанитай 2020.03.23-ны өдөр Оффиссын өрөө болон талбай түрээслэх №2019/04 тоот гэрээ байгуулан оффиссын зориулалттай 303 тоот өрөөг иж бүрэн тавилгын хамт 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцон гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг талууд нэг сарын 1,000,000 төгрөгөөр, дулааны төлбөрт 101,000 төгрөг нэмж төлөхөөр тохиролцон түрээслүүлсэн. 2020.03.23-ны өдрөөс 2021.06.20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрөө төлөөд явж байсан. Ингээд 2021.06.20-ны өдрөөс 2 туслах ня-бо болон бусад ажилчдаа суулгах жижиг өрөө хэрэгтэй байна гээд 304 тоотын офиссын өрөөг сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр болж, ажилчид нь 8-р сарын 20-ны өдрийг хүртэл 2 сар ажиллаад ажлаасаа гарсан гээд түрээслэхээ больсон...

Ингээд оны сүүл ч болсон, мөн түрээслэгч нь түрээсийн төлбөрөө 7 сарын турш төлөөгүй өр үүссэн учир түрээслэгч талтай тооцоо нийлж акт үйлдэхэд түрээсийн төлбөр, дулааны төлбөрт 8,303,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байсан.

Түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 3-р сард дуусахад арай жижиг өрөө түрээсэлмээр байна гээд офиссын байрны 45м.кв талбайтай 201 тоотын өрөөг түрээслэхээр 2022.04.01-ний өдөр №2022/04-01 тоот Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар нэг сарын 650,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон байгуулсан. Түрээслэгч нь өөрсдөө өрөөнийхөө ханыг эмульсдэж, цонхонд нь хөшиг хийгээд орж үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед ковид-19 цар тахлын улмаас ажил их муу байсан, түрээс дээр хөнгөлөлт үзүүлээч, цаашид жижиг өрөө түрээслээд явья гэхээр нь өмнөх гэрээний 2022 оны 1, 2 сарын түрээс 2000 000 төгрөг болон дулааны төлбөрөөс нь чөлөөлөөд 2020 оны 2019/04 тоот Түрээсийн гэрээний хугацаа дууссан. Түрээсийн 2022.04.01-ний өдөр №2022/04-01 тоот гэрээний 1 жилийн төлбөр 7,800,000 төгрөгийг төлөөгүй гэрээний хугацаа дууссан.

Тухайн үед түрээслэгч нь 2 сарын түрээснээс чөлөөлсөнд баярлаад 8,303,000 төгрөгийг 2022 оны 1 сардаа багтаан төлнө гэж явсаар нэг ч төгрөг төлөөгүй. Сүүлд түрээсэлсэн 201 тоот өрөөний түрээсийн төлбөрийг жоохон хүлээж байгаарай, одоо л яг ажил төрөл гайгүй болж байна, танайх хэцүү үед тусалсан шүү, танай дээрээс хөл дээрээ боссон гэх мэтчилэн яриад байдаг байсан болохоор бөөнд нь мөнгөө өгчих юм байна гээд итгээд л явж байсан...

Д ХХК-иас 2020 оны 3-р сарын 23-ны өдрийн 2019/04 тоот гэрээний тооцоо нийлсэн актын дагуу төлбөл зохих түрээсийн төлбөр 8,303,000 төгрөг, алданги 4,151,500 төгрөг, 2022 оны 4-р сарын 01-ний өдрийн №2022/04-01 тоот Түрээсийн гэрээний 12 сарын төлбөр 7,800,000 төгрөг, түүний алданги 3,900,000 төгрөг нийт 24,154,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь 18,000,000 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,154,500 төгрөгөөс татгалзаж байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь 6,154,500 төгрөгөөс татгалзсан учраас үлдэх 18,000,000 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,154,500 төгрөгөөр багасгаж, 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь 18,000,000 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулж дуусгахаар харилцан тохиролцов... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 24,154,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,154,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д ХХК нь үлдэх 18,000,000 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус Б ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

 

Б ХХК-иас 2024.05.08-ны өдөр Ж.Д-д 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/05-01 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчтай дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.08-ны өдөр төлсөн 278,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас эвлэрсэн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 24,154,500 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,154,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 18,000,000 төгрөгийг 2024.11.15-ны өдөр 9,000,000 төгрөг, 2024.12.15-ны өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д ХХК-иас 18,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.08-ны өдөр төлсөн 278,723 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА