| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0008/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч:Б.Б
Шүүгдэгч: Н.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н.С холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.С нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд иргэн С.Г-ыг “манай найз охинтой явалдсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хайчны өрөөсөн гуяар гарын шуу хэсэгт хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
“...С.Г тааралдаад машиных нь дугуйг янзалсан. Тэгээд маргалдаж байгаад хугархай иштэй хайч байхаар нь аваад цохьчихсон...” гэв.
Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч С.Г-ын өгсөн:
“...Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт хөдөөнөөс сумын төвд орж ирээд явж байсан чинь сумын төвийн зүүн захад засмал замын зүүн талд Их зам хорооллын гудамжинд манай сумын Н.С, Т, Г нар архи уугаад сууж байсан. Би хажуу талаар нь машинтай гараад явтал намайг дуудахаар нь очсон. Тэгээд надад архи аяглаж өгөхөөр нь архийг нь амсаж өгчихөөд за би явлаа гээд босоод явах гэсэн чинь Н.С намайг байж бай гээд байсан. Тэгтэл С, Т нар нь түрүүлээд явсан. Н.С бид хоёр үлдсэн. Тэгтэл Н.С намайг найз хүүхэнтэйгээ явалдсан гээд байхаар нь би уурлаад тийм зүйл байхгүй гэж хэлсэн чинь Н.С миний нүд рүү цохьсон. Би нүдээ дараад доошоо тонгойгоод суусан чинь Н.С хутга аваад над руу хутгаар далайхаар нь би зүүн талын гараараа хаасан чинь миний гарын шуу руу хутгалсан. Тэгээд би сумын төвийн эмнэлэг орж үзүүлсэн чинь цус нь тогтохгүй байна гээд аймгийн төв рүү явуулсан. Би аймгийн төвд эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. ...Намайг яах гэж дуудсаныг нь би мэдээгүй. Би тэр хүмүүс дээр очоод мэндлээд нэг их юм яриагүй, хэрүүл маргаан хийгээгүй. Т, С нар нь түрүүлээд яваад өгсөн байсан, Н.С бид хоёр хоёулаа байж байсан чинь Н.С миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд миний зүүн талын гарын шуу руу 1 удаа хутгалсан. Ямар учраас намайг хутгалсныг мэдэхгүй байна, Би Н.Стэй өмнө өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Хар иштэй хутга байх шиг байсан би сайн хараагүй, тэр хутга нь одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авна. ... Би тухайн үед хутгаар хутгалсан байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Хайчны гуя хэсэг нь үнэн байх, миний машины багажны хайрцаг дотор нэг жижиг хайчны нэг тал нь хугарсан хугархай хайч байсан, тэр хайчны хугархай тухайн үед алга болсон байна лээ. Тэр хайчны хугархайгаар намайг хатгасан нь үнэн байх гэж бодож байна, тухайн үед би нарийн сайн харж чадаагүй. ...Н.С миний эмчилгээний зардлыг өгч, миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9, 10-11 дүгээр тал/
* Гэрч М.Н-ын өгсөн:
“...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, Н.С 2017 оны 09 сарын 01-ний өдөр манай нөхөр С.Гын зүүн талын гарын шуу хэсэгт хутгалсан байсан. Би нөхрийгөө эмнэлэг дээр байхад нь очсон. Манай нөхрийн зүүн гарын шууны хутгалсан хэсэгт оёдол тавьж эмчилсэн. Ямар учраас хутгалсныг нь би мэдээгүй. Манай нөхөр С.Г Н.Стэй ямар ч хувийн таарамжгүй харьцаа, өр авлага байгаагүй. Манай нөхөр С.Гын бие одоо зүгээр болсон. Н.С манай нөхөрт учирсан хохирлыг барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
* Гэрч Д.О-гийн өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын эхээр байсан хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би Архангай аймгийн Цэнхэр сумын төвд засмал замын зүүн талын дугуй засварын гадаа машин янзалж байсан чинь Н.С над дээр мотоцикль уначихсан согтуу ирсэн. Тэгтэл араас нь С.Г гэх залуу машинтай хүрч ирээд Н.Стэй уулзсанаа маргалдаад хоорондоо зодоон хийсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад гэр, гэр рүү нь явуулсан. Тэрнээс хойш юу болсныг, юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Би машинаа янзлаад байж байсан. Тэр хоёр юм яриад сууж байснаа хэрэлдээд зодоон хийсэн. Н.С С.Гыг хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Н.С С.Г-ын цээж рүү нь гараараа 2 удаа цохьсон. С. Г Н.Сийг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-ийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтэнд:
“...С.Г-ын биед тархи доргилт зүүн гарны шууны гадна дунд хэсэгт шарх, духны зүүн талд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна талд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эр үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах, мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги байдлаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална...” гэжээ. \хх-ийн 21 дүгээр тал\
Яллагдагч Н.С-ийн яллагдагчаар өгсөн:
“... 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын төвд дугуй засвар дээр мотоциклийн дугуй нөхүүлэх гээд байж байсан чинь манай сумын С.Г гэх залуу хүрч ирсэн. С.Г бид хоёр дугуй засвар дээрээс хөдлөөд сумын төвийн зүүн тал руу зайдуу гараад нэг шил архи уугаад сууж байсан чинь С, Х хоёр ирсэн. Бид дөрөв 2 шил архи хувааж уугаад дууссан чинь С, Ххоёр явсан. Тэгээд С.Г бид хоёр үлдсэн. Бид хоёр архи уугаад согтсон байсан учир нэгнийхээ ярьсан зүйлийг ойлгохгүй маргалдсан. С.Гын машины дугуйны боолт суларсан байна гээд боолтыг нь чангалж байгаад түлхүүр багжаа гаргаж ирээд хажуудаа тавьчихсан байсан. Гэтэл С.Г түлхүүр багжнаасаа аптирек гаргаж ирээд намайг хатгах гээд далайхаар нь түлхүүр, багажан дотор байсан өрөөсөн гуя нь хугарсан хайчийг аваад өрсөөд С.Гын гар руу нь хатгасан чинь гарнаас нь цус гарсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн. С.Г бид хоёрыг зодолдох үед хажууд хүн байгаагүй. Миний үерхэж байсан О гэдэг хүүхэнтэй С.Г явалдаад байна гэж би хүнээс сонссон. Тэгээд тухайн үед согтуу байсан учраас С.Гд чи О-тай явалдаад байгаа юм уу. Одоо дахиж битгий О-тай уулзаарай гэсэн чинь С.Г “би тэр О-тай чинь уулзаж явалдаагүй гээд байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Г миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Тэгээд аптерикаар намайг хатгах гэж далайхаар нь би хайчаар нэг удаа зүссэн. Өөр зодож цохилцсон асуудал байхгүй. Тэр хайчийг би хэрэг гарсан газрын ойоролцоо хаясан. Одоо тэр хайч хаана байгааг нь би мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргаагүй. С.Гын биед учирсан бусад гэмтлийг би учруулаагүй, цохиж зодоогүй. С.Г согтуу байсан учраас өөрөө машины тэвш мөргөж унаад духаа халцалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 35-36 дугаар тал/
*Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийдэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 дүгээр тал/
*Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-66 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд иргэн С.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Н С нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Их зам хороололд иргэн С.Гыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хайчны өрөөсөн гуяар гарын шуу хэсэгт хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Гын “...Тэгтэл Н.С намайг найз хүүхэнтэйгээ явалдсан гээд байхаар нь би уурлаад тийм зүйл байхгүй гэж хэлсэн чинь Н.С миний нүд рүү цохьсон. Би нүдээ дараад доошоо тонгойгоод суусан чинь Н.С хутга аваад над руу хутгаар дайлайхаар нь би зүүн талын гараараа хаасан чинь миний гарын шуу руу хутгалсан. ...Би тухайн үед хутгаар хутгалсан байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Хайчны гуя хэсэг нь үнэн байх, миний машины багажны хайрцаг дотор нэг жижиг хайчны нэг тал нь хугарсан хугархай хайч байсан, тэр хайчны хугархай тухайн үед алга болсон байна лээ ...” мэдүүлэг, гэрч М.Нын “...С 2017 оны 09 сарын 01-ний өдөр манай нөхөр С.Гын зүүн талын гарын шуу хэсэгт хутгалсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-гийн “...Тэгтэл араас нь С.Г гэх залуу машинтай хүрч ирээд Н.Стэй уулзсанаа маргалдаад хоорондоо зодоон хийсэн. Н.С С.Гын цээж рүү нь гараараа 2 удаа цохьсон. С. Г Н.С-ийг цохиогүй...” гэх мэдүүлэг, хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 391 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оногдуулах ялын талаар прокурортой тохиролцон хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Н.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР