| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05404/И |
| Дугаар | 182/ШШ2024/04395 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/04395
2024 10 25 182/ШШ2024/04395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .......... тоот хаягт байрлах, С ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт О.А /РД:0000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...О.А нь 2022.06.21-ний өдөр БЗГ22-2464 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,349,900 төгрөгийг сарын 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан.
Зээлдэгч нь зээл авахдаа ............................ тоот хаягт оршин сууж байсан боловч 2024.09.03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2024/19110 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон.
Иймд О.А-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.10-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,
-2024.09.10-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2024.05.17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 0000000000 дугаартай бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
-2022.06.21-ний өдрийн БЗГ22-2464 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-8 х/,
-Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9 х/
-Зээл төлөлтийн дансны хуулга /хх-ийн 10 х/
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.03-ны өдрийн 184/ШЗ2024/19110 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А-ийн оршин суух хаягийг ............................ тоот гэж тодорхойлсны дагуу С ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,816,487 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.03-ны өдрийн 184/ШЗ2024/19110 дугаартай шүүгчийн захирамжаар О.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11 х/,
О.А нь С ХХК-тай 2022.06.21-ний өдрийн БЗГ22-2464 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах С ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-8 х/,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2024.09.19-ний өдрийн 182/ШЗ2024/15751 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.09.26-ны өдөр 9/11837 тоот албан бичгээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт О.А /РД:000000000/-ийн CVL2411990001023940 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, CVL2411990001023946 угаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлжээ.
Энэхүү лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А нь ............................ тоот хаягт бүртгэлтэй байх ба уг хаяг өөрчлөгдөөгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд С ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлтийг хангаж, шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А /РД:000000000/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.А-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА