Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/065

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******ад холбогдох эрүүгийн 2214000000120 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...******* овогт *******ийн *******, /*******/ тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн “Хонгорын тал” гэх газарт иргэн *******ын гэрт байхдаа “эхнэр лүүгээ уурлалаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд гаргасан, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт:

Аймгийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...дээсэн уяа 1 ширхэг, нимгэн хөнжил 1 ширхэг, хуруу шилтэй биологийн дээж 2 ширхэг...” ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгаж,

******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Прокурор ын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийн агуулга:

...Шүүгдэгч *******ын хувьд талийгаач *******ыг нас барахаас өмнөх цаг хугацаанд нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Тухайн цаг хугацаанд хамт байсан хохирогчийн хууль ёс төлөөлөгч *******ийн 2022 оны 03 сарын 01-ний өдөр өгсөн “...******* “яах гэж нэгэн рүүгээ ингэж уурлаж байдаг юм" гээд 2 алгадсан. Өмнө нь нүд нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас/,

2022 оны 03 сарын 01-ний өдөр өгсөн “...******* нь “чи яах гэж нэгэндээ уурлаж байдаг юм" гээд *******ын нүүр лүү нь 2 алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан. ******* *******ын үгэнд ороод унтсан. Өглөө нь намайг харж байхад *******ын зүүн талын нүдний орчим хөхөрчихсөн харагдаж байсан...” /хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёс төлөөлөгч *******ийн өгсөн “...Нүүр рүү нь 2 удаа гарын араараа цохих шиг болсон, Өглөө нь нүүр нь хөхөрсөн байсан гэх... мэдүүлгийг тус тус өгсөн бөгөөд хохирогч нь тухайн мэдүүлгийг ямар нэгэн зөрүүгүй, тогтвортой өгсөн байна гэж үзэхээр байна.

Мөн гэрч Т.Рэнцэний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр талийгаачтай хамт тэмээ тууж явсан тэр үед нь зүгээр байсан..." гэх мэдүүлгээр хэрэг учрал болохын хэдэн цагийн өмнө гэрч Рэнцэнтэй уулзсан бөгөөд тухайн үед нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан болох нь энэхүү мэдүүлгээр тогтоогддог.

******* нь гэрчээр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Баруун талын шанаа дээр нь 2 удаа алгадсан юм. ...алгадсаны дараа юм ярьж сууж байхад хамраас нь цус гарч байсан..." гэж мэдүүлсэн байна.

Хэргийн газрын үзлэгээр “...уг хөнжил мэт зүйлийн баруун дээд булангаас 21 см зайд 30x10 см талбайд цус мэт хүрэн өнгийн улаан зүйлээр бохирлогдсон хавдсан байв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд *******ын үйлдлээс болж хамраас нь цус гарсан болох нь *******ын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч ******* нь хохирогчийн баруун нүдэнд цохисон гэж мэдүүлснийг үнэлж, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүүн нүдэнд учирсан гэмтлийг үүсгэсэн гэхэд эргэлзэж байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж хуульчилжээ.

Иймд ******* нь тухайн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж сэрдэгдсэн этгээд байхдаа мэдүүлэг өгсөн нь ******* нь өгсөн мэдүүлгийнхээ үнэн зөвийг нотлох болон үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг, гэрч Т.Рэнцэний мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь *******ын үйлдэлтэй шалтгаан холбоотой болох нь тогтоогдож байна.

******* нь ******* хохирогчийн нүүрэнд 2 удаа цохисон, маргааш өглөө нь харахад талийгаачийн зүүн нь хөхөрсөн харагдсан гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлдэг.

Талийгаачтай 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр таарсан гэх гэрч Т.Рэнцэний 14 өдөр талийгаачтай хамт тэмээ тууж явсан тэр үед нь зүгээр байсан...” гэх мэдүүлгээр хэрэг учрал болохын хэдэн цагийн өмнө гэрч Рэнцэнтэй уулзсан бөгөөд тухайн үед нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан болох нь энэхүү мэдүүлгээр тогтоогддог.

Дээрх баримтуудаас дүгнэхэд 2022 оны 02 сарын 26-ны шөнө 23 цагийн үед ******* нь талийгаач *******ын нүүрэнд тус газар нь гараараа 2 удаа цохиж, хохирогчийн хамраас цус гарсныг түүнийг эхнэр нь цэвэрлэж унтуулсан. Маргааш өглөө нь харахад *******ын нүд нь хөхөрсөн байсан үйл баримт тогтоогдсон байна. *******ын зүүн нүдэнд учирсан уг гэмтэл нь талийгаачийн задлан шинжилгээний явцад тогтоогдож, уг гэмтэл нь нас барахаас өмнө үүсгэгдсэн талаар шинжээч мэдүүлэгтээ тайлбарлан хэлсэн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2022/ШЦТ/186 дугаартай цагаатгах тогтоол нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.  гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн үйл явдал нь  гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр ******* нь талийгаачийн нүүрэнд хөнгөн гэмтэл нас барахаас нь өмнө учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үнэлээгүй зүйл харагддаг. Иймд Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******ыг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна. Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байгаа учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор ын  эсэргүүцэлд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  *******ыг 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн “Хонгорын тал” гэх газарт иргэн *******ын гэрт байхдаа “эхнэр лүүгээ уурлалаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримтыг  тогтоож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн  үйл баримт бүрэн тогтоогдохгүй ба эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гаргавал ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нотлогдсон байдал нь:

1 дүгээр хавтаст хэргийн 25-30, 91-92, 189-190 дүгээр талд тус тус авагдсан “... өмнө нь нүд нь зүгээр байсан..., ...2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед манай нөхөр *******, түүний ээжийнх нь төрсөн ахынх нь хүүхэд *******ын хамт манай хойд талд байдаг худгаас цуг ирсэн. ******* нь нүүж яваад гэж байсан. Манай нөхөр ******* нь жаахан халамцуу байсан.  Тэгээд ******* манайд хонохоор болсон. Орой унтахын үед манай нөхөр надаас архи нэхээд байсан. Манайд архи байхгүй байсан болохоор би түүнд архи байхгүй гэсэн чинь над руу уурлаад байсан. Тэгтэл ******* нь чи яах гэж нэгэндээ уурлаж байдаг юм гээд *******ын нүүр лүү нь 2 алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан. *******, *******ын үгэнд ороод унтсан. Өглөө нь намайг харж байхад *******ын зүүн талын нүдний орчим хөхөрчихсөн харагдаж байсан. Тэгээд ******* малаа туугаад явсан. Тэрээр гарынхаа араар 2 удаа цохих шиг болсон. Би бодохдоо түүний гарынхаа ар талаар л алгадсан гэж бодсон...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ёийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн   3 удаагийн тогтвортой мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дугаар талд авагдсан “...Талийгаачийн  хүзүүнд дарагдлын ором, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт, сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

... Дээрх зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй....

Талийгаач нь механик амьсгал бүтэлт дүүжлэлтийн улмаас нас баржээ. Энэ нь хүзүүн дэх араас урагш, доороос дээш ташуу өгссөн битүү дарагдлын ором, хэлний үзүүрийн хазагдал, уушги болон зүрхний гялтангийн гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт /Тардье толбо/, эгэмтэй бэхлэгдэх булчин дахь цус хуралт /Вальхерийн шинж/, гүрээний артерийн гадна хальсанд цус харвалт /Мартиний шинж/, дотор гадаргууд хөндлөн язрал /Амюсын шинж/ зэрэг байдлаар тодорхойлогдож байна.

Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ... цогцсоос авсан цусанд 4.5% промилли спиртийн агууламж илрэв,  нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Талийгаачийн цус нь АВО системээр В III бүлгийн харьяалалтай байна...” гэх  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дугаар талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хөнжил дээрээс цус илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч *******ын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1645 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 119-120, 200-201 дүгээр талд тус тус авагдсан “...талийгаачийн үхлийн шалтгааныг механик амьсгал бүтэлт, дүүжлэлтээс болж нас барсан гэж дүгнэсэн. Хүнд зэргийн согтолттой байх үед хүн бусдыг зодож цохих, өөрийгөө боомилох үйлдэл хийх чадвартай байна. Согтолтын хөнгөн, дунд, хүчтэй, хүнд зэргийн зэргүүд байдаг. Хүнд зэргийн согтолттой үед хордлогод орно. Цаашилбал үхэлд хүргэх аюултай. Гэхдээ үхэлд хүргэх согтолтын хэмжээ нь цусанд 5.0-6.0 хувийн промиллийн спиртийн агууламжтай үед амь насанд аюултай үхэлд хүргэх аюултай.Талийгаачийн хувьд цусанд 4.5 хувь промилли спиртийн агууламж илэрсэн болохоор талийгаач нь бусдыг зодож цохих, өөрийгөө боомилох зэрэг үйлдэл хийх чадвартай байна. Талийгаачийн зүүн нүдний дээд доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 2-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Цогцост шинжилгээ хийхэд зүүн нүдний дээд доод зовхи , алимын салстын цус хуралт гэмтлийн хаван хавдар нь буусан, цус хуралт нь тод биш хүрэн, хөх ягаан өнгийн цус хуралттай байсан нь хуучин гэмтэл гэдэг нь ялгагдана. Шинэ гэмтэл бол тэр хэсэгтээ хаван , хавдартай, цус хуралт нь тод хөх ягаан өнгөтэй байдаг” 

 “... хэрэв талийгаачийн баруун хацар луу алгадсан бол түүний зүүн талын нүдний дээд доод зовхи алимын салстын цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй,...” дээрх гэмтэл нь зүүн талын нүдний орчимд цохих, тэр хэсгээр юм мөргөх, унах үед үүсэх боломжтой,...Дүгнэлтэд тусгагдсан сарвуу, бугалга, тохойн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнөх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээч эмч С.Каделын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан   бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай, нотлогдон тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “... шинжээчийн дүгнэлтийн гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл эмгэг өөрчлөлт... талийгаачийн зүүн талын нүд 0,8х0,2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн сарвууны ар хэсэгт 0,5х0,5 см, баруун бугалгын ар дунд хэсэгт 4х0,2 см, баруун тохойн үед 1х0,2см удаан өнгийн зулгаралтуудтай.. гэж бичигдсэн нь талийгаач *******ын зүүн нүдний дээд доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтлийг хэн учруулсан нь тодорхойгүй, түүний сарвуу, бугалга, тохойн зулгаралт нь юунаас үүссэн болохыг тогтоогоогүй атал зүүн нүдэнд учирсан уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн гэж бичигдсэн нь талийгаач *******ын эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоогдоогүй, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас хойш Н.Мөнхжаргалын гэрт байсан, уг гэмтлийг өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй /2022 оны 02 дугаар сарын 27-ны орой уг нүдний гэмтэл учирсан байх боломжтой / талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас тухайн гэмтлийг гарцаагүй *******ыг учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна. Харин талийгаач ******* нь тухайн маргаан болсон цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэртээ  ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ....орилоод гэрийн хана руу 2 удаа цохиод  босож  ирээд эхнэр *******ийн нүүр рүү гараараа цохисон,...гэх хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн / хавтаст хэргийн 24-30/ мэдүүлгээс үзэхэд тухайн газар орон зайд уг гэмтлийг авсан байж болзошгүй зэрэг хэрэгт авагдсан, өөр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүргийг хангаагүй, яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал  үнэлэлт дүгнэлт өгөх  үндэслэлгүй юм....” гэх  дүгнэлтийг    хийхдээ  “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас хойш Н.Мөнхжаргалын гэрт байсан, уг гэмтлийг өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй  ..., ...тухайн гэмтлийг гарцаагүй *******ыг учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна.

...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн / хавтаст хэргийн 24-30/ мэдүүлгээс үзэхэд тухайн газар орон зайд уг гэмтлийг авсан байж болзошгүй...”  гэж  дүгнэсэн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй, таамаглалд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн  байна гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 1.1-т “шүүхээс хэргийн талаар тогтоогдсон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга” 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт...ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Нөгөө талаар “... хохирогч Т.*******ын  нүүрэн хэсэг нь өмнө нь зүгээр байсан, ******* нь чи яах гэж нэгэндээ уурлаж байдаг юм гээд *******ын нүүр лүү нь 2 алгадсан чинь түүний хамраас нь цус гарсан...” талаар  түүний эхнэр, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон *******ийн мөрдөн байцаалт болон  анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд  тогтвортой мэдүүлсэн  мэдүүлгүүд болон хохирогч Т.*******ын  биед  зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй.” гэх  шинжилгээний дүгнэлт гаргасан  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар , 1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дугаар талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Хөнжил дээрээс цус илэрсэн. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч *******ын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1645 дугаар дүгнэлтүүд, “ ... зүүн нүдний дээд зовхи хөхөрсөн...” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүнчлэн  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртөө  34.19 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг зөрчиж  “...хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй” гэж үзсэн нь хуулийг зөрчсөн үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба  хуулийн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй,  “...хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг, гэрч Т.Рэнцэний мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэргээр хохирогчид учирсан гэмтэл нь *******ын үйлдэлтэй шалтгаан холбоотой болох нь тогтоогдож байна.  ...цагаатгах тогтоол нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж тус шүүхэд  бичсэн  Прокурор  ын  бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн  зөрчил нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасан “ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”  үндэслэл болж улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон  байх хэдий ч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэр гаргах хуулийн зохицуулалтгүй болсон тул  цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн   шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/186 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ,

Ч.ЭНХТӨР