Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Б.Батнасан

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б

 Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Б-н М-т холбогдох 201401020569 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-н М, РД: **** гэв.

 Б.М нь Говь-Алтай аймгийн .... багийн нутагт 2014 оны 1-2 дугаар сарын үед буудуулж агнагдсан нэн ховор амьтан болох 7 настай, эр цоохор ирвэсийг 2014 оны 02 дугаар 03-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотруу тээвэрлэсэн, уг ирвэсийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхоны 4-5 тоотод байх контейнерт хадгалсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Б.М нь Говь-Алтай аймгийн ... багийн нутагт 2014 оны 1-2 дугаар сарын үед буудуулж агнагдсан нэн ховор амьтан болох 7 настай, эр, цоохор ирвэсийг 2014 оны 02 дугаар 03-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотруу тээвэрлэсэн, уг ирвэсийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл *** хотын *** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хотхоны *** тоотод байх контейнерт хадгалсан гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь:

          Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...*** аймгийн *** сумын *** гэдэг нутагт адуунд явж байхад ирвэсний мөр байсан. Тухайн мөрийг дагаад явахад үхсэн ирвэс надтай таарсан. Тухайн үед би орчихоод явсан. Улаанбаатар хотод манай 80 гарсан өндөр настай хөгшин байдаг би цагаан сарын дараа золгох гээд явсан. Тэгээд Улаанбаатар хот явахдаа аваад явъя гэж бодоод хот явахдаа авч явсан. Тухайн үед хот оруулж айлын контейнерт хийчихээд хоёр хөгшиндөө золгочихоод Дорноговь аймаг руу авга ахындаа очсон байхад баригдсан байсан. Би буу барьдаггүй ан амьтан хийж үзээгүй. Үхсэн ирвэстэй таараад ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Цоохор ирвэс нь сүүлийн үед олон улсын судалгаа тооллогоор дэлхийн 200 гаруй улс орны зөвхөн 12 улсад байдаг гэсэн судалгаа байдаг. Тухайн 12 орны хоёрдогч гол цөм нутаг нь Монгол орон байдаг. Дэлхий дээр 3900-6300 орчим ирвэс байна. Монгол оронд 500-1000 орчим ирвэс нутагладаг. Олон улсын байгууллагын судалгаа шинжигээний үндсэн дээр ирвэс гэдэг амьтан нь ховордож байгаа учир нэн ховор амьтны ангилалд оруулах нь зүйтэй гэдэг утгаараа Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар бүлэгт нэн ховор амьтны жагсаалтад байдаг. 2011 оны Засгийн газрын 23 дугаар тогтоолооор экологи эдийн засгийн үнэлгээг баталж өгсөн. 11.200.000 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг. Энэ ховор амьтныг хадгалсан, худалдсан, цуглуулсан, худалдан авсан тохиолдолд агнасантай адилтган үзэж амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж байгаль экологид учирсан хохирлыг төлүүлнэ гэж заасан байгаа. Иймээс шүүгдэгч Б.М нь би агнаагүй олсон гэдэг тайлбарыг хэлж байна. Ирвэсийг хадгалсан, тээвэрлэсэн учир хохирлыг барагдуулах ёстой...” гэх мэдүүлэг,

Л.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай ээжийн эгч Н-н хүүхэд болон М /Говь-Алтай аймгийн сумд амьдардаг малчин/ хотод ирсэн. Тэгээд манайд ирж нэг хоночихоод Дорноговь аймагруу явсан. *** аймгаас ирэх үедээ манайд шуудайтай эд зүйл авчирсан. Тэрийг нь манай дүү Ү хашаанд байдаг контейнерт хадгалсан юм байна лээ. Би эд зүйлийг нь юу юм бол гээд сонирхоод үзсэн чинь  ирвэс байсан. Би амьдралдаа ирвэс гэдэг амьтныг харж үзээгүй байсан бөгөөд гайхаад тухайн үедээ найз Б-д хэлсэн...” гэх тайлбар /хх-5рт/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Ө миний гар утасруу яриад манай хамаатны хүүхэд хэд хоногийн өмнө Говь-Алтай аймгаас ирсэн юм. Шуудай дотор нь үхсэн ирвэс байна гэсэн. Тэгээд гэрт нь очоод үзэхэд хашаанд байдаг контейнерт шаргал өнгийн шуудай дотор боосон ирвэс байсан. Би машиндаа ачаад Ө-н хамт дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх23-рт/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгч Б.М-н үйлдсэн ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-рт/, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-13-рт/, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15-рт/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-21-рт/, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-182-183-рт/, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Л.Ө-н тайлбар /хх-5-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний хүсэлтээр: 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1-рт/, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх60-рт/, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-161-рт/, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх179-180-рт/, С овогт Б-н М –ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх85-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус хэлэлцүүлэхээр санал гаргасныг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “...шүүгдэгчид холбогдох үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, 2014 оны үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна, 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн талаар байхгүй, ховор амьтны түүхий эдийн талаар заасан байх тул хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй юм...” гэсэн саналыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь 2002 оны эрүүгийн хуулийн зорилтод “Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаална” гэж хуульчлан заажээ.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объект нь Монгол улсын үндэсний баялаг болсон ан амьтан, түүнийг хамгаалсан эрх зүйн журмууд байдаг бөгөөд ан амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан тул түүнийг Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ирвэсийг агнасан этгээд тогтоогдоогүй тохиолдолд Амьтны тухай хуульд зааснаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн 201401020569 дугаартай хэргээс цоохор ирвэс хууль бусаар агнагдсан гэх үйлдлийг тусгаарлан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх тул уг тусгаарласан хэрэгт хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байх тул гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхисон, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С овогт Б-н М –ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын өмчлөлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны шар зүсмийн атан тэмээг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримт болох цоохор ирвэсний арьс, мах, сумны хонгио зэргийг тусгаарласан хэрэгт шийдвэрлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байх тул гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхисон, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА