| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214000000185 |
| Дугаар | 2022/ДШМ/066 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/066
Л.Лувсандамбад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Энхбат
Шүүгдэгч Л.Лувсандамба,
Хохирогч өмгөөлөгч Б.Заантогтох,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээ сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, өмгөөлөгч Б.Заантогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Лувсандамбад холбогдох эрүүгийн 2214000000185 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ... Өөлд овогт Лхагвасүрэнгийн Лувсандамба, / Регистрийн дугаар: ВГ91072517 /,
Шүүгдэгч Л.Лувсандамба нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандал Хайрхан" 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Наран Мандал Энтерпрайзес" ХХК-ийн уурхайн уулын хэлтэс 10 дугаар судлын 2 дугаар түвшин 23дугаар мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, "Наран Мандал Энтерпрайзес” ХХК-д 2.492.748 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Лувсандамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд гаргасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Шүүгдэгч Өөлд овогт Лхагвасүрэнгийн Лувсандамбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Өөлд овогт Лхагвасүрэнгийн Лувсандамбыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Лувсандамбад оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Лувсандамба нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
Шүүгдэгч Л.Лувсандамба нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 13.34 грамм алт хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг алтыг Монгол банканд хэрэгцээний дагуу тушааж үнийг улсын төсөвт оруулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Лувсандамбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж шийдвэрлэжээ.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, өмгөөлөгч Б.Заантогтох нарын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:
1. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг болох “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг зааж өгсөн. Тус зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.
Манай “Наран Мандал Энтерпрайзес” ХХК-ийн Баянхонгор аймаг Баян-Овоо сум Мандал Хайрхан 1-р багын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан Цахир”-ын уурхайд Далд уурхайн ээлжийн ахлах ажилтан Л.Лувсандамба, уурхайчин Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн, Б.Мөнхтамир, ажилтан А.Амартайван нар 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагаас 22 цаг 30 минут орчим Далд уурхайн 10 дугаар судлын 2-р түвшин, 231-р мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн масло тосны саванд хийж савласан алттай хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг гарсныг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагт далд уурхайн камерын бичлэгээр мэдэж Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн.
2022 оны 5 дугаар сарын 03-ны үүрийн 05 цагт манай уурхайн талбай байрлах багийг хариуцсан Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Дашням, экологийн байцаагч, Дэслэгч Азбаярын хамтаар ирж эдгээр ажилчдтай уулзаж, тайлбар мэдүүлэг авсан бөгөөд манай Компанийн зүгээс эдгээр ажилчдын мэдээлэл болон бусад шаардлагатай баримт бичгүүдийн хуулбаруудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Дашням нь тус эрүүгийн хэрэгт холбогдсон ажилчдад хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх үүднээс хэргийн материалаас хэрэгт холбогдсон ажилчдын материалыг санаатайгаар дутаасан болон мэдүүлэг сольсон байх магадлалтай хууль бус үйлдэл гаргасан бөгөөд энэ асуудлаар холбогдох гомдлыг гаргаж, шууд эрүүгийн хэрэг үүсгэн 2214257 дугаартай тусдаа хэрэг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтад Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.
Далд уурхайн ээлжийн ахлах ажилтан Л.Лувсандамба, уурхайчин Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн, Б.Мөнхтамир, ажилтан А.Амартайван нар хамтран, машин механизм ашиглан хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байсныг нотлох баримтууд болон гэрч Ж.Цэрэнлхам, Э.Цанд-Аюуш нарын хэрэгт авагдсан.
Гэвч яллагдагч Л.Лувсандамба хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн худал мэдүүлж, хялбаршуулах хүсэлт өгсөн, энэ тухай хохирогчид мэдэгдээгүй, хүсэлт гаргах боломжоор хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох" зарчим хангагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял завших боломж олгогдсон байна.
Л.Лувсандамба худал мэдүүлсэн гэдэг нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:
1.Хавтаст хэргийн 97-р хуудсан тэрээр “Уурхайн хашааны дээгүүр шидсэн” гэж мэдүүлдэг ч, хавтас хэргийн 195-р хуудаст хэргийн газрын үзлэгээр хашаа доогуур хүдэр гаргасан гэж тайлбарласан байдаг,
2.Хашаан доогуур 20 литрийн канистр гаргах боломжгүй. Учир нь тухайн хэрэг гарсан газарт 2 харуул байнга ажилладаг, нэг нь хашааг байнга тойрч эргэж байдаг,
3.Хашаан доогуур 20 литрийн канистр гаргах боломжгүй намхан бөгөөд тухайн хэсэгт байнгын шороо овойлттой байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад зөвхөн Л.Лувсандамбын хэлснийг баримталсан нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна,
4.Машин ашигласан асуудлаар Харуул хамгаалалтын компанийн рапортын дэврийн бүртгэлийг өгсөн (XX-157), түүнд “88-30 УНХ цагдаад саатуулагдсан учир авч гарсан” гэсэн тэмдэглэгээ байхад түүнийг тодруулж харуул хамгаалалтын ажилчдаас мэдүүлэг аваагүй,
Иймд нотлох баримт, мэдүүлгүүд зөрүүтэй, өөр нэг хэрэг шалгагдаж байхад хэргийг зөвхөн яллагдагчийн мэдүүлэг, хүсэлтээр шийдвэрлэх нь гэмт хэргийн зүйлчлэл, ял завших боломжийг олгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн
Хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримт болох 1 ширхэг DVD байхгүй байгаад миний бие 2022 оны 11 сарын 30-ны өдөр хэрэгтэй танилцахдаа олж мэдлээ. Тус DVD гэмт хэрэг гарах өдрийн хяналтын камерын бичлэг бөгөөд ач холбогдох бүхий нотлох баримтуудын нэг юм.
Энэхүү нотлох баримтыг 2022 оны 9 сарын 28-ны өдор Мөрдөгчийн “хэрэг шүүхэд шилжүүлэх тухай" санал (ХХ-234)-д зааснаар хэргийн хамт Прокурорт шилжүүлсэн байдаг.
Гэтэл Баянхонгор аймгийн прокурорын газрын 2022 оны 11 сарын 1-ний өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 1/2694 тоот албан бичигт дээрх DVD-г хэргийн хамт шилжүүлээгүй нь хавсаргасан материалаас харагддаг.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил” юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
CD-г хэрэгт ач холбогдолтой баримт гэж хэлж байна. Хавтаст хэрэгт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Өмгөөлөгчийн зүгээс CD-г алга болсон талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу асуудлыг тодруулахад мөрдөгчөөс албан тоотод бичсэн хэдий боловч хэрэг прокурорт шилжиж ирэхэд CD байгаагүй талаар баримт үйлдэж тайлбар хэлдэг. Үүнийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хохирогч талд мэдэгдээгүй гэж хэлж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгч хангаж шийдвэрлэсэн.
Үүнийг хохирогчид мэдэгдэх шаардлагагүй. Хохирол төлбөр төлөгдсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан алт Баянхонгор аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Хохирогчийн байгууллагын өмгөөлөгч Б.Заантогтох тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх процессын явцад нотлох баримтыг хэргээс хасах тохиолдолд хэлэлцэж шийдвэрлэх тусгай журамтай. Үүнийг эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8.1.7-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэдэг. Харин прокурорт хэргийг шилжүүлэхдээ нотлох баримтыг хавсарган өгөөгүй байна. Иймд процесс ажиллагаа алдагдаж, түүнийг зөвтгөх шаардлагатай учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Б.Заантогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Лувсандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.
Учир нь:
Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Лувсандамба нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагаас 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Мандал Хайрхан" 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Наран Мандал Энтерпрайзес" ХХК-ийн уурхайн уулын хэлтэс 10 дугаар судлын 2 дугаар түвшин 23 дугаар мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "Наран Мандал Энтерпрайзес” ХХК-д 2.492.748 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Дээрх үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны 22 цагийн үед манай Цагаан цахир уурхайн уулын хэлтэс... 23 мөргөцгөөс 3 ширхэг 20 литрийн маслоны саванд хийж савласан алттай хүдрийг уулын хэлтэст ажиллаж байсан ажилчид нууцаар авсан байсныг.... сонсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шөнийн ээлжийг ахалж байсан ээлжийн ахлах Лувсандамба гэх ажилтныг авсан байх магадлалтай гэж бодож байна..... Ээлжийн ахлах Лувсандамбаар ахлуулсан түүний ажилчид Батцэрэн, Пүрэвбаатар, Мөнхтамир нар байсан....” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюушийн мэдүүлэг нь:
1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны шөнийн 22 цагийн үед уурхайн гүнд байгаа хогийг би Батцэрэн, Хишигжаргал нарын хамт вагон дээр ачиж гаргасан. ...Тухайн хогийг манай ээлжийн ахлах Лувсандамба гэх хүн “ач” гэсэн. Би тухайн 20 литрийн саванд юу байсан талаар мэдээгүй, шууд ачсан...” гэх гэрч Б.Пүрэвбаатарын мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан “...Би 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ....ээлжийн ахлах Лувсандамбаас үүрэг, чиглэл авч ажилдаа орсон. Тухайн үед би бункерийн тавцан дээр доороос гарч ирсэн хог хаягдлыг ялгаад ажлаа хийж байхад доороос Пүрэвбаатар станцаар "ажлын байрны цэвэрлэгээ хийж, хог хаягдал очсон шүү” гэж хэлсэн. Тэгээд Пүрэвбаатарын вагон дээр ачсан гэх хог хаягдлыг буулгаад байж байхад ээлжийн ахлах Лувсандамба нь ирээд “наад шар савтай юм аа эвдэрхий 2 вагоны хажууд тавьчих” гэсэн. Тухайн үед ээлжийн ахлах Лувсандамбын өгсөн үүргийн дагуу 3 шар савтай хогийг эвдэрсэн вагоны хажууд тавьчихаад ажлаа хийсэн. ...би юу байсан талаар мэдэхгүй байна. ...Лувсандамбын багт анх удаа ажиллаж байна...” гэх гэрч Б.Мөнхтамирын мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан “....Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...ээлжийн ахлах Лувсандамбаас ... үүрэг, чиглэл аваад ажилдаа гарсан. ...Тухайн үүргийг ээлжийн ахлах Лувсандамба өгсөн. Бид нар ээлжийн ахлах Лувсандамба юу гэж үүрэг өгнө түүнийг хийдэг...” гэх гэрч И.Батцэрэнгийн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан “...Алт / хайлуулсан товчин хэлбэртэй / 13.34 кг 2.492.748 төгрөг, хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2.492.748 / хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин найм/ төгрөг болохыг тодорхойлов..” .гэх “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаар дүгнэлт
1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр талд авагдсан “...2214000000185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 13.34 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан ...,... шар өнгөтэй, хайлсан, товчин хэлбэрийн металл нь алт мөн байна.” гэх“Стандарт хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн дүгнэлт болон гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Лувсандамбын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.
Анхан шатны шүүхээс “... шүүгдэгч Л.Лувсандамба нь ...алттай
хүдрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "Наран Мандал
Энтерпрайзес” ХХК-д 2.492.748 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, гэрч Б.Пүрэвбаатар, Б.Мөнхтамир, И.Батцэрэн нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 208 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лувсандамба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна ...” гэж дүгнээд шүүгдэгч Л.Лувсандамбыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Б.Заантогтох нарын гаргасан давж заалдах гомдлоос энэ гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэнийг хүлээн авах боломжгүй буюу энэ байдлыг нотлох, хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Харин “...хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримт болох 1 ширхэг DVD байхгүй уг DVD гэмт хэрэг гарах өдрийн хяналтын камерын бичлэг бөгөөд ач холбогдох бүхий нотлох баримтуудын нэг юм.Энэхүү нотлох баримтыг 2022 оны 9 сарын 28-ны өдөр мөрдөгчийн “хэрэг шүүхэд шилжүүлэх тухай" санал (ХХ-234)-д зааснаар хэргийн хамт Прокурорт шилжүүлсэн байдаг. Гэтэл Баянхонгор аймгийн прокурорын газрын 2022 оны 11 сарын 1-ний өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 1/2694 тоот албан бичигт дээрх DVD-г хэргийн хамт шилжүүлээгүй нь хавсаргасан материалаас харагддаг.Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил...” гэх хохирогчийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Б.Заантогтох нарын гомдол үндэслэл бүхий байна.
Гэвч дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гаргах хуулийн зохицуулалтгүй болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Л.НЯМДОРЖ
Ч.ЭНХТӨР