Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю.Б******* /РД:*******/  ,                                        

Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч,

Маргааны төрөл: Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Ю.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч Ю.Б*******ыг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлэх сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

2.2.Нэхэмжлэгч Ю.Б******* нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2.3.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ю.Б*******ыг эрүүгийн хэргийн хохирогч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид мэдэгджээ.

 

2.4.Нийслэлийн өмгөөлөгчийн зөвлөлөөс Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох саналыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Монголын өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгчид хүргүүлсний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай хуралдааныг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн өрөөнд хийж. Улмаар Монголын өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

2.5.Нэхэмжлэгчийн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Ю.Б******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: Ю.Б******* миний бие 2010 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор намайг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь хэсэг болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлэх сахилгын шийтгэл хүлээлгэсэн болно.

 

Би тухайн үед мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Тухайн үед Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тэр нь шүүхийн шийдвэрийн дагуу хэвээр үлдсэн ч Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ".... өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэрийг Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч гаргана" гэж зааснаар Ю.Б******* миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхийлөгчийн тушаал гараагүй, энэ тухай надад мэдэгдээгүй болно.

 

Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Д******* нь 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 225 дугаартай тушаалаар Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дахь заалтыг үндэслэн Ю.Б******* миний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би МӨХ-ны ерөнхийлөгчийн тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан буюу мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй" гэж заасан үндэслэлийг хангаагүй буюу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн тушаал гараагүй байтал намайг эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж шийдвэрлэсэн байна.

 

Монголын өмгөөлөгчдийн холбоо нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар захиргааны байгууллага бөгөөд ерөнхийлөгчийн тушаал нь захиргааны акт мөн болно. МӨХ-ны ерөнхийлөгчийн тушаалын 3 дахь хэсэгт "Тушаалыг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай" гэж заасан тул миний бие 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийг тус шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан болно.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 225 дугаартай тушаал бөгөөд тус актын улмаас Ю.Б******* миний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх ашгийг зөрчихийн зэрэгцээ өмгөөллийн туслалцаа авах олон үйлчлүүлэгчийн минь хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

 

Өмгөөллийн тухай хууль болон Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрэмд зааснаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргах ёстой байдаг. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын -ний өдөр тоот лавлагааг гаргуулж авсан. Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбооны маргаан шийдвэрлэх комисс нь гадагшаа чиглэсэн хууль зүйн акт гаргаад байгаа хэр нь хууль зүйн актын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдал гээд Улсын Дээд шүүхэд өгсөн боловч хүлээж аваагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан дээрх лавлагаагаар Монголын өмгөөлөгчдийн холбооны дотоод дүрэм, журам бүртгэгдээгүй. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэр захиргааны акт болж гарч байгаа. Миний бие 50-70, заримдаа 100 үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн байдаг. Ю.Б******* өмгөөлөгч 41-р ангийн тоо бүртгэлийн ажиллагаанд саад болоод байна, 3 сарын дотор 0 хүнтэй уулзлаа, 0 хүний 40 нь рецидив гэмт хэрэгтэн байна гээд 3 тоо бүртгэгч гомдол гаргаж байсан. н.Э, н.Х нарт би хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Дуудуулахлаар нь уулзаад гэрээ хийх гэж байтал манай үйлчлүүлэгчийн хохирогч байсан учраас дахин уулзаж болохгүй гэдгээ тайлбарлаад өнгөрсөн. Ковид-19 цар тахлын үе дөнгөж өнгөрөөд цагаан сарын дараа Өмгөөлөгчдийн холбооноос шинэ үнэмлэх гаргасан байсан. Тэр үнэмлэх хэвлэгдэж дуусаагүй байсан учраас авч амжаагүй байсан. Хуучин үнэмлэхээрээ орох гэхэд 41-р анги оруулаагүй, үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэхэд уулзуулаагүй. Ковид-19 цар тахлын дараа үйлчлүүлэгчидтэйгээ очиж уулзаад, үүнээс болоод 41-р ангийн захиргаа надад гомдол гаргаж миний эрхийг 2 жил түдгэлзүүлэх сахилгын шийтгэл оногдуулсан. Гэвч одоог хүртэл хавтаст хэрэгт өмгөөлөгчийн эрхийг 2 жил түдгэлзүүлсэн албан тоот байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг заавал хийх ёстой байдаг. Гэтэл миний эрхийг 2 жил түдгэлзүүлсэн тушаалыг би гардаж аваагүй, хараагүй. 3 шатны шүүхийн шийдвэрээр ч тэр миний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай л гэж байгаа. Дараагийн асуудал, эрүүгийн хэрэг маш удаан явагддаг. Өмгөөлөгчийн эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээд шүүх хуралдаанд орсон гээд байгаа асуудал 2018 онд үүссэн хэрэгт гарсан асуудал. Тухайн үед хэрэг шийдэгдэхгүй байсан. Сүүлд солигдсон прокурортой уулзаад манай үйлчлүүлэгч нар гомдол гаргаад байна гэтэл прокурор надаас гэрээ шаардсан. Гэтэл 3 жилийн өмнө хийсэн гэрээний хугацаа дуусчихсан байсан. Тухайн үед би алдаа гаргаад, үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалахын тулд шинэ гэрээн дээр гарын үсэг зураад прокурорт нь гомдол өгчихсөн. Энэ бол миний алдаа. 2024 оны 4 дүгээр сард түдгэлзүүлсэн эрх сэргэх байсан. Гэтэл одоог хүртэл сонсох ажиллагаа хийгээгүй, дахиад мэргэжлийн хариуцлагаар ороогүй. Хэргийн материалд 2023 оны 11 дүгээр сард Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч дуудаж уулзсан гээд хурлын тэмдэглэл байсан. Өмгөөлөгчдийн холбооноос над руу 3 удаа залгасан байсан. Би хуралтай байсан учраас утсаа аваагүй. Ирж уулз гэхэд нь 3 удаа очиж уулзах гээд уулзаж чадаагүй. Өмнөх ерөнхийлөгч Б.О нарийн бичгийн дарга ажлаа өгч байгаа өдөр таараад надаас нөхцөл байдлын талаар асуухад нь би өмгөөлөгч байгаа юм, ерөнхийлөгч уулзаарай гэсэн гэхэд би таныг харъя гэж бодоод байсан юм. Ю.Б******* өмгөөлөгч гээд их дуулиантай өмгөөлөгч байдаг, Ю.Б******* өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авъя гээд маш их хүсэлт ирдэг. Таныг уулзуулах арга хэмжээ авъя гээд ерөнхийлөгчтэй уулзсан. Би хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй, амьдралын боломж муутай иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг, хамгийн гол нь түдгэлзүүлсэн шийдвэр огт гараагүй шүү дээ, би одоо 50 гаруй настай хүн. Одоо эрхээ хасуулчих юм бол хамгийн багадаа 5 жил болно. Би цаашаа юу хийж, амьдрах вэ та бодож үзэх хэрэгтэй шүү гэж хэлээд нөхцөл байдлыг тайлбарласан. Үүнийг би сонсох ажиллагаа хийж байна гэж ойлгоогүй. Гэтэл нарийн бичгийн дарга оролцсон, сонсох ажиллагаа хийсэн гээд 2 хуудас баримт ирсэн байна. Тиймээс Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар эрх хассан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хэлэхдээ холбооны ерөнхийлөгчтэй уулзсан гэхдээ энэ уулзалтыг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд оролцогчийг сонсох буюу захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 2.2.1-д оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гээд тодорхой тайлбарлаад өгчихсөн. Мөн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлэх ёстой гээд сонсох ажиллагаа хийгдэх шалгуурыг тавьж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д 20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж байгаа. Гэтэл сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаад байгаа ажиллагааг хуулийн дагуу хийж, баримтжуулсан баримт байхгүй учраас сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс энэхүү захиргааны актыг хууль бус, холбооны ерөнхийлөгч өөрийн эрх хэмжээнд байхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор өмгөөлөгч Ю Б******* ()-ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн байна. Ю.Б******* нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолоор тус тус хангахгүй орхиж, түүнд оногдуулсан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн хариуцлагыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаprax эрхтэй" мөн зүйлийн 37.2. "энэ хуулийн 37.1-д заасан гомдлын дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ" гэж хуульчилсан.

 

Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 94 дүгээр зүйлийн 94.1 "маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй", журмын 92 дугаар зүйлийн 92.1 "шийдвэр дараах тохиолдолд хүчин төгөлдөр болно", 92.1.2 "шийдвэрийг хэвээр үлдээсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон" гэж журамласан байна.

 

Дээрх хууль, журмын зохицуулалтаар Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацааг Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болох өдрөөс эхэлж тоолно.

 

Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон 31 дүгээр зүйлийн 31.3.2, 31.4. 31.5 дахь заалтуудад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг хуульчилсан байдаг.

Өмгөөлөгч Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.4 дэх заалтуудад заасан үндэслэлийн аль нэг бий болсон тохиолдолд өөрөө хүсэлт гаргаснаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь заалтад заасан хариуцлагыг өмгөөлөгч Хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор хүлээлгэхээр хуульд зохицуулсан.

 

Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан "Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаандаа өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар болон тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан "Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй" заалт нэгэн адил хэрэгжинэ.

 

Харин Ю.Б******* нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаандаа дээрх хууль, журмын заалтыг зөрчсөн тухай дурдаж, холбогдох баримтын хамтаар тус холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлөөс Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулах саналыг ирүүлсэн болно.

 

Мөн Өмгөөлөгчийн хууль, ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг зөвхөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор түдгэлзүүлэх бөгөөд энэ тохиолдолд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөс давхарду шийдвэр гаргах шаардлагагүй.

Иймд Ю.Б*******оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дугаартай тогтоолоор Ю.Б******* өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Ю.Б******* шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдлыг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор тус тус хангахгүй орхисноор Мэргэжлийн хариуцлагын хорооноос Ю.Б*******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хариуцлага хэвээр үлдэж шийдвэрлэгдсэн. Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн 37 дугаар зүйлийн 37.2-д энэ хуулийн 37.1-д заасан гомдлын дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ гэж хуульчилсан. Тэгэхээр 2 жилийн хугацаагаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн түдгэлзүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болсон гэсэн үг. Ю.Б*******ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулсантай холбоотой гомдол гарсан. Уг гомдлыг Сонгинохайрхан дүүргийн шүүх болоод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, прокурорын байгууллагуудаас нотлох баримттайгаар Өмгөөлөгчдийн холбоонд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчтэй холбооны ерөнхийлөгч Ю.Б*******той уулзсан. Тухайн уулзалтын тэмдэглэлийг шүүхэд хүргүүлсэн. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан нотлох баримт ирүүлсэн байна, үүнтэй холбоотой тайлбараа гаргана уу гэдэг байдлаар уулзсан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Мэргэжлийн хариуцлагын хорооноос Ю.Б*******ын өмгөөллийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг мэдэхгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Уг шийдвэрийг гардаж аваад шат шатны шүүхэд гомдол гаргаж байсан. Шүүхээс Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг хууль ёсны байна гэж эцсийн дүгнэлтийг гаргасан. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 47 дугаар зүйлийн 47.2-т өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаандаа өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд заачихсан. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн тушаалаар болоод Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолоор Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан байсан. Ингэснээр бол Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй гэсэн заалт Ю.Б*******од үйлчилж байсан. Гэтэл Ю.Б******* энэ хуулийг мөн өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчиж эрхээ түдгэлзүүлсэн байх хугацаандаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон. Өөрөө тайлбартаа байдлаа хүлээн зөвшөөрсөн. Цагдан хорих 41-р ангид түлхүү ажилладаг. Өмгөөлөгч байх хугацаандаа үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хангаж ажиллаж байсан нь үнэн. Ю.Б******* өмгөөлөгчийг өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлдэг, эрүүгийн эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь бид бүхэн тодорхой хэмжээнд мэднэ. Энэ тал дээр маргах зүйл байхгүй. Мэргэжлийн хариуцлагын хороо буюу Монголын өмгөөлөгчдийн холбооноос тусдаа бие даасан, хараат бус байгууллагаас үйл ажиллагааг түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсан хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан нь өнөөдөр ийм асуудал үүсгээд байна. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдөр томилогдсон. Ю.Б*******той холбоотой асуудал намайг томилогдохоос өмнө болсон асуудал. Ю.Б*******той холбоотой асуудлыг тайлбарлахдаа Ю.Б******* өмгөөлөгчтэй уулзаж тайлбарыг нь авсан, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Эрхийг нь хасахаас өөр аргагүй байдалд байгаа. Өөрөө шүүхэд хандсан байсан. Бид холбогдож сонсох ажиллагааг хийсэн гэсэн. Процесс нь яаж явагдсан талаарх мэдэгдэл байгаа бол холбооноос бас дахин тодруулъя. Мэдээж хуулийн дагуу явагдсан байх. Надад өөрийн нүдээр харсан материал байхгүй байна. Нийслэлийн салбар зөвлөлд Ю.Б******* өмгөөлөгч, өмгөөлөгчийн эрх нь түдгэлзсэн хугацаандаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэдэг гомдол ирсэн байсан. Үүнийг Нийслэлийн салбар зөвлөл холбооны ерөнхийлөгч рүү шилжүүлж, үүний дагуу холбооны ерөнхийлөгч Ю.Б*******ыг дуудаж уулзсан. Улмаар холбогдох шийдвэрүүд гарсан. Тиймээс Ю.Б*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монголын өмгөөлөгчдийн холбоо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ю.Б*******оос Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар надад холбогду өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч гаргаагүй байхад түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж, миний өмгөөлөх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус, сонсох ажиллагаа явуулаагүй шийдвэр гаргасан гэж тайлбарлан маргаж байна.

 

Монгол өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор өмгөөлөгч Ю.Б******* нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалт болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 14.2, 30.1, 39.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр түүнд өмгөөллийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 31.3.2-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийтгэл хүлээлгэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ю.Б*******оос дээрх Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ю.Б*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр Монгол өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Ю.Б******* нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаандаа Б.Оюун, С.Н, А.Э нарт холбогдох дугаартай эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн болох нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаартай магадлал[1], хохирогч Н.М*******, Ц.А, Б.Б, К.Г******* нартай байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ[2], Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий прокурорт 2023 оны 0 дугаар сарын 19-ний өдөр хандан гаргасан ******* дугаартай албан бичгээр[3] тогтоогдож байна.

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид хандан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ...өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон Ю.Б*******ын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргуулах санал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Ю.Б*******од арга хэмжээ тооцуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлжээ.

 

Монгол өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч нэхэмжлэгч Ю.Б*******той 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох асуудлаар уулзалт хийж, тэмдэглэл хөтөлсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.3.биечлэн уулзах гэж заасантай нийцсэн, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзнэ.

 

Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, 11.1.Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно, 11.1..энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн, 11.2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1., 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, энэ хуулийн 11.1.5-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гаргана гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээж зөрчил үйлдсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох эрхтэй байна.

 

Түүнчлэн хуульд Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох үндэслэлийг ялгаатай байдлаар зохицуулж, Мэргэжлийн хариуцлагын хорооны хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тусгайлан заасан байна.

 

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээсэн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэгээс гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг баталгаажу Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч хариуцлага хүлээсэн өмгөөлөгчид дахин өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах хууль зүйн зохицуулалтгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Ю.Б******* өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаал хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 10.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1., 11.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Б*******оос Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчид холбогдуулсан гаргасан Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 35 дахь тал

[2] Хавтаст хэргийн 48 дахь тал

[3] Хавтаст хэргийн 47 дахь тал