Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/08

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Нямдаваа

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Ц.Г-, Б.М- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М- нарт холбогдох эрүүгийн 1738002820086 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Г-,

Монгол улсын иргэн, Б.М-,

Шүүгдэгч Ц.Г- нь 2017 оны 9 дүгээр 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт иргэн Ц.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.Г- нь 2017 оны 9 дүгээр 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.М-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт иргэн Ц.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Б.М-ийн хохирогчоор мэдүүлсэн: Би Г-ахын цохисон эсэх мөн өөрөө Г-ахад яагаад цохиулсан гэдгээ мэдэхгүй байна. Миний толгой их өвддөг болсон байнга өвчин намдаах эм ууж байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулж авахыг хүсэж байна. Миний эмчилгээний зардал 2.000.000 төгрөг гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Ц.Г-ийн хохирогчоор мэдүүлсэн: “...Би өмнө яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Тийм учраас өөр нэмж яриад байх зүйл алга байна...”мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Р.Н-ын: Б.М-ийн биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орж гарсан үе, үе сэрж ирэхээр толгой өвдөнө гэж хэлж байсан. Толгойд ил харагдах шарх байхгүй байсан. Биеийн зүүн хэсэг мэдээгүй тал саажилт өгсөн, зүрхний хэм алдагдалтай байсан. Өвчний түүх нээгээд аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Гэрч Ч.Г-гийн: Б.М- гэр лүүгээ явахдаа өөрөө хөлөөрөө зүгээр яваад гэртээ хариад унтсан. Тэгсэн шөнө дунд Б.М- толгой өвдөөд байна гээд бөөлжихөөр нь би архи уусан болохоор тэрэндээ шартаад бөөлжиж байгаа юм байх гэж бодоод байж байтал нэг л сонин болоод зүүн талынх нь гар, хөл мэдээгүй болоод хөдөлж чадахаа байхаар нь би сумын төв рүү дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч М.А-гийн: 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Г- хонио яасан юм бэ гэхэд Г-айлын хонинд нийлчихээд ялгаж авч ирж чадсангүй айлын гадаа орхичихлоо гэсэн чинь Ч.Г- авчирж чадахгүй байсан юм бол морь унаж явлаа би өөрөө яваад аваад ирэх байсан юм гэж хэлсэн. Тэр хоёрыг тэгж ярилцаж байхад нь сонсож байгаад юм хийх гээд Б.М-ийн байшингийн баруун тал руу байх хонины хашаа руу очоод юм хийж байтал Б.М-ийн үүдэнд хүмүүс ноцолдоод зодолдох шиг чимээ гарахаар нь би яваад очтол Б.М- Ганхуягийг газарт унагаагаад доороо хийчихсэн өөрөө дээр нь гарчихсан байдалтай байсан бөгөөд Ч.Г- тэр 2-ыг салгах гэж байхаар нь би хамжиж салгасан. Тэгсэн Г-шүд маань уначихлаа гэхээр нь харсан инь амнаас нь цус гараад доод талын үүдэн 2 шүд нь уначихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 606 дугаартай

  • Б.М-ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  • Б.М-ийн биед хатуу хальсны дээрх цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  • Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  • Архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /хх-ийн 30-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаартай

  • Ч.Ганхуягийн биед үүдэн 2 ширхэг шүдний булгаралт, зүүн чамархайн хуйханд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Ч.Ганхуягийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтмол байдлаа алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын 10 хувь тогтонги байдлаар алдагдна /хх-ийн 32-р тал/,

Шүүгдэгч Ц.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би үхэртээ яваад үхрээ тууж ирээд Б.М-ийн гадаа ирээд тугалаа хашсан юмуу гэж Б.М-оос асуусан чинь яасан юм мэдэхгүй байшингийнхаа довжооны модыг авсанаа надруу хүрч ирээд миний унаж явсан морийг модоороо цохихоор нь би морьноосоо үсрээд буусан тэгсэн Б.М- барьж аваад миний хамар луу модоороо цохиод дараа нь заамдаж барьж байснаа гараараа миний шүд хэсэг рүү цохиод миний доод талын үүдэн 2 шүдийг хугалчихсан. Тэгэхээр нь би салаад морио унаад гэртээ хариад хоол халааж идэх гээд хоолоо халаагаад ган халбагаар хоолоо хутгаад байж байтал гадаа уяан дээр уясан морийг маань Б.М- эмээл, хазаарыг нь аваад тавьж байхыг хараад гадагшаа гарсан чинь манай байшингийн үүдэнд Б.М- урт банз барьчихсан намайг хүлээгээд зогсож байсан.  Намайг гарангуут Б.М- нөгөө банзаараа намайг цохих гэхээр нь би гартаа барьсан байсан ган хоолны халбагаараа толгой руу нь цохисон. Тэгсэн Б.М- газарт уначихсан гэх мэдүүлэг

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 95, 96-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1738002820086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны халбага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.М- нь 2.000.000 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн боловч шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлээсээ татгалзаж харилцан гомдолгүй болсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Г- нь бусдад төлөх хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж түүний хэргээ хүлээн мэдүүлж чин санаанаас гэмшсэн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,36.7, 36.8, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.М-ийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ