Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0480

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          06           04                                   128/ШШ2024/0480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаа

Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаагийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0068909 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, хариуцагч Ч.Лхамрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-иас “Тайлан залруулах хугацааг хойшлуулах тухай” 02/891 дугаартай албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хүргүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/1489 дугаар албан бичгээр ...2022 оны 04 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,30.2, 32.2.6-т заасны дагуу тайлангийн тайлангаа засварлах талаар мэдэгдсэн боловч өнөөг хүртэл залруулахгүй байгаа тул яаралтай тайланг залруулна уу. Хэрэв тайланг үнэн зөв тайлагнаагүйгээс тухайн тайлант хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой гаргасан зөрчлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг засварлахгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй бол эрсдэл тооцуулах хүсэлтийг дээд шатны байгууллагад хүргүүлж, татварын хяналт шалгалт хийлгэн тайлангийн ногдлыг тодорхойлохыг үүгээр мэдэгдье гэжээ.

 

1.2.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаа нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0068908 дугаартай шийтгэлийн хуудсаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

1.3.Нэхэмжлэгч “Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаад холбогдуулан дээрх шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль нь тус танхимын эрх зүйн байдал, тогтолцоо, санхүүжилт, түүний эх үүсвэрийг тодорхойлдог. Танхимын үйл ажиллагааны орлого нь тус хуульд зааснаар гишүүний татвар, иргэд, байгууллагын хандив, үйлчилгээний орлогоос бүрддэг.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.10-т "ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого" нь уг албан татвараас чөлөөлнө гэж заасан.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна" гэсэн заалтын дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулж олсон орлогоо уг зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна" гэж заасан. "Хуульд өөрөөр заагаагүй бол" гэдгийг зөвхөн татварын хууль тогтоомжоор хязгаарлаагүй бөгөөд бусад хууль тогтоомжид заасныг харгалзан үзэх ёстойг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхойлсон хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж орлого олж буй нь танхимыг бусад аж ахуйн нэгжтэй адилтган авч үзэх, суутган төлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн шаардлагагүйг илтгэж байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/1489 дүгээр албан бичгийн дагуу Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь нэмэгдсэн өртгийн албан суутган төлөгчөөр бүртгүүлэх нь сар болгоны 10-ны өдрийн дотор нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх үүрэг хүлээх, ингэснээр танхимын үйл ажиллагаанд нэмэлт ажлын ачаалал, зардал үүсгэх сөрөг үр дагавартай. Татварын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулсан боловч хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулсан.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч суутган төлөгчөөр бүртгүүлээгүй гэх үндэслэлээр торгох хууль зүйн үндэслэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т "Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасан бөгөөд татварын улсын байцаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг олж мэдсэн гэх атлаа удирдлагаас өгсөн хууль бус үүргийн дагуу зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээгүй байхад хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас үйлдэж торгох хариуцлага хүлээлгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчлийн хэрэг нээхгүйгээр шийдвэрлэхээр заасан байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаагийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн 0068909 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргав” гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шалгадаг учир шийтгэлийн хуудсыг зөв үйлдсэн байна уу гэдгийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Татвар төлөгч зайлшгүй шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах шаардлага үүсэж байна. Татвар төлөгчөөс тайлангаа залруулж зөрчлөө арилгах боломж байна. Хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа учир одоогийн байдлаар тодорхойгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлахад хүлээн авалгүй зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Татварын алба татвар төлөгчийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол үйлдэж буй маягт нь мөн адил хуульд заасны дагуу байх ёстой бөгөөд тухайн зөрчлийн хэрэг нь 58 хоног үргэлжилдэг. Гэтэл замын цагдаа шиг шууд торгож байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаа би албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8. "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг; гэж заасны дагуу Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын татварын тайланг хянахад 2022 онд 6,133,819,354.43 төгрөгийн борлуулалтын орлого олж, орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй зөрчил илэрсэн. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.1.Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана; гэснийг зөрчсөн байна. Татварын алба, татварын улсын байцаагчийн зүгээс татвар төлөгч Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна; 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан. Мөн энэ хуулийн 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг..., 6.1.Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана; гэж тус тус хуульчилсны дагуу тайлан залруулах тухай шаардлагыг удаа дараалан утсаар болон биечлэн мэдэгдэж байсан бөгөөд татварын улсын байцаагчийн шаардлага, мэдэгдлийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2/1489 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг.

 

Харин Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2016-2023 онуудын 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа илгээснийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлан хянах цэсний тайлангийн түүхийн мэдээлэлд хадгалагдсан байна.

 

Энэ нь тус татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах үүргээ биелүүлээгүй нотолж байна.

 

Татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна; 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан. Мөн энэ хуулийн 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг...., 6.1. Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана; гэсэн хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Мөн татвар төлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль нь тус танхимын эрх зүйн байдал, тогтолцоо, санхүүжилт, үүний эх үүсвэрийг тодорхойлдог. Танхимын үйл ажиллагааны орлого нь тус хуульд зааснаар гишүүний татвар, иргэд, байгууллагын хандив, үйлчилгээний орлогоос бүрддэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.10-т "ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого" нь уг албан татвараас чөлөөлнө гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна" гэж заасан. "Хуульд өөрөөр заагаагүй бол" гэдгийг зөвхөн татварын хууль тогтоомжоор хязгаарлаагүй бөгөөд бусад хууль тогтоомжид заасныг харгалзан үзэх ёстойг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хуулиар тодорхойлсон хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж орлого олж буй нь танхимын бусад аж ахуйн нэгжтэй адилтган авч үзэх, суутган төлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн шаардлагагүйг илтгэж байна. МҮХАҮТ нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх нь сар болгоны 10-ны өдрийн дотор НӨАТ-ын тайлан илгээх үүрэг хүлээх, ингэснээр танхимын үйл ажиллагаанд нэмэлт ажлын ачаалал, зардал үүсэх сөрөг үр дагавартай гэжээ.

 

Монгол Улсын Их хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 5 дугаар зүйл. Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгчийг тодорхойлох, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах. 5.2. Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:; гэж хуульчилсан хэдий ч тухайн татвар төлөгчийн хувьд 2016 оноос өнөөдрийг хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хууль (2019.03.22)-ийн 11.19 дүгээр зүйл. Татварын хууль зөрчих: 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх; гэж заасан зөрчил үйлдсэн.

 

Учир нь татвар төлөгч Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим 2022 онд 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан илгээхдээ 6,133,819,354.43 төгрөгийн борлуулалт хийсэн тайлан илгээсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг..., гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-д Татвар төлөгч хүн, хуулийн этгээдийг 2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх зохицуулалтын дагуу 1,500,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

 

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна; 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан. Мөн энэ хуулийн 4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг..., 6.1. Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана; гэж тус тус хуульчилсан.

 

Харин Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхим Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хуульд заасан болзол, шаардлага хангасан хэдий ч өнөөдрийг хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ биелүүлэхгүй татварын алба, татварын улсын байцаагчийн удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг хүлээн авч хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д "Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж.... 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.... 2.Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна; гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 2 дахь хэсгийн 2.1. хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх; үүргээ биелүүлээгүй зөрчилд хариуцлага тооцсон байна.

 

Иймд татвар төлөгч Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 02/241 гомдолд дурдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна" гэж заасан. "Хуульд өөрөөр заагаагүй бол" гэдгийг зөвхөн татварын хууль тогтоомжоор хязгаарлаагүй бөгөөд бусад хууль тогтоомжид заасныг харгалзан үзэх ёстойг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хуулиар тодорхойлсон хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж орлого олж буй нь танхимын бусад аж ахуйн нэгжтэй адилтган авч үзэх, суутган төлөгчөөр бүртгүүлэх хууль зүйн шаардлагагүйг илтгэж байна. МҮХАҮТ нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх нь сар болгоны 10-ны өдрийн дотор НӨАТ-ын тайлан илгээх үүрэг хүлээх, ингэснээр танхимын үйл ажиллагаанд нэмэлт ажлын ачаалал, зардал үүсэх сөрөr үр дагавартай гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаагийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2/1489 дугаар албан бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал дандаа зөрүүтэй тайлан илгээж байсан бөгөөд залруул гээд буцаахад дахин л зөрүүтэй тайлан илгээдэг. Тиймээс бид зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд татвар төлнө, мөн хуульд борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол гэж заасны дагуу татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй гэж хэлсэн ч бүртгүүлээгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаа 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд холбогдуулан 2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан илгээхдээ борлуулалт хийх тухай бүрдээ төлбөрийн баримт хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн оффис и-баримт цэснээс шалгахад 2021 онд 1,584,135,613.15 төгрөгийн борлуулалт, 1,885,676,582.21 төгрөгийн худалдан авалт, 2022 онд 2,785,229,571.18 төгрөгийн борлуулалт, 1,885,676,582.21 төгрөгийн худалдан авалтын төлбөрийн баримтыг бүртгэсэн зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, 2311002082 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

Хариуцагчаас Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй зөрчилд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 0068908 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан тул шүүх нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй зөрчлийн хүрээнд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 сая ба түүнээс дээш төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого олсон этгээд нь албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээж, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч байхаар заажээ.

 

Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2016 онд 672,710,222.26 төгрөгийн, 2017 820,948,490.81 төгрөгийн, 2018 онд 890,908,684.70 төгрөгийн 2019 онд 745,710,134.07 төгрөгийн, 2020 онд 339,482,394.10 төгрөгийн, 2021 онд 9,284,285,897.99 төгрөгийн 2022 онд 6,133,819,354.43 төгрөгийн тус тус татвар ногдох орлого олсон болох нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.“нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, 4.1.19.“нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг ойлгохоор, мөн хуулийн 6.1.“Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж тус тус зааснаас үзэхэд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн хувь хүн, хуулийн этгээд нь ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гарган бүртгүүлж, гэрчилгээ авахаар байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 2016 онд 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн болох нь тогтоогдсон тул гомдол гаргагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй байна.

 

Гэвч хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй үйлдэлд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2311002082 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн атлаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас маягт 2-оор шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.

 

Хууль тогтоогч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл ногдуулах үндэслэл болон зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулах үндэслэлийг Зөрчлийн тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулсан байна.

 

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.“зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй”, 1.2.“зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”, 1.3.“зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр байна.

 

Харин зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч “Шийтгэлийн хуудасны маягт 1” дууссан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэрэгт хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй нь  хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гаргасан шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтан /эрх бүхий албан тушаалтан/ шийдвэр гаргах үйл ажиллагаа/зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа/-даа холбогдох хуульд заасан процессын дагуу явуулах, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах  шаардлага тавигдана.

Захиргааны эрх зүйн онолд алдаатай захиргааны акт гэдэгт хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн байдлыг ойлгох бөгөөд дээрх шаардлагыг хангаагүйн улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол алдаатай захиргааны акт гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хуульд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулахаар заасан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаагийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 0068908 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Лхамрагчаагаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.ГАНЗОРИГ