Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 141/ШШ2024/00213

 

 

 

 

 

 

 

    

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батбаярыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар оршин суугч Б овогт Н.Тийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1981 онд Завхан аймгийн Булнай сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд 1981 оны 7 сараас 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эцэг Найдан, эх Авирмэд нарын хамт Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарт нэгдэлд мал маллаж байсан. 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Зэвсэгт хүчний 0198 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.Т нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Т нь Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/2017 дугаартай “...1981-1984, 1987-1991 онд Булнай сумын Сүхбаатарч нэгдлийн Оргих бригадад мал маллаж байсан гэх Н.Т, суурийн ахлагч Ж.Найдан нарын цалингийн тодорхойлолтыг олгов гээд Т нэрээр 1989 онд 1673,16 төгрөг 1-7,9-10 сар, 1990 онд 21,12 төгрөг 11,12 сар...” гэсэн архивын лавлагаа,

Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Найдангийн Тт нээн олгож, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1991 онд 1-12 сар, 1992 онд 1-12 саруудад бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь мэдээлэл,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Н Т, РД:, э, оны  дугаар сарын -нд төрсөн,  нэгдлийн хоньчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1987, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Н Т, Булнай сумын Оргих бригадад малчин, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...эхнэр Н.И нөхөр Н Т, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатарч нэгдэлд хоньчин  ажилтай, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Н.Тийг Завхан аймгийн Булнай сумын Сүхбаатарч нэгдэлд малчнаар 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ