Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

 

 

 

2022              01            05                                       2023/ДШМ/38                          

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1607 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор С.О-д холбогдох 2203004060441 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-,

2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

 

Шүүгдэгч С.О- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 11-ний шөний 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан Хамгаалахын Их сургуулийн баруун замд “Тоуоtа Рrius Alpha” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” , мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Үаmasaki” загварын ******улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, тус мотоциклийг жолоодож явсан 15 настай О.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

 

Тээврийн прокурорын газраас: С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 1 жилийн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.О- нь гэм хорын хохиролд 6.200.00 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-д төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.О-эс 1.702.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, шүүгдэгч С.О-ийн ВС ангиллын **** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх зөвхөн яллах талыг барьж, шүүгдэгчийг “согтуу” байсан гэдэгт анхаарч хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон. Манай үйлчлүүлэгч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тус хэрэг гарахад огтхон ч хамааралгүй байсан бөгөөд харин 15 настай, жолоодох эрхгүй хүүхэд, хүчин чадал ихтэй мотоциклоор хурд хэтрүүлэн, эсрэг урсгал руу орж машин мөргөж осол гаргасан байхад мөргүүлсэн машины жолооч “согтуу” байсан гэдгээр буруутгаж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хүнийг яллаж цаашдын ажил, амьдралыг нь харлуулж байгаа нь нотлох баримтуудыг зөвхөн яллах талаас нь үнэлж хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Хэрвээ 15 настай, жолоодох эрхгүй хүүхэд, үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу шөнийн цагаар, бороотой үед, хурд хэтрүүлэн, эсрэг урсгал руу орж “хүн” мөргөсөн ч насанд хүрээгүй жолоочийн зөв бол энэ хэрэг шударга, хуулийг нэг мөр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэсэн нь өөрөө хууль, дүрэм, журам зөрчиж юм очиж мөргөсний улмаас “бэртсэн” бол хүүхэд огт буруугүй, харин мөргүүлсэн нь буруутай гэсэн үг биш юм.

Мөн шүүх хуралдааны үед улсын яллагч 1 бүхэл гарантай гарна гэдэг тийм ч согтуу гэсэн үг биш учраас шүүгдэгчийн эхнэрээс Үндсэн хуульд заасан “ ... гэр бүлийн гишүүдийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ... эрхийг тайлбарлаж өгөхгүйгээр шөнийн цагаар, согтуу байхад нь мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарладаг, энэ талаар ч анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь харамсалтай. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад аль нэг оролцогч тухайн баримтын талаар дурдаж, судлуулсан байхад шүүх дүгнээгүй орхисон нь хэргийг тал бүрээс бодитой дүгнэсэн гэх боломжгүй. Хохирогч урдаа яваа тээврийн хэрэгслийг хараагүй, харж чадахааргүй хурдтай явж байсан болох нь түүний өгсөн “... 2 дугаар эгнээгээр явж байсан ба 1 дүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэтхэн миний урдуур буцаж эргэх шиг болсон. ...” гэх мэдүүлэг нь худал болох нь бичлэгээр нотлогддог. Насанд хүрээгүй хохирогч О.Т- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж өөртөө гэмтэл учруулсан байхад мөргүүлсэн хүнийг нь шийтгэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд манай үйлчлүүлэгч С.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, эргэлзээтэй байх тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Хэн осол гаргасан болохыг анхаараагүй гэж байна. Осол С.О-ийн буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Насанд хүрээгүй хүн хурд хэтрүүлэн явсан гэж байна. Осол болох үеийн камерын бичлэгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн. Гэвч камерын бичлэгийн өнцгөөс хамаарч хурдыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт гарсан. Хурд хэтрүүлсэн гэдгийг тогтоосон мэтээр өмгөөлөгч тайлбартаа хэлж байна. Мөн согтуурсан байсан гэдгээр ялласан гэж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн цагаан шугам давсан нь ослын шалтгаан нөхцөл болсон. Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай тогтоолд “согтуурсан мансуурсан гэх ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан, мансуурсан байхыг мэдсээр байж эсхүл согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт ухаанаа алдсан аль аль нөхцөл байдлыг хэлнэ” гэсэн нь заавал ухаанаа алдатлаа согтуу байхыг тайлбарлаагүй. Тухайн осол гарах үед байсан шүүгдэгч С.О-ийн эхнэрээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэхдээ уг гэрчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцоогүй. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.О-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч С.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.О- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан Хамгаалахын Их сургуулийн баруун замд “Тоуоtа Рrius Alpha” загварын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.”, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Үаmasaki” загварын ******улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, тус мотоциклийн жолоодож явсан 15 настай О.Т-ийн эрүүл мэндэд “духны няцарсан шарх, зулгаралт, баруун завьжны цус хуралт, баруун шилбэ, шагайн үений зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн доод хана зөрүүгүй хугарал, баруун талын гайморын хөндийн гадна хана, урд хананы цөмөрсөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн “...би Батлан Хамгаалах Их сургуулийн баруун замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан ба нэгдүгээр эгнээнд “Тоуоtа Рrius” загварын тээврийн хэрэгсэл явж байсан. Тэр нэгдүгээр эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл гэнэтхэн миний урдуур буцаж эргэх шиг болсон, тэгээд би юу болсон талаар санахгүй байгаа. ...Зорчих хэсгийн голын цагаан шугам үргэлжилсэн цагаан шугам байсан. Тэр машин гэнэтхэн л миний урдуур зүүн тал руугаа дараад эргэчихсэн. ...” /хх 33/,

иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...очиход “Тоуоtа Рrius” загварын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харж эсрэг урсгалын хашлагыг дагаж зогссон байдалтай, мотоцикл машины ертөнцийн зүгээр урд талд нь хэвтэж байсан. ...“Yamasaki” загварын ******улсын дугаартай мотоцикл миний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийнх. ...Би тэр өдөр мотоцикл жолоодох зөвшөөрлийг хүү Т-т өгсөн юм. ...” /хх 28/,

С.О-ийн яллагдагчаар өгсөн “...би осол гаргасандаа маш их харамсаж, өөрийн гэм бурууг ойлгож байна. ...” /хх 109/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...О.Т-ийн биед духны няцарсан шарх, зулгаралт, баруун завьжны цус хуралт, баруун шилбэ, шагайн үений зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн доод хана зөрүүгүй хугарал, баруун талын гайморын хөндийн гадна хана, урд хананы цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9860 дугаар дүгнэлт /хх 49-50/, “...жолооч С.О- нь Замын хөдөлгөөний дүрмийн “1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в, 3.7-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 766 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 96-97/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.47/ /хх 14/, хохирлын үнэлгээний тайлан /хх 82-84/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.О- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.О-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцон Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогч О.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Отгонбаяр “...жолоодох эрхгүй, 15 настай хүүхэд, үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу шөнийн цагаар, бороотой үед, хурд хэтрүүлэн, эсрэг урсгал руу орсон нь осол гарахад нөлөөлсөн байхад шүүх зөвхөн яллах талыг барьж С.О-ийг гэм буруутай гэж үзсэн тул С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэдийгээр хохирогч нь 18 насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хэдий ч түүний үйлдлээс дээрх осол гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын 2 дугаар эгнээгээр явж байхдаа баруун гар тийшээ даран 1 дүгээр эгнээ рүү оронгуутаа буцаж зүүн гар тийшээ буцаж эргэхээр даран хоёр эгнээгээр зорчдог эсрэг урсгалаас тусгаарласан хэвтээ тэмдэглэлийн үргэлжилсэн цагаан шугамыг даван огцом эргэж орох үед 2 дугаар эгнээгээр явж байсан хохирогч тухайн тээврийн хэрэгслийг мөргөж дээрх зам тээврийн осол гарсан болох нь насанд хүрээгүй хохирогч О.Т-ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, шүүгдэгчийн Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн үйлдэл, хохирол учирахад шууд нөлөөлсөн гэх шалтгаант холбоо тогтоогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс Б.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүйг, мөн гэрчийн мэдүүлэг дангаараа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул С.О-ийн зорчих эрхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1607 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 1 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН