Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0528

 

   2024           06          19                                      128/ШШ2024/0528

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н******* овогт Огийн Н*******, 

Нэхэмжлэгч: Ж** овогт Л*******гийн О, 

Нэхэмжлэгч: Х овогт Дгийн О, 

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.Б нарын хоорондын “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч О.Н*******д зөрүү 78,163,590 төгрөг, Л.Од 89,000,000 төгрөг, Д.Од 81,144,568 төгрөг тус тус олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч О.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, иргэдийн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Од 97,200,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 677 дугаар тушаалаар О.Н*******д 108,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаалаар Л.Од 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг тус тус олгосон байна.

            1.2. О.Н*******, Л.О, Д.О нараас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т зааснаар тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах, О.Н*******д зөрүү 70,200,000 төгрөг, Л.О, Д.О нарт зөрүү тус бүр 63,180,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

            1.3. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч О.Н*******, Л.О, Д.О нарт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т зааснаар бидэнд учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд О.Н*******д 70,200,000 төгрөг, Л.О, Д.О нарт тус бүр 63,180,000 төгрөгийг олгохыг даалгах” гэж нэмэгдүүлсэн.

            1.4. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд О.Н*******д 70,200,000 төгрөг, Л.О, Д.О нарт тус бүр 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн.

            1.5. О.Н*******, Л.О, Д.О нараас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч О.Н*******д зөрүү 78,163,590 төгрөг, Л.Од 89,000,000 төгрөг, Д.Од 81,144,568 төгрөг тус тус олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах” гэж нэмэгдүүлсэн.

           

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128.ШШ.2023.0904 тоот шийдвэрийн 16,17 дугаар хууд******* цалин, нэмэгдлийн түүвэр хийхдээ О.Н*******, Л.О, Д.О нарын тухайд төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдлийг чөлөөлөгдөх хүртэл хугацаанд орхигдуулсан Нэхэмжлэгч Д.О, Л.О нар шүүгчээр тус тус 36 жил, О.Н******* 31 жил ажилласан. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46,2 “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ...” гэсэн нэмэгдэл цалингийн зохицуулалт 2022 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноос хойш шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд буюу О.Н******* 2022 оны 03 дугаар сарын 28, Л.О 2022 оны 05 Дугаар сарын 30, Д.О 2022 оны 07 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд өмнө авч байсан цалин хөлсний хэмжээ буурсан.

Иймд О.Н******* бид нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртлээ өмнө үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан 5 дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдэж байна” гэсэн заалтаар тус шүүхэд цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0799 тоот шийдвэрээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд шүүгчийн бүрэн эрх ... ийг хэрэгжүүлж байсан, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 “шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэснээр нэхэмжлэгч нарт цалингийн зөрүүг гаргуулан шийдвэрлэсэн.

36 сарын тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд дээрх шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан учир 36 сарын цалингийн дундаж тооцох цалингийн хэмжээг үндсэн цалин, жил бүр өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдсэн нэмэгдлийн хамт, 2022 оны 01 дүгээр сараас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд үндсэн цалин, 40, 25 хувийн нэмэгдэл тооцсон дүнгээр 3 жилийн дунд*******р санхүүгээс ирүүлсэн тооцооллоор шаардах эрхийн үндэслэл болгосон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар ажиллаж байсан шүүхийн Тамгын газрын санхүүгээс өөрсдөө авсан тооцооллоор, тус шүүхэд мөн баримтыг нотлох баримтаар өгсөн.

О.Н******* шүүгчээр 31 жил, 2 хувийн нэмэгдэлтэй цалинг 6 дахь 5 жилдээ, Л.О шүүгчээр 36 жил, 2 хувийн нэмэгдэлтэй цалинг 7 дахь 5 жилдээ, Д.О шүүгчээр 36 жил, 2 хувийн нэмэгдэлтэй цалинг 8 дахь 5 жилдээ авч энэ дүнгээс 36 сарын хугацаагаар тооцсон дүнгээр тэтгэвэрт гарах үедээ нэг удаагийн тэтгэмжийг авах байсан.

Д аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нэхэмжлэгч О.Н*******ийн сүүлийн 3 жилийн авч байсан цалингийн дундаж 186,163,590 төгрөг, авсан тэтгэмж 108,000,000 төгрөгийг хасаж, зөрүү 78,163,590 төгрөг гэжээ. Д аймгийн Сум дундын шүүхийн Тамгын газраас өмнө болон одоо авсан санхүүгийн баримтаар нэхэмжлэгч Д.Одарийн сүүлийн 3 жилийн авч байсан цалингийн дундаж 178,344,568 төгрөг, авсан тэтгэмж 97,200,000 төгрөгийг хасаж зөрүү 81,144,568 төгрөг гэжээ. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас нэхэмжлэгч Л.Оы сүүлийн 3 жилийн авч байсан цалин, авсан тэтгэмж 97,200,000 төгрөгийг хасаж, зөрүү 89,000,000 төгрөг гэж тус тус санхүүгийн тооцоолол гаргажээ. Энэ дүнд шүүгчийн тухайн үед авч байсан хоол, унааны нэмэгдэл ороогүй.

Шүүхийн тухай хуулийн 47.9 “түүний авч байсан сарын цалингийн дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О нарын тухайд Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд зааснаар цалинг бууруулахгүйгээр олгож байсан бол 40, 25 хувийн нэмэгдлийг О.Н******* бид нар авахгүй, 2 хувийн өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр цалингаа авч, 36 сарын тэтгэмжийг мөн энэ дүнгээс тооцуулах байсан.

Өөрөөр хэлбэл 40, 25 хувийн нэмэгдэл тооцох тухай хуулийн заалт нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О бид нарт үйлчлэхгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ үйлдлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0799 тоот шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалт: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 23 дугаар зүйлийн 23.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.4, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.Н*******, Л.О, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Н*******д 1,365,500 төгрөг, Л.Од 2,533,036 төгрөг, Д.Од 4,153,798 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болж, цалингийн зөрүүг хүлээн авч шүүхийн шийдвэр биелэгдсэн болно. Дээрх шийдвэрт Шүүгчийн Эрх зүйн байдлын тухай (2012) оны 23 дугаар зүйлийн 23.2 заалтыг баримталсан тул Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын 17-д “... нэхэмжлэгч нарын” авч байсан сарын дундаж цалингийн хэмжээнээс шууд хамааралтай, тэтгэмж тооцох “сарын дундаж цалин дундаж” цалингийн хэмжээ нь тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан “албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдэл” нийлбэр дүнг 36-д хувааж тодорхойлогдохоор байна” гэсний албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны докторын зэргийн нэмэгдэл гэсэн нь шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж” байна гэх нэмэгдэл гэж ойлгогдоно.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 “өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” той холбогдсон харилцааг, Монгол улсын Загийн Газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1 “нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунд*******р сарын дундаж цалин” тооцохоор тогтоосны дагуу нэхэмжлэгч О.Н******* нар иргэний хэргийн болон захиргааны хэргийн харьяалах шүүхэд нэхэмжлэлийн дүнг тооцсон.

Мөн тогтоолын 13-д Монгол улсын Шүүхийн тухай хуулиар нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “сарын дундаж цалингийн хэмжээг 36-д үржүүлж гаргахаар тодорхойлсон, хоёр буюу түүнээс дээш тоон хэмжээс байгаа тохиолдолд тэдгээрийн “дундаж” хэмээх ойлголт тодорхойлогдог ерөнхий зарчмын хүрээнд сарын дундах гэсний агуулгыг шүүгчийн хамгийн сүүлд авч байсан сарын цалингийн хэмжээ” гэж шүүх тайлбарлан хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн.

Шүүхийн тухай хуулийн 46 дугаар үйлийн 46.2 “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн (40 хувь) төрийн алба хаасан хугацааны (25 хувь хүртэл) докторын нэмэгдлээс бүрдэнэ гэсэн заалт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн үеэс цалин нь буурсан шүүгч нарын тухайд (ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа шүүгч нар) шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилласан 5 жил тутамд 2 хувийн өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нэмэгдлээ тооцуулан авч, 2024 оны 02 дугаар сараас хойш өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч нар нэг удаагийн тэтгэмжийг энэ дүнгээс тооцуулж байгаа.

Мөн цалин нь нэмэгдсэн шүүгч нарын тухайд 40, 25 хувийн нэмэгдэл тооцсон дүнгээс, цалин буурсан шүүгч нар сүүлийн 3 жил буюу 2 хувийн нэмэгдэлтэй болон, 40, 25 хувийн нэмэгдэлтэй дүнгээс тооцсон дүнгээр 36 сарын тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган тус тусын нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шийдвэрээр хангуулан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгдсэн болохыг дурдаж байна.

Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Л.О, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гомдлоор, Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч Л.Оийн гаргасан гомдлоор хэргийг хянах үед нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О бид нар давж заалдах болон хяналтын гомдол гаргаагүй бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж цаг хугацааны хувьд удсан зэргээс шалтгаалж шүүхийн шийдвэрийн дүнг хүлээн зөвшөөрч байсан.

Одоо цалингийн зөрүү гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 40, 25 хувийн нэмэгдэл тооцох заалт, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд үйлчлэхгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдлийг хууль бус гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар нэмэгдүүлж байна. ” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх заалтын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдэл хууль бус гэдэг шаардлагын талаар талууд маргахгүй байх гэж бодож байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн үндэслэсэн шийдвэр, магадлал, тогтоол гарсан учраас энэ шаардлагын хүрээнд нэмж тайлбарлахгүй.

О.Н*******ийн тухайд 78,163,590 төгрөг гэсэн дүн өмнө бид энэ нэхэмжлэлийн шаардлага гаргаж явахад О.Н*******, Д.О, Л.О нарын тухайд сүүлийн 3 жил авч байсан цалингийн дунджийг гаргаад, нэмэгдэл тооцсон дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 799 дүгээр тогтоолоор О.Н******* 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, Д.О 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, Л.О 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа 2 хувийн нэмэгдэл авах байсан, 40% 25%-иар тооцоололгүйгээр. Энэ үйлдэл нь цалин өсгөн тооцуулах тооцоолол хийгээгүй буруутай үйлдэл байсан байна гээд тодорхой дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Сүүлийн 3 жилийн тооцоололд 2022 оны О.Н*******ийн тухайд 1-3 сар, Л.Оы тухайд 1-5 сар, Д.Одарийн тухайд 07 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 36 сарын дундаж авч байсан дүнд 40%, 25% оруулж байсан, одоо шүүхийн шийдвэртэй дүнгээ оруулж тооцож байгаа.

О.Н*******ийн хувьд шүүгчээр 31 жил, ажилласан сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг 186,163,590 төгрөг, авсан тэтгэмж нь 108,000,000 төгрөгийг хасаад, зөрүү нь 78,263,590 төгрөг гарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад тус дүнгээр бичсэн учраас хууль зүйн хувьд нэмэгдүүлж хэлэх боломжгүй. Тус дүнд шүүхийн шийдвэртэй дүн 1,365,500 төгрөг ороогүй байна. Д.Одарийн тухайд Д аймгийн сум дундын шүүхийн нягтлангийн 3 жилийн тооцооллоор цалингийн дундаж нь 178,344,568 төгрөг, үүнээс 97,200,000 төгрөгийг хасахад цалингийн зөрүү 81,144,568 төгрөг байгаа. Л.Оы тухайд Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээс дундаж цалингийн зөрүү 89,000,000 төгрөг гэж санхүүгийн тооцоолол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл сүүлийн 3 жил авч байсан 2 хувийн дүнгээр чөлөөлөгдөх хүртлээ шүүхийн шийдвэрээр 40%, 25% нэмсэн зөрүүг оруулсан дүнгээр 36 тооцооллоо гаргаад, авсан 97,200,000 төгрөг, 108,000,000 төгрөгийг хассан тооцоолол байгаа.

Би 06 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн баригдсан, 07 дугаар сарын 05-ны өдөр зарлиг гарсан. Энэхүү хугацаанд санхүүгээс миний ээлжийн амралтын тооцооллыг өгөөгүй, дундуур нь амраад буцаж ороход бүтнээр цалин аваагүй, ээлжийн амралтын мөнгийг аваагүй байсан, зарлиг гарсны дараа 5,000,000 төгрөг нэмж ээлжийн амралтын зөрүү гэж өгсөн. Энэ нь миний цалинд орно, 799 тоот шийдвэрээр Д.Одарийн дүгнэлтийн хэсэгт Д.О ээлжийн амралттай, цалинг нь ингэж тооцъё гэсэн агуулга бүхий дүгнэлт байгаа гэж тодруулсан тайлбарт бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талын хувьд ажиллаж байсан шүүхийн тамгын газраас 36 сарын тооцооллыг ирүүлсэн. Л.Оы тухайд ирүүлсэн тооцооллыг хараагүй. Санхүү үнэн, зөв гаргасан байх гэж бодож байна. О.Н*******ийн тухайд ирүүлсэн тооцоололд 1 сарын дүнг илүү бичсэн байна гэж харсан. Би нягтлангийн тооцооллыг илүү, дутуу, нэмж, хасах боломжгүй учраас ийм тайлбар хэлж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1.Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:

-Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/;

-Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /Улсын Их Хурлын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

3.2.2. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

4. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ... авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэхэмжлэгч нарын тус зөвлөлд гаргасан хүсэлтийн дагуу зөвлөлдөж нэхэмжлэгч О.Н*******ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор, Л.Оыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаар тогтоолоор, Д.Одарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаар тогтоолоор тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно...” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч нар дээрх тэтгэмжийг авсан тухайд маргадаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан байхад нэхэмжлэгч нар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоно гэж шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбаруудаа дэмжиж оролцож байгаа. Нэгэнт үйл баримт тогтоогдоод, тэтгэмжийн зөрүүний асуудал шүүхэд шийдэгдээд явсан учраас тооцоололд нэмж хэлэх зүйл байгаа. Тооцооллын тухайд Д.О шүүгчийн тухайн шүүхийн ажиллаж байсан тамгын газраас ирүүлсэн 36 сарын цалингийн тооцооллоос харвал 36 сарын дундаж нь 172,318,770 гэдэг тооцооллыг ирүүлсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нь хэрэгт ч байгаа. Тус тооцооллоос нэг удаагийн тэтгэмж олгосон 97,200,000 төгрөг хасахаар 75,118,770 төгрөг гарч байгаа. Үүнд 799 дугаар шийдвэрээр 4,153,798 төгрөг авах ёстой гэж байгаа. Иймд манай санхүүгийн тооцооллоор шүүхийн шийдвэрийг үндэслэхгүй мөнгөн дүнг багасгаад 3,799,554 төгрөг байна гэж Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаас тооцоолж өгсөн. Учир нь Д.О шүүгчийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 07 дугаар сарын 05-ны өдөр гарсан. 06 дугаар сарын цалингийн зөрүү нь олгогдох ёстой байтал илүү мөнгөн дүн олгогдсон байна, иймд 06 дугаар сарын дунд*******р тус мөнгийг олгож байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зөрөөд 78,918,324 төгрөг олгоё гэдэг тооцоолол гарсан.

О.Н******* шүүгчийн тухайд нэмэгдүүлсэн шаардлагад 78,163,590 төгрөг нэхэмжилсэн. Манай тооцооллоор 36 сарын цалингийн дундаж ирүүллээ гээд харахад, тухайн ирүүлсэн хүснэгтэд 37 сарын цалингийн дундаж ирсэн. 37 сарын цалингийн дунд*******р Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас урагш харахаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэж үзэхээр 2019 оны 03 дугаар сарын 4,921,818 төгрөгийн тооцооллыг хасахаар харагдаж байгаа. Тооцоолол нь тус мөнгөн дүнгээр гарсан. Мөн 799 дүгээр шийдвэрээр О.Н******* шүүгчид 1,365,500 төгрөгийн цалингийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн боловч 3 сарын цалингийн зөрөө гээд гаргахад 819,219 төгрөгийн тооцоолол гарч ирээд, эдгээр үнийн дүнгүүдийг хасаад тооцохоор О.Н******* шүүгчид нийт 74,060,991 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгохоор байна гэдэг тооцоолол гарсан. Л.О шүүгчийн тухайд нэмэгдүүлсэн шаардлага нь 89,000,000 төгрөг байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгох мөнгөн дүн нь 84,388,962 төгрөг байна гэж үзсэн. Тус дүн олгосон 97,200,000 төгрөг хасаад, шүүхийн шийдвэрээр 2,533,036 төгрөг гарсныг нэмэгдүүлээд 84,388,962 төгрөгийг олгохоор байна гэдэг тооцоолол гарсан” гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч.

4.1. Иргэдийн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үндэслэлгүй гэхэд хэцүү байна. Бага хэмжээний мөнгөн дүнгийн зөрүү гарсан байна. Үүнийг үндэслэлгүй гэхэд хүндрэлтэй байна” гэв.

4.2. Иргэдийн төлөөлөгч Г.С бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О нараас “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Н*******д зөрүү 78,163,590 төгрөг, Л.Од зөрүүд 89,000,000 төгрөг, Д.Од 81,144,568 төгрөг тус тус олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтын дагуу тэтгэмжийг тооцохдоо үндсэн цалин, нэмэгдэл авч байсан нийт дүнгээс тооцолгүй тэтгэмж олгох 36 сарын цалингийн хэмжээ дутуу тооцоолсон, мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон дүнг тэтгэмж тооцох цалингийн нийт дүнд оруулахгүй, зөрүүг олгохгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, хүсэлтээ гаргасан Огийн Н*******ийг Д аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар зарлигаар Л*******гийн Оыг Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 134 дүгээр зарлигаар Дгийн Одарийг Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаартай тушаалаар “Өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг баталсан” байх ба уг тушаалын хавсралтад шүүгч Д.Од 97,200,000 төгрөгийн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 677 дугаар тушаалаар шүүгч О.Н*******д 108,000,000 төгрөгийн, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаалаар шүүгч Л.Од 97,200,000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус зааснаас үзвэл, хариуцагч нь нэр бүхий шүүгч нарын өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сарын дундаж цалинд нэмэгдэл цалинг оруулахгүй тооцож, олговол зохих тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэхээр байна.

6. Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтад шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-ээр тооцохоор заасан, энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд, тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйд тогтсон цалин хөлс гэх ойлголтоос ялгаатай мэт боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан “авч байсан сарын дундаж цалин” гэдгийг үгийн шууд утгаар авч үзвэл, энэ нь тухайн албан хаагчийн авч байсан буюу гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

7. Харин Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “... Г.З*******. ... Сая Ш.А******* гишүүний хэлсэн саналтай холбогдуулаад тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгаа ...-г төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна” гээд хуулийн төслийн 47 дугаар зүйл(тэтгэврийн цалингийн 80 хувиар тогтоох тухай)-ийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.А*******аас “...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй, ... цалин хөлс  гэдэг нь үндсэн цалин нэмэгдлээс тогтоно гэж байгаа, ...” гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийг заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, шүүгчийн авч байсан сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байна.

8. Энэ тохиолдолд дээрх 6 дахь хэсэгт дурьдсан “...сарын дундаж цалин” болон “...шүүгчийн цалин хөлс” гэх ойлголтууд нь агуулгын хувьд ижил гэж үзнэ.

9. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дугаартай тогтоолд “...Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно” гэж тайлбарласан. 

10. Энэ тохиолдолд нэхэмжлэгч шүүгч нарын тэтгэмж бодох нийт цалин нь хууль тогтоомжийн актаар урьдчилан тогтоосон хэмжээгээр буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль(2012)-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэж заасны дагуу шүүгчийн авч байсан цалин, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101, 2021 оны 04, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоолоор урьдчилан тогтоосон хэмжээгээр тодорхойлогдоно гэж ойлгоно.

11. Нөгөө талаас, энэхүү нэг удаагийн тэтгэмж нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож буй буцалтгүй тусламжийн агуулгатай тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тэтгэмж тооцох дүнг шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлээс тооцох нь зүйтэй болно. 

12. Иймд иргэдийн төлөөлөгчийн “Үндэслэлгүй гэхэд хэцүү байна. Бага хэмжээний мөнгөн дүнгийн зөрүү гарсан байна. Үүнийг үндэслэлгүй гэхэд хүндрэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

13.  Дээр дурьдсан хуулийн зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч нарын авч байсан сүүлийн 3 жилийн цалин хөлсийг тооцож үзвэл,

13.1. Шүүгч Л.Од

13.1.1. 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,190,676 төгрөг, нийт 4,890,676 төгрөгийн,

13.1.2. 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,288,489 төгрөг, нийт 4,988,489 төгрөгийн,

13.1.3. 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,388,259 төгрөг, нийт 5,088,259 төгрөгийн,

13.1.4. 2022 оны 05 болон 06 дугаар саруудад үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,490,024 төгрөг, нийт 5,190,024 төгрөгийн,

            13.2. Шүүгч О.Н*******д

13.2.1. 2019 оны 04 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал үндсэн цалин 3,000,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 1,921,818 төгрөг, нийт 4,921,818 төгрөгийн,

13.2.2. 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг дуустал үндсэн цалин 3,000,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,020,254 төгрөг, нийт 5,020,254 төгрөгийн,

13.2.3. 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал үндсэн цалин 3,000,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,120,659 төгрөг, нийт 5,120,659 төгрөгийн,

13.2.4. 2021 оны 10 дугаар сараас 2022 дугаар 03 дугаар сарыг дуустал үндсэн цалин 3,000,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,223,073 төгрөг, нийт 5,223,073 төгрөгийн,

            13.3. Шүүгч Д.Од

13.3.1. 2019 оны 07, 08 дугаар саруудад анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үндсэн цалин 2,800,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,172,365 төгрөг, нийт 4,972,365 төгрөгийн,

13.3.2. 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,190,676 төгрөг, нийт 4,890,676 төгрөгийн,

13.3.3. 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,288,490 төгрөг, нийт 4,988,490 төгрөгийн,

13.3.4. 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 2,388,259 төгрөг, нийт 5,088,259 төгрөгийн цалин сар бүр бодогдохоор байжээ.

14. Ингээд дээрх тооцооллын дагуу нэр бүхий шүүгч нарын тэтгэвэрт гарахаас өмнөх 3 жилийн нийлбэр цалинг тооцоход Л.Оы нийт цалин 180,207,797 төгрөг, тэтгэмжийн зөрүү нь 83,007,797 төгрөг, О.Н*******ийн нийт цалин 182,560,303 төгрөг, тэтгэмжийн зөрүү нь 74,560,303 төгрөг, Д.Одарийн нийт цалин 179,772,478 төгрөг, тэтгэмжийн зөрүү 82,572,478 төгрөг байна.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүхийн тамгын газруудаас нэхэмжлэгчийн авч байсан цалингийн нийт дүнг зөрүүтэй ирүүлсэн” хэмээн тайлбарлан маргасан нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

 15.1. Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 716 тоот албан бичгээр ирүүлсэн шүүгч Л.Оы цалингийн дэлгэрэнгүйд түүний цалингийн нэмэгдлийг 2019 оны 04 дүгээр сараас эхлэн 2 хувиар өсгөн олгосон атлаа 2020, 2021 оны 04 бус 05 дугаар сараас нэмэгдүүлсэн, мөн тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай албан бичгээр гаргасан тодорхойлолтын хавсралт тооцоололд сар бүрийн цалинд үндсэн цалин, нэмэгдлээс гадна хоол эсхүл унааны мөнгийг оруулан тооцсон(жишээ нь 2019 оны 06 дугаар сарын цалинг 4,930,676 гэж тодорхойлсон нь үндсэн цалин 2,700,000, нэмэгдэл 2,190,676, хоол 40,000 төгрөгийн нийлбэр) байна.

15.2. Д аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 131 тоот албан бичгээр ирүүлсэн цалингийн дэлгэрэнгүйд О.Н*******ийн цалингийн нэмэгдлийг 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2 хувиар өсгөн олгосон атлаа 2020 оны 10 бус 11 дүгээр сараас нэмэгдүүлсэн, мөн тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар албан бичгээр ирүүлсэн тооцоололд 36 бус 37 сарын нийт цалинг тооцсон байна.

15.3. Д аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 492 тоот албан бичгээр ирүүлсэн цалингийн дэлгэрэнгүйд Д.Одарийн цалингийн нэмэгдлийг 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2 хувиар өсгөн олгож байсан атлаа 2020 оны 08 дугаар сараас 2 хувиар, 11 дүгээр сараас дахин 2 хувиар нэмэгдүүлсэн, харин нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн тооцоололдоо 2021 оны 4, 7, 8, 9, 12 дугаар саруудын цалинд листний зөрүүг оруулан тооцсон байна.

16. Монгол Улсын Их Хурлын “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2015 оны 101, “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 2021 оны 04 дүгээр тогтоолууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 32 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай” тогтоолуудын дагуу шүүгчийн цалинг албан тушаалын цалин онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээр тооцож эхэлснээр нэр бүхий шүүгч нарын цалин буурсан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 799 дүгээр шийдвэрээр “...нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Ч.Алтан, Ё.Ц*******, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Н*******д 1.365.500 төгрөг, Л.Од 2.533.036 төгрөг, Ч.Алтант 2.457.650 төгрөг, Ё.Ц*******д 694.553 төгрөг, Д.Од 4.153.798 төгрөгийг тус тус олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

17. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч О.Н*******, Л.О, Д.О нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шүүгч Л.Оы сарын цалингийн хэмжээг 5,005,772(180,207,797:36 сар) төгрөгөөр, шүүгч О.Н*******ийн сарын цалингийн хэмжээг 5,071,120(182,560,303:36 сар) төгрөгөөр, шүүгч Д.Одарийн сарын цалингийн хэмжээг 4,993,680(179,772,478:36сар) төгрөгөөр тус тус тооцож, нэхэмжлэгч Д.Одарийн нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч Л.О, О.Н******* нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан нараас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Одарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч О.Н*******, Л.О нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Од тэтгэмжийн зөрүүд 81,144,568 /наян нэгэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөг, О.Н*******д тэтгэмжийн зөрүүд 74,560,303 /далан дөрвөн сая таван зуун жаран мянга гурван зуун гурван/ төгрөг, Л.Од тэтгэмжийн зөрүүд 83,007,797 /наян гурван сая долоон мянга долоон зуун ерэн долоон/ төгрөгийг тус тус олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, О.Н*******, Л.О нарын нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

                                               

                                                      ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ