Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/8

 

 

 

 

 

 

    2022          12            22                                      2023/ДШМ/8

 

  З.Э-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, 

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/968 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Э-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Э-д холбогдох эрүүгийн 2208000001160 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д...... овгийн З-ийн Э........, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .............. төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил......., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ................ нарын хамт ................. дүүргийн ........ дугаар хороо, .. дүгээр хэсэг гудамжны ... тоотод оршин суух, /РД: ..................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0433 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар тогтоосон, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/2124 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 18 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

Шүүгдэгч З.Э нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 9-9 тоотод оршин суух иргэн А.Т-ын гэрт байхдаа түүний эзэмшлийн Самсунг А-32 загварын гар утсыг “түр хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, залилан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 2-7 тоотод оршин суух иргэн Ж.Я-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Монел эл си ди” загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.Я-д 380.000 хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Next town” хотхоны Б орцны 802 тоотод хамт байсан С.М-ыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатар гудамж, Хорго хотхоны 2-6 байрны 1 давхрын 2 тоотод байрлах АТМ-750 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 цаг 16 минутад 2.000.000 төгрөг, 06 цаг 18 минутад 3.000.000 төгрөгийг 5076197071 дугаар картын данснаас нь бэлнээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч С.М-т нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” төвийн караокед зөөгчөөр буюу үйлчлүүлэгч нараас төлбөр тооцоог авч, байгууллагад тушаах чиг үүрэг бүхий ажлыг хийж гүйцэтгэж байхдаа тус караокены тухайн өдрийн орлого болох бэлэн 447.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1953 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч З.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авч залилах гэмт хэргийг үйлдсэн, түүнчлэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт бичлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2124 шүүгчийн дугаар захирамжаар оногдуулсан 5 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д оногдуулсан 4 жил 3 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-ийн урьд цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Э-гээс 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.М-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн дүн болох 9.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч З.Э нь 43 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч З.Э-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/968 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Э-д 4 жил 03 сар 24 хоногийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн хувийн байдлыг баримтаар тогтоосныг шүүх үнэлж, шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг заавал тогтоож ял оногдуулахдаа харгалзан үзэх ёстой.

З.Э нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, 2017 онд төрсөн охин П.Амин-Эрдэний хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон байдаг. Гэвч шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн материалд З.Э нь өрх толгойлсон эмэгтэй мөн эсэх, бага насны хүүхдийнхээ хууль ёсны асран хамгаалагч мөн эсэх зэргийг тодруулаагүй байна.

Дээрх нөхцөл байдлыг баримтаар тодруулаагүй учир, шүүх З.Э-д ял оногдуулахдаа уг нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй байсан байна.

Иймд шүүгдэгч З.Э нь бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй учир түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчөөр дамжуулж гомдол гаргасан учраас өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Өөрийнхөө хийсэн үйлдэл маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Өөрийн бодлогогүй буруутай үйлдлээс болж хэрэгт холбогдон үр хүүхдээ эхийн хайр халамж үзүүлж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна. Би дахин гэм буруутай үйлдэл хийж та бүхний өмнө шүүгдэгчээр суухгүй гэдгээ амлаж байна. Миний цаашид амьдрах цаг хугацаа, үр хүүхдийг минь эхийн хайраар дутахгүй өсөх боломж, ирээдүйг нь харж надад оногдуулсан хорих ялаас боломжит хугацаагаар багасгаж өгнө үү гэж гуйж байна. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарт хохирол төлөгдсөн байдал, түүний хувийн байдал мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Э нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 9-9 тоотод оршин суух иргэн А.Т-ын гэрт байхдаа түүний эзэмшлийн Самсунг А-32 загварын гар утсыг “түр хэрэглээд өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, залилан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 2-7 тоотод оршин суух иргэн Ж.Я-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, “Монел эл си ди” загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Ж.Я-д 380.000 хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Next town” хотхоны Б орцны 802 тоотод хамт байсан С.М-ыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг нууцаар авч, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатар гудамж, Хорго хотхоны 2-6 байрны 1 давхрын 2 тоотод байрлах АТМ-750 дугаартай бэлэн мөнгөний машинаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 цаг 16 минутад 2.000.000 төгрөг, 06 цаг 18 минутад 3.000.000 төгрөгийг 5076197071 дугаар картын данснаас нь бэлнээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч С.М-т нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” төвийн караокед зөөгчөөр буюу үйлчлүүлэгч нараас төлбөр тооцоог авч, байгууллагад тушаах чиг үүрэг бүхий ажлыг хийж гүйцэтгэж байхдаа тус караокены тухайн өдрийн орлого болох бэлэн 447.000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

Хохирогч А.Т /1 хх 82/, Ж.Я /1 хх 1/, С.М /2 хх 5/, Ч.Ө /1 хх 182-183/ нараас гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 21/047 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 113-114/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 965 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 7, 241/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1090 дугаар хөрөнгийн үнэлгээ тайлан /1 хх 20, 22/,

Хаан банкны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 29/1535 дугаар албан бичиг, С.М-ын нэр дээрх депозит дансны хуулга /2 хх 16-17, 23/,

хохирогч А.Т-ын “...Би Э гэх хүнтэй 2021 оны 4 сард манай найз Б-тай үерхэж байхад нь танилцаж байсан. ...Э нь манай гэрт цүнхтэй хувцсаа 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ганцаараа ирж үлдээгээд, манайд хоноод явсан. Өмнө нь 10 хоногийн өмнө ирээд явахдаа барих утасгүй байна гээд миний зээлээр 949.900 төгрөгөөр авсан гар утсыг түр барихаар аваад, удаахгүй хэдхэн хоног барьчихаад өгье гээд авч явсан ба 8 дугаар сарын 19-ний өдөр манайд ирээд гэрт хүнгүй байхад түлхүүр хадам ээжээс аваад гэрт ороод хувцсаа аваад орон дээр байсан ЛЖ-Q6 маркийн гар утсыг аваад явсан байна. ...Би Самсунг А-32 маркийн гар утсыг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Сайн” электрониксоос зээлээр 949.900 төгрөгөөр авч байсан шинэ утас байгаа...Би гар утаснуудаа авсан үнээрээ үнэлж байна...” /1 хх 91-92/,

хохирогч Ж.Я-гийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг руу ажлаар явах гээд дүү Баттулгад түрээсийн байрныхаа өрөөний түлхүүрийг өгөөд гэр орон эргэж байгаарай гэж хэлээд хөдөө явж ажил хийсэн. Тэгээд би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ иртэл миний 39 инчийн Монел эл си ди маркийн зурагт алга болчихсон байхаар нь Баттулга руу залгаад миний зурагт алга болчихсон байна гэж хэлтэл, Баттулга харин тиймээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр надтай танилцаж байсан эмэгтэй таны түлхүүрийг надаас аваад гэрт чинь ороод зурагтыг чинь аваад явчихсан байна гэж хэлсэн. ...Би 2018 онд талбайн урд талын ВSВ цахилгаан барааны дэлгүүрээс лизингээр 1.099.000 төгрөгөөр авч байсан...Намайг анх гэртээ ороход манай орны бүтээлэг алга болсон байсан. ...би бүтээлгээ үнэлэхгүй, орны бүтээлэг дээр надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 хх 7, 241/,

гэрч Б.Б-гын “...Миний хуурай эгч Янжмаа нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг руу ажилтай болчихоод намайг манайд цэцэг услаад байж бай гээд түлхүүрээ надад өгсөн. ...Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би 11 цагийн үед таксинд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллоос уруудаад явж байтал нэг үл таних эмэгтэй гар өргөөд Хархорин орно гээд миний машинд суугаад явж байх үедээ үл таних Э гэх эмэгтэй надад “эгч хөдөө явчихсан, би очих газаргүй, надад түлхүүр байхгүй, надад туслаач” гэж хэлэхээр нь ... тэр өдрөөс хойш Э манай гэрээр ирж очиж хонож байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ архи уучихаад унтаж байтал миний машин, Янжмаа эгчийн түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би Эгийн гар утас руу залгатал “би Төв аймагт аавындаа байна, маргааш орно” гэж хэлэхээр нь би Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирэхгүй байхаар нь залгатал машиныг чинь Драгоны нэг цэгийн үйлчилгээний арын зогсоолд байгаа, машины түлхүүрийг түцэнд үлдээчихсэн гэж хэлэхээр нь очиж машинаа автал эгч Янжмаагийн гэрийн түлхүүр байхгүй байсан. Янжмаагийн гэрт очоод цоожийг нь эвдээд ортол зурагт нь байхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. ...миний машинд Янжмаа эгчийн орны бүтээлэг суудал дээр байж байсан. Дараа нь Эгээс асуутал би зурагтыг нь ороод авчихсан юм, хоёулаа тохиролцъё гэж хэлж байсан. ...Би тухайн үед Эд өөрийн машинаа өгч явуулсан. Надад хөдөөнөөс хүүхдээ авчирна гэж хэлээд машин гуйхаар нь би зөвшөөрсөн юм...” /1 хх-ийн 9, 11/,

хохирогч С.М-ын “...Миний хуурай ах болох Алтанхуяг гэх хүний таньдаг Э гэх эмэгтэй хүнтэй би 2 сарын өмнө танилцаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний 88532521 дугаарын утас руу 86760928 дугаарын утаснаас Э залгаад уулзъя гэхээр нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “New Town” хотхоны Б орцны 8 давхрын 802 тоот 1 өрөө байрыг түрээслээд, 2 хоног хамт байсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өглөө сэрэхэд Э явсан байсан. Тэгтэл миний Хаан банк дахь өөрийн эзэмшлийн виза карт алга болсон байхаар нь банк руу залгаж асуухад 5076197071 дугаарын данснаас 5.000.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн. Тэгээд гар утсаа үзэхэд, миний утсан дээр байсан өөрийнхөө дугаарыг устгаад бүх мэдээллээ устгасан байсан. ...Миний виза карт 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд миний гар утасны хавтсанд байсан юм. Тухайн байранд Э бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Миний картын пин кодыг Э мэднэ, өөр хүн мэдэхгүй. ...” /2 хх 11/,

хохирогч Ч.Ө-ын “...Э гэх эмэгтэй 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай буудалд ресейпшнээр ажиллаад...2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхээр нь караокед ажиллуулсан. Тухайн үед Эд нийт 67 нэр төрлийн 632 ширхэг бараа материал үлдээсэн. Э ажиллах хугацаандаа нийт 21 нэр төрлийн 161 ширхэг бараа материал зарж борлуулсан байсан. Манай караокены өрөөний 1 цаг нь 10.000 төгрөг байдаг, тухайн өдөр 6 цагийн 60.000 төгрөгийн тооцоо орсон байсан. Э-гийн зарж борлуулсан нийт 161 ширхэг бараа материалыг үнийн дүнгээр тооцож үзэхээр 832.000 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр караокены орлого 60.000 төгрөгийг нэмэхээр нийт 892.000 төгрөг болж байна. Үүнээс 313.000 төгрөгийн орлого нь пос машин буюу ямар нэгэн банкны карт уншуулсан байсан. Тиймээс Э нь манай байгууллагад нийт 447.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлгүүд /1 хх 193, 230/ болон З.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Э-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч эд хөрөнгө хулгайлсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч З.Э-ийн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

Тодруулбал, шүүгдэгч З.Э нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Я-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж, 39 инчийн Монел загварын зурагтыг хулгайлан авч, иргэн Б.Баттулгын эзэмшлийн өөрөө жолоодон явсан 70-82 УНҮ улсын бүртгэлийн дугаартай “Аксёо королла” загварын автомашинаар тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжид хамааруулах нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг үйлдэхдээ машин механизмыг ашиглах санаа зорилго байсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Э-д оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2124 дүгээр шүүгчийн захирамжаар оногдуулсан 5 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Э-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй гэж үзсэн тул уг автомашины үнийг улсын орлого болгохоор заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч З.Э-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн “...хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00959 дүгээр шийдвэрээр шүүгдэгч З.Э нь гэрлэлтээ цуцлуулж, төрсөн охин П.А-ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байх ба асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага үүссэн тохиолдолд оршин суугаа газрын дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд эцэг Л.П.. нь төрсөн охин П.А-ийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүрэг хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/968 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Прокуророос шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт гэж зүйлчилсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч З.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй...” гэж,

2 дахь заалтын “...Шүүгдэгч Д овгийн З-ийн Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “...Шүүгдэгч З.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жилийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2124 дугаартай захирамжаар оногдуулсан 05 сар, 18 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 сар, 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 04 жил, 03 сар, 24 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/2124 дугаар шүүгчийн захирамжаар оногдуулсан 5 сар 18 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-д оногдуулсан 04 жил, 03 сар, 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН

     ШҮҮГЧ                                                   Т.ШИНЭБАЯР

                           ЕРӨНХИЙ

     ШҮҮГЧ                                                    Б.ЗОРИГ