Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Л*******гийн О*******, 

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д*******, Б.Б нарын хоорондын “Шүүхийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан Л.О******* надад нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд 63,180,000 төгрөг гаргуулж олгохыг хариуцагчид даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, иргэдийн төлөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар Л.О*******ийг С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

            1.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Л.О*******т 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

            1.3. Л.О*******ээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т зааснаар тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах, зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

            1.4. Л.О*******ээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Шүүхийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан Л.О******* надад нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд 63,180,000 төгрөг гаргуулж олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан.

           

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлдээ:

“Л.О******* нь С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гарган шийдвэрлүүлсэн. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангасан гэж үзэн шүүгчийн албан тушаалаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед төрөөс олгож буй 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохдоо тооцож буй цалинг шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон бидний харилцах данс уруу тус тус шилжүүлснийг буруу гэж үзэн зөрүүг тооцон гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01138 дугаар магадлалаар Шүүхийн ерөнхий зөвлөл буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасныг хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд харьяаллын дагуу төрийн албан хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй гэж үзэн дараах шаардлагыг гаргаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин, нэмэгдлийн хамт авч байсан цалин хөлс хамаарахаар заасан. Өмнө мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно” гэж хуульчилсан бөгөөд энэ заалт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэн, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Энэ тохиолдолд шүүгчид олгох 36 сарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлан албан тушаалын цалингаар тооцон олгож байсан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Үндсэн цалингаас” гэж, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд өөр ойлголт бөгөөд шүүгч нарын хувьд тусгайлан зохицуулсан хууль болох Шүүхийн тухай хуулийн зохих заалтаар зохицуулагдах учиртай.

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-д “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж, нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан. Энэ нь төрийн албан хаагч нарын тухайлан зохицуулсан хуульд өөрөөр тусгасан тохиолдолд гарч болох бөгөөд энэ тохиолдолд шийдвэрлэх зохицуулалт болно. Шүүхийн тухай хуульд 36 сарын тэтгэмжийг өөрөөр тогтоосон гэж үзэж буй үндэслэл нь бусад төрийн албан хаагч нарын тухайд 36 сарын тэтгэмжийг тухайлсан хуульд нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хэрэглээний хувьд өөрөөр тогтоосон.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “албан тушаалд 25 ба түүнээс дээш ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох”, 43.7-д “энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно”, Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтны нэмэгдэл хөлс, нийгмийн баталгааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар зохицуулна”, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно”, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8-д “энэ хуульд зааснаас бусад тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өөр өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцон нэг удаагийн тэтгэмж олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд 46.3-т зааснаар Улсын Их Хурлаас баталсан цалинг авч байсан бөгөөд ажиллаж байсан шүүгчийн тухайд дан ганц албан тушаалын цалин авч байсан шүүгч байх боломжгүй. Учир нь шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгч нь шүүгчээр хэдэн жил ажилласан эсэхээс үл хамааран албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувийн нэмэгдлийг шууд авч, төрийн албанд хэдэн жил ажилласнаас хамааран төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зохих хувиар авч байгаа бөгөөд энэ бүгд шүүгчийн авч байсан сарын цалин болно. Мөн өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, цалингийн шатлалаар шүүгчээр ажилласан 5 жил тутамд 2 хувийн нэмэгдэл өсгөн тооцож цалинг олгож байсан үед зарим шүүгчийн тухайд эхний 5 жилд зөвхөн албан тушаалын цалин авч байсан. Шүүхийн тухай хууль нь төрийн гурван засаглалын нэг болох шүүх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагын болон түүнд хамааран ажиллаж буй албан тушаалтны эрх ашиг, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон тусгайлсан хууль болно.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар шүүгчийн эрхийг зөрчсөн үйлдлээс сэргийлэх байгууллагын хувьд шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлаж, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд Л.О*******т 75,180,000 төгрөгийг гаргуулж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тухай хуулийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бүртгэгдсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин, нэмэгдлийн хамт авч байсан цалин хөлс хамаарна гэж үзээд зөрүүг нэхэмжилж байгаа. Өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүгдийг дэмжиж байгаа. Өмнө нь мөрдөгдөж байсан Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаар нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ олгоно гэж заасан. Тус заалт нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болж байсан байна. Энэ тохиолдолд шүүгчид 36 сарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг баримтлан албан тушаалын цалингаар тооцоо олгож байсан байна. Тус заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаж, эс үйлдэхүй гаргаад байгаа гэсэн агуулгыг хэлж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндсэн цалингаас Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд 2 өөр ойлголт. Шүүгч нарын хувьд тусгайлан зохицуулсан Шүүхийн тухай хуулийн цогц заалтаар зохицуулсан байгаа гэж тайлбарлаж байна. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарах нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй. Энэ тохиолдолд давхардуулан олгохгүй гэж заасан. Иймд энэ байдлаар сонголт хийгдээгүй, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг хэрэглээний хувьд өөрөөр тогтоосон байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д зааснаар шүүгчийн эрхийг зөрчсөн үйлдлээс сэргийлэх байгууллагын хувьд шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлан, хамгаалах үүрэгтэй гэж заасан. Хуулийн дагуу миний эрх зүйн байдал дордож байгаа учраас эс үйлдэхүйг тогтоож, зөрчигдсөн эрхийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д тус тус зааснаар сарын дундаж цалинд онцгой нөхцөлийн 675, төрийн алба хаасан хугацааны 1,000,080 төгрөгийн нэмэгдлийг тооцохоор нийлбэр нь 1,775,000 төгрөг болж байгаа. Үүнийг 36 сараар тооцохоор 63,180,000 төгрөг гаргаж байгаа гэж үндэслэлээ гаргасан. Шүүхийн тухай хуульд шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн сарын дундаж цалингийн хэмжээг 36 сараар үржүүлж тооцохоор нарийвчлан заасан. Сарын дундаж цалинг тооцоход хэдэн сарын цалингаас дундаж цалинг тооцохыг тусгайлан заагаагүй. Иймд хэдэн сарын цалингаас тооцох талаар тусгайлан заагаагүй учраас бидний тохиолдолд нөгөө 2 ба түүнээс дээш тоо хэмжээс байгаа тохиолдолд тэдгээрийн дундаж хэмжээнээс тооцно гэсэн ойлголттой гэж тодорхойлсон байна. Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тодорхойлсон байна. Буцааж нөхөн тохируулж олгоно, аль сарын талаар тусгайлан заагаагүй, дундаж цалин 36 сар үржүүлэн тооцохыг нарийвчлан тооцсон, хэмжээсний алийг тооцож, аль сараар тооцохыг тусгайлан заагаагүй гэдгийг дурдчихсан байна. Иймд сүүлийн мөрдөгдсөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 40%, 25% нэмэгдлээс тооцох нь эрх зүйн байдлын хувьд ашигтай байна гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тусгаарлуулсан” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Л.О******* тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл тухайд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл”, “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1. Албан тушаалын цалин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин...” гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүгчид нэмэгдэл олгох журам”-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл;

1.2.2-Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан. 3.2.2-д Тэтгэмж тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. 4-д нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ... авч байсан сарын дундаж цалин..” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1-д тус тус зааснаар дундаж цалин, хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зохицуулсан. Уг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар дундаж цалин, хөлс тогтоох журам байгаа. Үүний 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин, хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэж тус тус журамласан байгаа. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 0053 дугаар тогтоолын хянах хэсгийн 17 дээр 8 дугаар хуудсан авагдсан байна. Үүнд тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийг төрийн алба хаасан хугацааны, докторын зэрэглэлийн нэмэгдэл, нийлбэр дүнг 36-д хувааж тодорхойлох тухай байдлыг тусгаж өгсөн. Тус шаардлагаа тайлбарлаж байна. Тооцооллын тухайд нэхэмжлэгч 63,180,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тооцооллын тухайд С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тооцооллыг ирүүлсэн. Сүүлийн 3 жилийн цалингийн тодорхойлолт байгаа. Дундаж цалин 4,182,978 төгрөг гэж тооцоолж ирүүлсэн 36 сарын дунджаар гаргахаар 150,587,224 төгрөг. Үүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар олгогдсон 97,200,000 төгрөгийг хасахаар 53,387,224 төгрөг гэдэг тооцооллыг Санхүү, хөрөнгө оруулалтын газраас гаргуулсан байгаа. Нийт дүн нь 150,587,224 төгрөг. Үүнээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 97,200,000 төгрөгийг олгосон. Энэ дүнг хасвал 53,387,224 төгрөгийг тооцоолж, гаргаж ирсэн байгаа” гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгч.

4.1. Иргэдийн төлөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Бүх тайлбарууд байгаа учраас ойлгомжтой байх гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.О*******ээс “тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоолгох, тэтгэмжийн зөрүүд 63,180,000 төгрөгийн тэтгэмж олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн эрхийг зөрчсөн үйлдлээ сэргийлэх байгууллагын хувьд шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлан хамгаалах үүргээ хэрэгжүүлэлгүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Монголын Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаар зарлигаар Л.О*******ийг С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаартай тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81 дүгээр зүйлийн 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн шүүгч Л.О*******т 97,200,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

5. Шүүгч Л.О******* нь тэтгэвэрт гарах үедээ буюу 2022 оны 1-4 дүгээр саруудад Монгол Улсын Их Хурлын “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2015 оны 101, “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 2021 оны 04 дүгээр тогтоолууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 32 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай” тогтоолуудын дагуу албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн(40 хувь) болон төрийн албан хаасан хугацааны (25хувь) нийт 1,755,000 төгрөгийн нэмэгдэл авч байсан нь С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 431 тоот тодорхойлолтоор тогтоогдов.

6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9-т “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

7. Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид олговол зохих тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэхээр байна. Учир нь:

7.1. Хууль тогтоогчоос шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-ээр тооцохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан байх ба энэ нь хууль зүйн шинжлэх ухаанд, тэр дундаа хөдөлмөрийн эрх зүйд тогтсон цалин хөлс гэх ойлголтоос ялгаатай уншигдах боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан “авч байсан сарын дундаж цалин” гэдгийг үгийн шууд утгаар авч үзвэл, энэ нь тухайн албан хаагчийн авч байсан буюу гар дээр олгогдсон цалинг ойлгохоор байна.

7.2. Мөн Эрх зүйн эх тайлбар тольд “цалин” гэх ойлголтыг хөдөлмөрийн гэрээ буюу хууль тогтоомжийн актаар урьдчилан тогтоосон хэмжээгээр ... төлөх ёстой хөлс гэж, тэтгэмж гэх ойлголтыг ... 1 сар түүнээс дээш хугацааны цалингаар тооцно гэж тус тус тайлбарласан байна. С.Н*******, Эрх зүйн эх толь бичиг, 2.хэвлэл, х.552, (2008). 

7.3. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “... Г.З*******. ... Сая Ш.А******* гишүүний хэлсэн саналтай холбогдуулаад тодруулж тайлбарлахад шүүгчийн цалинг бууруулах асуудал огт яригдаагүй. Харин онцгой нөхцөлийн болон докторын зэрэг нэмэгдэл, ажилласан жилийн, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж тодруулж байгаа. Энэ нэмэгдлүүд нь одоо дагалдан гарах хууль, тогтоолууддаа тусгалаа олж эцэслэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулаад 47 дугаар зүйл хасагдаж байгаа нь шүүгчийн эдийн засгийн баталгаа ...-г төрөөс хангана гэсэн заалттай уялдуулж ярьж байна” гээд хуулийн төслийн 47 дугаар зүйл(тэтгэврийн цалингийн 80 хувиар тогтоох тухай)-ийг хасах санал дэмжигдсэний зэрэгцээ гишүүн Т.Ааас “...энэ 36 сарын нэг удаагийн тэтгэмжээс гадна үндсэн цалингийн 80 хувиар тэтгэвэр тогтооно гэдгийг Улсын Их Хурал дэмжээгүй, ... цалин хөлс  гэдэг нь үндсэн цалин нэмэгдлээс тогтоно гэж байгаа, ...” гэж тайлбарлаж тэтгэврийг цалин хөлсний 80 хувиар тогтоох төслийг заалтыг хасахаар санал гаргаж гишүүдийн 65 хувь дэмжсэнээс үзвэл, шүүгчийн авч байсан сарын дундаж цалин гэдэгт хууль тогтоогчоос үндсэн цалин болон нэмэгдлүүд багтахаар тайлбарлаж хууль баталсан гэж үзэхээр байна.

7.4. Энэ тохиолдолд дээрх 6 дахь хэсэгт дурьдсан “...сарын дундаж цалин” болон “...шүүгчийн цалин хөлс” гэх ойлголтууд нь агуулгын хувьд ижил гэж үзэхээр байна.

7.5. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дугаартай тогтоолд “...Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно” гэж тайлбарласан байна. 

7.6. Энэ тохиолдолд хууль тогтоогчоос тухайн сарын цалин гэх ойлголтыг хуульчлахдаа түүнд хөдөлмөрийн эрх зүйн цалин хөлс гэх ойлголтыг хамааруулахаар заасан, Улсын Дээд шүүхээс мөн энэ агуулгаар буюу ... цалин хөлс нь түүний авч байсан үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэхээр тайлбарласан тул шүүгчийн тэтгэмж тогтоох сарны дундаж цалин нь хууль тогтоомжийн актаар урьдчилан тогтоосон хэмжээгээр буюу Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101, 2021 оны 04, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар тогтоолоор урьдчилан тогтоосон хэмжээгээр тодорхойлогдоно гэж ойлгоно.

8. Нөгөө талаас, энэхүү нэг удаагийн тэтгэмж нь шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож буй буцалтгүй тусламжийн агуулгатай тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс тэтгэмж тооцох дүнг шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлээс тооцох нь зүйтэй болно. 

9. Иймд иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэл зөв байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Гэвч, энэхүү маргааныг өмнө шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0053 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 179-188 дахь тал)

10.1. “... Гурав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай (2012) хууль /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй хүчингүй болсонд тооцсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж өөр өөрөөр зохицуулснаар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх болон түүний дараах цаг хугацаанд шүүгчийн цалин нь тоо хэмжээний хувьд ялгаатай, нэмэгдэл цалингийн бүрэлдэхүүн, түүнийг тооцох арга аргачлал нь өөр өөр болсон байна..., тэтгэмж тооцох “сарын дундаж цалингийн хэмжээ” нь тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан “албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл” нийлбэр дүнг 36-д хувааж тодорхойлогдохоор байна...” гэж дүгнэсэн байна.

10.2. Мөн “...нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээ үндэслэлтэй эсэх нь нэхэмжлэгч нарын “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-нээс шууд хамааралтай, тэтгэмж тооцох “сарын дундаж цалингийн хэмжээ” нь тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан “албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл” нийлбэр дүнг 36-д хувааж тодорхойлогдохоор байна” гэж тайлбарлажээ.

11.  Дээрх тайлбарын дагуу нэхэмжлэгчийн авч байсан сүүлийн 3 жилийн цалин хөлсийг тооцож үзвэл, нэхэмжлэгч нь

11.1. 2019 оны 05 болон 06 дугаар саруудад үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 1,312,058 төгрөг, нийт 4,012,058 төгрөгийн цалин хөлс,

11.2. 2019 оны 07 сараас 2020 оны 06 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 1,392,300(өмнөх жилийн 4,012,058 төгрөгийн цалинг 2 хувиар нэмэгдүүлсэн дүн) төгрөг, нийт 4,092,300 төгрөгийн цалин хөлс,

11.3. 2020 оны 07 сараас 2021 оны 06 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 1,474,145(өмнөх жилийн 4,092,300 төгрөгийн цалинг 2 хувиар нэмэгдүүлсэн дүн) төгрөг, нийт 4,174,145 төгрөгийн цалин хөлс,

11.4. 2021 оны 07 сараас 12 дугаар сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, шүүгчээр ажилласан жилийн нэмэгдэлд 1,557,628(өмнөх жилийн 4,174,145 төгрөгийн цалинг 2 хувиар нэмэгдүүлсэн дүн) төгрөг, нийт 4,257,628 төгрөгийн цалин хөлс,

11.5. 2022 оны 01 сараас 4 дүгээр сарыг дуустал үндсэн цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэлд 675,000 төгрөг, нийт 4,455,000 төгрөгийн цалин хөлсийг сар бүр авч байжээ.

11.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн авч байсан цалингийн нийт дүнгүүд зөрүүтэй” хэмээн тайлбарлан маргах боловч хавтаст хэргийн 40, 41, 172, 173  дугаар хуудсуудад авагдсан баримтууд нь хоол болон унааны мөнгө тооцогдсон, мөн ээлжийн амралт тооцогдсон дүн байна.

11.7. Дээрхээс үзвэл, шүүгч Л.О*******ийн сүүлийн 36 сарын цалингийн нийлбэрийг 150,587,224 төгрөгөөр, сарын дундаж цалинг 4,182,978 төгрөгөөр тооцсон нягтлангийн тооцоолол үндэслэлтэй байна.

12. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас Л.О*******т олгох нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг тус тус баримтлан Л.О*******ийн Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.О*******ийн тэтгэмжийн зөрүүд 53,387,224 /тавин гурван сая гурван зуун наян долоон мянга хоёр зуун хорин дөрвөн/төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН

                                               

                                                      ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ