Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “А*******” ХХК, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э нарын хоорондын “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас гаргасан 103******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Иргэн А.Аээс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвийн дугаарт хугацаа дууссан витамин зарсан гэх ЭЭХ бүртгэлийн дугаартай гомдол, мэдээлэл гаргасан байна.

1.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хяналт шалгалтын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/02 дугаар удирдамжаар Х дүүргийн 15 дугаар хороонд байрлах Х******* ХХК болон Х дүүргийн 4 дүгээр хороонд байрлах C сүлжээ дэлгүүрт тус тус гомдолд заасан асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр баталжээ.

1.3. Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0103******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

1.4. “А*******” ХХК-иас Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас гаргасан 103******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр. Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд гаргасан гомдолдоо: “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас 0103******* дугаартай шийтгэлийн хуудас гарч, тус шийтгэлийн хуудсанд холбогдогч “А*******” ХХК-ийн үйлдсэн хугацаа дуусан хүнсний бүтээгдэхүүн зарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж ... шийтгэл ногдуулж ... сайн дураар тушааж биелүүлэхийг даалгасугай” гэж заасны дагуу “А*******” ХХК-ийг хугацаа дуусан бараа бүтээгдэхүүн зарсан гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т ““хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг”, 4.2.13-т “Хэрэглэж дуусах хугацаа гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг” гэж тус тус заасны дагуу хууль тогтоогчид хадгалах болон хэрэглэх хугацааг тусгайлан ялгаж өгсөн байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 0103******* дугаартай шийтгэлийн хуудасны хуулийн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.3.1-д “...Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэх заалтыг үндэслэж буюу хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн зарсан гэх үндэслэлээр торгосон.

Гэвч гомдол гаргагч “А*******” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа нь дуусах Манго коллагеныг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарсан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Манго коллагеныг 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хадгалж болохоор үйлдвэрлэсэн он сар дээрээ тусгайлан зааж өгсөн бөгөөд гомдол гаргагч “А*******” ХХК нь тус хугацааг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуустал хугацаанд тухайн барааг байрлуулахаар төлөвлөсөн байсан. Хэрэв 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хадгалах хугацаа нь дуусах барааг 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зарсан тохиолдолд тухайн үйлдэл нь хууль бус гэж үзэх боломжтой байсан болно.

Мөн хэрэглэгч өөрийн худалдан авах барааны хадгалах хугацаа, хэрэглэх хугацааг, хэрэглэх тун зэргийг нарийвчлан харж судалж үзсэний үндсэн дээр бараа худалдаж авдаг бөгөөд тухайн барааг анхааралтай шалгаж авч, хадгалах хугацаа дуусаагүй болохыг харж мэдсэн тул тус барааг хэрэглэгч худалдан авсан байна.

Нөгөөтэйгүүр хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.

Иймд “А*******” ХХК нь хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй бараа бүтээгдэхүүнийг зарсан боловч Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Э нь хэрэглэх хугацаа дууссан бараа зарсан гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас дурдаж хэлсэн, хадгалах хугацаа дотор хэрэглэх хугацаа орох нь ойлгомжтой асуудал гэдэг байдлаар тодорхой хариулт өгөөгүй. Иймд бидний зүгээс хадгалах хугацаа дуусаагүй байхад хэрэглэх хугацаа нь дуусахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч нар хадгалах хугацааг жилийн хугацаатай, 3 сарын хугацаатай, 6 сарын хугацаатай гэх мэт ялгаатай байх боломжтой. Хэрэглэх хугацаа нь тухайн бараа бүтээгдэхүүнийг сав, баглаа, боодол, шошгыг нээснээс хойш буюу агаар орсноос хойш гэдэг байдлаар үзэж байгаа. Иймд энэхүү маргааны гол үндэслэл нь хадгалах хугацаа нь дуусаагүй байхад хэрэглэх хугацаа дууссан гэж яаж хариуцагч талаас үзсэнийг гайхаж байна. 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусаагүй байсан. Дуусаагүй гэдэг нь хадгалах хугацаа дуусаагүй байсан гэж үзэх боломжтой. Мөн хадгалах хугацаа дуусаагүй байна гэдэг нь хэрэглэх хугацаа дуусаагүй байна гэж үзэх бүрэн боломжтой. Иймд 01 дүгээр сарын 20-ны өдөр хэрэглэх хугацаа нь дуусаагүй бүтээгдэхүүнд хариуцагч талаас шийтгэл ноогдуулахад хэрэглэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шийтгэл ноогдуулсан. Иймд энэхүү шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагч тал энэхүү бүтээгдэхүүний нийт хэрэглэх боломжит тоог ярьдаг, 30-31 хоногт буюу сарын хугацаанд өдөр болгон нэг ширхэг хэрэглэнэ гэдэг байдлаар. Гэтэл бүтээгдэхүүнийг харахад 1, 1 ширхгээр савласан, 30 ширхэгтэй, 1-ийг задлаад уудаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сонголт хийх эрх чөлөө, хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг яаж авах, хэрэглэгчийн өөрийнх нь асуудал. Хэрэглэх хугацаа, хадгалах хугацаа дуусаагүй байсан. Тухайн хүн өдөрт нэгийг хэрэглэнэ үү, 30 ширхгийг хэрэглэнэ үү, энэ нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын байцаагчид хамааралгүй, хэрэглэгч болон худалдагчийн хоорондох асуудал, ялангуяа хэрэглэгчийн өөрийнх нь асуудал. Тус хүн нэг ширхгийг хэрэглэнэ гэдэг зорилгоор авсан байхыг үгүйсгэхгүй, гэтэл хүсэл зоригийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын байцаагч тогтоогоод байна. Гэвч хүмүүс өдөртөө 1 талх аваад идэхгүй муутгадаг тохиолдол байдаг, нэг ширхэг зүсмийг хэрэглээд, дуусах тохиолдол байдаг. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын байцаагч яаж худалдан авагчийн хүсэл зоригийг тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй, зайлшгүй 31 өдөр хэрэглэх ёстой гэх байдлаар тогтоогоод байна. Үүнийг ямар хууль, дүрэм журам, ямар эрх зүйн баримт бичгээр тухайн хүний 31 өдөр хэрэглэхийг тогтоосон гэдэг зүйлийг Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтаас олж хараагүй, байцаагчийн өөрийнх нь дотоод сэтгэл, үнэмшил байх гэж ойлгож байна. Иймд 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусаагүй байсан, хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа нь дуусаагүй байна гэж үзэж байна. Иймд хэрэглэх хугацаа дуусаагүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу хэрэглэх хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зарсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу хадгалах хугацаа дууссаны дараах өдөр бидний зүгээс энэхүү бараа бүтээгдэхүүнийг зарсан тохиолдолд хадгалах хугацаа дуусна гэдэг хэрэглэх хугацаа дууссан гэдэг байдлаар үзэх боломжтой. Иймд энэхүү бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан гэж үзэж болно. Гэтэл 01 дүгээр сарын 20-ны өдөр зарсан тул “А*******” ХХК ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй, мөн хэрэглэгчийн хүсэл зоригийг хариуцагч тал хүндлэхгүй байна гэж харж байна. Хэрэглэгч ямар хүсэл зоригтой байх нь өөрийнх нь дурын асуудал, мөн хэрэглэгчийн эрх чөлөөг олгох ёстой гэж бодож байна. Иймд хууль Нийслэлийн Эрүүл мэндийн газрын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 103******* дугаартай шийтгэх хуудас хууль зүйн үндэслэлгүй байгаа тул шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн А.Аээс ирүүлсэн “А*******” ХХК-ийн C супермаркет нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх гомдол мэдээлэл Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газарт ирсэн ба тус гомдолд эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч н.Т******* хяналт шалгалт хийж, зөрчлийг олж тогтоон Зөрчлийн хэрэг үүсгэж, хуульд заасан арга хэмжээг авхуулахаар харьяаллын дагуу манай газарт шилжүүлсний дагуу хураасан Манго нэрийн Коллаген, гомдол гаргагчийн бүтээгдэхүүн худалдан авсан баримт, зөрчлийн хэрэг зэрэг нотлох баримтуудыг улсын ахлах байцаагч Г.Э би хүлээн авсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэгт холбогдогчоор “А*******” ХХК, гэрчээр тухайн бүтээгдэхүүнийг импортлогч “Х*******” ХХК-иудын холбогдох албан тушаалтнууд, гомдол гаргагч нараас тус тус мэдүүлэг, холбогдох баримт бичгүүд, хураагдсан Манго нэрийн 7 ширхэг бүтээгдэхүүнийг татан авсан ба уг зөрчил нь нотлогдох тул 103******* дугаартай шийтгэврийн хуудсаар холбогдох хуульд заасан заалтын дагуу торгох шийтгэл ногдуулсан.

Торгох шийтгэл ногдуулах үндэслэл нь хэд хэдэн зүйлээр батлагдаж байгааг дэлгэрүүлье. Үүнд:

1. Тухайн I******* үйлдвэрийн S******* Манго нэрийн Коллаген нь 7см*6см*10см хэмжээтэй ягаан жижиг хайрцагтай ба дотроо 30 ширхэг тус тусдаа савлагаатай, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдвэрлэгдсэн. Үйлдвэрлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дуусахаар заасан.

2. Хохирогч хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан байна гэх гомдлоо төрийн байгууллагад гаргасан. Гаргасан гомдол нь үндэслэлтэй.

3. Тухайн бүтээгдэхүүн нь задлаад шууд хэрэглэдэг бүтээгдэхүүн биш ба үйлдвэрлэгчээс заасан хэрэглэх зааварт өдөрт 1 ширхгээр, нийт 30 өдөр хэрэглэхээр заасан. Бүтээгдэхүүний хайрцаг дээр 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дууссаныг бичсэн. Хугацаа дууссан өдрөөс хойш уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн 30 өдөр хэрэглэхээр байгаа нь хэрэглэх хугацаа дууссаныг батална.

4. Уг бүтээгдэхүүнийг импортлогч “Х*******” ХХК нь “А*******” ХХК-тай байгуулсан гэрээндээ бүтээгдэхүүнүүдийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө мэдэгдэж буцаан татан авалт хийлгүүлэхээр заасан боловч “А*******” ХХК гэрээний заалтын дагуу мэдэгдээгүйгээр үл барам худалдааны зааландаа худалдаж байсан. Энэ нь холбогдох хяналт шалгалт, оролцогчдын мэдүүлгүүд, баримт бичгээр нотлогдоно.

5. Хохирогчийн мэдүүлгээр худалдан авагч тухайн бүтээгдэхүүний хугацааг шалгаагүй авсан ба хэд хоногийн дараа 1-2 ширхэг уутыг хэрэглэсний дараа тухайн бүтээгдэхүүний хугацаа дууссан байгааг анзаарсан.

6. Хадгалах, хэрэглэх хугацаа аль аль нь дууссан ба үүнийг худалдсан нь нотлох баримтаар тогтоогдох тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу шийтгэл оногдуулсан болно” гэжээ.

3.2. Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч тал бүтээгдэхүүний хадгалах хугацаа дотор хэрэглэх хугацаа багтдаг гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэлж байна. Тус бүтээгдэхүүний 30 дахь ширхэг буюу сүүлийн ширхэг нь хэрэглэх хугацаа. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний сүүлийн ширхгийг хэрэглэхэд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байх ёстой. Уг бүтээгдэхүүнийг танайхаас 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдаж авсан хэрэглэгч би өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчүүлчихлээ, тус газраас миний худалдаж авсан бүтээгдэхүүн дотроо өдөрт нэг ширхгийг хэрэглэ гэсэн бүтээгдэхүүний хугацаа дуусчихсан байхад надад худалдсан байна, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гээд төрийн байгууллагад гомдол гаргасан. Иймд ямар нэг байдлаар хэрэглэгчийн эрх чөлөөг зөрчөөд, хэрэглэгч, худалдагч хоёрын асуудал төрийн байгууллага өөрийн итгэл үнэмшил, дур зоргоор орсон асуудал байхгүй. Тус бүтээгдэхүүний хэрэглэх хугацаанд сүүлийн 30 дахь бүтээгдэхүүн хэрэглэх хугацаа нь дуусаж байгаа гэдгийг импортолж оруулж ирдэг компанийн танай компанитай байгуулсан гэрээнд зааж өгсөн байна. Манай бүтээгдэхүүн ийм онцлогтой бүтээгдэхүүн, гэрээнд 2 сарын өмнө гэсэн байгаа. Манай бүтээгдэхүүн савлагаанд заасан хугацаанаас 2 сарын өмнө лангуунаас буулгаарай, буцаан татан авалтыг манай компанитай хийгээрэй гэдгийг гэрээнд тохирсон байтал гэрээнд заасан үүргээ гомдол гаргагч тал гүйцэтгээгүй, үйлдвэрлэгчийн талаас өгсөн бичиг баримтад нэр нь тодорхой, олон улсын гэрчилгээтэй, англи хэл дээр бичигдсэн тухайн бүтээгдэхүүний нэршил, үйлдвэрлэсэн болон бүтээгдэхүүний хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусна гэдгийг зааж өгсөн. Импортолж байгаа байгууллага нь үүнийг гэрээгээр зохицуулсан байна. Хэрэглэгчийн хүсэл зоригийг хэрхэн, яаж тогтоож байна вэ? гэж байна. Хэрэглэгч өөрөө миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэдгээ өөрөө мэдээд төрийн байгууллагад гаргасан гомдолд хяналт шалгалтыг явуулахад, бүтээгдэхүүний хугацаа дууссан байсан нь нотлогдсон. Хяналт шалгалтын байгууллага тогтоосон үлдэгдэл байсан. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хурааж авсан, мөн устгуулахаар холбогдох төрийн байгууллагад хандсан. Иймд сүүлд даргадаа хэлэхэд хадгалах хугацаа дотор хэрэглэх хугацаа багтдаг, хэрэглэх хугацаа гэдэг тус бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хүртэл тухайн бүтээгдэхүүний сүүлийн ширхгийг хэрэглэхэд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө байх ёстой. Гэтэл хугацааг бусад бүх хүнсний бүтээгдэхүүнтэй жишээд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүтээгдэхүүний хугацаа дуусаж байхад тус өдрөө худалдаалж болно, энэ нь ямар нэг байдлаар Манго коллаген гэдэг нэрийн бүтээгдэхүүнд зөрчөөгүй гэдэг нь өөрөө бүтээгдэхүүний талаар мэдлэг, мэдээлэл дутуу авсан байна гэж үзэхээр байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “А*******” ХХК-иас Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эд холбогдуулан “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас гаргасан 103******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ,

- худалдан авах барааны хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа, тун зэргийг нарийвчлан харж худалдан авсан хэрэглэгчийн хүсэл зоригийг харгалзаагүй,

- хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй,

- хэрэглэх хугацаанд 1 ширхгийг хэрэглээд үлдэх хэсгийг хэрэглэхгүй байх нь хэрэглэгчийн сонголт байхад хугацаа дууссан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

            3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хяналт шалгалтын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/02 дугаар удирдамжаар “Х дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Х*******” ХХК болон Х дүүргийн 4 дүгээр хороонд байрлах C сүлжээ дэлгүүрт тус тус гомдолд заасан асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0103******* дугаартай шийтгэлийн хуудсаар “А*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

 

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “А*******” ХХК-ийн хүнсний сүлжээ дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дуусах огноо бүхий “Манго коллаген” бүтээгдэхүүнийг мөн сарын 20-ны өдөр худалдаалсан, иргэн худалдан авсан үйл баримт тогтоогджээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д “Хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол ... торгох” шийтгэл ногдуулахаар зохицуулсан байна. 

 

6. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

  • 4.1.12-т ““хадгалах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг”,
  • 4.1.13-т ““хэрэглэж дуусах хугацаа” гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг” гэж томьёолсон байна.
  • 11 дүгээр зүйлийн 11.1.7-д ““хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэж заажээ.

 

7. “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлага” MNS 6648:2016 стандартад (https://old.estandard.gov.mn/standard/reader/2067)

  • хадгалах хугацаа (best before) гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд хүнсний бүтээгдэхүүний өгөгдсөн чанар хамгийн сайн түвшинд байх ба заасан хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь өөрчлөгдөх хугацаа,
  • хэрэглэж дуусах хугацаа (хэрэглэж болох хамгийн сүүлчийн өдрийг заасан огноо (use by date) гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байх ба заасан хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацаа гэж тодорхойлжээ.

 

8. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх болон хадгалах хугацаа нь харилцан адилгүй байж болохоор байх бөгөөд хэрэглэх хугацаа дуусгавар болсон нь Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцогдохоор заасан байх тул гомдол гаргагчийн “...хадгалах хугацааны дотор хэрэглэх хугацаа багтах бөгөөд хадгалах хугацаа дуусаагүй тохиолдолд тус барааны хэрэглэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй” тайлбарыг хууль зүйн үүднээс буруутгах боломжгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн ... худалдсан зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй боловч маргааны тохиолдолд манго коллагеныг үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнийг хэрэглэх болон хадгалах хугацааг ялгаж заагаагүй, зөвхөн дуусах хугацаа гэсэн нэг л хугацааг бүтээгдэхүүнд тогтоосон, хэрэглэгч уг хугацааны дотор бүтээгдэхүүнийг худалдан авсан байх тул хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан гэж үзэхгүй.

10. Гэвч зөвшөөрөгдсөн хадгалах хугацаанд худалдаалагдсан гэх “Манго коллаген” нь 30 ширхгээр савлагдсан, өдөрт 1 ширхгийг хэрэглэх үйлдвэрлэгчийн зөвлөмжтэй, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэснээр өвчнийг анагааж, илүү их эрүүл мэндийг сайжруулахгүй гэсэн сануулгатай(хавтаст хэргийн 135 дахь талд импортлогчийн мэдээлэл) байгаагаас үзвэл, үйлдвэрлэгчээс тогтоосон дуусах хугацаа нь тус бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусахад аюулгүйд тооцогдох хугацаа гэж үзэхээр, уг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах зарчимд нийцэхээр байна.

11. Учир нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнс чанартай, шим тэжээллэг, аюулгүй байх нэг зарчим нь Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх” явдал байх тул

11.1. Хариуцагчийн “... хугацаа дууссан өдрөөс хойш уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн 30 өдөр хэрэглэхээр байгаа нь хэрэглэх хугацааг тодорхойлно” гэх тайлбар илүү үндэслэлтэй,

11.2 Гомдол гаргагчийн “худалдан авах барааны хадгалах хугацаа, хэрэглэх хугацаа, тун зэргийг нарийвчлан харж худалдан авсан хэрэглэгчийн хүсэл зоригийг харгалзаагүй, хэрэглэх хугацаанд 1 ширхгийг хэрэглээд үлдэх хэсгийг хэрэглэхгүй байх нь хэрэглэгчийн сонголт байхад хугацаа дууссан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй” гэх гомдол төдийлөн хангалттай бус байна.

 

12. Мөн “А*******” ХХК болон “Х*******” ХХК нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-ний 7.2-т “Борлуулагч нь барааны хадгалалтын хугацаанаас шалтгаалсан буцаалт хийх мэдэгдлийг албан бичгээр эсхүл цахим шуудангаар дор дурдсан хугацаанд нийлүүлэгчид хүргүүлнэ”, 7.2.1-д “6 сараас дээш хадгалах хугацаатай барааны хугацааны талаарх мэдэгдлийг 45 хоногийн өмнө хүргүүлэх”, 7.6-д “Дор дурдсан нөхцөлүүдэд борлуулагч барааны буцаалтыг нийлүүлэгчид хийнэ”, 7.6.7-д “Барааны хадгалах хугацаа дуусах дөхсөн, дууссан” гэж заасан байна.

13. Дээрх зохицуулалтуудын дагуу “А*******” ХХК нь манго коллагены дуусах хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө буцаалтын мэдэгдлийг нийлүүлэгчид хүргүүлэх, буцаалт хийхээр зохицуулсан, бүтээгдэхүүнийг худалдаалагч компани нь гэрээний энэхүү үүргээ хэрэгжүүлсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй байна.

14. Иймд “А*******” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эд холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Зөрчлийн тухай хуулийн 6.1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эд холбогдуулан гаргасан “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Эгаас гаргасан 103******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ