| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/02796/И |
| Дугаар | 182/ШШ2024/04541 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/04541
| 2024 11 05 | 182/ШШ2024/04541 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, З.Э /РД:00000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. давхарт байрлах, М ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, гэнэт халсны 1 сарын цалин, 2022.06 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж болох 334,913 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч З.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х,
Гэрч А.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч М ХХК холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, гэнэт халсны 1 сарын цалин, 2022.06 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж болох 334,913 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2024.01.30-ны өдрийн 01-24/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга бүтээцийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2022.06 сараас хойших эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхөн бичилт хийхийг даалгахаар тодруулж, гэнэт халсны 1 сарын цалин, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 334,913 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж, шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2018 онд ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийг Хүүхдийн цэцэрлэгийн барилгын архитектур бүтээц, технологийн шийдэл боловсруулах төсөл сэдвээр диплом хамгаалж, барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй төгсөж, М ХХК-ийн захирлын 2022.05.31-ний өдрийн 01-22/11 дугаар Ажилд томилох тухай тушаалаар 2022.04.26-ны өдрөөс эхлэн тус компанийн Барилга бүтээцийн инженер-ийн албан тушаалд томилогдон, ажиллаж байсан.
Ажил олгогчийн зүгээс 2022.07.06-ны өдөр №ХГ-22/03 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж гэрээний гол нөхцөл болох цалин хөлс, ажил албан тушаал, ажлын цаг нөхцөлүүдээ харилцан тохиролцсон болно. Ийнхүү 2022.04.22-ны өдрөөс эхлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд захирлын тушаалаар Хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэлийг авч байгаагүй ба үндсэн цалинг 2 удаа нэмж 2,500,000 төгрөгийн цалинтай болсон билээ. Ингэж ажил үүргээ хэвийн явуулж байтал гэнэт 2024.01.30-ны өдөр Ажлаас төлөөлөх тухай 01-24/01 дугаартай тушаалыг захирал өөрийн биеэр өгч ажлаа хүлээлгэн өг гэсний дагуу би хэнээс юу ч асуухаа мэдэхгүй гэнэтийн байдалд орж, аргагүй эрхэнд ажлаа хүлээлгэн өгөхөд хүрсэн.
Иргэн 3.Э намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн гэрээ"- ний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн гэсэн байна. Гэтэл уг заалтад Нууцлалтай холбогдох баримт бичиг, материал, биет зүйлсийг ажил үүргийн дагуу бусдад шилжүүлэх хүлээн авах, хуулбарлах, хувилах, устгах, ажлын байрнаас авч гарахдаа холбогдох хууль тогтоомж болон компанийн Нууцлалын журам-ыг мөрдлөг болгох ба шаардлагатай тохиолдолд компаниас Ажилтантай Нууцын гэрээ байгуулах гэснийг зөрчсөн гэсэн байна.
Гэтэл би дээрх зөрчлийг огтоос гаргаагүй, түүнчлэн ажлаас чөлөөлөх болсон талаараа ажилтан надад урьдчилж мэдэгдээгүй тушаал гаргасанд хууль зөрчсөн үндэслэлгүй гэж үзэж байна...
...Би ийнхүү гомдлоо гаргаж явахдаа хариуцагч тал миний Нийгмийн даатгалын шимтгэлийг 2022.06 сараас хойш огт төлөөгүй болохыг олж мэдсэн тул тухайн хугацааны нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд М ХХК-ийн захирлын 2024.01.30-ны өдрийн 01-24/01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга бүтээцийн инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, 2022.06 дугаар сараас шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
Гэнэт халсны 1 сарын цалин, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 334,913 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж байна... гэв.
2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани З.Э-ыг 2022.04.26-ны өдрөөс Барилга бүтээцийн инженер албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагад ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн, ямар зөрчил гаргасан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй мөн чөлөөлсөн хуулийн зүйл заалт нь үндэслэлгүй байна гэдэг.
Тус ажилтан нь ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталдаггүй, хамт олноос удаа дараа ажил дээрээ байнга унтдаг, хурхирдаг гэж гомдол ирж унтаж байх болгонд нь очиж сэрээж, энэ талаар өөрт нь сануулж, хурал дээр бүх ажилтнуудын хажууд хүртэл удаа дараа сануулж байсан боловч алдаа дутагдлаа засалгүй явсаар байсан тул ажлаас чөлөөлсөн.
Мөн даалгасан ажлуудын гүйцэтгэл маш муу байснаас үүдэн захиалагчдаас маш олон гомдол ирж одоо хүртэл тэр ажлууд нь дуусаагүй явж байгаа тохиолдлууд байгаа юм. Тус ажилтны хариуцлагагүй байдлаас үүдсэн асуудлууд дээр ямар ч хариуцлага тооцоогүй байгаа бөгөөд цалин хөлсийг хасах зэрэг асуудлыг огт ярилгүй харилцан ойлголцох байдлаар цалинг нь бүрэн өгч байсан боловч энэ мэтээр өөрийн хариуцлагагүй байдлыг үл тоомсорлон дахин ажилд тогтоолгох зэрэг асуудлыг ярьж байгаа нь ямар ч боломжгүй болно.
Ажлаас чөлөөлөхдөө бичгээр мэдэгдээгүй ч аман байдлаар маш олон удаа сануулж байсан. Ажлаас чөлөөлөгдөн ажил хүлээлцэж байхдаа гомдолтой байгаа талаараа нэг ч удаа хэлээгүй бөгөөд Хөдөлмөрийн 3 талт хорооноос дуудахад анх удаа ажлаас халагдахдаа гомдолтой байсныг мэдсэн. Тус 3 талт уулзалтын үеэр манай компанийн удирдлага болон төлөөлөх ажилтнууд хөдөө томилолтоор олон хоног явсан байсан тул очиж амжаагүй.
З.Э нь ажлын чадваргүй, ажил дээр унтдаг байсан. Хурал дээр ажлаасаа больё гэж өөрөө хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны саналаар чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийг өөрийнх нь саналыг үндэслэн хуучин Хөдөлмөрийн тухай хууль баримталж ажлаас чөлөөлсөн...
Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал төлөх асуудал дээр бид Нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулж, төлж байгаа. Ажилгүй байсан үеийн цалин, ажилд эргүүлэн томилох шаардлага дээр манайх буцаан ажилд томилох боломжгүй. Захиалагч компаниудаас нэхэмжлэгчийн хийсэн зураг алдаатай байсан гэх баримтууд ирсэн.
Нэхэмжлэгчийн хийх ёстой байсан барилгын зураг удаашралтай учраас бид өөрсдөө хохирол амссан. Мөн захиалагч компаниас гэрээгээ цуцална гэж баримтууд ирсэн. 2 компани гэрээгээ цуцалсан тохиолдол байгаа. 1 хүнээс болж хор, уршиг үүсэж, компанийн үйл ажиллагааны доголдол үүсэж байсан. Энэ талаар сануулж байсан. Тэгээд нэхэмжлэгч өөрөө санал гаргаж ажлаас чөлөөлөгдсөн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.24-ний өдөр 10,697 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 х/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4 х/,
-2022.09.30-ны өдрийн .М ХХК-ийн захирлын 01-22/24 дугаар Цалин нэмэх тухай тушаал /хх-ийн 8 х/,
-2023.10.16-ны өдрийн М ХХК-ийн захирлын 01-23/08 дугаар Цалин нэмэх тухай тушаал /хх-ийн 9 х/,
-2024.01.30-ны өдрийн М ХХК-ийн захирлын 01-24/01 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 10 х/,
-Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр /хх-ийн 11-13 х/ зэрэг баримтуудыг,
-Хариуцагч тайлбар татгалзалтайгаа холбогдуулан Улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 18 х/,
-2024.06.03-ны өдрийн 004/012 тоот итгэмжлэл /хх-ийн 19-20 х/,
-2024.06.17-ны өдрийн 004/011 дугаартай хариу тайлбар /хх-ийн 24-25 х/,
-2023.12.24-ний өдрийн 23/24 дугаартай А ХХК-иас М ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 109 х/,
-М ХХК-ийн 2022.09.19-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 110-111 х/,
-М ХХК-ийн 2023.09.04-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 112-113 х/,
-Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Өргөдөл гомдлын бүртгэл /хх-ийн 132 х/,
-2024.01.08-ны өдрийн 24/10 дугаар Э ХХК-иас М ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх-ийн 134 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн,
- Тус шүүхийн шүүгчийн 2024.09.12-ны өдрийн 182/ШЗ2024/15397 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 2022.05.31-ний өдрийн М ХХК-ийн захирлын 01-22/11 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 45 х/,
-2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 45-48 х/,
-2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаар Мэргэжлийн хариуцлагын гэрээ /хх-ийн 49-51 х/,
-2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаар Байгууллагын нууц хадгалах гэрээ /хх-ийн 52-53 х/,
-2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаар Цалингийн нууц хадгалах гэрээ /хх-ийн 54-55 х/,
-2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаар Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /хх-ийн 56 х/,
-2021.11.01-ний өдрийн М ХХК-ийн захирлын 01-21/28 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал /хх-ийн 57 х/,
-2021.11.08-ны өдрийн М ХХК-ийн захирлын 01-21/29 дугаар Журам батлах тухай тушаал /хх-ийн 58 х/,
-М ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 59-67 х/,
-мөн 2024.09.26-ны өдрийн 182/ШЗ2024/16207 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Өргөдөл гомдлын бүртгэл /хх-ийн 88-90 х/,
-2024.10.10-ны өдрийн 182/ШЗ2024/17240 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс Барилга архитектурын сургуулийн бакалаврын диплом /хх-ийн 105-108 х/,
-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 116-122 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч З.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, гэнэт халсны 1 сарын цалин, 2022.06 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж болох 334,913 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэнэт халсны 1 сарын цалин, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 334,913 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж,
2024.01.30-ны өдрийн 01-24/01 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга бүтээцийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2022.06 сараас хойших эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг үндэслэдэг бөгөөд энэ нь нууцтай холбоотой баримт бичиг материалын биет бус үүргийн дагуу бусдад шилжүүлэх, хүлээн авах, хуулбарлах, хувилах, устгах, ажлын байрнаас авч гарахтай холбоотой хууль тогтоомж болон компанийн нууцлалтай журмыг мөрдөх болон шаардлагатай тохиолдолд компаниас ажилтантай нууц гэрээ байгуулах гэж заасныг зөрчсөн гэдэг.
Гэтэл би дээрх зөрчлийг огт гаргаагүй, түүнчлэн ажлаас чөлөөлөх болсон талаар надад урьдчилж мэдээлээгүй, хууль зөрчсөн тушаал гаргасан учир үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь нэхэмжлэгч З.Э нь ажлын чадваргүй, ажил дээр унтдаг байсан. Хурал дээр ажлаасаа больё гэж нэхэмжлэгч хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны саналаар чөлөөлнө гэж заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Хуучин Хөдөлмөрийн тухай хууль баримталж ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Ажил дээр унтдаг байсан учраас захирал амаар болон мессежээр сануулж хэлж байсан. Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал төлөх асуудал дээр бид Нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулж, төлж байгаа. Ажилгүй байсан үеийн цалин, ажилд эргүүлэн томилох шаардлага дээр манайх буцаан ажилд томилох боломжгүй. Захиалагч компаниудаас нэхэмжлэгчийн хийсэн зураг алдаатай байсан гэх баримтууд ирсэн. Нэхэмжлэгчийн барилгын зураг удаашралтай учраас бид өөрсдөө хохирол амссан. Мөн захиалагч компаниас гэрээгээ цуцална гэж баримтууд ирсэн. 2 компани гэрээгээ цуцалсан тохиолдол байгаа. 1 хүнээс болж хор, уршиг үүсэж, компанийн үйл ажиллагааны доголдол үүсэж байсан. Энэ талаар сануулж байсан. Тэгээд нэхэмжлэгч өөрөө санал гаргаж ажлаас чөлөөлөгдсөн гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,
154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
а. Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч М ХХК-ийн захирлын 2024.01.30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024.02.28-нд ханджээ.
б. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.04.09-ний өдрийн хуралдааны 63 дугаар шийдвэрээр ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан, тохиролцоогүй... гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байх ба нэхэмжлэгч З.Э нь энэ хариуг авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2024.04.23-ны дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч 2024.04.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацааг 1 өдрөөр хэтрүүлсэн байна. /хх-ийн 11-13, 87, 88-90 х/
в. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч З.Э нь 2022.04.26-ны өдрөөс 2024.01.30-ны өдрийг хүртэл М ХХК-д барилга бүтээцийн инженерээр томилогдон ажиллаж байсан болох нь 2022.05.31-ний өдрийн 01-22/11 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 45 х/, 2022.07.06-ны өдрийн ХГ-22/03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 46-48 х/, Мэргэжлийн хариуцлагын гэрээ /хх-ийн 49-51 х/, Байгууллагын нууц хадгалах гэрээ /хх-ийн 52-53 х/, Цалингийн нууц хадгалах гэрээ /хх-ийн 54-55 х/, 2022.09.30-ны өдрийн 01-22/24, 2023.10.16-ны өдрийн 01-23/08 дугаартай Цалин нэмэх тухай /хх-ийн 18, 9 х/-ууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын хувьд дүгнэлт өгөх шаардлагагүй.
4.2. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд
а. Нэхэмжлэгч З.Э нь М ХХК-ийн захирлын 2022.05.31-ний өдрийн 01-22/11 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар 2022.04.26-ны өдрөөс Барилга бүтээцийн инженерээр томилогдож, 2022.07.06-ны өдөр ХГ-22/03 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулан ажиллаж байгаад 2024.01.30-ны өдрийн 01-24/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Барилга бүтээцийн инженер албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болжээ. /хх-ийн 10 х/
б. Хариуцагч нь З.Э-ыг ажлын чадваргүй, ажил дээр унтдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг байсан учраас захирал амаар болон мессежээр сануулж хэлж байсан. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудал дээр бид Нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулж, төлж байгаа. Хамт олны хурал дээр З.Э өөрөө ажлаасаа больё гэж хэлсэн болохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны саналаар чөлөөлнө гэж заасны дагуу ажлаас чөлөөлсөн.
Хуучин Хөдөлмөрийн тухай хууль баримталж ажлаас чөлөөлсөн нь буруу ч ажил дээр унтдаг байсан. Мөн захиалагч компаниудаас нэхэмжлэгчийн хийсэн зураг алдаатай, бас барилгын зураг удаашралтай үндэслэлээр гэрээгээ цуцлах санал ирсэн. Нэг хүнээс шалтгаалан компанид хор, уршиг үүсэж, компанийн үйл ажиллагааны доголдол үүсэж байсан зэрэг зөрчлийн улмаас нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэж маргаж байна.
4.3. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.
а. Нэхэмжлэгч нь М ХХК-ийн захирлын 2024.01.30-ны өдрийн 01-24/01 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй.
б. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:
-Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультан үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоог хангах арга хэмжээ гэсэн зохицуулалт байх ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль /1994 он/-ийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарласан,
в. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультан үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоог хангах арга хэмжээ гэсэн зохицуулалт байх ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль /1994 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэх үндэслэлийн тухайд
г. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасан.
д. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022.05.31-ний өдөр 01-22/11 тоот тушаалаар барилга бүтээцийн инженерээр томилж, 2022.07.06-ны өдөр ХГ-22/03 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан атлаа хүчингүй болсон буюу Хөдөлмөрийн тухай хууль /1994 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.
е. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Нууцлалтай холбогдох баримт бичиг, материал, биет зүйлсийг ажил үүргийн дагуу бусдад шилжүүлэх, хүлээн авах, хуулбарлах, хувилах, устгах, ажлын байрнаас авч гарахдаа холбогдох хууль тогтоомж болон компанийн Нууцын журам-ыг мөрдлөг болгох ба шаардлагатай тохиолдолд компаниас ажилтантай нууцыг гэрээ байгуулах гэсэн заалтыг ямар учраас ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон ойлгомжгүй.
Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох цуцлах талаар тусгагдсан байхад хариуцагч нь холбогдох заалтыг бус нууцлал хэсгийг баримталсан нь учир дутагдалтай болжээ.
ё. Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор зохицуулжээ. Гэтэл ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024.01.30-ны өдрийн 01-24/01 тоот тушаал нь энэхүү хуулийн аль зохицуулалтад хамаарч байгаа нь тодорхойгүй.
5.Хэдийгээр ажилтан З.Э ажиллах хугацаандаа ажил дээрээ унтдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг байсан болох нь гэрч А.Г-ын ...З.Э нь М ХХК-д 2024 оны 01 сар хүртэл ажилласан. Эхний үед идэвхтэй ажиллаж байсан. 2022 оны сүүл үеэс ажлын идэвхи буурсан, ажлын хариуцлага алдаж байсан. Хурлаар хэлэлцэж байх үед З.Эт хариуцлага тооцож байсан. Нэхэмжлэгч нь үргэлжлүүлж сайн ажиллана гээд ажилласан. 2023 оны 10 сард З.Эт дахин сануулга өгсөн. Үргэлжлүүлж идэвхитэй ажиллана гэж яасан бэ гэж хэлсэн байдаг. Тухайн үед өөрчлөлт гарсан гэж З.Э хэлж байсан. Хийж байсан төслүүд нь дуусаагүй байсан. 2023 оноос 10 сараас хойш ажлаа дуусгаж чадах болов уу гэж харж байсан. Одоог хүртэл З.Эын хариуцсан зураг бүтээцийн төсөл дуусаагүй байна. Энэ асуудлыг тоосон шинжгүй л байсан. З.Э нь ажил нь дууссан гээд файл хүлээлгэн өгсөн. Үлдсэн инженерүүд нь файлуудыг үзэхэд юу ч байгаагүй. Одоо хүртэл ажлыг нь бид гүйцээн хийж байна. Мөн уурхай дээр захиалагч компани ажлаа цаг хугацаандаа өгөөгүй учраас тооцоон дээр асуудал үүсгэсэн. Барилгын комисс томилж, зунаас хойших ажил дээр хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал үүссэн. Мөн Ховд аймагт 6 давхар үйлчилгээний барилга барьсан. 6 давхар барилга захиалсан боловч барилга бүтээцийн зураг нь 5 давхраар хийгдсэн байсан. Бүхэл бүтэн 1 давхраар доошлуулсан. Ховд аймагт Сургуулийн төслийн ажлын бүтээцийн зураг нь хойшлогдсон. Хамгийн сүүлийн хурал дээр З.Э нь ажлыг үргэлжлүүлэх боломжгүй гэж бидэнд хэлсэн. З.Э нь ажлын хариуцлагагүй байсан учраас М ХХК-д олон асуудал. Удахгүй бидэн дээр нэхэмжлэх ирнэ. Мөн З.Э нь ажил дээр ирчхээд унтдаг байсан. Бид 7 хоногийн хуваарь гаргаж, З.Э-ыг сэрээж байя гэдэг ажилтай болсон... гэх мэдүүлэг,
-Тус шүүхийн 2024.10.17-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 116-118 х/
-А ХХК-ийн 2023.12.24-ний өдрийн 23/24, Э ХХК-ийн 2024.01.08-ны өдрийн 24/10 тоот М ХХК-д тус тус ирүүлсэн албан бичиг,
-М ХХК-ийн 2022.09.19, 2023.09.04-ний өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдлоо.
а. Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгчийг ажил дээрээ унтдаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг, захиалагч компаниудаас нэхэмжлэгчийн хийсэн зураг алдаатай, бас барилгын зураг удаашралтай үндэслэлээр гэрээгээ цуцлах санал ирсэн. Нэг хүнээс шалтгаалан компанид хор, уршиг үүсэж, компанийн үйл ажиллагааны доголдол үүсэж байсан зэрэг зөрчлийн улмаас нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй хэдий ч ажилтныг ажлаас чөлөөлсөн М ХХК-ийн захирлын 2024.01.30-ны өдрийн 01-24/01 дугаартай тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
б. Мөн ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй. Ажилтан нь сахилгын зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагаас гаргасан дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг хэрхэн зөрчсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болсон нь тодорхойгүй байх тул шүүхээс нэхэмжлэгч З.Э-ыг хариуцагч байгууллагын барилга бүтээцийн инженерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болж байна.
6. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
а. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.
З.Эын ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 2,614,090 /7,842,271 : 3 сар/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 121,585 /2,614,090 төгрөг : 21.5 хоног/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 4 х/
Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингаас тооцсон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч З.Э-ыг 2024.01.30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 190 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 23,101,150 төгрөг /190 хоног х 121,585 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
б. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон.
Хариуцагч М ХХК нь 2022.06 сараас 2024.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд З.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд З.Э-ын 2022.06 сараас өнөөдрийг өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХХК-д даалгах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгч нь гэнэт халсны 1 сарын цалин, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 334,913 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
8. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.24-ний өдөр төлсөн 10,697 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч М ХХК-иас цалинтай тэнцэх хэмжээний олговор 23,101,150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,456 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Э-ыг урьд эрхэлж байсан ажил буюу М ХХК-ийн барилга бүтээцийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,101,150 /хорин гурван сая нэг зуун нэг мянга нэг зуун тавь/ М ХХК-иас З.Э-т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 23,101,150 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч З.Э-ын 2022.06 сараас өнөөдрийг өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.24-ний өдөр төлсөн 10,697 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч М ХХК-иас 273,456 /хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Нэхэмжлэгч нь гэнэт халсны 1 сарын цалин, ажилласан хугацааны ээлжийн амралт эдлээгүй олговор, 2023.11.15-11.23-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 334,913 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА