Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 9

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү нарын өмгөөлөгч М.Жаргалсайхан (ҮД:1956),

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат (ҮД:0362),

насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү,

шүүгдэгч Э.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Манжаа Агва овогт Энхбаялагийн Бямбажавд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080136 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их сургуулийн Бага ангийн багшийн ангийн 1 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 45 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ИЙ98120530 дугаартай, Манжаа Агва овогт Энхбаялагийн Бямбажав нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ам” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Б.Ирээдүйгийн өмчлөлийн 42-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож урагш хөдлөх, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

2.2 “Жолоочийн үүрэг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;

мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Ш.Нарансолонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Билэгтхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Ирээдүйгийн тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Бямбажав нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан бартаат замын уралдаан үзэхээр найз Б.Ирээдүй, М.Золбоо нарын хамт очиж, улмаар тэнд зарагдаж байсан пивоноос 1 лаазыг авч уусан байхад нь Б.Ирээдүй “машинаас очоод ундаа аваад ир” гэж хэлээд түлхүүрээ өгөхөд түүний өмчлөлийн 42-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгсэл дээр ирж жолоочийн суудал дээр нь суун хөдөлгүүрийг нь асаан урагшлах, ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

мөн дүрмийн 2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх үүрэгтэй”,

мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ш.Нарансолонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Ирээдүйн тээврийн хэрэгсэлд 965.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бямбажавын өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн элсэн карьер луу бартаат замын тэмцээн үзэхээр найзтайгаа, найзынхаа ахтай гурвуулаа явсан. Тэнд пиво зарж байхаар нь нэг лаазтай пиво авч уусан. Сонирхогчдын тэмцээн дуусаад албан ёсны тэмцээн эхлэх гэж байхад найзын ах Ирээдүй “машинаас ундаа аваад ир” гээд түлхүүрээ өгсөн. Тэгэхээр нь машиныг жаахан урагшлуулчихмаар санагдаад жолоочийн суудлын ард суугаад хөдөлгөх гэтэл нэг хүүхэд хөтөлсөн эгч урдуур явсан. Айж сандарсандаа тормоз, хааз 2-ыг зэрэг гишгэсэн. Тэгээд хүмүүс шуугилдаад машины цонх руу цохиод машиныг зүүн талаас баруун тал руу унагасан. Гэм буруугаа ойлгож маш ихээр гэмшиж байна. Машины хохиролд 965.000 төгрөгийг Ирээдүйд өгсөн. Эмчилгээний зардалд 1.622.000 төгрөгийг хохирогч Ш.Нарансолонгод төлсөн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүүгийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Ш.Нарансолнго, хүү Билэгтхүү нарын хамт бартаат замын тэмцээн үзэхээр явсан. Сонирхогчдын тэмцээн дуусаад албан ёсны тэмцээн болоход би очиж үзэхээр доод хэсэг рүү явсан. Тэгээд тэмцээн үзээд байж байтал хүмүүс машин уначихлаа гээд гүйлдээд байсан. Би “юу болсон юм бол” гээд явж байтал хажуугаар хүүхэд тэвэрсэн залуу өнгөрөөд явсан. Тэгтэл манай эхнэр гар нь хугарсан байдалтай уйлаад намайг хайж ирсэн. Намайг “яасан бэ” гэхэд “хүү чинь” гээд уйлаад байсан. Тэгтэл тэр хүүхэд тэврээд явсан залуу нь манай хүүхдийг тэврээд явж байсан байна лээ. Түүнээс хойш төлөгдсөн мөнгө нь оношлогоо эмчилгээнд зарцуулагдсан. Нийт 2.100.000 төгрөг төлөгдсөн байгаа. Одоогийн байдлаар Ш.Нарансолонго 12.136.000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний ажилгүй байсны мөнгө 549.560 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Энэ ослоос болоод манай хүүхэд айж цочдог, салагнадаг болсон. Мөн хамрын гамриттай болсон тул цаашид гарах зардлыг нэхэмжлэнэ ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Нарансолонгын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд болсон машины уралдаан үзэхээр нөхөр хүүхдийнхээ хамт тэнд очсон юм. ... Билэгтхүүг хөтлөөд явж байтал 18 цагийн үед гэнэт машин хүрч ирээд л хүүг маань мөргөөд машин доороо хийчихсэн, тэр үед би жолоочийн талаар тойроод машин доогуур харахад хүү маань доошоо харчихсан байдалтай толгой хэсэг нь машины ар хэсэг рүү харсан байдалтай, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би хүүгээ авах гээд баруун гараа сунгаад машин доогуур оруултал машин арагшаагаа ухраад баруун гарын сарвуу хэсгээр дайрсан, тэр үед тэнд байсан хүмүүс машиныг өргөөд би хүүгээ татаад асван юм. Би гомдолтой байна, буруутай этгээдээр хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би өөрөө хувиараа оёдол, эсгүүр хийж орлого олдог, мөн түрээс төлж ажлаа явуулдаг, уг асуудлаас болоод ажлаа хийж чадахгүй болсон учраас хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон машины уралдаан үзэхээр эхнэр, хүүхдийнхээ хамт тэнд очсон юм. Тэгээд эхнэртээ “өөр юм үзчихээд ирье” гээд явсан юм. Тэгтэл тэнд байсан машины зогсоол хавьцаа байсан хүмүүс “машин уначихлаа, эмч дуудаарай” энэ тэр гээд байхаар нь юу болсоныг харахаар тэр зүг рүү явж байтал миний өөдөөс хүүхэд тэвэрсэн хүн гүйгээд өнгөрсөн, тэгтэл араас нь манай эхнэр уйлаад гүйж ирээд намайг дуудаад түргэний машинд хамт суусан, тэгээд юу болсон талаар асуухад “хүүг маань машин дайрчихсан” гэж хэлсэн. ... Эхнэр Ш.Нарансолонгын баруун гарын сарвуу хэсгээр машинд дайруулснаас болоод сарвууны яс нь хугарсан, өөр гэмтэл байхгүй. Хүү О.Билэгтхүүгийн маань толгойд олон тооны шалбарсан, хамранд нь цус хурсан гэмтэл учирсан, өөр ил харагдах гэмтэл юм бол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Ирээдүйн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... Э.Бямбажавыг “машинаас ундаа аваад ир” гээд машины түлхүүрээ өгөөд явуулсан, тэгээд тэмцээн үзээд байж байтал машин зогссон зогсоолын тэнд хүмүүс шуугилдаад явчихсан, тэгээд эргээд хартал миний машин туузны дотор талд орчихсон хүмүүс машиныг тойроод цохиод өшиглөөд “хүн дайрчихлаа” гээд орилолдоод байсан. Тэр үед машины урд байсан хүүхэд машин доор дайрагдаад орж байгаа нь харагдсан, тэгэхээр нь Золбоо бид хоёр гүйгээд очтол миний машиныг Э.Бямбажав нь барьчихсан, машин доор нь хүүхэд орчихсон байсан. Тэгээд хүмүүс машиныг маань зүүн талаас нь өргөөд баруун талаар газар унагаад нэг залуу тэр хүүхдийг аваад гүйсэн. ... 42-29 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Золбоогийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... тэмцээн үзээд байж байхад Э.Бямбажавт Б.Ирээдүй ах түлхүүр өгөөд “ундаа аваад ир” гээд явуулсан, тэгээд удалгүй хүмүүс шуугилдаад явчихсан, хартал Э.Бямбажав Б.Ирээдүй ахын машиныг хөдөлгөөд машин доор нь хүүхэд орчихсон, тэгээд бид хоёр гүйгээд очтол тэнд байсан хүмүүс машин доороос хүүхдийг авчихсан байсан. Э.Бямбажав машины руль дээр суучихсан машин асаалттай байсан, цагдаа ирээд машиныг унтраагаад түлхүүрийг нь авсан. Э.Бямбажав тэнд пиво зараад явж байсан хүнээс пиво авч уусан айхтар согтохоор уугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/198 тоот:

1. Ш.Нарансолонгын биед баруун сарвууны 4, 5-р хурууны 4-р шивнүүрийн далд хугарал, баруун сарвуу, баруун шуунд шарх

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/199 тоот:

1. О.Билэгтхүүгийн биед нүүрэнд зулгаралт, нүүр, баруун чихний сувагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/,

Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Дэмчигийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №09 тоот:

1. “Ниссан тида” маркийн 42-29 УНЛ улсын дугаартай, автомашиныг жолоодсон Энхбаялаг овогтой Бямбажав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 2.2 “Жолоочийн үүрэг, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;

мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. ... Явган зорчигч Ш.Нарансолонго, О.Билэгтхүү  нар нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.   

2. Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь: “Ниссан тида” маркийн 42-29 УНЛ улсын дугаартай автомашиныг жолоодсон Энхбаялаг овогтой Бямбажав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна.

3. Дүгнэлт гаргах явцад шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №2231 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ниссан тида” 42-29 УНЛ улсын дугаартай автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй, явах эд анги, жолооны механизм ажиллаж байна. Тоормосны механизмын ажиллагааг шалгахад урд тэнхлэгний дугуйнаас тоормосны мөр үүсэж байна. Хойд тэнхлэгний дугуйнаас тоормосны мөр үүсэхгүй байна. Автомашины тоормосны хүч болон идэвхжилтийг тодорхойлох тусгай багаж байхгүй тул тогтоох боломжгүй байна.

Автомашины 4-н дугуй нь M+S тэмдэглэлтэй 4 улиралд хэрэглэж болох дугуй байна. Монгол Улсын MNS4598:2011 стандартын 5.14.3-т зааснаар суудлын автомашины дугуйн хээний гүн 1.6 мм-ээс багагүй байх гэсэн заалтын дагуу зүүн хойд талын дугуйн хээний гүн 1.4 мм хэмжээтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй дугуй байна. Бусад дугуйнуудын хээний гүн дунджаар 2.5 мм хэмжээнээс их хэмжээтэй байгаа нь хээний хувьд стандартад нийцэж байна.

2. Автомашины урд салхины шил хагарсан, урд бамбайн зүүн булан ангайсан, баруун урд талын толины хавтсан гэр хагарсан, баруун урд талын далбаа, баруун урд талын хаалга, зүүн хойд талын хаалга хонхойсон, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, зүүн талын толины хавтсан гэр зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь автомашиныг хөдөлж явахад нөлөөлөхгүй, ослын үед үүссэн байх боломжтой тул осолд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-62 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Бямбажавын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... жолооч Б.Ирээдүй “машинаас ундаа аваад ир” гээд надад машиныхаа түлхүүрийг өгсөн, тэгээд машин руу нь явж очоод жолоочийн суудал дээр суугаад жоохон урагшлуулчихмаар санагдаад түлхүүрээр нь асаагаад араанд нь хийгээд жоохон урагшилтал машины урдуур хүүхэд хөтөлсөн эгч ороод ирсэн, тэгээд айж хүүхэдтэй эгчийг мөргөсөн. ... Би хүн гарч ирсэний дараа тоормосоо гишгэсэн, гэхдээ хаазтайгаа хамт гишгэчихсэн юм. ... Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохиргчийн хохирол болох эмчилгээний зардлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 75-76 дугаар тал/,

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-18 дугаар тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 840.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 965.600” гэсэн хавсралт /хх-ийн 20 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

Б.Ирээдүйн өмчлөлийн 42-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан тида” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 23 дугаар тал/,

            Э.Бямбажавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/,

            Э.Бямбажавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/,

            Э.Бямбажавын хувийн байдлыг тогтоосон баримтуууд /хх-ийн 80-94 дүгээр тал/,

         Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /0.73 хувь/, согтуурлын зэрэг шалгасан                    тухай тэмдэглэл /хх-95-96 дугаар тал/,

          Э.Бямбажав нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/,

         Иргэний нэхэмжлэгч Б.Ирээдүйнд учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтууд /хх-ийн 98-103 дугаар тал/,

            Хохирогч Ш.Нарансолонгын эмчилгээний зардал төлсөн баримтууд /хх-ийн 104-109 дүгээр тал/,

         Насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн эмчилгээний зардал төлсөн баримтууд /хх-ийн 110-112 дугаар тал/,

Шүүхийн шатанд хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүү нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 199-233 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Бямбажавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Бямбажав нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Нарансолонгын эмчилгээний зардалд 1.675.000 (хх-ийн 105-109) төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн эмчилгээний зардалд 560.000 (хх-ийн 111-112) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ирээдүйн тээврийн хэрэгслийн хохиролд 965.000 (хх-ийн 99-100) төгрөг тус тус төлсөн зэргийг харгалзан түүнд ял оногдуулж,

шүүгдэгч Э.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү нар цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01079540 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хар өнгийн түлхүүр 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Ирээдүйд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү нараас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримттай давхцуулахгүйгээр шүүхийн шатанд нийт 12.136.944 төгрөгийн (хх-ийн 199-233) эмчилгээ болон бусад зардлын баримт гаргаж өгснөөс нотлох баримтын шаардлага хангасан өмгөөлөгчийн хөлс 600.000 (хх-ийн 207) төгрөг, Ш.Нарансолонго, О.Билэгтхүү нарын эмийн болон эмчилгээний зардлын 823.944 (хх-ийн 208-212) төгрөг, нийт 1.423.944 төгрөгийг шүүгдэгчээс гаруулж, нотлох баримтын шаардлага хангаагүй бусад зардлыг хангахгүй орхисон болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Манжаа Агва овогт Энхбаялагийн Бямбажавыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Энхбаялагийн Бямбажавд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Бямбажавд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бямбажаваас 1.423.944 (нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү нарт олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01079540 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хар өнгийн түлхүүр 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Ирээдүйд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Э.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ш.Нарансолонго, насанд хүрээгүй хохирогч О.Билэгтхүүгийн хууль ёсны төлөөлөгч Э.Очирхүү нар цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Бямбажавд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Э.Бямбажавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бямбажавд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ