Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

 

 

 

    2022          12            22                                         2023/ДШМ/10

  

З.Ү-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч З.Ү, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Б.Лхагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ү, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Б.Лхагвадорж, Л.Батжаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн З.Ү-д холбогдох эрүүгийн 2204000460064 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн З-ийн Ү, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..................... төрсөн, .. настай, э..эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .......................... нарын хамт ....................... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........................../.

Шүүгдэгч З.Ү нь 2022 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, За1луус хэсгийн 32 дугаар бранк байрны 2 тоот гэртээ бага насны буюу 12 нас 11 сартай  мшу”Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, хөхийг нь барих, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн 2021 оны 10 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй 14 нас 5 сартай Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: З.Ү-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч З.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ү-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Ү-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ү нь насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн эмчилгээний зардалд 720.000 төгрөг төлснийг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “IROJAN STORY” гэсэн бичиглэлтэй, 14 см урттай, ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсарган үлдээж, З.Ү-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Ү-гийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Багануур дүүргийн прокурорын газраас З.Ү-г 2020 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 32 дугаар бранк байрны 2 тоот гэртээ бага насны буюу 12 нас 11 сартай, Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, хөхийг нь барих, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн 2021 оны 10 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хамраал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй 14 нас 5 сартай Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч З.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар;

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ү-г 2020 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 32 дугаар бранк байрны 2 тоотод орших гэртээ бага насны буюу 12 нас 11 сартай, Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, хөхийг нь барих, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.

Хавтаст хэрэгт дээрх үйлдлийн талаар зөвхөн насанд хүрээгүй хохирогч Д.Д л мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг заасан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин анхан шатны шүүх дээрх үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ насанд хүрээгүй хохирогч Д.Д, гэрч Г.Х, Д.А, Б.А, насанд хүрээгүй гэрч Б.М, Ж.М, Б.Н нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэжээ.

Гэрч Г.Х, Д.А нарын мэдүүлэгт насанд хүрээгүй хохирогч нэг удаа хүчиндүүлсэн талаар мэдүүлсэн, гэрч Б.Аийн мэдүүлэгт 2020 онд насанд хүрээгүй хохирогч Д.Д нь сэтгэл санааны байдал тогтвортой ямар нэг хэвийн бус зүйл ажиглагдаагүй талаа тус тус мэдүүлсэн байдаг.

Харин насанд хүрээгүй гэрч Б.М, Ж.М, Б.Н нарын мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчиж авагдсан бөгөөд нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Пунцагноров нь Дэмчигсүрэн овогтой Анхцэцэгийг гэрчээр байцаасан. /1 хх 67/,

Мөн мөрдөгч Ж.Пунцагноров 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй Б.М, Ж.М, Б.Н нарыг тус тус гэрчээр байцаасан тэмдэглэл /1 хх 71, 75-76, 78 талд/ тус тус авагджээ.

Дээрх байдлуудаас үзэхэд, мөрдөгч нь цаг хугацааны хувьд анги удирдсан багш Д.Аийг эхэлж гэрчээр байцаасан бөгөөд дараа нь насанд хүрээгүй нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авсан байх ба ингэхдээ хууль ёсны төлөөлөгчөөр тэдгээр насанд хүрээгүй гэрч нарын анги удирдсан багш Д.Аийг оролцуулсан.

Гэтэл Д овогтой А-ийг насанд хүрээгүй нэр бүхий гэрч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгч, прокурорын тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн мөрдөгч Ж.Пунцагноров 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч Б.М, Ж.М, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Нандин- Эрдэнэ нарыг дахин гэрчээр байцаасан тэмдэглэл /1 хх 74, 77, 80 талд/ тус тус авагджээ.

Насанд хүрээгүй гэрч нарыг дахин байцаасан мэдүүлгүүдээс үзэхэд, өмнө хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон анги удирдсан багш Д.А нь сурган хүмүүжүүлэгчээр оролцуулсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч, гэрч нарт эрх үүрэг тайлбарласан мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нар нь тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн этгээд байх учиртай. Гэтэл анги удирдсан багш Д.А нь хэргийн талаар мэдүүлэг өгсөн, тэр бүү хэл хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн, хэргийн талаар лавтай сайн мэдэх этгээдийг насанд хүрээгүй гэрч нарын хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгчээр оролцуулж хууль зөрчиж авсан насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчиж авагдсан дээрх насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх эс хангаж шийдвэрлэсэн болно.

Насанд хүрээгүй хохирогч Д.Д нь дээрх анхны үйлдэл болсон гэх цаг хугацаа буюу 2020 оны 4 дүгээр сард өөрийн төрсөн эх Б.Аийн ахын хүүхэд болох Хангайбазар гэх хүнд хүчиндүүлсэн талаарх мэдүүлдэг хэрэгт авагдсан бөгөөд тэрээр Хангайбазарт хүчиндүүлсэн үйлдлээ шүүгдэгч З.Ү-г хүчиндсэн мэтээр мэдүүлж байна гэж хардах үндэслэлтэй.

Учир нь, насанд хүрээгүй хохирогч анх сургуулийн нийгмийн ажилтан Г.Х, анги удирдсан багш Г.Анхцэцэг нарт “ах Ү нэг удаа намайг хүчирхийлсэн” гэж хэлж байсан хүүхэд, яагаад нэг биш хоёр удаа хүчирхийлсэн гэж мэдүүлэх болов гэдэг нь эргэлзээтэй, дээрх байдал шүүгдэгч З.Ү нь хойд эх Б.Атэй хувийн таарамжгүй харилцаатай бөгөөд Б.Аийн зүгээс насанд хүрээгүй хохирогч Д.Дт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх зөвхөн насанд хүрээгүй хохирогчийн илт зөрүүтэй мэдүүлгээр шүүгдэгч З.Ү-г 2020 оны 4 дүгээр сард түүнийг хүчиндсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...”, мөн хуулийн 1.3 дахь заалтад “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг...” заахаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй гэрч З.Б2021 оны 10 дугаар сарын үйлдлийн талаар тодорхой мэдүүлдэг.

Учир нь, “2021 оны 10 дугаар сарын сүүлээр гэртээ унтахаар орондоо утсаар тоглоод хэвтэж байхад шөнө Үүрээ ах орж ирээд миний хажуугаар орж хэвтсэн. Удалгүй Д миний дээгүүр давж ахын дээр гарж суугаад сонин дуугарч байгаад буусан. ...бэлгийн харьцаанд орсон гэж ойлгож байна” гэх байдлаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг зааж, мөн З.Ү мэдүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч З.Ү болон насанд хүрээгүй гэрч З.Батзориг, насанд хүрээгүй хохирогч Д.Д нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж авсан атлаа, насанд хүрээгүй гэрч З.Бболон З.Ү нарын мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлуудыг нэтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Ү-гийн 2020 оны 4 дүгээр сард болсон гэх үйлдэл эргэлзээ бүхий байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10 дугаар сарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч З.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний бие Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өөрийн хойд эх Алтанхишигийн дагавар охин болох Д.Д-ийг бага насны хүүхэд байхад нь мөн 14 насанд хүрсний дараа хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх эрүүгийн 2204000460064 дугаартай хэрэгт шалгагдан 6 жилийн хорих ял шийтгүүлсэн юм. Хохирогч Д.Д нь манай аав Зоригоотой сүүлд суусан хойд ээж Алтанхишигийн дагавар охин бөгөөд манайд цуг амьдардаг байсан юм. Амьдрах хугацаанд бидэнтэй дотно байсан бөгөөд анх надад их талтай сайн байдаг байсан, би ч түүнийг төрсөн дүү шигээ хайрладаг байсан. Би 2020 оны 10 дугаар сард цэрэгт яваад 2021 ны 10 дугаар сарын 15-нд халагдаж гэртээ ирсэн. Би Д.Д-ийг огт хүчиндээгүй, ийм гэмт хэрэг ерөөсөө үйлдээгүй гэдгээ чин үнэнээсээ тангараглаж байна. Намайг ийм хэрэг хийсэн гэж анх Д.Д-ийн ангийн багш нь цагдаад гомдол гаргасан байсан. Тухайн үед буюу би 2020 оны 4 дүгээр сард гэртээ байсан нь бол үнэн. Миний бие энэ хугацаанд Д.Д-ийг огт хүчиндээгүй, оролдож гар хүрсэн зүйл байхгүй, нэг оронд унтаагүй, хувцсыг нь тайлаагүй, түүнд ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй байхад намайг энэ үед гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй, зөвхөн хохирогч Д.Д намайг гүтгэж өгсөн мэдүүлгээр яллаж шийтгэсэнд гомдолтой байна. Харин ч тэр үед нь түүний хамаатан гэх Хангайбазарт өвөөгийнхөө гэрт байхдаа хүчиндүүлсэн гэж ярьж байсан тул би тэдний бас нэг хамаатан Б-ийн ээж болон Б-ийн хамт Хангайбазарынд очиж гараараа хөмсөгийг цохиж сэтэлсэн нь үнэн. Үүний дараа 2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод байсан бөгөөд хотод байхдаа гэр рүүгээ бол огт ирээгүй, дүү охин Д.Дтэй бүр уулзаа ч үгүй байдаг. Гэтэл мөн л намайг энэ хугацаанд хохирогчийг хүчиндсэн мэтээр худал мэдүүлэгт үндэслэж прокуророос ялласан байдагт маш их харамсаж байна.

Түүний дараа цэрэгт яваад ирсний дараа буюу 2021 оны 11 дүгээр сард бас хохирогчийг хүчиндсэн гэсэн нь бас л худлаа зүйл юм. Би ийм хэрэг төвөгт огт орж байгаагүй, хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан манай өмгөөлөгч Л.Батжаргал болон мөрдөгч Пунцагноров нар нь чи 2020 оны үйлдлийг нь үгүйсгээд 2021 онд бэлгийн харьцаанд хүч хэрэглэлгүй орсон гэж бич гээд яллагдагчаар татсан тогтоол танилцуулах үед надад үг, үсэг бүрийг зааж бичүүлсэн байдаг. Миний бие тэр үед өөрийн өмгөөлөгчдөө итгээд намайг ял шийтгэлгүй гаргана, баттай, чи санаа зоволтгүй гэж хэлээд ар гэрээс маань 7.000.000 төгрөг авсан байсан. Одоо бодоход намайг хэрэг хийгээгүй байхад хийсэн гэж ойлгуулж бичүүлсэн байгаад үнэхээр харамсаж гомдож байна. Мөн тэр өмгөөлөгч надад шүүх хурлын дараа чи энэ хэрэгт давж заалдах юм бол ял чинь хүндэрнэ гэж хэлээд битгий давж заалдаарай гэж хэлж захиж байсан юм. Би хэрэг хийгээгүй байж ийм хэрэгт яллагдсандаа туйлын гомдолтой байна. Мөн саяхан уулзалтаар ар гэрийнхэн ирэхэд тэр хохирогч Д.Днь намайг худлаа гүтгэсэн, намайг өөр охинтой үерхэж найзаллаа гэж хардсан, уурласандаа ийм болчимгүй үйлдэл гаргаж багшдаа энэ тухай буруу ойлголт төрүүлж чатласан, тэмдэглэлдээ ч бас шууд намайг хүчиндсэн гэж бичээгүй байхад хүчиндсэн гэж худлаа мэдүүлэг өгч намайг гүтгэсэн гэдгээ аав Зоригоод өөрөө хэлсэн, бас бичиж өгсөн байхад намайг энд буруутган ялласанд гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж тогтоон намайг буруутгасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгон миний гэм буруугүйг баталж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Ү-гийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар дээрх шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Өмгөөлөгч С.Чинзориг миний бие, өөрийн үйлчлүүлэгч шүүгдэгч З.Үтой 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих төвд очиж биечлэн уулзаж, гэрээ байгуулсаны дараа хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж, үүний дараа З.Үтой ахин уулзаж, хэргийн талаар болон яллагдагчаар татагдсан үндэслэл, түүний гаргасан тайлбар зэргийг тодруулахад шийтгэх тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан байх бөгөөд дараах ноцтой зөрчил илэрсэн байна гэж үзэхээр байна.

Учир нь, З.Ү-г 1. Яллагдагчаар татсан прокурорын тогтоол танилцуулах үед түүний өмгөөлөгч Л.Батжаргал, мөрдөгч Ж.Пунцагноров нар нь байлцсан гэх бөгөөд энэ үедээ уг тогтоолын төгсгөл хэсэгт нэмэлтээр /1 хх 174/ “прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, 2020 оны 8 сард тогтоолд бичсэн шиг зүйл огт болоогүй, нэг удаа бэлгийн харилцаанд орсон тохиолдол байгаа, тэр нь 2021 оны 11 дүгээр сард болсон. Тиймээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ү гэж бичихийг өмгөөлөгч нь нэг бүрчлэн хэлж бичүүлсэн байгаа нь яллагдагч З.Ү-г хийгээгүй хэргийг нь хийсэн мэтээр ойлгуулж, хэрэв ингэж бичвэл шүүх дээр баталгаатай зүйлчлэл өөрчлөгдөж чи тэнсэнтэй гарна гэж итгүүлэн, өөрөө өөрийнх нь эсрэг мэдүүлэг, тайлбар өгүүлсэн байна гэж үзэж байна. Энэ талаар мөн гэрч Зоригоо буюу З.Ү-гийн аавд хэлсэн байх бөгөөд тэдгээр оролцогч нар уг өмгөөлөгч Л.Батжаргал, мөрдөгч Ж.Пунцагноров нарын зүй бус, хууль зөрчсөн ажиллагааны талаар зохих байгууллагад нь гомдол гаргасан байна. Иймд энэхүү яллагдагчаар татсан тогтоолд гараар бичигдсэн З.Ү-гийн тайлбар нь илтэд худал, зохиомол шинжтэй, өмгөөлөгч, мөрдөгч нарын шаардсанаар бичигдсэн байх магадлалтай тул энэ асуудлыг үнэн зөвийг олж тогтоох хүртэл хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй юм.

2. Үүнээс гадна уг хэргийн насанд хүрээгүй хохирогч гэх Д.Д нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гараар бичсэн өргөдөлдөө өөрийн хойд аавынхаа хүү З.Ү-д хайртай байсан, хүчиндүүлсэн талаар урьд өгсөн мэдүүлгүүд нь худлаа, өөр бусад шалтгааны улмаас гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаа шударгаар хүлээн зөвшөөрч бичсэн байх тул хэргийн бодит байдал нь туйлын эргэлзээтэй болж байна. Хэдийгээр хохирогч энэ талаар шүүх хурадлаанд хэлэх боломж байсан хэдий ч хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон ажилтан Цэрэнбадам нь өөрийнх нь өмнөөс болсон бодит явдлаас өөрөөр нөхцөл байдлыг тайлбарлан хохирогчоор үг хэлүүлэх боломжийг нь хаасан байж болзошгүй байна.

3. Насанд хрээгүй хохирогч Д.Д нь 2020 оны 4 дүгээ сар, 8 дугаар сард З.Ү-д хүчиндүүлсэн гэх боловч З.Ү нь 2020 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод сурч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн 2020 оны 4 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Д.Д нь өөрийн хамаатны хүүхэд гэх Хангайбазарт өвөөгийндөө байхдаа хүчиндүүлсэн талаараа мэдүүлсэн. Энэ талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй, шаардлагатай гэрч болох Бадамцэцэг, түүний ээж нараас тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлэг аваагүй байхад Хангайбазарт хүчиндүүлсэн гэх үйлдлийг З.Ү болгож тайлбарлан бодит байдлыг мөн гуйвуулсан, нуун дарагдуулж худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байна.  Учир нь, хавтаст хэрэг авагдсан насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд, тухайлбал, Батзориг нарын мэдүүлгүүд нь хохирогчийнхоос илтэд өөр байхад аль нэг мэдүүлгийг хүлээн аваагүй няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн түүнчилэн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон шийдвэр байхгүй байхад Д.Д-ийн анги удирдсан багш Д.Аээс мөн гэрчийн мэдүүлэг авсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Иймд нэгэнт хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаас хасаж, шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрж байгаа үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч З.Ү-гийн өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар:

Шүүхийн шийтгэх тогтоолд: “...Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн “Д 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр надтай фэйсбүүк чатаар харилцаж байхдаа Үүрээ ах намайг оролдож байсан гэж бичсэн” гэх мэдүүлгийг дүгнэхэд, 3.Үүрийн-олмонгийн цэргээс ирснээс хойшхи 2021 оны 10 дугаар сарын сүүл үеийн өмнөх үйлдлийн талаар насанд хүрээгүй хохирогч нь ангийн багшдаа хэлсэн нь нотлогдож байна...”, “...насанд хүрээгүй гэрч Э.Мөнхцэцэг, Б.М, Б.Н нарын “2020 оны хавар Дтэй хамт хичээлд явахдаа Залууст байдаг гэрт нь орход урьд шөнө Ү ах намайг оролцдож хүчиндсэн”... орой нь салхинд гарахдаа холбооны дэргэд зургаа авхуулсан...” ...мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна....” гэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлээ болгож буй дээрх гэрчийн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хохирогч Х.Дийн тэдэнд амаар тайлбарлаж байсан тайлбар байдаг. Гэвч хохирогч Х.Д нь З.Ү-д хайртай байсан бөгөөд З.Ү нь өөр хүнтэй үерхсэн тул хуурамч гомдол гаргаж, цагдаа болон шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэдгээ илэрхийлсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтууд бүгд няцаагдаж байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Батжаргалын гомдолд хэргийн талаар нөхцөл байдал нь хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дурдсан. Хохирогч Д.Д-ийн мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон. Хохирогчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй биш, болсон асуудлыг тодорхой ярьдаг. Цаг хугацааны хувьд насанд хүрээгүй хүүхэд учраас зарим нэг асуудалд андуурч, будилж байгаад дараа нь авхуулсан зураг гэх мэт баримтыг харж зөвтгөж мэдүүлсэн. Өмгөөлөгч Л.Батжаргал мөн З.Ү-гийн хойд эх буюу хохирогчийн эх Б.Аийн зүгээс хохирогчид нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийг үнэн, худал, буруу, зөрүү яриулсан гэж гомдолдоо дурдсан. Энэ нь эсрэгээрээ болж байгаа. Хэрэг шалгах явцад хохирогчийн ээж Б.А, хохирогчид удаа дараа янз бүрээр нөлөөлөх оролдлого шүүгдэгчийн гэр бүлээс гаргасан. Энэ талаарх нотлох баримт гэр бүлийн эрхийг хамгаалах байгууллагад байгаа. Энэ тухай шүүхэд байхгүй баримт ч гэсэн өмгөөлөгчийн зүгээс сайн мэдэж байгаа учраас хэлж байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч Л.Батжаргалд нөлөөлөх оролдлого хийж болохгүй шүү гэж хэлж байсан. Энэ талаар эсрэг утгатай зүйл бичсэн нь харамсалтай байна. Мөн хохирогч Д.Д-ийн өргөдөл гэх зүйлийг анхан шатны шүүхээс тодруулахад, шүүгдэгчийн аавын дүү билүү, эгч нь баталгаагүй хуулбар шүүхэд авчирч өгсөн байсан. Өөрөөр цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн баримтыг хэргээс хараагүй. Насанд хүрээгүй хохирогч надтай холбогдож өргөдөл бичсэн гэх үйл баримт болоогүй, шүүгдэгчид хайртай гэдэг асуудал надад яриагүй. Гомдол гарснаас хойш насанд хүрээгүй хохирогчтой холбогдож чадаагүй. Шалтгаан нь гэвэл эх нь З.Ү-гийн аавын гэрт амьдрах боломжгүй учраас хотод ирж амьдарч байгаа. Тэгээд  хохирогчийн утас нь холбогдохгүй байгаа тул миний зүгээс холбогдож чадахгүй байна. Гэхдээ шүүх хуралдаанд хохирогч болсон асуудлын талаар тодорхой, өөрөө маш ойлгомжтой мэдүүлж байсан. Мөн өөрийн тухайн үеийн мэдрэмжийг хангалттай илэрхийлж ярьсан. Өмгөөлөгчдийн гомдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хохирогчийн үгийг хэлүүлээгүй, үйл баримтыг өөрийнхөөрөө тайлбарласан гэж дурдсан. Энэ үндэслэлийг анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй өмгөөлөгч нар гомдолдоо дурдсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд юу болсон гэхээр хохирогч, хууль ёсны төлөөлөгчийн хамт тусгаарласан өрөөнд байсан. Дуу хоолойн хангалттай сонсогдохгүй байсан учраас танхимаас шүүгдэгчийг гаргаж, шүүх хуралдаанд оруулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч хоёрыг дунд нь би сууж байсан. Тухайн хэргийн болсон явдлын талаар хохирогч өөрийнхөө амаар хэлсэн болохоос, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд тайлбар өгсөн зүйл болоогүй. Хохиролд төлсөн 720.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардаж авсан гэдэг асуудал яригдсан. Яагаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардсан гэхээр тухайн үед шүүх хуралдааны өмнө нэхэмжилсэн 700.000 төгрөгийг шүүгдэгчийн ааваас хохирогчийн эхэд  өгчихсөн. Гэтэл эхээс нь шүүгдэгчийн эцэг буюу Зоригоо буцаагаад авчихсан. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, бид хоёр юу ярьсан гэхээр хохирлын мөнгө хохирогчийн сэтгэл зүйн эмчилгээний төлбөрт зарцуулагдах байсныг шүүгдэгчийн эцэг буцааж авсан асуудлыг хохирол төлөгдсөн гэж үзэхгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эцэгт нь хэлээд мөнгийг авсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эргээд надад мэдэгдэхдээ хохирогч хот руу шилжсэн учраас мөнгийг сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх байгууллагад шилжүүлсэн гэж тайлбарласан. Насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийн тухайд процессын хууль зөрчсөн асуудал байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд З.Ү-гийн нэр заавал байх албагүй. Хангайбазартай холбогдох асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “цагдаагаас Хангайбазарт холбогдох асуудлыг шалгаад  хэрэг биш гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхгүй хаасан” гэдэг тайлбарыг мэдүүлсэн. Бэлгийн харьцаанд орсон уу эсхүл ороогүй гэдэг талаар байр суурь нь зөрүүтэй гэж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогчтой нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэдгээ ойлгогдохоор хангалттай илэрхийлсэн. Д.Д-ийн өргөдөл болон бусад асуудлыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас надад ямар нэгэн байдлаар нотлох баримт үзүүлээгүй, мэдэгдээгүй, хараагүй, үүнийг үндэслэлтэй гэж үзэхгүй байна.  Хэрэг шалгах ажиллагаа процессын хуулийг зөрчөөгүй. Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамт 2022 оны 02 дугаар сарын 21, 3 дугаар сарын 14-ний өдөр, 4 дүгээр сарын 22-ны өдөр, 6 дугаар сарын 07-ны өдөр нийт 4 удаагийн мэдүүлэг авсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд болсон асуудлын талаар мэдүүлдэг. Насанд хүрээгүй хохирогчоос өгсөн 5 удаагийн 2022 оны 4 дүгээр сар, 10 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ ямар ч эргэлзээгүй, тогтвортой мэдүүлсэн. Болсон асуудлын талаар найз нартаа хэлсэн болох нь насанд хүрээгүй гэрч Мөнхцэцэг, Мөнгөнсор, Нандин-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог. Насанд хүрээгүй хохирогчоос 2022 оны 4 дүгээр сард болсон хэргийн талаар зохиож ярьсан, худлаа мэдүүлэг өгсөн талаар өргөдөл гаргасан гэж ярьж байна. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол, мэдээллээр шалгагдаж байгаа ийм асуудал байхгүй. Насанд хүрээгүй  хохирогч нь шүүгдэгчийн аав Зоригоотой нэг гэрт амьдардаг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байгаа. Хохирогчийн сэтгэл зүйн хувьд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Насанд хүрээгүй гэрч нараас тухайн болсон үйл баримтыг бэхжүүлж байгаа асуудал нь мэдүүлэг авахдаа ангийн багш Анхцэцэгийг оролцуулж мэдүүлэг авсан. Хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Хангайбазарт хүчиндүүлсэн гэдэг асуудлын талаар насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн мэдүүлэгт дурдагдаад 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд “хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбаа, бүрэн гүйцэд, бодитой байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч З.Ү нь 2022 оны 4 дүгээр сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 32 дугаар бранк байрны 2 тоот гэртээ бага насны буюу 12 нас 11 сартай Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, хөхийг нь барих, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

мөн 2021 оны 10 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй 14 нас 5 сартай Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн “...2020 оны 4 дүгээр сард Залуус хэсэгт амьдардаг байхад Ү ах эхний удаа хүчирхийлсэн. Дараа нь 2021 оны 10 сард билүү 11 сард цэргээс ирснийхээ дараа 23 дугаар байрны 5 тоотод Ү ах дахин намайг хүчирхийлсэн...” /1 хх 54-55, 57-58, 60/,

гэрч Г.Х-гийн “...Би Дийг хүчиндүүлсэн талаар ангийнх нь багшаас сонссон. Д 1 удаа бэлгийн харьцаанд орж хүч хэрэглсэн талаар хэлсэн...” /1 хх 65/,

гэрч  Д.Аийн “...Д-тэй ярилцаж үзтэл хойд ах Ү надтай хүчээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэж ярьсан. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүк чатаар Үүрээ ах намайг хэд хэдэн удаа оролдож байсан гэж бичиж байсан...” /1 хх 67-69/,

насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Д надад хэлэхдээ, 2020 онд бранкад байхад манай ах Ү намайг оролдож байсан гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сард зугаалганд явж ирсний дараа Д надад ярихдаа “урьд өмнө Ү ах намайг оролдож байсан” гэж ярьсан. 2021 оны намар Д бид хоёр сургууль руу явж байх замдаа “хөхийг минь базсан” гэж ярьж байсан...” /1 хх 71, 74/,

насанд хүрээгүй гэрч Ж.М-ийн “...2020 оны хавар би найз Дийн хамт хичээлдээ явахаар тэдний гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт ороход “урд шөнө намайг газар хэвтэж байхад Ү ах хөнжилд орж ирээд надтай унтчихлаа гэж хэлээд сэтгэл санаагаар унасан байдалтай байсан. ... 2021 оны намар ... Тэр үйл явдлаас хойш удалгүй 95 дугаар сургуулийн зааланд Д бид хоёр тоглох гээд хувцасаа сольж байхад “Ү ах намайг ажил хийж байгаад ядраад 00 цагийн үед гэрт орж ирээд ядарсан унтаж байгаад нэг сэртэл миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийсэн байсан” гэж ярьж байсан...” /1 хх 75-77/,

насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн “...Манай найз Д 2020 онд Мөнхцэцэг рүү утсаар залгаад “уйлаад байсан” гэсэн. Тэр үйл явдал болсноос хойш 1 сарын дараа Мөнхцэцэг, Д бид нар гэрээсээ зөвшөөрөл аваад манай гэрт хоносон юм. Тэр үед Д “найзуудаа би та хоёрт нэг том нууц яръя, ярихгүй бол болохоор хэцүү байна” гээд “хойд ах Ү нь аав, ээжийг унтсаны дараа миний дээр гарч хэвтээд цээж рүү гараа хийгээд надтай унтсан. Би одоо жирэмсэн болсон бол яанаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс “нээрээ юм уу андаа” гэхэд хажууд сууж байсан Мөнхцэцэг толгой дохиж байсан. Дийн 23 дугаар байранд байрлах гэрт нь ороод жижиг өрөөнд нь цүнхээ тавих гээд зогсож байхад манай найз Д улаан шорттой, яагаан тавчигтай том өрөө рүүгээ орох гээд явж байхад нь Ү манай найзын бөгс рүү гараараа 1 удаа цохиж байсан. ...” /1 хх 78-80/,

гэрч Б.А-ийн “...Ү цэргээс ирээд удаагүй байхад нэг өглөө Д босч ирэхдээ их тогтворгүй ааш зан гаргаж уйлсан юм шиг нүд нь хавдсан байдалтай байсан. Тухайн өдрөөс хойш Ү, Д хоёр хоорондоо муудалцаад таарамж муутай байдаг болсон. Би охиндоо юм хэлээд тогтворгүй уурлаад байхаар нь нэг удаа загнатал “та тэгвэл ээж шиг байж чадсан юм уу?” гэж хэлж байсан. Бас охин өмдтэйгээ унтдаг болсныг анзаарсан...” /1 хх 82/,

гэрч Б.Т-гийн “...Д бид хоёр үерхэж байхад Д надад “Ү гээд хойд эцгийх нь хүүхэд оролдоод хүчиндсэн юм яриад байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 96-97/,

насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн насыг тоолсон тэмдэглэл /1 хх 16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 40-41/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1 хх 8-9/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /1 хх 10-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Ү-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч З.Ү-г бага насны хохирогч З.Дтэй бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг...” үйлдсэн буюу хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч З.Ү-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5,  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Ү-гийн оюун ухааны хөгжил нь насны түвшингээсээ 2-3 насаар хоцорсон гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн З.Ү-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ү-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сард Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй 14 нас 5 сартай Д.Д-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан, өмдийг нь хүчээр тайлах зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Ү-гийн үйлдсэн дээрх хоёр гэмт хэрэг хохирогчийн насны байдлаас шалтгаалан хоёр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тусдаа хангасан байх ба бие даасан гэмт хэргүүд байхад анхан шатны шүүхээс үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан, мөн Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Ү-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг нэгтгэлгүйгээр зөвхөн нэг зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь  үндэслэлгүй байна.

Гэвч 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн хууль хэрэглээтэй холбоотой асуудлыг засах боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр  буцаах боломжгүй байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ү, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Б.Лхагвадорж, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч З.Ү-гийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нийт 65 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ү, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Б.Лхагвадорж, Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ү-гийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

 

                  ЕРӨНХИЙ                    

                        ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ