Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М*******” ХХК, 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Хариуцагч: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б нарын хоорондын “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Иргэн Ж.Дгоос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт “миний мэдээллийг ашиглаж эм аваад байна, энэ эм юунд хэрэглэдэг, ямар эм болохыг тогтоож өгнө үү” гэх гомдол, мэдээлэл гаргасан байна.

1.2. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

1.3. “М*******” ХХК-иас Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гт холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу шилжин ирсэн “Ирсэн О.Д, Х.Х, Ж.Д нараас миний мэдээллийг ашиглаж эм аваад байна. Энэ эм юунд хэрэглэдэг ямар эм болохыг тогтоож өгнө үү” гэсэн гомдолд “М” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Дотоод хяналтын журам мөрдөөгүй” гэх үндэслэлээр 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд дараах үндэслэлээр тус шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

1. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу шилжин ирсэн “Ирсэн О.Д, Х.Х, Ж.Д нараас миний мэдээллийг ашиглаж эм аваад байна. Энэ эм юунд хэрэглэдэг ямар эм болохыг тогтоож өгнө үү” гэсэн гомдлыг шалгаж манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар “Дотоод хяналтын журам мөрдөөгүй” гэх үндэслэлээр 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-ийн 1.2 дахь хэсэгт “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэж байна. Харин Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г “М” ХХК-ийн үйлдсэн “дотоод хяналтын журам мөрдөөгүй” гэсэн нь Зөрчлийн тухай хуульд байхгүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1-ийн 1.2 дахь хэсэгт “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэдэг заалт нь “Төрийн Хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан дагуу Засгийн газрын баталсан 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаартай Нийтлэг журам батлах тухай /ААНБ-ын Дотоод хяналт шалгалт/ тогтоолд зааснаар байгууллагын дотоод хяналт шалгалтын журам батлаагүй, тогтоож мөрдүүлээгүй эс үйлдэхүй байхаар байна. Гэтэл манай компани Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ны А/302 тушаалаар баталсан “Дотоод аудитын журам” батлан мөрдөж ажилладаг ба эмийн сангийн хувьд жил, улирлаар “Дотоод хяналтын төлөвлөгөө” гаргаж жил улирлаар нь тухайн төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлээ дүгнэн сайжруулж ажилладаг тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 1.2-т заасан зөрчил биш байна. Иймээс хариуцагч улсын байцаагч нь үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

3. Эмийн сан нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/4******* дугаар тушаалаар батлагдсан “Цахим эмийн жор бичих, олгох заавар”-ыг мөрдөн ажилладаг. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.3-т “Эмч цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна” гэж заасан. Энэ нь зөвхөн эмч иргэний хурууны хээг таниулан цахим жор бичнэ гэсэн үг юм. Жор бичсэн эмч журамд зааснаар дахин давтагдашгүй дугаар бүхий кодтой жор олгодог ба эмийн сан тус дахин давтагдашгүй дугаар бүхий кодтой жорд бичигдсэн эмийг олгож үйлчилдэг. Ингэхдээ тус зааврын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Эмийн сангийн жор баригч иргэний амбулаториор үйлчлүүлэгчдийн карт дахь хяналтын дугаар эсвэл регистрийн дугаарыг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган баталгаажуулж эмийг олгоно”, 8.4 дэх хэсэгт “Үзлэг хийлгэж жор бичүүлсэн иргэн өөрөө ирээгүй тохиолдолд иргэний үнэмлэхийг үндэслэн жорыг олгож болно” гэж заасны дагуу бид иргэний иргэний үнэмлэхийг үндэслэн регистрийн дугаарыг тулган баталгаажуулж эмийг олгодог. Тус журамд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхтэй холбоотой харилцааг Дотоод хяналт шалгалтын журамд оруулна, нарийвчлан зохицуулна гэсэн заалт байхгүй тул хариуцагч улсын байцаагчийн тухайн иргэнээс ирсэн гомдолд манай эмийн санд “дотоод хяналтын журам мөрдөөгүй” гэж хууль тогтоомжид заагаагүй үндэслэлээр арга хэмжээ ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Улсын байцаагч Б.Гийн шийдвэр нь Зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр арга хэмжээ ногдуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь Хуульд үндэслэсэн, Зорилгодоо нийцсэн, Бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангахгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу шилжиж ирсэн иргэн О.Д, Х.Х, Ж.Д нараас миний мэдээллийг ашиглаж эм аваад байна. Энэ юунд хэрэглэдэг эм болохыг тогтоож өгнө үү гэсэн гомдолд манай “М*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дотоод хяналтын дүрэм мөрдөөгүй гэсэн үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын газраас харьяаллын дагуу ирсэн. Дээрх гомдолд манай компанид дотоод хяналтын журам мөрдөөгүй гэсэн үндэслэлээр 1,000,000 төгрөгөөр торгосон. Гэтэл улсын байцаагч, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуульд зааснаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид тусгайлан заасан гэмт хэрэг, зөрчилд шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл тухайн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэрэг, зөрчил, зөрчил биш байна гэж үзэж байгаа. Учир нь тухайн Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж заасан байтал, улсын байцаагч нь дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж оруулсан байгаа нь Зөрчлийн тухай хуульд тухайлан заасан зөрчил биш байна гэж үзэж байна. Иймд хуульд заагаагүй үндэслэлээр зөрчил оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 1.2-т зааснаар дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдэг заалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газраас баталсан 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дугаартай нийтлэг журам батлах тухай, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалт. Тус журамд заасан байгууллагын дотоод хяналт шалгалтын журмыг батлаагүй буюу тогтоож мөрдүүлээгүй гэдэг эс үйлдэхүйгээр илрэх ёстой. Гэтэл манайх дотоод хяналтын буюу дотоод аудитын журмаа батлаад, үүний дагуу төлөвлөгөө гаргаад, хяналт, гүйцэтгэлийг хянаад явж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдэг заалт руу зааж байхад, тогтоож мөрдүүлээгүй гэдэг заалтыг дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж гуйвуулан хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүйгээр шийтгэл ноогдуулсан гэх үндэслэл болж байгаа гэж үзэж байна.

Эмийн сан нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор үйлчлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4******* дугаартай тушаалаар батлагдсан цахим журам бичих, олгох зааврыг мөрдөж ажилладаг. Тус зааврын 3 дугаар зүйлийн 3.3-д эмч, цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна гэж заасан нь зөвхөн иргэний хурууны хээг ашиглан, таниулан цахим жор бичиж олгоно. Жор бичсэн эмч журамд зааснаар дахин давтагдашгүй дугаар бүхий кодтой жор олгодог ба эмийн сан нь тус кодыг үндэслэж, жорыг олгодог. Тус журмын 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар эмийн сангийн жор баригч, иргэний үйлчлүүлэгчийн карт дахь хяналтын дугаар эсхүл регистрийн дугаарыг үндэслэн иргэний үнэмлэхийг тулган баталгаажуулж эм олгоно гэж заасан, мөн 8 дугаар зүйлийн 8.4-д үзлэг хийлгэж, жор бичүүлсэн иргэн өөрөө ирээгүй тохиолдолд иргэний үнэмлэхийг үндэслэн жорыг олгож болно гэж заасны дагуу бид олгосон байгаа. Тус журамд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор өөрчлөхтэй холбоотой харилцааг дотоод хяналт шалгалтын журамд нарийвчлан тусгана, зохицуулна, заана гэсэн үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Иймд эдгээр журам болон хуулийг буруу хэрэглэж, манайд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас улсын байцаагч нь тухайн маргаантай холбоотой асуудлаа өөрөө шүүхэд нотлох үүрэгтэй. Гэтэл дотоод хяналт шалгалтын журмыг яаж зөрчөөд байгаа, яаж мөрдөхгүй байгаа талаар хариуцагч нотолж чадаагүй гэж үзэж байгаа учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байгаа” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг ба Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд (маягт 1) яг тухайн зөрчилд заасан үг үсгийг бүгдийг багтааж бичих зай байдаггүй тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэн утга болон агуулгыг өөрчлөхгүйгээр бичсэн болно.

2. Нэхэмжлэгч байгууллагын дотоод хяналтын журам төлөвлөгөөнд гэмт хэрэг зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгахаар тусгаж тодорхой арга хэмжээ аваагүй нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харьяаллын дагуу ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/1846 дугаар албан бичигт дурдсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн үүргээ биелүүлээгүй байна.

3 . Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 1.6-д “Аж, ахуйн нэгж, байгууллага нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон, Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг удирдлага болгоно” гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/4******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 8.2-д регистрийн дугаарыг үндэслэн баталгаажуулж эмийг олгоно” гэж заасан байдаг тул “М*******” ХХК-ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч 3 үндэслэлээр гомдол гаргасан байна. 1 дүгээр үндэслэлд дотоод хяналтын журам мөрдөөгүй гэсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэж үг, үсгийн алдаа гаргасан байна. Шийтгэлийн хуудасны маягт үг, үсгийг алдахгүй бичих ямар ч боломж, зай байдаггүй. Иймд бид ерөнхий агуулгыг гаргаад бичнэ. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслээд илэрхий биш, утга логикийг алдахгүй бичихээс өөр арга байдаггүй. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зүйлд хариуцлага тооцно гэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нийгмийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн чиг 1.8-д заасан гэж санаж байна. Үүнд 6.6-д зааснаар бидний арга хэмжээ авах, зөрчлийн тухай тусгай анги болоод хуулийн зүйл заалтуудыг бичсэн байдаг. 11.2 буюу дотоод хяналт шалгалтын журам мөрдүүлээгүй гэдэг зөрчил манайд харьяалагддаг. Иймд арга хэмжээ авах нь бидний хуулиар тогтоогдсон эрх байгаа.

Зөрчлийн хэрэг бүртгэлийн шатад тус байгууллагаас эмийн сангийн албаны дарга, эмийн сангийн эрхлэгч нарыг дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг аваад, цахимаар жор олгох 2020 оны 4******* дугаар сайдын тушаалд иргэн өөрөө ирэх боломжгүй бол цахим жорыг үндэслээд иргэний үнэмлэхтэй нь тулгаад, олгоно гэж заасан. Гэтэл гомдол гаргагч тал иргэний үнэмлэхтэй тулгасан гэж хэлээд байгаа боловч тулгаад өгснийг баталгаажуулж, албажуулсан талаар үзье гэхэд үзүүлэх зүйл байдаггүй. Дотоод хяналтын журам гэж надад өгсөн материалд тодорхой, зөв, жор бичилттэй холбоотой, эмийн сантай холбоотой, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуультай холбоотой, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай холбоотой үүргүүдийг тодорхой зааж өгөөгүй. Эмч тэр хүний иргэний үнэмлэхийг тулгаад, хурууны хээг даруулаад жор бичсэн бол бидэнд хамаагүй гэх агуулгатай зүйл ярьж байна. Би тэгж бодохгүй байна. Учир нь эмч нар тэр хүнийг үзээд, оношийг нь тавиад, эмийн хэрэглэх тун, жороо бичсэний үндсэнд эмийн сан жор олгож байгаа. Эмийн сан жор олгоход тухайн хүнд нь өгөх ёстой, тэр хүн ирээгүй бол иргэний үнэмлэхийг нь тулгаж өгөх ёстой. Тус гомдол гаргаж байгаа иргэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаад, мэдүүлэг өгсөн талаар хэргийн материалд байгаа. Иймд тус хүний иргэний үнэмлэхийг тулгаж олгосон байх боломжгүй” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэдэг үгийг нэхэмжлэгч дотоод хяналт шалгалтын журам мөрдүүлээгүй гэдэг үндэслэлээр шийтгэл ноогдуулсан гэж хэлж байна, үүнд санал нийлэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар утга агуулгыг өөрчлөхгүй захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй гэж заасан байгаа. Манай шийтгэл ноогдуулах хуудас тус маягт загвар их хязгаарлагдмал хийгдсэн. Улсын байцаагч дотоод хяналт шалгалтын журам мөрдөөгүй гэдэг шийтгэлийн агуулгыг алдуулахгүй бичсэн байгаа. Нэхэмжлэгч тал дотоод хяналт шалгалтын журамтай гээд байгаа боловч хэрэгт авагдсан материалаас харахад дотоод аудитын журам байдаг. Дотоод аудит, дотоод хяналт шалгалт, хяналт үнэлгээ гэдэг өөр ойлголт. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх журамд заасан. 1.7-д зааснаар төрд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг, техникийн нийтлэг журам хангуулахгүй гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал өөрөө дотоод хяналт шалгалтын журамтай гэж яриад байгаа боловч мөрдөж байгаа хууль, захиргааны акт нь дотоод аудитын журам гэж байгаад байгаа. Иймд тухайн цаг үедээ гаргаж өгөөгүй, ярьж байгаа дотоод хяналтын журамтай гэж яриад байгаа боловч дотоод аудитын журмаа гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “М*******” ХХК-иас Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гт холбогдуулан “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ,

- Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заасан зөрчилд хариуцлага хүлээлгэх ёстой байтал хуульд заагаагүй үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн,

- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу Засгийн газраас баталсан нийтлэг журам мөрдүүлээгүй гэх зөрчил нь эс үйлдэхүйгээр илрэхээр зохицуулсныг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн,

- Эмч цахим жорыг хурууны хээг үндэслэн бичиж олгодог бөгөөд эмийн сан нь иргэн өөрөө ирээгүй тохиолдолд иргэний үнэмлэхийг үндэслэн олгож болохоор зохицуулсан, манай байгууллага энэ журмыг хэрэгжүүлсэн байхад зөрчилд тооцсон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсаар “М*******” ХХК-ийн “дотоод хяналт шалгалтын журам мөрдөөгүй” гэх зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М*******” ХХК-ийн харьяа эмийн сангуудын жор баригч нар нь цахим жорын дагуу олгогдвол зохих тебантин эмийг жор бичигдсэн этгээдэд бус өөр этгээдэд олгосон нөхцөл байдал тогтоогджээ.

5. Тодруулбал, иргэн Ж.Дгоос “миний мэдээллийг ашиглаж эм аваад байна, энэ эм юунд хэрэглэдэг, ямар эм болохыг тогтоож өгнө үү” гэх гомдол гаргаж, тухайн эмийг эмчээр бичүүлээгүй, худалдан аваагүй гэдгээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн, харин 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “А*******” ӨЭМТ-ийн эмч Т.Н*******гийн бичсэн цахим жорын дагуу мөн сарын 16-ны өдөр М******* эмийн сангаас уг эм олгогдсон байна(1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх талд).

6. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

7. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаартай тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 1.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-тай байна”, 2.2-т “Дотоод хяналт шалгалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ” гэж зохицуулжээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М*******” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан “Дотоод аудитын журам”-ыг нотлох баримтаар гаргаж, “...аудитын журам гэсэн нэртэй боловч агуулга нь дотоод хяналт шалгалтын агуулгыг бүрэн илэрхийлнэ” гэх агуулгаар тайлбарлаж маргасан ба тус журмын 1.4.1-т ““аудит” гэдэг нь аудитын нотолгоо олж, үүнийгээ бодитойгоор үнэлэн, аудитын шалгууртай хэм хэмжээнд нийцэж буйг тодорхойлох, системтэй, бие даасан ба баримтжуулсан процесс, үйл явц” гэж, 1.4.3-т ““аудитор” гэдэг нь MNS 9001:2015 стандартын хүрээнд дотоод аудитор хийх эрхтэй ажилтан, аудит явуулах ур чадвартай хүн, хөндлөнгийн шинжээч” гэж, 3.1-т “Компанийн удирдлага нь Удирдлагын тогтолцооны багийг үр дүнтэй ажиллах боломж нөхцөлийг бий болгож, хамтран ажиллахад шийдвэр төгс байна” гэж зааснаас үзвэл уг журам нь Засгийн газрын тогтоолоор тогтоож, мөрдүүлэхээр заасан дотоод хяналтын журам биш байна.

9. Өөрөөр хэлбэл, уг журмыг батлах үндэслэл болсон олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт нь бүхэлдээ байгууллагын удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэх бөгөөд хүний нөөц, санхүү, эрсдэлийн, байгаль орчныг хамгаалах, хэрэглэгчийн үнэ цэнийг бий болгох зэрэг олон чиглэлээр хэрэгждэг илүү өргөн хүрээтэй байна.

10. Гэтэл маргааны тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээд нь Эмийн жор маягт, жор бичилт MNS 5376:2016, Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартуудыг дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх талаарх дотоод журам тогтоогоогүй, мөрдүүлээгүй болох нь тус хуулийн этгээдийн “М*******” эмийн сангийн баримт бичигт үзлэгээр тебантин эмийг 2021-2023 онд “Мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтын бүртгэл”, 2024 оноос эхлэн “иргэдээс хүлээж авсан жорын бүртгэлийн дэвтэрт” бүртгэснээр тогтоогдож байна.

11. Мөн “мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорын 2023 оны бүртгэлийн *******-д “VIII/16 ЭМД 247770 Д Г******* 89******* Т25293А 0,6 Б*******” гэж тэмдэглэгдсэн байгаа нь иргэн Ж.Дгоос гаргасан “миний мэдээллийг ашиглаж эм аваад байна, энэ эм юунд хэрэглэдэг, ямар эм болохыг тогтоож өгнө үү” гэх гомдолтой зөрөхийн зэрэгцээ тус тэмдэглэлд бүртгэгдсэн 89******* дугаарын утас нь ашиглалтад байхгүй байна.

12. Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2016 стандартын 7.4-т “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтын ар талд эм хүлээн авсан хүний нэр, хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, огноог тэмдэглэж, гарын үсэг зуруулж, эм зүйч хянаж баталгаажуулна” гэж заажээ.

13. Тебантин эм нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаггүй тул дээрх стандартад заасан журмын дагуу бүртгэх боломжгүй байх бөгөөд тебантин нь жороор олгогдох эм болох тухайд оролцогчид маргаагүй.

14. Энэ тохиолдолд уг эмийн замбараагүй хэрэглээг хязгаарлах шаардлагаар зөвхөн жор бичүүлсэн хүнд олгохтой холбогдсон үйл ажиллагааны тодорхой журмыг “М*******” ХХК нь баталж, дотооддоо мөрдүүлээгүй байх тул гомдол гаргагчийн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гт холбогдуулан гаргасан “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан “М*******” ХХК-иас Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гт холбогдуулан гаргасан “Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 010 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ