Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00979

 

С.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1092 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК, А.Дэлгэржаргал нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 141 798 290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч А.Дэлгэржаргал нарын  гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ирмүүн мальтимедиа” ХХК нь С.Баттулгатай 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн 3.5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай тус тус зээлж, нийт 110 000 000 төгрөгийг авсан . Дээрхи Зээлийн гэрээнүүдийн хугацааг 2013 оны 10 дугаар сарыг дуустал тус тус сунгасан бөгөөд энэ хугацааны хүүг сар бүр төлж барагдуулсан. “Ирмүүн мальтимедиа” ХХК нь зээлийн үндсэн төлбөр 110 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сард бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан байна. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр урьд нь өөр өөр хугацаанд зээлсэн 5 зээлийн үндсэн төлбөрийг нэгтгэж гэрээ хийх саналыг А.Дэлгэржаргал тавьсаны үндсэн дээр харилцан зөвшөөрч бүх гэрээг нэгтгэж, үндсэн зээл 110 000 000 төгрөгнөөс 3.5 хувийн хүү тооцох нөхцөлтэйгөөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ хүү 15 015 000 төгрөгийг оруулан зээлийн хэмжээг 125 015 000 төгрөг гэж тусгасан байгаа. “Ирмүүн мальтимедиа” ХХК нь зээлийг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний хавсралт №1 нэмэлт гэрээгээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-ийг үндэслэн гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн хэмжээг 140 415 000 төгрөгөөр тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээний хавсралт №2 нэмэлт гэрээгээр мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын үндэслэн гэрээний хугацааг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.“Ирмүүн мальтимедиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас нийт 141 798 290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ үнийн дүнг гаргахдаа шинэчлэн байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үндсэн зээл 110 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй нь 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 2014 оны 7 дугаар сарын 30-ныг хүртэл нийтэд нь 125 015 000 /хүү нь 15 015 000/ төгрөг, гэрээний хугацааг сунгаад 2014 оны 8 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүтэйгээ нийлээд 140 415 000 төгрөг болсон.Энэ гэрээний хугацаа дуусаад 2014 оны 11 дүгээр сарын 01-ээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ сунгагдаад энэ хугацааны хүү нь 14 743 575 төгрөг болсон. Үнийг хариуцагчийн хүсэлтийн дагуу нотариатын төлбөрийг бага төлөх зорилгоор зөвхөн хүүн дээр нь тусдаа 2014 оны 11 дүгээр сарын 01-нд Зээлийн гэрээ байгуулсан. Ингээд үндсэн зээл 110 000 000 төгрөг, хүү 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 15 015 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл 15 400 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 14 743 575 төгрөг. Нийт 155 158 575 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Үүнээсээ 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл нь 135 158 575 төгрөг болсон. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 30-аас 2015 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд гэрээнд заасны дагуу 0.05 хувийн алданги буюу нэг хоногийн 67 579 төгрөгийг 98 хоногоор үржүүлээд 6 622 742 төгрөг, нийт 141 798 290 төгрөгийг “Ирмүүн мальтимедиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас гаргуулахаар нэхэмжилж байна.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Үүний дагуу “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь А.Дэлгэржаргал учраас хамтран хариуцагчаар татсан. Хувьцаа эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл нь хувийн эд хөрөнгө болон компанийн эд хөрөнгө нь санхүүгийн тайлан дээрээ зааглагдсан тохиолдолд хувийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээхгүй юм. Хувийн эд хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан гэдгийг хариуцагч тал нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох 141 798 291 төгрөгийг “Ирмүүн мальтимедиа” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч А.Дэлгэржаргал нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ирмүүн мальтимедиа” ХХК нь иргэн С.Баттулгатай өмнө нь гэрээ байгуулж мөнгө өгөлцөж авалцаж байсан. 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөг хүлээж аваад зээлийн гэрээний төлбөрийг гэрээнийхээ үндсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 10-аас 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл төлж байсан. 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Энэхүү хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 22 750 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийг бол төлөөгүй. Дараагийн зээлийн гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 20 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй байгуулсан. Энэхүү гэрээг 2013 оны 6 дугаар сарын 24, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байдаг.  Зээлийн хүүг дараа сард нь төлнө гэж гэрээндээ тохиролцсон байсан. Ийм учраас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийн хүү болох 7 700 000 төгрөгийг төлсөн. Зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Ийм учраас энэ гэрээний үүрэг дуусгавар болсон учраас энэ гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй юм.Гурав дахь гэрээг 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй байгуулсан. Хүүгийн хэмжээг дараа сараас эхэлж тооцно гэж заасан. Энэ гэрээг сунгаагүй. 2013 оны 7 дугаар сарын 31-нээс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 4 200 000 төгрөгийн хүүг төлсөн. Үндсэн зээл болох 30 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа.Дөрөв дэх гэрээг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 10 000 000 төгрөгийг аваад зарлагын баримтан дээрээ хоногийн 0.2 хувийн хүүтэй авсан. Гэрээг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 28 хоногийн хүү болох 561 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 31-нд шилжүүлсэн. Үүнээс хойшхи хүүг 2013 оны 9 дүгээр сарын 30-аас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 1 610 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Гэрээг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хийсэн. 10 000 000 төгрөг төлөгдөөгүй. Нийт 4 гэрээний мөнгө болох 110 000 000 төгрөг хүлээж авсан. Үүнээс 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс төлж 90 000 000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байгаа. Энэхүү гэрээнүүдийн хугацаа сунгагдаагүй гэж үзэж байгаа учраас зээлийн хүү төлөөгүй. “Ирмүүн мальтимедиа” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр 125 015 000 төгрөгийн, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 140 415 000 төгрөгийн, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 743 575 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл эдгээр гэрээнүүдээр мөнгө шилжүүлж өгөөгүй. Энэ гэрээнүүд нь манай талд хэтэрхий хохиролтойгоор тогтоогдсон нөгөө талын хүсэлтэнд тулгуурлаж хийгдсэн хүүг үндсэн зээлийн хэмжээнд оруулж, үндсэн зээл болгосон, хүүгээс алданги тооцсон байгаа. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 01, 8 дугаар сарын 01, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл компанийн хүлээх үүргийг үүсгэн байгуулагч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлдэг. Нэхэмжлэгч С.Баттулгын зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг А.Дэлгэржаргал нь иргэн хүний хувьд хүлээн авч өөрийн хувийн үйл ажиллагаандаа захиран зарцуулаагүй учир уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Иймд С.Баттулгаас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ирмүүнмальти медиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас 141 798 290 төгрөгийг гаргуулж С.Баттулгад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 084 165 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК, үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас 866 941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттулгад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1092 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн төлсөн 416 942 төгрөг, хариуцагч А.Дэлгэржаргалын төлсөн 866 942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн төлөөлөгч А.Дэлгэржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна....Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс өмнөх 4 зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Нөгөөтэйгүүр өмнөх 4 зээлийн гэрээний үндсэн төлбөрт 20 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн баримтыг манай талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч уг 20 000 000 төгрөгийн төлбөрийг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхийн зүгээс дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулж, зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 90 000 000 төгрөг болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөөр атал өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 110 000 000 төгрөг хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 141 798 290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэлийн агуулга, шаардлага болоод нотлох баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн....С.Баттулга нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний Хавсралт №1 хэмээх баримтад гарын үсэг зуруулсан бөгөөд Гэрээний 2.1-д заасан зээлийн хэмжээг 140 415 000 төгрөг болгож, Гэрээний 2.4-т заасан “Зээлдэгч нь гэрээний 2.1 дэх заалтад заасан нийт дүнд хүү тооцож төлнө” болгож өөрчилсөн байдаг. Ийнхүү өөрчлөгдсөн зээлийн хэмжээ болох 140 415 000 төгрөг бол талуудын 2013 онд байгуулсан өмнөх 4 гэрээний 110 000 000 төгрөг дээр 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 99/02 тоот зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 30-нд дууссан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүү төлөх талаар гэрээний сунгалт хийгдээгүй байх үеийг оруулан нэхэмжлэгч С.Баттулгын гаргасан зээлийн хүүний тооцоо гэх 15 015 000 төгрөг болон 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 4 сарын хүү гэх 15 400 000 төгрөгийг оруулан нэмж тооцон гаргасан нийт дүн юм. Өөрөөр хэлбэл зээлийн үндсэн төлбөр дээр зээлийн хүүг нэмж гаргасан дүн бөгөөд зээлийн гэрээний хавсралт №1-р уг дүнд буюу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт cap тутамд 3,5 хувийн хүү төлөхөөр заасан нь хууль зүйн үндэслэлгүй  бөгөөд энэ нь Иргэний хуулийн 281, 222 дугаар зүйлийн 222.6-д заасныг ноцтой зөрчсөн....Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” хэмээн заасан байдаг. Мөн нэхэмжлэгч С.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээг иргэн А.Дэлгэржаргал бус “Ирмүүнмальти медиа” ХХК байгуулсан бөгөөд зээлийн төлбөрийг А.Дэлгэржаргал бус “Ирмүүнмальти медиа” ХХК нь төлж байсан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч иргэн А.Дэлгэржаргалаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна....Хариуцагч А.Дэлгэржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр буюу шүүх хуралдаанд итгэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэхүү итгэмжлэлд “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан бүрэн эрхийг итгэмжлэн олгож байна.” гэж заасан ба шүүх хуралдаанд оролцох эрхгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Шүүгч нь шүүх хуралдаанд оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 687 дугаар тогтоолоор уг хэргийг хянан хэлэлцэх хугацааг 30 хоногийн хугацаатайгаар сунгасан ба хэргийг хянан хэлэлцэх хугацаа 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон юм. Гэтэл шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгалгүйгээр буюу хугацаа дууссан хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02948 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1092 дугаар магадлалыг үндсэн зээлийн хэмжээнд хангаж, зээлийн хүү тооцсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Дэлгэржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ хэмээн заасан байдаг. Мөн нэхэмжлэгч С.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээг иргэн А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК байгуулсан бөгөөд зээлийн төлбөрийг А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь төлж байсан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн А.Дэлгэржаргалаас надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.Учир нь Иргэний хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд бие дааж оролцох бөгөөд үр дагаврыг тусдаа хариуцах зохицуулалттай. А.Дэлгэржаргал миний бие нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээнүүдийг Ирмүүн мальтимедиа ХХК-ийг төлөөлөн, түүний албан тушаалтны хувиар байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд зээлийн хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг миний бие огт төлж байгаагүй ба Ирмүүн Мальтимедиа ХХК нь төлж байсан. Мөн миний бие дээрх зээлийн төлбөрийг авч ашиглаагүй ба уг зээлийн төлбөрийг бүхэлд нь Ирмүүн Мальтимедиа ХХК нь компанийн үйл ажиллагаанд ашигласан байдаг.Гэвч шүүхийн зүгээс бусдын хариуцах үүргийг А.Дэлгэржаргал надад ногдуулан шийдвэрлэж буй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчмыг ноцтой зөрчиж, маргааныг шийдвэрлэсэн.А.Дэлгэржаргал миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд энэхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан буюу Эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нэхэмжлэл гардаж авах эрхийг олгосон. Түүнээс биш шүүх хуралдаанд оролцох эрхийг олгоогүй байтал шүүхийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасныг зөрчиж буюу уг үүргээ биелүүлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан байна. А.Дэлгэржаргал миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүсэлтэй байсан боловч шүүх үүргээ биелүүлээгүйн улмаас энэхүү эрхийг эдлэх боломжийг олгоогүй.Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын А.Дэлгэржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК нь уг компанийн хуулийн мэргэжилтэн Э.Тэмүүлэнд нэхэмжлэлийн хувийг гардаж авах эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16\05 дугаартай, 14 хоногийн хугацаатай итгэмжлэлээр \хх-ийн 14 дүгээр тал\, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16\013 дугаартай, 1 сарын хугацаатай итгэмжлэлээр \хх-ийн 56 дугаар тал\, мөн агуулгаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16\034 дугаартай, 5 сарын хугацаатай итгэмжлэлээр \хх-ийн 131 дүгээр тал\ тус тус олгожээ.

Хариуцагч А.Дэлгэржаргал нь “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.Тэмүүлэнд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 сарын хугацаатай итгэмжлэлээр эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нэхэмжлэл гардаж авах эрхийг \хх-ийн 21 дүгээр тал\ олгосон боловч уг итгэмжлэлээ 10 сарын хугацаатай болгон шүүхэд дахин гаргаж өгсөн байна \хх-ийн 158 дугаар тал\. Хариуцагч А.Дэлгэржаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өөр төлөөлөгчийг томилоогүйгээс гадна шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 99112977 дугаартай утсаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  мэдэгдэхэд тэрээр “итгэмжлэгдсэн төлөөлөгч Тэмүүлэнд хэл, би итгэмжлэлээр эрх олгоод сунгаад явуулчихна” гэж мэдэгджээ \хх-ийн 157 дугаар тал\. Мөн үүнээс өмнө 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болох шүүх хуралдааны товыг шүүхээс 99112977 дугаартай утсаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхэд “за ойлголоо, би итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө итгэмжлэлийн хугацааг сунгаад явуулчихнаа. Шүүх хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13.30 цагаас болохыг мэдлээ” гэж байжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Э.Тэмүүлэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийг төлөөлж, 2016 оны 01 дүгээр  сарын 06-ны өдөр, А.Дэлгэржаргалыг төлөөлж 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус гардан авч, хариуцагч А.Дэлгэржаргалыг төлөөлж, хариу тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр \хх-ийн 16, 24, 57-58 дугаар тал\ шүүхэд гаргасны зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөгдсөн хувиудыг мөн гардан авч байжээ \хх-ийн 102, 103, 118, 119 дүгээр тал\.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дээрх байдалд дүгнэлт хийвэл, хариуцагч А.Дэлгэржаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар шүүх хуралдаанд биечлэн бус харин төлөөлөгчөөр дамжуулан оролцох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн ба “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” төлөөлөгчдөө итгэмжлэлээр олгосон эрхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр, шүүх хуралдаанд амаар өгөх тайлбарыг хамааруулсан гэж үзэхээр байна.

Нөгөө талаар, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, өмгөөлөгч А.Зоригтбаатар нар нь хариуцагч “Ирмүүн мальимедиа” ХХК-ийг ч, хариуцагч А.Дэлгэржаргалыг ч төлөөлж оролцсон талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хариуцагч А.Дэлгэржаргалыг төлөөлөх бүрэн эрхгүй талаар шүүхэд мэдэгдсэн зүйл байхгүй байна \хх-ийн 159 дүгээр тал\.  

Иймд “...шүүх хуралдаанд оролцох эрхийг олгоогүй байтал шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасныг зөрчиж ...төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан ...шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ...эрхийг эдлэх боломжийг олгоогүй” гэх хариуцагч А.Дэлгэржаргалын гомдол үндэслэлгүй байна.

Зохигчид 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан байх ба эдгээр гэрээний дагуу авсан зээлийн төлбөрийн үүргийг нэгтгэж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсныг шүүх хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасныг зөрчөөгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг “Ирмүүн мальтимедиа” ХХК болон иргэн С.Баттулга байгуулсан, “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийг зээлдэгч гэж гэрээний нийтлэг үндэслэлд заасан боловч гэрээнд компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, А.Дэлгэржаргал зээлдэгчийг төлөөлж бус харин зээлдэгчээр  гарын үсэг зурсан байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийг болон иргэн А.Дэлгэржаргалыг хамтран хариуцагчаар татжээ. Шүүх дээрхийг болон зээлийн төлбөрийн зарим хэсгийг А.Дэлгэржаргал, заримыг нь “Ирмүүн мальтимедиа” ХХК төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан зээлийн гэрээний үүргийг хоёр хариуцагчид холбогдуулан хянан шийдвэрлэжээ. Шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3., 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний төлбөр, гэрээний нөхцөл, хүү тооцох үндэслэл зэрэг асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч  хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх, уг хүүгээс анз тооцохгүйгээр заасан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5., 222.6.-дахь хэсэг талуудын гэрээний тохиролцооноос үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1092 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-иас урьдчилан төлсөн 416 942 төгрөг, А.Дэлгэржаргалаас төлсөн 866 942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН