Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0514

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0514

Улаанбаатар хот

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0326 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ц-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын  илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг тус тус үндэслэн иргэн Ж.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын 22 дугаар байрны баруун хойд талд “ЭТ” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барьсан 2 давхар барилгыг буулгаж, газрын албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 18/ШШ2017/0326 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрлийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийнэ 07/3044 тоот албан бичиг, мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Эрчим хүчний байцаагчийн “ЭТ” ХХК-д өгсөн мэдэгдэх хуудас, албан шаардлага зэргийг дүүргийн Засаг даргад хандсан мэтээр дүгнэсэн, мөн дүүргийн Засаг даргад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаас 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02-02/2812 тоот албан бичиг ирүүлснийг дүүргийн Ахмадын хорооны даргын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/12 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн  02-03/1970 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч Ж.Ц дүүргийн Засаг даргад хандаж байсан мэтээр дүгнэж шийдвэрлэж багйаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ, захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхлгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Ц тус дүүргийн Засаг даргад хандаж 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа “Ахмадын төв, Цагдаагийн кабоны”-ны түр барилгыг буулгахыг хүссэн өргөдөл, гомдол гаргаж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явц тодорхой болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч нь тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөвлөснөөс өөр газарт, зохих зөвшөөрөлгүйгээр барилга бариулсан нь нэхэмжлэгчийн эрхэд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд уг барилга нь эрчим хүчний хамгаалалтын зурваст баригдсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.  

Гуравдагч этгээд “УЦТС” ТӨХК-ийн албан шаардлага, тайлбар зэргээр уг барилгын газар нь эрчим хүчний хамгаалалтын зурваст хамаарч байгаа бөгөөд барилгын суурь талбайд эрчим хүч дамжуулах шугам орсон байна. Мөн түүнчлэн анхан шатны шүүх тус барилга нь нэхэмжлэгч Ж.Ц-ын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрчим хүчний аюулгүй, найдвартай эх үүсвэрээр хангагдах эрхийг зөрчсөн талаар үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар дүүргийн Засаг даргад хандаагүй гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгчээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газруудад хандсан байх бөгөөд уг маргаанд тухайн дүүргийн Засаг дарга хариуцагчаар татагдаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлэээн зөвшөөрөхгүй талаар тайлбараа өгсөн байхад дүүргийн Засаг даргад хандаагүй гэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Дүүргийн Засаг дарга нь хариуцагчаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцож, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж тайлбар гаргасан байхад хариуцагчид хандах шаардлагатай байсан гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэдэгдэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын акт, мэдэгдэл хүргүүлсэн албан тоот зэргээр “ЭТ” ХХК нь эрчим хүчний хамгаалалтын зурвас дээр, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэргүйгээр барилгын ажил эхлүүлсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ