Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 463

 

С.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Д.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 248 дугаар, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/828 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0516 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.С,

Гуравдагч этгээд: “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Ө.Э,

Гуравдагч этгээд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нар,

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн С.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 248 дугаар, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/828 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/993 дугаар захирамжуудын “Б” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0516 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ний өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9...” гэснийг “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Шүүхийн шийдвэр, магадлалыг доор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

4.1. Захиргааны шийдвэрээр хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоосон.

4.1.1. Нэхэмжлэгч С.С шүүхэд сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо /3 дугаар хавтас, 73 дахь хуудас/ “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг “барилга барихыг зөвшөөрсүгэй” гэсэн шийдвэр нь иргэн миний Монгол Улсын Үндсэн Хуульд заасан “эруул аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг зөрчиж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан хэсэгт заасныг илтэд зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөх боломж бүрдсэн гэж үзэж байна” гэжээ. Гэтэл шүүх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828, мөн 2014 оны 11 дүгээр сарын сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцжээ. Дээрх шүүхийн шийдвэрээр илт хууль бусад тооцсон 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн 3 дахь хэсгээр хүчингүй болсон байсан.

4.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй акт хүчингүй болсон захиргааны акт. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж нь нэгэнт хүчингүй болж эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй. Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан “захиргааны акт... нь илт хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломж байхгүй. Шүүх хүчингүй болсон актын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх боломжтой. Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор дээрх агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч анхан шатны шүүх өмнөх алдааг дахин давтаж гаргажээ.

4.2. Маргаагүй захиргааны актыг илт хууль бусад тооцсон.

4.2.1. Нэхэмжлэгч С.С-ийн илт хууль бусад тооцуулахаар шүүхэд хандсан захиргааны акт бол Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамж юм. Гэвч шүүхээс түүний илт хууль бусад тооцуулахаар шаардаагүй захиргааны актууд болох 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцсон. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт /13 дугаар хуудас/ “2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/828, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжуудыг тус тус илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан мэт бичжээ. Хамгийн сүүлийн байдлаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 09, 2016 оны 11 дүгээр сарын 10 /3 дугаар хавтас, 73 дахь хуудас/, мөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа /хурлын тэмдэглэлд/ Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаагаа тус тус дурдсан. Тус агуулгаар гаргасан давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо магадлалд “анх газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон 2007 оны 248 дугаар захирамжийг дараа дараагийн захирамжууд гарснаар хариуцагчаас хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч маргаж буй барилга баригдах газрын байршил өөрчлөгдөөгүйгээс...” гэж дурджээ. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжаар барилгын байршлыг тогтоогоогүй тул тус акттай холбогдуулан барилгын байршлын асуудал яригдах боломжгүй. Дараа дараагийн актууд болох 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжуудаар ч барилгын байршлын асуудлыг шийдвэрлээгүй, харин газрын хэмжээ, зориулалт, эрхийн байдал зэргийг шинээр тогтоож, өмнөх актуудаа тус тус хүчингүй болгосон болно.

4.3. Шүүх маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан.

4.3.1. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжтай маргаж байгаа газрын маргаан болно. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 248  дугаар захирамж нь барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон эрх зүйн акт. Харин тус актаар барилгын асуудлыг нь шийдвэрлээгүй. Тус маргаан бүхий актын 2 дахь хэсэгт “Барилга байгууламжийн барилгажилтийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг,... Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, хот төлөвлөлтийн газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэг авагдсан хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн ерөнхий төлевлөгөөний газраас олгосон 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЧД/59/07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар /1 дүгээр хавтас, 190 дэх хуудас/, Ерөнхий төлөвлөлт /1 дүгээр хавтас, 191 дэх хуудас/, түүний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан “Номын ордон”-ийн барилгын эх загвар зураг /1 дүгээр хавтас, 192 дахь хуудас/ зэргийг нэхэмжлэгч танилцсан боловч шийдвэрүүдтэй холбогдуулан маргаагүй, хариуцагчаар барилгын асуудлаар шийдвэр гаргасан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар оролцоогүй.

4.3.2. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /17-18 дахь хуудас/ “Гуравдагч тэгээд “Б” ХХК-д “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн барилгын өргөтгөлийн зориулалтаар олгогдсон 0,084 га талбайд 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ЧД/59/07 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар,түүний дагуу батлагдсан “Номын ордон”-ны барилгын эх загвар зургаар барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгч иргэн С.С-ийн оршин суугаа Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны барилга хоорондын зайг тодорхойлох, уг зай нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнд байгаа эсэх асуудлаар шүүхээс шинжээч томилоход ...“Хот,тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 2.11-д “орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын нарны тусгал хамааралтай зайг энэхүү дүрмийн 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацааг холбогдох номр, дүрмийн дагуу... 4 давхраас дээш барилга хоорондын зай 20 метрээс багагүй байна” гэж заасан байгаа нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан зайтай зөрчилдөж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, уг эрхийг хамгаалах нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ” гэжээ.

4.3.3. Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Энэхүү эрхээ нэхэмжлэгч С.С хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Б” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскизтэй тус тус маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийж, дээрх актууд холбогдох норм зөрчсөн гэж дүгнэж, өөр байгууллагаас буюу Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсэн захирамжийг илт хууль бусад тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэх урьдач нөхцөлийг хангаж байна.

4.4. Шүүх маргаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан.

4.4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон барилгын норм ба дүрэм зөрчигдсөний улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж тодорхойлсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /17 дугаар хуудас/ “Дээрх шийдвэрүүдийг нэгтгэн үзвэл гуравдач этгээд “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж өөрийн мэдэлд байлгаж байсан модон хийц бүхий 2 давхар “Оросын хувьсгалчдын музей” нэртэй байшин нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн өмч, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д зааснаар түрээсийн гэрээгээр төрийн өмчийн бус этгээд эзэмшиж байсан байна. Тэгэхээр төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх харилцаа Нийслэлийн өмчийн харилцааны газар болон “Б” ХХК-ийн хооронд байсан. Харин төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах, төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх, ззэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглалтын хугацаа дууссан шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг хувьчлах зэрэг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааны аль нэгийг хэрэгжүүлээгүй хирнээ хариуцагч Засаг даргаас газрын асуудлаар шийдвэр гаргаж байсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ.

4.4.2. Нэхэмжлэгч Газрын тухай хууль, Барилгын тухай хууль зөрчигдсөн байна гэж нэхэмжлэл гаргасан атал шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчигдсөн гэж дүгнэж, түүндээ үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж” шийдвэрлэсэн байна.

5. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэх ёсгүй байсан.

5.1.1. Нэхэмжлэгч төрийн болон орон нутгийн өмчийн эрх зөрчигдсөн талаар маргаагүй. Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1 хэрхэн зөрчигдсөн болохыг тодорхойлоогүй бегөөд энэ талаар өмчлөгч этгээд болох тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаагүй байхад иргэн С.С-ийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн эсэх маргаанд энэ талаар дүгнэлт хийж тус хуулийг хэрэглэж шийдвэрлэх ёсгүй. Ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан тус хуулийн бөгөөд шүүхийн зорилтод нийцэхгүй.

5.1.2. “Оросын хувьсгалчдын музей” барилга нь 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны А/24 дүгээр “Барилга шилжүүлэх тухай” захирамжаар “Хотын олон түмний хэлтэс”-ийн балансад шилжүүлж, хожим шинэчилсэн бүртгэлээр Нийслэлийн өмчийн харилцааны газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болсон Нийслэлийн өмчийн хөрөнгө юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу өмчлөгч этгээд болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хөрөнгө бүртгэлээс хасах, шинээр олж авах тухай” 153 дугаар тогтоолоор “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 07-11/622 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа барилгыг буулган нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн бөгөөд тус заалтын 2 дахь хэсэгт Түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад орсон, хуучнаар “Оросын хувьсгалчдын байр”-ыг барилгын хийц, загварыг алдагдуулахгүйгээр шинээр сэргээн бариулах ажлыг “Б” ХХК-аар гүйцэтгүүлж, барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж тогтоосон. /1 дүгээр хавтас, 74 дэх хуудас/. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 924 дүгээр тогтоол гарсан /1 дүгээр хавтас, 75 дахь хуудас/.

5.1.3. Мөн хожим дахин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгыг сэргээн бариулах тухай” 97 дугаар тогтоол /1 дүгээр хавтас, 80 дахь хуудас/ гарч “Түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад орсон хуучнаар “Оросын хувьсгалчдын байр”-ыг хуучин байсан хэмжээ, хэлбэр загварыг өөрчлөхгүйгээр “Б” ХХК-ийн шинээр барих цогц барилгынх нь бүрэлдэхүүнд оруулан сэргээн бариулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. 2 дахь хэсгээр “шинээр сэргээн баригдсан “Оросын хувьсгалчдын байр”-ыг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж тогтоосон.

5.1.4. Дээрх тогтоолууд хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болгон тогтоогүй. Шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр орон нутгийн өмчлөх эрхийг хангаж, хамгаалж байгаа бус харин ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоосон /улмаар 2011 онд бага хэмжээний үерт нуран унасан/ барилгаа “Б” ХХК-аар анхны хийц, хэмжээ загвараар нь шинээр бариулан үнэ төлбөргүй шилжүүлэн авч “өмчлөлийн зүйл”-ийн сэргээлгэн авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

5.2. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг хэрэглэх ёсгүй.

5.2.1. Харин маргааны хууль зүйн болон бодит үндэслэл болох Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үйл баримттай нийцүүлэн дүгнэж шийдвэрлэх ёстой атал энэ талаар дүгнэж шийдвэрлээгүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор өмнөх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “маргаж буй актуудын агуулга, зорилго өөр өөр байгааг анхааран үзэж, эрх зүйн үндэслэлийг тус тусад нь дүгнэх шаардлагатай байжээ” гэж дүгнэн тус алдааг засуулахаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан /2 дугаар хавтас, 224 дэх хуудас/ боловч анхан шатны шүүх мөн л энэ алдааг засалгүй нийтлэг байдлаар дүгнэлт хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн.

5.2.2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэжээ. Газрын тухай хуулийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нийтлэг зохицуулалт. Үүний өмнө Газрын тухай хуулийн холбогдох хэсэг хэрхэн зөрчигдсөн, түүний улмаас газар эзэмшигч, ашиглагчийн эрх хэрхэн хөндөгдсөн талаар дүгнэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн холбогдох заалт хэрхэн зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгч С.С газар эзэмшигч, ашиглагч биш тул түүний эрх хөндөгдсөн зүйл байх атал ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй.

6. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6.1. Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /19 дүгээр нүүр/ “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан газар ашиглуулах гэх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг өөр өөрөөр хэрэглэж шийдвэр гаргаж байсан байна. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж шүүх үзлээ” гэжээ. “Б” ХХК нь 2007 оноос Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшиж байсан бөгөөд хожим тус компанийн 100% хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн болсон тул Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “газар ашиглах эрх” болгон эрхийн байдлыг өөрчлүүлсэн болно. Энэ нь Газрын хуулийн холбогдох зүйл, заалтад нийцэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын аль ч нөхцөлтэй хамааралгүй юм.

7. Хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг үндэслэсэн.

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /19 дүгээр хуудас/ “Нөгөө талаар хүчингүй бопгосон захиргааны актаар шийдвэрлэгдсэн асуудал нь дараагийн актад шууд тусгагдсан агуулга нь хэвээр байсан нь анхны захиргааны акт гаргахад байсан илт хууль бус шинжтэй хуулийн зөрчил нь хэвээр хадгалагдан үлдсэн ,өөрөөр хэлбэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлтээр холбогдох хууль зөрчсөн байсан гэдэг нь тогтоогдож байна” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу маргаж буй үйл баримт хууль зөрчсөн эсэхийг тус хуулийг шүүх хэрэглэж тогтоох зарчимтай. Гэтэл Захиргааны акт илт хууль бус гэдгийг өөрөө шийдвэрлэх бус харин улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь уг маргааныг шүүх өөрөө шийдвэрлэлгүй зөвхөн улсын байцаагчийн дээрх дүгнэлтийг баталгаажуулсан байна гэж үзэхээр байна.

7.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлт өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох баримт биш бөгөөд тус хуулийн 32 дугаар зүйлд заасан журмаар олж аваагүй тул тус хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Шүүх түүний агуулгыг шалгалгүйгээр шууд үнэн зөв гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй. Дахин нотлохгүй байх агуулга тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар зөвхөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамааралтай.

8. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй.

8.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тус хуулийн зорилт нь “хүн, хуулийн этгээдийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” юм. Нэхэмжлэгч С.С нь оршин суугаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15 дугаар байр 40 м.кв орон сууцны өмчлөгч бөгөөд тус байрны урд газар олгосон нь миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг иргэн С.С-ийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

8.2. Тухайн байршилд “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосноор С.С-ийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх шууд зөрчигдөх нөхцөл үүсэхгүй. Шүүхийн үндэслэж шийдвэрлэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.1 зөрчигдсөн эсэх асуудал нь иргэн С.С-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой огт хамаарал холбоогүй болно. Барилгын хууль болон барилгатай холбогдох стандартыг шүүх шийдвэрийн үндэслэл хэсэг болгон дурдсан байх боловч Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 2.11-д заасныг дурдаж хэрэглэжээ. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох нарны тусгалтай хамааралтай илүү нарийвчласан норм болох Орон сууц, олон нийтий барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07-оор тооцоолж тус дүгнэлт өгсөний үндсэн дээр дээрх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэх боломжтой. Гэвч нэхэмжлэгч барилгатай холбогдох бичиг баримтуудтай тус тус маргаагүй тул энэ асуудлаар дүгнэлт өгч шийдвэрлэх ёсгүй.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 348 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Маргаан бүхий эхний акт болох Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК-д 1907 онд баригдсан “Оросын хувьсгалчдын музей” нэртэй төрийн өмчид бүртгэлтэй, түүх соёлын дурсгалт барилга оршиж байсан газарт барилга барих зориулалтаар 0.084 га газар эзэмших эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, цаашилбал Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

12. Тодруулбал, гуравдагч этгээд “Б” ХХК нь түүх соёлын дурсгалт барилгыг /Оросын хувьсгалчдын музей/ “түүх соёлын дурсгалт зүйлийнх нь хувьд хадгалах, хамгаалах, сэргээн ашиглах” зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын хэлтэстэй 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байсан, уг барилгыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор  “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д баталж нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоосон /нийслэлийн өмчид шилжүүлээгүй/ байхад хариуцагчаас 2007 оны 248 дугаар захирамжаар “Б” ХХК-д түүх соёлын дурсгалт зүйл бүхий газарт “барилга барих” зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөнөөс гадна Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн /2001 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д “Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтад ... тухайн аймаг, нийслэл, ...-ийн Засаг дарга хяналт тавина”; 17.7-д “Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг, түүнчлэн хэрвээ хариуцагч тухайн газарт газар эзэмших эрх олгох эрхтэй гэж үзэж байгаа бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг хүртэл илэрхий зөрчжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “захиргааны актыг хүчингүй болгуулах”, эсхүл “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөлд маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг/ үүсгэж байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үйлчлэлгүй /эрх бүхий этгээдээс цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл тухайн акт өөр бусад байдлаар хэрэгжиж дууссан/ актыг хүчингүй болгох юм уу илт хууль бус болохыг тогтоох боломжгүй юм.

14. Энэхүү маргааны хувьд хариуцагч Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд анх газар эзэмших эрх олгосон 2007 оны 248 дугаар захирамжийг 2011 оны 340 дүгээр захирамжаар, мөн уг захирамжийг дараа дараагийн захирамжаараа хүчингүй болгосон хэдий ч, өмнөх захирамж нь дараагийн захирамжийнхаа үндэслэл болсон, өөрөөр хэлбэл анхны актын буюу 2007 оны 248 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болоогүй үргэлжилсээр байна. Тодруулбал, “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжаар барилга барих зориулалтаар 0.084 га газар эзэмших эрхтэй болсон, 2011 оны 340 дүгээр захирамжаар тухайн газрын байршил өөрчлөгдөөгүй, харин газрын хэмжээ нь 1786 м.кв болж нэмэгдсэн, 2013 оны А/828 дугаар захирамжаар дахин 174 м.кв нэмэгдүүлэн авсан, хамгийн сүүлийн байдлаар буюу 2014 оны А/993 дугаар захирамжаар анх “конторын” зориулалтаар олгогдож байсан газрын зориулалт өөрчлөгдөж “орон сууц-конторын” зориулалттай болж өөрчлөгджээ. Үүнээс үзвэл, 2007 оны 248 дугаар захирамжаар анх үүссэн гуравдагч этгээд “Б” ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй, харин ч газрын хэмжээ нь нэмэгдэж, зориулалт нь өөрчлөгдөн үргэлжилж байна.

15. Иймээс “шүүх хүчингүй болсон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон нь буруу” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Шүүхээс анхны буюу 2007 оны 248 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосон тул түүнийг үндэслэн гарсан дараа дараагийн актууд мөн илт хууль бус, энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй.

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828, 2014 оны А/993 дугаар захирамжуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авч, хэргийн оролцогчид нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан тайлбар өгч, шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн /2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/, нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаагүй, түүнийг баталсан шүүгчийн захирамж үгүй тул “шүүх маргаагүй захиргааны актуудыг илт хууль бусад тооцсон” гэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-ын агуулга нь хэргийн бодит нөхцөл байдал буюу захиргааны үйл ажиллагааны хууль ёсны байдлыг тогтоох захиргааны хэргийн шүүхийн үүргийг илэрхийлдэг. Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн субьектив эрхийг хамгаалахаас гадна захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих буюу “хууль дээдлэх зарчим”-ын хэрэгжилтийг хангах үүрэгтэй, үүнийг нийтийн ашиг сонирхол шаарддаг. Иймд, захиргааны хэргийн шүүх нь зөвхөн хэргийн оролцогчдын үйл ажиллагаагаар удирдагдах буюу тэдний хүсэл зориг, маргаж буй үндэслэлээр хязгаарлагдаж болохгүй /иргэний хэргийн шүүх шиг/ тул “шүүх хэргийн оролцогчийн маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” /Тодорхойлох хэсгийн 4.4-5/ гэсэн утгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

18. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс “маргаан бүхий актуудаар газар эзэмших эрх олгосноос бус барилгын асуудлыг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчээс тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зургийг баталсан шийдвэр зэрэгтэй маргаагүй байхад шүүх уг барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөр байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн” гэсэн утгатай хяналтын гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй ч, энэхүү хэргийн тухайд маргаан бүхий актууд нь нийтийн эрх ашгийг хамгаалсан олон хууль тогтоомжуудыг илэрхий зөрчсөн, ноцтой алдаатай илт хууль бус байх бөгөөд маргаан бүхий газар дээр “орон сууц-конторын” зориулалтаар барилга баригдах үндэслэл болж байгаагаараа нэхэмжлэгчийн төдийгүй нийтийн ашиг сонирлыг зөрчсөн, иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү хамгаалагдах үндэслэлтэй байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3-т заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

19. Маргаан бүхий актууд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед гарсан байхад /уг хууль нь материаллаг болон процессын хэм хэмжээг аль алиныг нь агуулж байсан/ давж заалдах шатны шүүх “хүчингүй болсон хуулийн үндэслэл нь одоогийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зохицуулагдсан” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь буруу байна.

20. Иймд, шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0516 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ