Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 488

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 тоот “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 438 дугаар захирамжаар Д.Б******* миний бие Налайх дүүргийн /элстэй/ 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэх онгоцны буудлын зориулалтаар 24 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон юм.

Улмаар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 0365514 тоот гэрчилгээ олгогдож, Газрын албатай 18 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан болно.

Миний бие “Т*******” ХХК-ийг үүсгэн байгуулж өөрийн эзэмшил газар дээр ерөнхий төлөвлөгөө гаргаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа үе шат дараатайгаар өргөжүүлэн хөгжүүлж байна.

Өнөөдөр “Т*******” ХХК нь 8 ажилтантай, 2 тербум төгрөгийн төсөвт өртөг бүхий онгоц буудал, ангар, бага оврын онгоц хөөрөх, буух зурвас, зассан зам талбайг байгуулсны зэрэгцээ бизнесээ өргөжүүлж, үйлчлүүлэгчидээ татах, аэродром орчмын хотхоныг байгуулах зорилгоор го-картингийн зам харгуй байгуулан үе шаттай ажиллаж байсан билээ.

Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 327 тоот захирамж гарган миний эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа явуулаагүй татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.

Би болоод манай компани нь дээрхи хугацаанд уг газарт зохих ёсоор үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалтаа хийж байсан бөгөөд хөрөнгө мөнгөний бололцоондоо тулгуурлан татвараа дүүргийн газрын албатай харилцан ойлголцож тогтмол төлж байсан бөгөөд тогтвортой ажлын байрыг бий болгон ажиллаж байсан.

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Х.Б******* Засаг дарга болонгуутаа өмнөх МАН-ын Засаг даргын үеийн гаргасан газрын шийдвэрийг хянана гэдэг үзлээр газрын албаны дарга, мэргэжилтнүүдээ удаа дараа явуулж хууль бус шаардлага тавьсны дараа бидний хууль ёсны тайлбар, хөрөнгө оруулалтыг үл хайхран дээрхи хууль бус шийдвэрээ гаргасан юм.

Би асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шат дараалан тавьжэзэмших эрхээ сэргээлгэхээр хөөцөлдөж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж Налайх дүүргийн Газрын алба тус дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 02.04.127/1360 тоот монгол Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтээр Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 тоот захирамжийг гаргасан үндэслэл нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг зөрчин гарсан гэсэн дүгнэлт хийсэн юм.

Улмаар Мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “Шийдвэр гаргуулах тухай” албан тоотоор дээрх дүгнэлтээ хүргүүлсэн.

Тухайн үед Засаг дарга, газрын албаны холбогдох ажилтнуудтай уулзаж, Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүлээн авч, шийдвэрээ хүчингүй болгохыг мэдэгдэж байсан ба тэд ч татгалзсан хариу өгөөгүй.

Би өөрийн эзэмшил газарт газрын төлбөрийг зохих ёсоор төлж, үйл ажиллагаа явуулж байгаа тул Засаг даргын шийдвэр цуцлагдсан гэж ойлгож байсан.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Газрын албаны мэдээллийн сангаас газар эзэмших эрхийн лавлагаа авахаар хүсэлт гаргахад газар эзэмших эрх тань цуцлагдсан байна гэсэн хариуг өгсөн тул өөрийн эрхийг сэргээлгэж захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандахад дээд шатны Засаг даргад гомдлоо гаргах нь зүйтэй гэсэн тул дээд шатны Засаг дарга болох Нийслэлийн Засаг даргад хандаж манай ажлыг газар дээр нь очиж үзэхийг урьсаны дагуу Э.Бат-үүл дарга 2016 оны 03 дугаар сард бидний ажлыг өөрийн биеэр ирж үзэн, танилцсан бөгөөд талархан дэмжиж баяр хүргэсэн билээ.

Ингээд албан ёсоор Нийслэлийн Засаг даргад гомдлоо гаргаж Э.Б******* дарга ч холбогдох байгууллагадаа миний хүсэлтийг судалж хууль ёсны дагуу шийдвэрлэх тухай чиглэлийг өгсөн боловч тэдгээр байгууллага нь мөн л дээрхи дүгнэлт, шийдвэрүүдийг үл хүндэтгэсээр байна.

Иймд “Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 тоот “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүүргийн Засаг даргын 203 дугаар “Газар эзэмших эрх, талбайг өөрчлөх тухай” захирамжаар 30 га газрын хэмжээг өөрчлөн урт өргөнийг тус бүр 200 метрээр сунгаж 60 га болгож өөрчилсөн.

Мөн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Засаг даргын 438 дугаар захирамжаар өмнөх захирамжийн Д.Б*******д холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээр тогтоосон.

Нөгөөтээгүүр Д.Б*******ы 24 га газрыг Д.Б*******д эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан зэрэг баримт бичгийг судлан шинжилж 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүүргийн Засаг даргын 438 дугаар захирамжийг үндэслэн Д.Б*******ы эзэмшлийн 60 га газраас 24 га газрыг тасдан Д.Б*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Газрын албанаас гаргасан төлбөр төлөлтийн индекс дээр тус газрын төлбөрийг удаа дараа төлөөгүй нь үйл ажиллагаа явуулах, үндсэн ашиглалт, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь нотлох баримтаар нотлогдож байгаа юм.

Газрын албаны индекс үзүүлэлтээр газрын төлбөр хураамжаа төлөөгүй, удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, газрын төлбөрөөс гадна эзэмшлийн газартаа тодорхой зориулалтын дагуу үйл ажиллагаа хийгээгүй зэрэг нь тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон.

Дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжид тусгагдсанаар газрыг зориулалтын дагуу ашиглах, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаагаас төрд орох ёстой байсан мөнгөн хөрөнгө ихээхэн алдагдалд орж байсан тул тус шийдвэрийг гаргахад томоохон түлхэц болсон юм.

Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Д.Б******* нь нэхэмжлэлдээ 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг цуцлагдсанг мэдсэн мэтээр ойлгуулахуйцаар бичсэн байгаа хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгахдаа “Би асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шат дараалан тавьж өөрийн газар эзэмших эрхийг сэргээлгэхээр хөөцөлдөж  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж Налайх дүүргийн газрын алба тус дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02.04.127/1360 тоот Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан” хэмээн бичсэн байгаагаас харвал өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэх хугацаа нь 2014 оны 09 дүгээр сард байж болохоор байгаа юм.

Үүнээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “иргэн хуулийн этгээд нэхэмжлэл гаргахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтан, байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, цаашлаад шүүхэд хандах үйл явдал болох ёстой гэж заасан байгаа юм.

Үүнээс үзэхэд 2014 оны 09 дүгээр сараас хойш хугацаанд Д.Б******* иргэн гомдол, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлгүй, газрын эрхийг цуцалсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдалтай байсан гэж үзэж болох юм.

Мөн дүүргийн Засаг даргын 327 тоот шийдвэр гарснаас хойш тус газарт барилга байгууламж байгуулж шийдвэрийн биелэлтийг хаасан үйлдэл хийсэн гэдэг нь google earth-ийн сансрын зургаас харагдаж байгаа юм.

2. Газар эзэмшүүлэх гэрээний 5.5 дахь заалтад гэрээг хүчингүй болгох нөхцөл байдлыг тусгасан бөгөөд гэрээгээр “Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар дээрх хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ” гэж заасан нь төлбөрөө цаг тухай д нь удаа дараа төлөөгүй тохиолдолд цуцлах боломжтой байдлаар тусгасан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасныг үндэслэл болгож улмаар газар эзэмших эрхийг хязгаарлах нөхцөл байдал болсон гэж үзэж байна.

3. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага нь Дүүргийн Засаг даргын захирамжийг хянаж шийдвэрлэх эрх хэмжээний байгууллага бус бөгөөд зөвхөн дүүрэг нь нийслэлд харъяалагддаг байгууллага тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” хэмээн тусгаснаар Нийслэлийн Засаг дарга нь шууд харъяалах дээд шатны албан тушаалтан болохоос Нийслэлийг Мэргэжлийн хяналтын газар биш тул нэхэмжлэлд тусгагдсан “Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан уг дүгнэлтээр Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 тоот захирамжийг гаргасан үндэслэл нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчиж гарсан гэсэн дүгнэлт хийсэн” хэмээн тусгасан нь хууль ёсны процесс ажиллагаа хийгдээгүйг олж харж болно.

Иймд Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2007 оноос эхлэн Налайх дүүргийн 5 дугаар хороонд иж бүрэн Монгол улсад анхны хувийн нисэх онгоцны хотхон барихаар төлөвлөсөн. Энэ асуудалд тухайн үед дүүргийн Засаг дарга судалж үзээд боломжтой гээд зөвшөөрсөн захирамж гаргасан. 2013 оноос бид ажлаа хийгээд, хөрөнгө оруулалтаар дэд бүтцээ тавьж, тохижилтын мод тариад явж байсан. Дүүргийн газрын албанаас хүмүүс ирээд 2 жилийн хугацаанд газар дээрээ ямар нэгэн ажил хийгээгүй байна гэдэг үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон. Энэ 2 жилийн хугацаанд их, бага хэмжээгээр өөрсдийн боломжоор үе шат дарааллаар үйл ажиллагаа явуулж байсан. Дүүргийн Засаг даргын тамгын газар хамтарч ажиллаж байсан болохоор албан бичиг өгч байсан боловч хариу ирээгүй. Үйл ажиллагаа хэвийн явж байна гэж ойлгож байсан. 

Манайхаас шат дарааллаар дээд шатны Засаг даргад уг захирамжийг хүчингүй болгуулахаар хандаад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага, газрууддаа хандаж бидний өргөдлийг шийдвэрлэсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн хэрэгжилт Газрын харилцааны тухай хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж дүгнэсэн. Танай эрх зөрчигдсөн байгаа учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудлыг тавих нь зүйтэй гэсэн. Үүний дагуу уг асуудлаа тавиад явж байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр захирамжийг хүчингүй болсныг мэдсэн гэж тайлбарладаг. Үүнийг үгүйсгэж байгаа учир нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн гэж манайхаас үзэж байгаа. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандаж Налайх дүүргийн газрын алба тус дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлтийн хариу ирсэн байгаа. 

Үүгээр бидний ойлгож байгаагаар тухайн иргэн нь өөрөө 2014 оны 09 дүгээр сарын 15 гэхэд захирамжийг хүчингүй болсон талаар мэдсэн байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-дэх заалтад “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд дээд шатны байгууллагуудад шийдвэрлүүлэх, цаашлаад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байгаа. Тэгэхээр захиргааны дээд шатны байгууллага гэдэг нь Нийслэлийн Засаг даргад мэдэгдэх ёстой байсан. Хууль бус акт гарсан гэдгийг 30 хоногийн дотор буюу 2014 оны 09 дүгээр сарын 15-аас хойш 30 хоногийн дотор  дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад мэдэгдсэн байх ёстой гэж бид үзсэн. Газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар дээрх хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийднэ” гэж заасан. Тэгэхээр тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй байсан. Тухайн газар дээр барьсан объект нь 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баригдаагүй байсан тийм учраас зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мэргэжлийн хяналтын газар 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 тоот захирамжийг дүгнэх дээд шатны байгууллага биш. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2-3 жилийн дараа шүүхэд хандаж байна гэж бид үзэж байна...”

ҮНДЭСЛЭХ НЬ;

Д.Б******* Налайх дүүргийн засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* өөрийн эзэмшил газарт газрын төлбөрийг зохих ёсоор төлж, үйл ажиллагаа явуулсаар байтал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Иргэн Д.Б*******ы Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр нисэхийн цэргийн ангийн зүүн талд нисэх буудал, клубын зориулалтаар эзэмшиж байсан 600.000 мкв газраас 24 га газрыг үйлчилгээний зориулалтаар салгаж тус тусын нэр дээр гэрчилгээ олгох Д.Бат-Эрдэнийн хүсэлтээр тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 438 дугаар захирамжаар 240.000 мкв газрыг нисэх онгоцны буудлын зориулалтаар Д.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч эзэмшиж байсан газрын төлбөрөө хуульд зааснаар болон гэрээгээр хүлээсэн хэмжээгээр төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон хариуцагчийн  шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Д.Б*******д 24 га газар эзэмшүүлсэн Налайх дүүргийн засаг даргын 438 дугаар захирамжийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр газрын төлбөрийн хэмжээг улирал тутам 1.440.000 төгрөг жилд 5.760.000 төгрөг байхаар тогтоож гэрээ байгуулжээ.

Гэвч нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш захирамж хүчингүй болгох хүртэл буюу 2013 оны 08 дугаар сар хүртэл газрын төлбөрөө төлөөгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийн нэрээр 1.500.000 төгрөг, иргэн Д.Б*******ы нэрээр 1.500.000 төгрөг тус тус газрын төлбөр гэж тушаасан баримт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн жилд төлөх 5.760.000 төгрөгийн төлбөрөө бүрэн төлөөгүй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.5-д “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно....” гэсэн заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:, 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх:, 35.3.3 "газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх:” гэж заасан газар эзэмшигчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

Нөгөө талаар маргаан бүхий газарт бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулагч хайх, гэрээ, хэлцэл хийх явцад газрын төлбөрийг боломжоороо төлж байхаар Налайх дүүргийн засаг даргын Тамгын газрын санхүү хариуцсан ажилтантай ярилцаж тохирсон байсан тул газрын төлбөрийг боломжоороо төлж байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг өөрчлөх эрх Засаг даргын тамгын газрын санхүү хариуцсан албан тушаалтанд хуулиар олгогдоогүй байна.     

Нэхэмжлэгч дээрх хугацаанд өөрийн эзэмшлийн 24 га газарт зам тавих, мод тарих, газрын хилийн заагаар зогоон татах зэргээр хөрөнгө зарж үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч үүнтэй холбоотой шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад бичлэгээр үзүүлж судлуулсан баримт нь цаг хугацааны хувьд маргаан бүхий газар эзэмших эрх шилжээгүй үеийн нотлох баримт байх тул тухайн маргаанд хамааралгүй, үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т*******” ХХК-ийн эзэмшиж буй 360.000 мкв газар иргэн Д.Бат-Эрдэнийн эзэмшилд шилжсэн 240.000 мкв газар нь нэг бүтээн байгуулалт явуулж байгаа салгаж ойлгож болохгүй  үйл ажиллагаатай гэж тайлбарлаж байгаа хэдий ч Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар тус тусдаа газар эзэмших эрхийн шийдвэртэй, тусдаа гэрээ, нэгж талбарын гэрчилгээтэй байгаа нь маргаан бүхий 24 га газрыг “Т*******” ХХК-ийн эзэмшиж буй 360.000 мкв газартай нэгтгэж тайлбарлах боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий газар иргэн Д.Бат-эрдэнийн эзэмшилд шилжсэнээр газар эзэмшигч тухайн газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөх зэрэг үүрэг хүлээснийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялагийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах:” бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д  заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч газар эзэмших эрх зөрчигдсөн байж болох талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 09 дүгээр сард хандаж гомдол гаргаж байснаар мэдсэн байх боломжтой бөгөөд энэ байдлаараа нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа алдсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, харин 2015 оны 11 дүгээр сард Газрын албаны мэдээллийн сангаас газар эзэмших эрхийн лавлагаа хүсэх үед газар эзэмших эрх цуцлагдсан гэж мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй  гэж үзэв.

Нөгөө талаар хариуцагч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй бөгөөд энэ үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшил газар дээрээ 2011 оны 12 дугаар сараас 2013 оны 08 дугаар сар хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, газрын төлбөрөө гэрээнд зааснаар төлж байсан нь нотлогдохгүй байгаа бөгөөд энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Налайх дүүргийн засаг даргын 2013 оны 327 дугаар захирамж хууль зарчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3,  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Налайх дүүргийн засаг даргын 2013 оны 327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.НАСАНДЭЛГЭР