Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 333

 

Л.Ч-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Л.Ч-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 317 дугаар магадлалтай, Л.Ч-т холбогдох 1806086590167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л-н Ч.

Л.Ч- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко март” дэлгүүрийн гадна иргэн Т.А-тэй таксины мөнгөнөөс үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ч-ийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Ч-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Л.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ч- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны болон гэм буруугийн зарчим, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэл”-ийг хөнгөрүүлж өөрчилж болно гэх заалтуудыг тус тус үндэслэн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж болох байтал миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Л.Ч-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Ч-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Л.Ч-ийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эко март” дэлгүүрийн гадна иргэн Т.А-тэй таксины мөнгөнөөс үүдэн маргалдаж, улмаар нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл мөн болно.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялгүй гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ч-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагад хорих ял байхгүй, харин “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар хууль тогтоогч тодорхой заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.1-д энэ хуулийн тусгай ангид “хорих ялын” дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт энэхүү зохицуулалтыг хэрэглэх талаар тодорхой хуульчлан тогтоосон байхад анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Л.Ч-ийг торгох ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ч-ийн “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 317 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ч-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН