| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0011/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Д.Болд,
шүүгдэгч Ц.Уранцэцэг (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Цэрэндуламын Уранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003340065 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 24 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ЦА75061060 дугаартай, Боржигин овогт Цэрэндуламын Уранцэцэг нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 12 дугаар гудамжны 04 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Д.Болдтой маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уранцэцэг нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн ойр орчмоос 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр Д.Болдын хамт 2 шуудай нүүрс түүж, буцах замдаа түүсэн нүүрсээ зарж 0.75 литрийн Сайхан нэртэй архи авч хувааж уугаад, дахин найз Т.Карлагаашийн гэрт очиж 0.75 литрийн Хараа архи мөн хувааж уугаад хамт хашааны гадна гарч нөхөр Д.Болдыг “одоо явъя” гэхэд явж өгөхгүй байсны улмаас чулуугаар толгой руу нь цохиж толгойн хуйханд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уранцэцэгийн өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Болдын өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Ц.Уранцэцэгийн хамт уурхай руу явж 2 шуудай нүүрс түүж, түүсэн нүүрсээ зарж нэг шил архи авч эхнэртэйгээ хувааж уусан. Тэгээд эхнэр Ц.Уранцэцэгийн танилтай таарч дахин нэг шил архи авч уугаад согтсон байсан. Би айлд орсоноо санахгүй байгаа. Эмнэлэгт боолт хийлгэж байхдаа ухаан орсон ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Болдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 08 цагийн үед босоод эхнэр Ц.Уранцэцэгийн хамт уурхай руу галын нүүрс авахаар яваад Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн ойр орчмоос нүүрс түүж яваад 2 шуудай нүүрс болгоод тэрийгээ зараад замдаа 0.75 литрийн Сайхан нэртэй архи аваад гэр лүүгээ алхах замдаа эхнэртэйгээ хоёулаа хувааж уугаад бараг дуусч байхад манай эхнэрийн танил гээд нэг эмэгтэй ирээд бид гурав ахиад нэг шил 0.75 литрийн Сайхан нэртэй архи аваад буцаад уурхайн жалганд хувааж уугаад сууж байснаа санадаг, тэрнээс хойш юу болсоныг санадаггүй. Нэг мэдэхэд эмнэлэг дээр боолт хийлгээд байж байсан. Манай эхнэр хэлэхдээ намайг цохьсон гэж ярьдагаас өөр бусад зүйлс болон Карлагаашийн гэрт очсоноо ч мэддэггүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Карлагаашийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр уурхай руу нүүрс түүхээр явж байтал Уранцэцэг түүний нөхөр Болд нар танихгүй хүмүүстэй архи уугаад сууж байтал “нүүрс байхгүй байна” гэхээр нь буцахаар болоод такси бариад “явъя” гэж хэлсэн чинь Уранцэцэг, Болд нар “хамт дайгдаад явъя” гээд хамтдаа такси бариад явтал замд Уранцэцэг “танай гэрт орно” гээд байхаар нь дагуулаад 13 цагийн үед гэртээ иртэл “1 шил архи авч өг” гээд байхаар нь би дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа архи аваад буцаад гэртээ ирээд задалж өгөөд би өвс тэжээл авч хөдөө явуулах байсан тул гараад хүмүүсээс өвс асууж байгаад 15 цагийн үед гэртээ иртэл хашааны гадаа Болд хашаа налаад зогссон Уранцэцэг миний урдаас нилээн согтсон байдалтай алхаад ирэхээр нь би “гэртээ хариач” гэж хэлчихээд зөрөөд шууд гэртээ ортол архиа уугаад дуусгасан бололтой архи байхгүй шил нь ч байхгүй байсан ба Болд миний араас орж ирээд гэрийн хойморын сандал дээр суухаар нь хартал толгойноос нь цус урсаж байхаар нь би айгаад “гар” гэхэд гарахгүй чимээгүй суугаад байхаар нь шууд утсаараа цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар орж ирээд “Болдыг аваад эмнэлэг явна” гэхээр нь хамт эмнэлэг дээр ирэхэд нэг цагдаа дагуулаад буугаад явахаар нь би бас машинаас буугаад шууд гэр лүүгээ явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/603 тоот:
1. Д.Болд
2. Дээрх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ц.Уранцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагт гэрээсээ гараад уурхай дээр нүүрс түүж байгаад 14 цагийн үед гэртээ харихаар явж байтал замдаа зүс таних нэрийг нь мэдэхгүй эмэгтэйтэй тараад 0.75 литрийн Хараа архи аваад явж байхаар нь тэрийг нь хувааж уугаад дуусч байхад Карлагааш ирээд хамтдаа Карлагаашийн гэрт очиход 0.75 литрийн Хараа архи “гэрт ирлээ” гэж авч өгөөд нөхөр бид 2 ихэнхийг нь уугаад 15 цагийн үед архи дуусаад “гэртээ харъя” гэхэд манай нөхөр явахгүй суугаад байхаар нь дахин дахин “явъя” гээд хоорондоо маргаж байснаа санаж байна, тэрнээс болсон асуудлыг архиндаа согтоод мэдэхгүй байгаа. Сүүлд бодоод байхад “явахгүй” гэснээс болж маргаад чулуугаар толгой руу нь цохьсон шиг санагдаж байна. Ингээд би нэг мэдэхэд л хамаатан Боролзой эгчийн гэрт сууж байсан. ... Манай нөхөр одоо ямар ч гомдол, саналгүй байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Ц.Уранцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,
Ц.Уранцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/,
Ц.Уранцэцэгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32, 36-38 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Уранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ц.Уранцэцэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Болд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Цэрэндуламын Уранцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Цэрэндуламын Уранцэцэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Уранцэцэгт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Уранцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Уранцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Болд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Уранцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ