Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0446

 

2024 06 13 128/ШШ2024/0446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Г.*******, Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Л******* нар оролцов.

Хэргийн индекс:128**************/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А/******* дугаар захирамжаар Замын хөдөлгөөний ачааллыг буруулах талаар авах зарим арга хэмжээний тухай шийдвэр гарсан байна.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А/******* дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам[1], хоёрдугаар хавсралтаар Тээврийн хэрэгслийн Улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг бүсчлэлийн журам[2] батлагдсан.

2.3. Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар 2023 оны 10 дугаар сарын 20, 10 дугаар сарын 13, 12 дугаар сарын 1-ны өдөр тус тус 3 удаа Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* тоот захирамжийг зөрчсөн хэмээн торгууль оногдуулсан байна.

3. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжийг гаргасан байна.

3.2. Энэхүү захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн б, 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн гаргажээ.

3.3. Эхний үндэслэл нь 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн 6, 29.2 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд уг хууль нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуульд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байгаа нь А/******* дугаар захирамж нь хүчин төгөлдөр бус болж байна.

3.4. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт "харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах", Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт "Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно" гэсэн байх бөгөөд эдгээр заалт нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно" гэж заасан хуулийн хэм, хэмжээг баримтлах болох шаардлага үүсэж байна.

3.5. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дугаараар нь ялгаварлаж хязгаарлах, тээврийн хэрэгслийг тодорхой бүсчлэлд зорчих, зорчихгүй байх талаар зохицуулалт ороогүй байна. Ийнхүү дээрх хууль бус захиргааны актын улмаас иргэд хохирч, хууль бусаар оногдуулсан торгуулийг төлж байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Үндэсний статистикийн хорооны "Статистикийн мэдээллийн нэгдсэн сан"-ийн мэдээллээр манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь буюу 712,992 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 107 хувиар буюу 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар хувь буюу 1.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47000 авто тээврийн хэрэгсэл шинээр нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна гэжээ.

4.2. 2022 оны байдлаар Нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 62% буюу 383,703 тээврийн хэрэгсэл нь өдөр тутам идэвхтэй замын хөдөлгөөнд оролцон бүртгэлийн камерт бүртгэгддэг ба хотын төв хэсэг болох Их тойруу дотор яам засгийн газрын 25, Төр захиргааны 23, Улсын эмнэлэг 9, Их дээд сургууль 29, томоохон зах, худалдаа үйлчилгээний төв 10, Ерөнхий боловсролын сургууль 11, Хувийн хэвшлийн бизнесийн төв 31 зэрэг нийт олон нийтийн 138 байгууллага байрлаж байна. Үүнээс шалтгаалан хотын төв рүү зорчих зорчилт нэмэгдэн өглөө оройны оргил ачааллын цагуудад хөдөлгөөний хурд удаашран замын түгжрэл үүсэж байна.

4.3. Нийслэл Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 1170 км хатуу хучилттай авто замтай. Замын хөдөлгөөнийг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх боломжит хөдөлгөөний хурдыг 15-20 км/цаг гэж үзвэл одоо ашиглагдаж байгаа 1170 км хатуу хучилттай авто зам дээр 170-180 мянган тээврийн хэрэгсэл оролцох боломжтой.

4.4. Хөдөлгөөнд оролцож буй дээрх тээврийн хэрэгсэл одоо ашиглагдаж байгаа замын даацад 3.9 дахин ачаалал өгч замын хөдөлгөөний хурд 7-8 км/цаг болон буурч байгаа бөгөөд хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох нь түгжрэлийг бууруулахад гол хүчин зүйл болох юм.

4.5. Иймд тус эрсдэлээс сэргийлэх, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжийг гаргасан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр хэм хэмжээний акт юм.

4.6. Тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд захирамжийн хавсралтаар баталсан журмын доторх үндэслэл болгож эшлэл хийсэн заалт болон бусад зохицуулалт нь шинээр батлагдсан бусад хууль тогтоомжтой нийцэж байна.

4.7. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/*******[3] дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашинд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Дугаарын хязгаарлалт зөрчсөн гэсэн үндэслэлээр 20,000 төгрөгөөр нийт 3 удаа торгууль оногдуулсан тухай Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллийг www.smartcar.mn сайтаар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орж анх мэдсэн, торгуулийн үндэслэл нь дээрх хуулийн хүчин төгөлдөр бус захирамжийг үндэслэсэн байгаа нь миний болон бусад жолоочийн хууль ёсны эрх ашигт халдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.

3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ... хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл одоо ашиглагдаж буй замын даацад 3,9 дахин ачаалал өгч замын хөдөлгөөний хурд 7-8 цаг болон буурч байгаа бөгөөд хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох нь түгжрэлийг бууруулахад гол хүчин зүйл болох юм. Иймд тус эрсдэлээс сэргийлэх, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжийг гаргасан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр хэм хэмжээний акт юм, шинээр батлагдсан болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу тайлбар гаргасан.

4. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Замын хөдөлгөөний ачааллыг буруулах талаар авах арга хэмжээний тухай А/******* дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам-ыг, хоёрдугаар хавсралтаар Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэл-ийг Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч баталж, энэхүү захирамж гаргасантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/532[4], А/1074[5], 2015 оны А/469[6], 2017 оны А/613[7] дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ.

5. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамж нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр [8] дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дахь дугаарт нийтлэгдсэн бөгөөд захирамж батлахаас өмнө Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлан болох 17 хуудас баримтын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна.

6. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайланд[9] Нөхцөл байдлын дүн шинжилгээ[10], Ерөнхий мэдээлэл, Тухайн актыг гаргах үндэслэл, шаардлага, зорилт[11], Тухайн актын ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ[12], Акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлсон байдал[13], Иргэд, олон нийтийн санал, асуулга[14], Актын зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөө[15], нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг үнэлсэн байдал, Тухайн асуудлыг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх[16], Хүний нөөц, техник, эдийн засгийн тооцоо, Дүгнэлт, Зөвлөмж[17] гэх мэт зүйлүүдийг тусгасан нь хэм хэмжээний актыг батлан мөрдүүлэхэд тавигдах шаардлагад нийцжээ.

7. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлангаас үзвэл Нийслэлийн тодорхой бүсэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь ялган хөдөлгөөнд оруулах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн болон эрүүл мэндийн хор хөнөөлийг багасгах, Тээврийн хэрэгслийн зөв, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлийг бууруулах зорилготой байна.

8. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0[18] дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл, танилцуулгыг хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэсэн бөгөөд тухайн хууль нь 2022 онд хүчингүй болсон тул маргаан бүхий А/******* дугаар захирамж нь мөн хүчин төгөлдөр бус болж байна, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэж заасан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн дугаараар нь ялгаварлаж хязгаарлах, тээврийн хэрэгслийг тодорхой бүсчлэлд зорчих, зорчихгүй байх талаар зохицуулалт ороогүй байна гэж маргасан.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хууль нь маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжийг батлан гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд хүчингүй болсон хуулийг үндэслэсэн акт мөн хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Тухайлбал, тухайн харьяалах нутаг дэвсгэртээ аймаг, нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн зохицуулалт нь тухайн хуулийн шинэчилсэн найруулга /2020 он/-д ч тусгагдсан бөгөөд захирамжид үндэслэсэн Авто замын тухай болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгчийн Замын хөдөлгөөний дүрэмд нийцээгүй захиргааны акт тул хууль бус гэх тайлбарын тухайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журамд л хамаарах бөгөөд маргаан бүхий захирамжийг зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дагаж мөрдөхөөр баталсныг дурдах нь зүйтэй.

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 29.1.4б-д өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах, 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Автозамын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга авто замын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.8-д 1-д харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах эрхтэй байна, 9.5-д Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно гэж тус тус заажээ.

13. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд ... Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1,200.000 /нэг сая хоёр зуун мянга/ тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56% хувь буюу 712,992 /долоон зуун арван хоёр мянга есөн зуун ерэн хоёр мянга/ нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар буюу 1,9 дахин нэмэгдсэн, хотын төвд 138 байгууллага байрлаж байгаагаас төв рүү зорчих зорчилт нэмэгдэн өглөө, оройны оргил ачааллын цагуудад хөдөлгөөний хурд удаашран замын түгжрэл үүсгэж, удаа дараа тэг зогсолт болсноос иргэдийн бухимдлыг төрүүлж , цаашид ажил, амьдралаа хэвийн төлөвлөхөд хүндрэл, саад учруулах зэрэг сөрөг үр дагаврууд үүсгэж байсан, мөн өдөрт зорчих авто замын даац хэтэрч байсан гэх тайлбараас үзвэл маргаан бүхий актыг батлан гаргах зүй ёсны шаардлага үүссэн байна.

14. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний А/******* дугаар захирамжийг гарсны дараа Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлд заасны дагуу нөлөөллийн шинжилгээ болон хэлэлцүүлэг хийсэн. Иргэд замын хөдөлгөөний түгжрэлээс үүдэн эдийн засаг болон цаг хугацааны боломжийг алдсан. Үүнийг хязгаарлахын тулд нийтэд нээлттэй байдлаар нийтийн эрх ашгийн төлөө А/******* дугаар захирамжийг хуульд заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлж гаргасан, уг хязгаарлалтыг хийснээр тээврийн хэрэгслийн тоог 20 хувиар хязгаарладаг тул тодорхой хэмжээнд замын хөдөлгөөнийг эрчмийг сайжруулж, иргэд зорьсон газартаа саадгүй хүрэх боломжийг бүрдүүлж байгаа учраас нийтийн эрх ашгийн төлөө гаргасан зөв шийдвэр болсон гэх холбогдох тооцоо, судалгаанд үндэслэсэн тайлбар үндэслэлтэй.

15. Ийнхүү өөрийн хариуцсан харьяа нутаг дэвсгэртээ Замын хөдөлгөөнийг нийтийн эрх ашгийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний тодорхой эрхийг хязгаарлахыг зөвшөөрсөн зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд автомашины улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд зохих хязгаарлалт тогтоосон захирамж нь хуульд нийцсэн, нийтийн эрх ашигт чиглэсэн, зорилгодоо нийцсэн акт байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.4б, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР

 

 

 

[1] ХХ1-98 тал

[2] ХХ1-100 тал

[3] ХХ1-97 тал

[4] ХХ1-124 тал

[5] ХХ1-137 тал

[6] ХХ1-140 тал

[7] ХХ1-144 тал

[8] ХХ1-146 тал

[9] ХХ1-101 тал

[10] ХХ1-107 тал

[11] ХХ1-108 тал

[12] ХХ1-110 тал

[13] ХХ1-113 тал

[14] ХХ1-113 тал, 12 дахь мөр

[15] ХХ1-114 тал

[16] ХХ1-115 тал

[17] ХХ1-116 тал

[18] ХХ1-118 тал