| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0012/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 098.1., 099.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай (томилолтоор) |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай (томилолтоор),
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),
шүүгдэгч М.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ёлынхон овогт Маамын Болдбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003330062 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УР75112318 дугаартай, Ёлынхон овогт Маамын Болдбаатар нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 4 дүгээр гудамжны 19 тоот гэртээ найз Г.Батсайхантай хамт архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас болж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Болдбаатар нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 4 дүгээр гудамжны 19 тоот өөрийн гэртээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз Г.Батсайхантай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд хэсэг хугацаанд унтаж байгаад босч ирээд Г.Батсайханд хандан “танай ах чинь нэг шил архи авч ирнэ гэсэн яасан бэ, авахаа болохоор авчихаад өгөхөө болохоор ирэхгүй юм” гэж хэлэхэд “чи сүртэй юм бэ, нэг ковш нүүрс авч ирээд л өгнө шүү дээ” гэж хоорондоо маргалдан, улмаар Г.Батсайханы нүүр лүү гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж баруун хацар ясны зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт, баруун зулайн хуйх, баруун шанаанд зулгаралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Болдбаатарын өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Батсайханы 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр найз М.Болдбаатарын гэрт нь 12 цагийн үед 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Уг архиа ууж дуусгаад унтаад өгсөн. Унтаж байхад хүн цохиод байхаар нь сэртэл М.Болдбаатар миний нүүр лүү гараараа цохиод, цээж рүү өшиглөж зодсон. Би тэгэхээр нь “чи одоо яагаад байгаа юм бэ” гэхэд нэг юм яриад л байсан. Би М.Болдбаатарын гэрээс гарч яваад хорооны цагдаа дээр очиход “согтуу байна, архиа гаргачихаад хүрээд ир” гэсэн. Би тэгээд гэртээ харьсан юм. Гэрт ирэхэд эхнэр байсан, миний толгой хагарсан, хамар хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Бид 2 урьд өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй, архи ууж байхад ч гэсэн хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. М.Болдбаатар яагаад намайг зодсоныг мэдэхгүй байна. Болдбаатар эмчилгээнд 800.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “... архиндаа согтоод унтаж байтал намайг хүн зодоод байгаа юм шиг бие өвдөөд байхаар нь сэрсэн чинь Болдбаатар намайг нүүр, нуруу руу өшиглөөд гараараа цохиж зодсон. Тухайн үед Болдбаатарын ээж нь намайг зодуулж байхыг харж байсан. Бас хөл муутай ах нь орон дээрээ хэвтэж байсан. Би гарахдаа “чи намайг зодлоо, чиний ээж, ах чинь харлаа шүү” гэхэд “чи битгий бие муутай хүмүүс оролцуулаад бай” гэж хэлэсн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед гаднаас нөхөр Г.Батсайхан ганцаараа хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Биед нь ил харагдах хоёр нүд нь хөхөрч хавдсан, толгойноос нь цус гарчихсан, “нуруу, толгой, цээжээр өвдөөд байна” гэсээр орж ирсэн. Бага зэрэг согтууруулах ундааны зүйл амнаас нь үнэртэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 08шэ/608 тоот:
1. Г.Батсайханы
2. Дээрх
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрчээр М.Болдбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... Г.Батсайхан бид хоёр Энх-Амьдралын авч өгсөн 0.75 литрийн Хараа архийг 13 цагаас эхлэн хувааж уусан. Би нэг мэдсэн гэртээ унтаж байсан Г.Батсайхан бас ширээний хажуугаар унтаж байсан. Би юу болсоныг огт санахгүй байна. Г.Батсайхан бид хоёр архи ууж байхдаа хоорондоо маргалдаагүй, хэрүүлийн сэдэвтэй юм огт болоогүй, бид хоёр архиа хувааж уухдаа гарч ороогүй, гаднаас өөр хүн орж ирээгүй, манай нохой хүн орж ирвэл дайрдаг учир хүмүүс орж ирээд байдаггүй. Би Г.Батсайханыг зодсоноо огт санахгүй байна аа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч М.Болдбаатарын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар ярьсан тул одоо нэмж ярих зүйл байхгүй ээ. Би найзыгаа зодож биед нь гэмтэл учруулсандаа харамсаж байна, найзаасаа уучлалт гуйж байна. ... Тухайн үед Г.Батсайхан бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Уг архиа ууж дуусгаад унтаж амарсан. Тэгээд намайг сэрэхэд Батсайхан сэрүүн байсан, би Батсайханаас “танай ах чинь нэг шил архи авч ирнэ гэсэн яасан бэ, авахаа болохоор авчихаад өгөхөө болохоор ирэхгүй юм” гэж хэлэхэд Батсайхан хадам ахыгаа өмөөрөөд “чи сүртэй юм бэ, нэг ковш нүүрс авч ирээд л өгнө шүү дээ” гэсэн. Энэ байдлаас болж бид 2 хоорондоо маргалдсан. Батсайхан “чи чаддаг юм бол намайг зодооч” гээд өдөөд байхаар нь би хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн юм. Тэгтэл Батсайхан “чи намайг зодлоо шүү” гээд гэрээс гараад явсан. Батсайхан гарч явахдаа гуйвж дайвсан юмгүй зүгээр л гараад явсан. ... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,
М.Болдбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 19, 21-29, 48 дугаар тал/,
М.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20, 49 дүгээр тал/,
М.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/,
Хохирогч Г.Батсайханаас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 35-37 дугаар тал/,
Хохирогч Г.Батсайханы тус шүүхэд гаргасан “... миний бие нь М.Болдбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна, намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. М.Болдбаатарт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч М.Болдбаатар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батсайхан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ёлынхон овогт Маамын Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Маамын Болдбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Болдбаатарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Болдбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батсайхан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Болдбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ