Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1182

 

2022             12             13                                       2022/ДШМ/1182

 

 

Г.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Н.Б,

иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Атарбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Тд холбогдох 1905049280501 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Гийн Т, 1983 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...”, “...” ХХК-уудад гүйцэтгэх захирал, “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, /РД:.../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр биелүүлсэн;

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн байранд “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9.000 м.кв талбай бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, О.Дтай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Доос Баянзүрх дүүргийн ... тоот орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, түүнд 193.094.409 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч А.Бгийн өмчлөлийн, ... тоот орон сууцыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас машин оруулж ирэхэд 50.000.000 төгрөгийн хэрэгцээ байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Дийг хуурч, түүнээр дамжуулан А.Бгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1540 дугаартай итгэмжлэл хийлгэн авч “Голомт” банкинд барьцаанд тавьсны улмаас хохирогч А.Бд 141.871.175 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 334.965.584 төгрөгийн “их хэмжээ”-ний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Тыг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Тын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 40.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж эдлэх торгох ялын хэмжээг 39.895.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Т шүүхээс оногдуулсан 39.895.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Г.Тд урьд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж торгох ял биелэгдэх хүртэл хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Тд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах  “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Хил хамгаалах ерөнхий газарт даруй мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг тухайн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүхээс шүүгдэгч Г.Тд торгох ял оногдуулж, түүний “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүхийн энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 471 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” гэсэн тогтоолыг хүчингүй болгож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 дугаар байрны 78 тоот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр орон сууц” байрны А блок, 19 тоот орон сууцуудыг хохирогч А.Дид,...”-ны зээлийн барьцаанд байгаа ... тоот орон сууцыг хохирогч А.Бд тус тус буцаан олгож, иргэний нэхэмжлэгч “...” ББСБ-ын нэхэмжилсэн 25.486.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Т шүүхийн шийдвэрийн дагуу ...”-д төлбөл зохих 100.000.000 төгрөгийг тухайн банкны 9145100003 тоот дансанд байршуулсан болохыг, иргэн Д.Батхишигт төлбөл зохих 47.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г 187.561.561 төгрөг болохыг нотолж, хүү тооцооллын хүснэгт болон холбогдох нотлох баримтыг гарган өгч, прокурорын зүгээс 187.561.561 төгрөгөөр нэхэмжлэлийг хангуулахаар санал оруулсан. Тодруулбал, банкны зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Г.Тын авч ашигласан 100.000.000 төгрөг нь шууд хохирол болохыг тайлбарлаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар хор уршиг нь 87.561.561 төгрөг болохыг тус тус тайлбарлан, гэм хорын хохиролд нийт 187.561.561 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нөгөө талаас, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.2 дугаар зүйл хууль ёсны зарчимд “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталиа.” гэж заасанчлан тухайн хэргийг эрүүгийн эсхүл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамааран “хохирол, хор уршиг”-ийн асуудлыг нэг ухагдахуунаар тайлбарлах нь зүйтэй гэж тайлбарласан байдаг. “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдээс нэхэмжилсэн хохирлын хэмжээг тогтоохдоо гэм хор учруулахаас өмнөх байдал сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоох” агуулга буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаас гаргуулахдаа үр дагаврыг хамт шийдэж, гэм хор учруулсан байдлыг хуульд нийцүүлэн үнэлэх шаардлагатай байна. Иймд эрүүгийн 1905049280501 дугаартай хэрэгт Г.Таас нэхэмжилсэн 187.561.561 төгрөгөөс хүүгийн төлбөр болох 87.561.561 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.  

Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолын “Хохирол төлбөрийн хувьд:” хэсгийн 10 дахь өгүүлбэрт “Иргэний нэхэмжлэгч “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т "... 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40 сая төгрөг, хүү нь 31.246.666 төгрөгөөр бодогдож, нийт 71.246.666 төгрөгийн авлагатай болсон. Бид хөөцөлдөж явсны эцэст 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Т гидрийн герман шингэн, моторын тос зэргийг өгөөд эдгээр зүйлсийг зараад мөнгөө олж ав гэж хэлсэн. Үүнийг нь бид нар 45.760.000 төгрөгөөр 2 компанид зарсан. Гэрээний үүргийн дагуу эхэлж төлөх ёстой 31.246.000 төгрөгөөс уг 45.760.000 төгрөгийг хасахаар 14.514.000 болж байгаа юм. Үндсэн зээл болох 40.000.000 төгрөгөөс дээрх 14.514.000 төгрөгийг хасвал 25.486.000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 25.486.000 төгрөгөө гаргуулж авмаар байна ” гэж мэдүүлсэн. Энэ үйл явдал нь мөн иргэний эрх зүйн харилцаа биш тул хүү, алданги тооцох үндэслэлгүй гэж үзсэнээс гадна тухайн байгууллага “зээл” гэж олгосон 40.000.000 төгрөгөөс илүү мөнгийг шүүгдэгч Г.Таас авсан байх тул одоо нэхэмжилж буй 25.486.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов” гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, хууль эрх зүйн хувьд илтэд зөрчилтэй, хуулийг буруу хэрэглэж. тайлбарласан шийдвэр болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн Хоёрдугаар дэд бүлэг “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох”-ийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан. Дээрх заалтуудын дагуу Иргэний нэхэмжлэгч “Гүнсан-Эрдэнэс” ББСБ болон зээлдэгч Г.Т нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18/0024 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулан, улмаар гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг дансаар авсан бөгөөд Зээлийн гэрээний дагуу дагавар гэрээ болох "Барьцааны гэрээ”-г байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу Монгол банкны дэргэдэх зээлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл нь хүргэгддэг бөгөөд хэрэг маргаан хянан хэлэлцэгдэж байх хугацаанд муу ангилалд шилжсэн байдаг. Дээрх үйл явц нь Монгол Улсын Их хурлаас батлагдсан Иргэний хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тодорхойлсон. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Шүүгдэгч буюу зээлдэгч Г.Ттай байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон гэрээний дагуу олгосон Зээлийн санхүүжилт, улмаар төлөгдөж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг илтэд үгүйсгэж, “Энэ үйл явдал нь мөн иргэний эрх зүйн харилцаа биш тул ...” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болжээ. Түүнчлэн “Тодорхойлох нь” хэсгийн “...илүү мөнгийг шүүгдэгч Г.Таас авсан байх тул...” гэж шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл бүхэлдээ, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт и3ээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй. Эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу хүүг хуульд заасны дагуу тооцон нэхэмжилсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад бүрэн нийцсэн байхад шүүх илүү нэхэмжилсэн гэж шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т миний бие нь уг хэрэг маргаан мөрдөн байцаалтад явагдаж байх хугацаанд Прокурор Батдэлгэрт гэж хаягласан албан бичгийн хамт Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгтийн хамт нотлох баримтаар хүргүүлсэн боловч шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт зөвхөн албан бичиг байсан бөгөөд бусад нотлох баримт болох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт байхгүй болсон талаар анхан шатны шүүхэд хуралдааны явцад удаа дараа тайлбарласан боловч шүүх уг талаар шийтгэх тогтоолд дурдаагүй бөгөөд энэ талаар авч хэлэлцээгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн “Мөрдөгч. прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөрдөгч, прокурор нь Иргэний нэхэмжлэгч “Гүнсан Эрдэнэс” ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа талаар мэдэж, энэ тухай “Гүнсан Эрдэнэс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тд утсаар мэдэгдэж, улмаар төлөөлөгч Д.Т миний бие дээрх албан бичиг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгтийг хүргүүлсэн байхад нотлох баримт байхгүй болсон, түүнийг хүлээн аваагүй байхад шүүх хэргийг Мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Улсын Дээд шүүхийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 3.2.1 дэх заалтад “иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж болохгүйн зэрэгцээ иргэний нэхэмжлэгч нь дээрх баримт сэлтийг гаргаж өгөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно” гэж заасны дагуу нотлох баримтыг хүргүүлсэн байхад мөрдөгч, прокурор түүнийг хүлээн авахаас татгалзсан тухай баримт авагдаагүй, эсхүл дахин авахаар надаас шаардаагүй, үүргээ хэрэгжүүлэх талаар дахин сануулаагүй байхад шүүх түүнийг харгалзаж шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад “Гүнсан Эрдэнэс” ББСБ-аас авсан зээлийн барьцаанд бүртгэлтэй талаар баримт байгаагаас дүгнэвэл Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ хуулийн дагуу бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсоор байхад энэ талаар шүүх тодруулаагүй, иргэний нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримт өгсөн гэх тайлбарыг хүлээн авч, нөхцөл байдлыг тодруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтын дагуу хэргийн үнэн бодит байдлыг тогтоохоор мөрдөн байцаалтад буцаах хууль эрх зүйн үндэслэлтэй байхад Иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд зөрчсөн шийдвэрийг гаргажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын эрх ашиг хөндөгдсөн эсэхийг шийдвэрлэхдээ ганцхан өгүүлбэр бүхий тайлбарыг дурдсан бөгөөд энэхүү тайлбар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” гэж заасныг баримтлаагүй байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолд Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг шийдвэрлэх эсэх дүгнэлтийг хийхдээ дээрх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, эсхүл хэсэгчлэн хангасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай аль нэг шийдвэрийг гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, шалтгаан нөхцөл, мөн дүгнэлтийг гаргасан үндсэн шалтгааныг дэлгэрэнгүй бөгөөд тодорхой дурдах ёстой. Гэвч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолд энэ талаар огтоос тайлбарлаагүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолд дурдахдаа “Энэ үйл явдал нь мөн иргэний эрх зүйн харилцаа биш тул хүү, алданги тооцох үндэслэлгүй гэж үзсэнээс гадна тухайн байгууллага “зээл” гэж олгосон 40.000.000 төгрөгөөс илүү мөнгийг шүүгдэгч Г.Таас авсан байх тул одоо нэхэмжилж буй 25.486.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов” гэж шийдвэрээ тодорхойлсон боловч дараах шалтгаан нөхцөл бүхий шийдвэрийн үндэслэлээ дурдаагүй болно. Үүнд, энэ үйл явдал нь мөн иргэний эрх зүйн харилцаа биш хүү, алданги тооцох үндэслэлгүй гэж дурдсан боловч яагаад иргэний эрх зүйн харилцаа биш талаар, иргэний эрх зүйн харилцааны онолын тодорхойлолт болон Иргэний хууль тогтоомжид заасан хуулийн зорилт, хамрах хүрээнд яагаад хамаарахгүй талаар, иргэний эрх зүйн харилцаа биш тохиолдолд аль эрх зүйн харилцаанд хамаарах талаар, мөн иргэний эрх зүйн харилцаанд хамаарахгүй тохиолдолд Эрүүгийн эрх зүйн харилцаа бүхий шүүгдэгч болон Гүнсан-Эрдэнэс ББСБ-ын хооронд гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан эсэх, эсхүл захиргааны эрх зүйн харилцаа бүхий харилцааны нэг тал төр, захиргааны байгууллага, албан тушаалтан байсан эсэх, түүнчлэн Иргэний хуулийн Хоёр дэд бүлэг, 451, 452, 453 дугаар зүйлд заасан ББСБ-д хамаарах хуулийн бүлэгт яагаад хамаарахгүй талаар тус тус үндэслэл бүхий тайлбар огт дурдаагүй бөгөөд тодорхойгүй шийдвэрийг гаргасан. “Зээл” гэж олгосон 40.000.000 төгрөгөөс илүү мөнгийг шүүгдэгч Г.Таас авсан байх тул гэж дурдсан боловч яагаад илүү авсан гэж үзсэн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу эсэх, энэхүү мөнгийг илүү авсан гэж дүгнэсэн үндэслэлээ огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нэхэмжлэл гаргагчид тайлбарлана” гэж, Улсын Дээд шүүхийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 4 дүгээр зүйлд “Иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзах талаар заасан хуулийн ...зарим заалтыг дараах байдлаар тайлбарласугай,, гэж, 4.1-т “Энэ зүйлийн 118.1.-д “Эрүүгийн хэрэг үүсгэх журам бүхий үндэслэл байхгүй бол” гэдэгт гэмт хэрэг гараагүй буюу гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учраагүй эсхүл хохирол учраагүй этгээд шаардлага гаргасан байхыг хамааруулан ойлгоно” гэж, 36 дугаар зүйлийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж тус тус заасны дагуу иргэний нэхэмжлэгч “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын зүгээс гаргасан нотлох баримтын хүрээнд тооцоо гаргах боломжгүй, мөн Гүнсан-Эрдэнэс ББСБ-д хохирол учруулсан эсэх нөхцөл байдлыг шүүх тогтоож улмаар дээрх заалтын дагуу Иргэний нэхэмжлэгч Гүнсан-Эрдэнэс ББСБ-аас татгалзаж, Иргэний журмаар нэхэмжлэх эрх, үүргийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхээр байтал Иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг илтэд зөрчсөн шийдвэр болжээ. Дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу “хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” шинжийг агуулсан, 39.7 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, 1.10 дахь заалтын дагуу “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, мөрдөн байцаалт прокурор руу буцаахаар, эсхүл “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” байдлаар иргэний нэхэмжлэгч “Гүнсан-Эрдэнэс” ББСБ-ын шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн эрх ашгийг сэргээн хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрөө хувийн компани байгуулан найз нөхөдтэйгөө хамтран өрөмдлөг хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажил амьдралаа залгуулж яваа жирийн нэгэн иргэн. Хайгуул өрөмдлөг, уул уурхайн чиглэлийн ажил маш их хөрөнгө мөнгө шаардагдаж хийгдэж байдаг ажил. Би өөрийн үзэл бодлоо илэрхийлж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааг ялгааг цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, мөрдөгч нар сайн уншиж судлаагүйгээс иргэний эрх , үүрэг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэний эрх зүйн харилцааны явцад эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг.талаар хэлж маргаснаар мөрдөн байцаалтын хэрэг үүсгэгдэн шалгагдаж эрүүгийн хэргийн зүйл ангиар ял шийтгүүлснээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад хэн нэгнийг хохироох санаа зорилго байхгүй. Намайг шалгахдаа миний бусдаас авах авлага, хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төсөл, эзэмшиж ашиглаж байгаа эд хөрөнгийн хохирол төлж барагдуулах эх үүсвэр байгаа эсэхийг огт харгалзан үзэхгүйгээр барахгүй хяналтын прокурор нь чиний хохирол төлөх эсэх нь надад хамаагүй чамайг шүүхээр оруулж яллан гэж шууд хэлж ялласанд гайхаж байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж өөрийгөө үзэхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Тайлбар гаргах нь, “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9.000мкв талбай бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр зарна...” гэж хуурч О.Дтай байгуулсан газар худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан... гэжээ. Иргэн Г.Т миний бие 2016 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажил үүргийг хамтран гүйцэтгэж 1.2 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Би энэ мөнгө орж ирнэ гэж итгэж байсан. Энэ хэрэг Хан Уул дүүргийн цагдаа дээр шалгагдаад 6 жил гаруй хугацаа өнгөрч байна. Шийдэгдээгүй хохирлоо ч аваагүй. /гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад баримт хавсаргав/ Энэ үед миний танил Одсүрэн, Д нар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 9.000 метр квадрат газар Зоригбаатар гэгчид зараад мөнгөө авч чадаагүй, уг газрыг зармаар байна гэхээр би иргэн О.Дтай “Худалдах, худалдан авах гэрээ” 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийж бидний хооронд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн юм. Миний хувьд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Овоот толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлын хөлс 1.2 тэрбум төгрөг орж ирэхгүйгээр барахгүй хамтран ажилласан Н.Пүрэвдорж давхар гэрээ хийж мөнгийг авсан байсан тул Улсын мөрдөн байцаах газар гомдол гаргуулж шалгах болсон. Уг газар худалдан авах мөнгө бүтэхгүй болохоор иргэн А.Дид газар зарах талаар ярьж байсан бөгөөд 2018 онд иргэн А.Д над руу өөрөө залгаж уг газрыг 600 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би иргэн О.Дтай Иргэний хуульд заасан эрх, үүрэг үүсгэсэн гэрээг аль нэг талаасаа хэн нэгнийгээ дарамталж шахсан зүйл байхгүй, гэрээгээ цуцлах талаар санал гаргаж байгаагүй. Харин О.Д газраа зарах зорилготой байснаа надаар дамжуулан хэрэгжүүлж борлуулж ашгаа олсон. Иргэн А. Д нь газартай болж үйлдвэр байгуулж ашиг олох сонирхолтой байсан уу гэвэл тийм сонирхол байсан. Тэр хүсэл сонирхлоо надаар дамжуулж хэрэгжүүлсэн үйлдвэр барьж ашиг олсон уу олсон одоо ашиг олсоор байгаа. Энэ хоёр хүний хүсэл зорилго хоёулаа биелсэн. Аль алины бизнес ашигтай ажиллаж байгаа. Би иргэн А.Доос тухайн үед мөнгө зээлэх гэхэд мөнгө байхгүй гээд өөрийн эзэмшлийн 2 байраа, мөн эгч Бгийн 1 байрыг банк, болон ББСБ-д тавих эрх олгосноор барьцаанд тавьсан. Иргэний хуульд хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. ...Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан. ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн зарчмаар гэрээнүүд хийгдсэн юм. Залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл, гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй, зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй. Тухайлбал, барьцааны хөрөнгөгүй бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэх ёстой. Надад тухайн үед хийсэн ажил, авах авлага, барьцааны хөрөнгө мөнгө хангалттай байсан одооч байгаа үүнийг мөрдөгч болон цагдаа нар огт тогтоон шалгаагүйгээр барахгүй бусдын мөнгөний барьцаанд байгаа байруудыг битүүмжилж, барьцааны байруудыг чөлөөлөх өөр эд зүйлсийг барьцаанд тавьж хохирол барагдуулах нөхцөлийг хааж намайг яллах талыг баримталж ажилласан юм. Нийгэм, эдийн засаг, өвчин эмгэг, хорио цээр, талуудын үл ойлголцол бусад хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй юм. Шүүхээс хэргийг буцаах тогтоолд С.Намуунааг гэрчээр байцаах талаар дурдсан. Бид шүүхийн заалтыг хангах үүрэгтэй ...Миний охин өөрийн гэсэн тусдаа амьдралтай, холбоо барих утастай. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байдаг. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. 18 дахь хэсэгт “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох... эрхтэй... гэжээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу Баянгол дүүргийн прокурорын газарт өөрөө бичгээр албан ёсоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тайлбар бичиж хүргүүлсэн байгаа юм. Намайг энэ хэрэгт яллахын тулд миний охин С.Намуунааг шүүхээс буцаасан тогтоолын заалтаар гэрчээр байцаах байтал түүнийг хангахгүйгээр шууд яллагдагчаар татах тогтоол үйлдэж, миний охины бичгээр албан ёсоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр прокурорын газарт гаргаж өгсөн тайлбар мэдүүлгийг прокурор хэрэгт хавсаргаагүй нотлох баримтыг устгаж, ...Мөн миний охин 3 настай хөхүүл хүүхэдтэй байхад ээж аавтайгаа амьдардаг гэх зэрэг баримт нотолгоогүйгээр худал баримтаар шүүхэд санал гаргаж саатуулах тогтоол урьдчилан гаргуулж сурч байгаа сургууль дээрээс нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр баривчлан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт оройны 18 цаг хүртэл хэнтэй ч холбоо бариулахгүй суулгаж хүний эрхийг ноцтой зөрчиж 8 цаг байлгаж улмаар 48 цагаар хойшлуулахгүйгээр баривчилж 461 дүгээр ангид хүргүүлсэн. Амралтын өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхээр цагдан хорихоор хурал зарлаж хуралдсанаар шүүх асуудлыг шинжлэн судлаад суллах шийдвэр гаргаж үнэн зөвөөр шийдвэрлэсэн. Охин С.Намуунааг минь яллагдагчаар татаж онц хүнд гэмт хэрэгтэн гэж үзэж цагдан хорих санал гаргаж Т чиний аав биш хойд эцэг чинь чамайг өөрийн хийсэн хэрэгтэй ашиглаж байна. ...Чи үнэн зөвөөр мэдүүлэг өг гэх зэргээр ...дарамт үзүүлсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх заалт хангагдсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршин гэдэг заалт хэрэгжсэнгүй. Надад иргэн А.Дийг хуурч мэхэлсэн, түүний эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд зориудаар зохиомол байдал бий болгосон. Гэрээний харилцаагаар итгэмжлэл олгосон бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатай зөрчиж өмчлөгчийг төөрөгдөлд оруулсан, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэж маргасан зүйл зүйлгүй. Хэрэв дээрх иргэд надад залилуулсан гэж байгаа бол эхлээд надтай байгуулсан гэрээ хэлцлүүдээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандах ёстой. Иргэний хуульд ...Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй байдаг. Энэ талаар иргэн А.Д болон тухайн эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан юм. Иргэн А.Бгийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дбазарын 72а 63 тоот орон сууцыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас машин оруулж ирэхэд 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон А.Дийг хуурч А.Доор дамжуулан А.Бгээр итгэмжлэл хийлгэн авч ...инд барьцаанд тавьсны улмаас иргэн А.Бд 141.871.175 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Иргэний хуульд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг иргэний хуулиар зохицуулдаг гэж ойлгодог. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ. ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. ...тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зээлийн гэрээ, зээлдэгч “Төв гүүр” ХХК, регистр 3868079, улсын бүртгэл №1411008119, эзэмшигч С.Намуунаа, олгосон зээлийн хэмжээ 100 сая төгрөг, зээлийн гэрээний 5.6.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг болон барьцааны гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт, оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах бол 5.2-д заасан журмыг баримтална. 5.7. Энэхүү гэрээтэй холбогдсон маргааныг Банк болон Зээлдэгч аль болох гэрээ хэлэлцээ хийх замаар харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж талуудын аль нэг нь үзвэл маргааны харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгасан. Төв гүүр ХХК -ны гүйцэтгэх захирал Г.Т би 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр №21/01 албан бичиг,2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №2/29/01 албан тоотуудыг явуулж гэрээнд өөрчлөлт оруулах саналаа удаа дараа тавьж гэрээний үүргээ биелүүлэх гэхэд хуулийн байгууллагаас хоригтой боломжгүй гэсэн. Би энэ хохирлыг бүрэн барагдуулж иргэн А.Бг хохиролгүй болгосон. Иргэн А.Дийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол 118 дугаар байрны 9 давхрын 78 тоот 48.35 мкв 84.612.500 төгрөгийн орон сууц залилсан гэх ...уг байрыг Гүнд сан эрдэнэ ББСБ-д 40 сая төгрөгийн барьцаанд тавьж зээлийн төлөлтөд 50.3 сая төгрөгийн бараа материал өгсөн иргэний эрх, үүрэг үүсгэж өр төлбөрөө барагдуулж байрыг А.Дид буцаан олгосон. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Шинэ гэр орон сууцны А блок 3 дугаар давхрын 19 тоот 69.1 мкв 117.504.000 төгрөгийн орон сууцыг залилж иргэн Д.Батхишигт зээлийн гэрээгээр 65 сая төгрөгийн барьцаанд тавьж хохирол учруулсан гэх ...Иргэний хуульд, ...3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулж байрыг А.Дид буцаан олгосон. Би дээрх орон сууцуудыг хэн нэгэнд зарж борлуулж ашиг хонжоо хайгаагүй тухай үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гэрээ хэлцэл байгуулан зээлийн барьцаанд тавьсан бөгөөд орон сууцуудыг буцаан авах нөхцөлтэйгөөр гэрээ хийсэн бөгөөд гэрээний үүргээ биелүүлж өр төлбөрийг барагдуулсан болно. Иргэний хуульд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг иргэний хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, дээрх 3 байр залилан авсан гэх үйлдлүүд нь худалдах худалдан авах гэрээ, хэлцлүүдтэй холбоотой хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн маргааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан “ гэх залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамруулан үзэх боломжгүй өвчин эмгэг, хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдаж үл ойлголцол үүссэн учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Иймд зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “...” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дугаартай шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч “...” ХХК-тай холбоотой шийдвэрт давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...” ХХК-тай холбогдох хэргийг иргэний маргаан биш байна гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний нэхэмжлэгчээс холбогдох бүх гэрээ, хэлцэл, хүү тооцоолсон баримтуудыг гаргаж өгсөн. 4 дүгээр хавтас хэргийн 105-111 дүгээр хуудсанд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд авагдсан байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр иргэний хэрэг маргаан биш байна гэж шийдвэрлэсэн. Яагаад иргэний хэрэг маргаан биш болохыг шийтгэх тогтоолд тодорхойлж тайлбарлаагүй. Иргэний нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэл нь иргэний хэргийн маргаан биш юм бол өнөөдөр энэ хэрэг эрүүгийн хэрэг мөн үү гэдэг эргэлзээтэй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа юу. Эсхүл захиргааны хэрэг маргаан юм уу. Өөрөөр хэлбэл, процесс хуулиудад заасан хэрэг маргааны төрөлд хамаарах шаардлагад нийцэж байгаа юм уу гэдэг талаар болон иргэний хэрэг маргаан биш болохыг үндэслэлтэй тайлбарлаагүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулна гээд Иргэний хуульд тодорхой заасан. Уг шаардлагын дагуу шүүгдэгч Г.Т болон иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар дагавар гэрээ болох барьцааны гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Гэтэл үүнийг иргэний хэрэг маргаан биш байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шийдвэрлэсэн хэрэг маргааныхаа үндэслэлийг тодорхой бичих ёстой гэдгийг зааж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэг маргаан яагаад биш болохыг тодорхой тайлбарлаж, дүгнээгүй. Шүүх өөрөө иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу зээлийн, барьцааны, барьцаалбарын гэрээнүүд авагдсан, улсын бүртгэлд бүргүүлсэн байхад эдгээр нотлох баримтуудыг огт үнэлээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс хэд, хэдэн зүйл харагдана. Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нар хэн аль нь “...” ХХК-нд холбогдох хэргийг цаашид иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой эсэх талаар талууд тайлбараа хэлсэн байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэг зүйлийг онцлон хэлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр үү, үгүй юу, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бол цаашид үр дагавар нь хэрхэх ёстой вэ гэдэг талаар ярьсан байдаг. Гэтэл шүүх үүнд мөн огт дүгнэлт өгөөгүй. Иргэний хэрэг маргаан биш юм бол гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцсон талаараа дурдаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл байсан уу, хууль зөрчиж хийсэн хэлцэл үү гэдгийг тогтоож өгөөгүй байж иргэний хэрэг биш гэж шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илтэд хууль зөрчсөн шийдвэр болсон. Иймд иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Ч.Атарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг гэрээний эрх зүйн харилцаа гэж үздэг. Иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаа байгаа тохиолдолд хүү, алдангийн асуудал яригдах нь зүй ёсны хэрэг. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн. Иймд бодит хохирлын асуудал яригдана. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Талуудын давж заалдах гомдлуудыг сонслоо. Шүүгдэгч Г.Тын хувьд, анхнаасаа гэмт хэрэг биш гэж үзэж байсан гэж байна. Эхний гэрээг байгуулсан үйл явц байдаг. Уг гэрээний төлбөр төлөгдөх боломжгүй нөхцөл байдал үүсмэгц тэр гэрээг ашиглаж бусдын эд хөрөнгийг олж авсан нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байдаг. Үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг өөртөө олж аваад цааш дамжуулж Банк санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулж, мөнгө гаргуулж авсан. Уг гэрээгээр олж авсан мөнгөө төлөөгүй нөхцөл байдал тогтоогддог. Гурван үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олж авснаар гэмт хэрэг төгссөн. Эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж байна. Тэр асуудлыг нь миний хувьд нарийн тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ энэ хэргийн онцлог бол дан ганц мэдүүлгийн нотлох баримт дээр үндэслэж тогтоогддог хэрэг биш. Давхар гэрээ, хэлцэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож тогтоогддог. Ганцхан шүүгдэгчийг эрүүдэн шүүж хэргийг тогтоосон зүйл байхгүй. Шүүгдэгч Г.Тын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч байгууллагуудын гаргаж буй давж заалдах гомдолтой танилцлаа. Цэвэр эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүдэн гарч байгаа хохирол, хор уршигтай холбоотой иргэний нэхэмжлэл гарч ирсэн. Энэ асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтад нь шийдвэрлэх хуулийн зохицуулалт байдаг. Иймд баримтаар “...” ХХК болон “Голомт” банк хүү, алданги тооцсон тооцооллоороо нэхэмжлэх эрхтэй. Учир нь, иргэний нэхэмжлэгч байгууллагууд нь ашгийн төлөөх байгууллага, мөн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэж байна. Өөр өөрсдийн тооцооллын дагуу хохирлоо нэхэмжилсэн. Цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэж шийдвэрлүүлэх боломжтой байхад шүүхээс шийдвэрлэхдээ цэвэр эрүүгийн эрх зүйн харилцаа үйлчилнэ гэдэг байдлаар иргэний нэхэмжлэгч нарын цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэгч байгууллагуудын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн байранд “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9.000 м.кв талбай бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, О.Дтай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Доос Баянзүрх дүүргийн ... тоот орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, түүнд 193.094.409 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн хохирогч А.Бгийн өмчлөлийн, ... тоот орон сууцыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас машин оруулж ирэхэд 50.000.000 төгрөгийн хэрэгцээ байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Дийг хуурч, түүнээр дамжуулан А.Бгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1540 дугаартай итгэмжлэл хийлгэн авч “Голомт” банкинд барьцаанд тавьсны улмаас хохирогч А.Бд 141.871.175 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 334.965.584 төгрөгийн “их хэмжээ”-ний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Дийн “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр манай компани Улаанбаатар хотын зүүн талд зуурмагийн үйлдвэр барихаар шийдсэн ба Т руу залгаж нөгөө газар чинь байгаа эсэх талаар тодруулахад зарагдаагүй байгаа гэж хэлсэн. Маргааш нь манай ажил дээр Т өөрөө хүрч ирээд “Энэ газар “УББНО” ХХК-ийн нэр дээр байдаг. Би энэ газрыг өөр дээрээ байлгахгүй дүү дээрээ байлгаж байгаа, хоёулаа наймаагаа тохироод хийх юм бол би дүүдээ хэлээд чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би энэ үгэнд итгээд бэлэн байгаа байрыг чиний нэр дээр шилжүүлье гээд Төмөр замд нэг газар байгаа тул дараа нь барилга баривал хамтарч тухайн барилгад хөрөнгө оруулалт хийе гэж тохирсон. Тэгээд бид хоёр тухайн газрыг 600.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Т бид хоёр хоорондоо хэлцэл хийсэн ба уг хэлцэлд “Асиас Сити” ХХК-иас худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 дугаар байрны 9 дүгээр давхар 78 тоот, 48.35 м.кв, 84.612.500 төгрөгийн үнэлгээтэй орон сууц, “Шинэ гэр түншлэл” ХХК-иас худалдан авч төлбөрийг нь бүрэн барагдуулсан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шинэ гэр орон сууцны А блок 3 дугаар давхрын 19 тоот, 69.1 м.кв, 117.504.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг, мөн үлдэгдэл төлбөрийг Төмөр замд байрлалтай хуучны 2 давхар байрыг нурааж барих байшинд хөрөнгө оруулалт хийж барагдуулахаар тохирсон байсан. Ингээд уг орон сууцуудыг Тын нэр дээр шилжүүлсэн.

2018 оны 11 дүгээр сард Т дахиж манай ажил дээр хүрч ирээд хавар Эрдэнэс таван толгойн хөрс хуулалтад орох гээд хятадаас самосвал загварын 5 ширхэг машин худалдаж авахаар Шанхай руу 50 хувийг нь шилжүүлсэн байгаа, үлдэгдэл 50 хувийг нь шилжүүлэх гэтэл “зун ажил хийлгэсэн хятад компани мөнгөө өгөхгүй удаад байна, банкнаас зээл авах гэсэн юм, түр банкинд тавьчихаар үл хөдлөх хөрөнгө байна уу” гэж надаас асуусан. Би тус болох зорилгоор төрсөн эгчийнхээ өмчлөлд байсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дбазарын гудамж, 72 А байрны 63 тоот орон сууцыг Тд итгэсний үндсэн дээр эгч рүүгээ утасдаж Тын нэр дээр барьцаанд тавих итгэмжлэл хийгээд өг гэж гуйсан ба манай эгч Тд итгэмжлэл хийж өгөхөөр болсон. Яг итгэмжлэл хийх үедээ өөрийн охины нэр дээр хийлгэж, ...наас 100.000.000 төгрөг гаргуулж авсан байсныг 2019 оны 4 дүгээр сард ...наас манай эгч рүү залгаж зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй байна, зээлээ яаралтай төл гэж ярихад нь л мэдсэн.

2019 оны 3 дугаар сараас Таас худалдаж авсан газар дээрээ бетон зуурмагийн үйлдвэр барихаар газар шорооны ажил хийж эхэлтэл “УББНО” ХХК-ийн захирал Д гэх хүн манай ажил хийж буй хүмүүстэй очиж уулзаад манай газар дээр та нар хэний зөвшөөрлөөр байж байгаа юм бэ гэж асуусан байсан ба Т гэх хүн манай компаниас энэ газрыг худалдаж авна гэж ярьж явсан болохоос худалдаж авсан асуудал байхгүй гэж хэлсэн. Би яг энэ өдөр нь Ттай ярихад “наад газар чинь манай дүү Дгийн газар байгаа юм. Өмнөговьд хөрс хуулалтын ажлаас болоод бид хоёр муудалцсан байгаа, тэгээд чамайг шантаачлаад байгаа юм, чи ажлаа хийж бай, би өөрөө Дтай ярина” гэж хэлсэн. Ингээд ажлаа эхпүүлэх гэхэд Д гэх хүн залгаж “энэ манай газар, Т гэх хүнтэй ямар ч холбоо байхгүй, Т энэ газрыг бартераар авна гэж ярьсан болохоос худалдаж авсан асуудал байхгүй” гэж хэлсэн. Ингээд би Тд залилуулснаа мэдсэн...” /1хх 16-19/,

хохирогч А.Бгийн "...Миний төрсөн дүү Д надад хэлэхдээ Гийн Т гэдэг хүнд итгэмжлэл хийгээд өгчихөөрэй гэсэн. Үүний дагуу Т гэх хүн нь над руу залгаад “дүүтэй чинь ярьсан байгаа, өөрийн чинь байран дээр яаралтай итгэмжлэл гаргуулж авах хэрэгтэй байна" гэж холбогдоод Саппород байрлалтай нотариатын газарт очиж уулзсан. Тухайн үед Т нь нэг эмэгтэй дагуулаад ирсэн байсан. Нотариатын газарт байхдаа Т нь манай охин байгаа юм, би охиныхоо нэр дээр итгэмжлэл хийлгүүлнэ гэж хэлсэн. Манай дүү Д би хүнтэй хамтарч ажил хийх гэж байгаа юм, уг таньдаг хүнд маань мөнгөний яаралтай хэрэг гарсан байна. Та өөрийнхөө амьдарч буй орон сууцыг Т гэх хүний нэр дээр зээл гаргуулан авч болно гэсэн утгатай итгэмжлэл хийгээд өгөөч гэж гуйсны үндсэн дээр, мөн дүүгээ бизнес хийдэг болохоор нь хамтарч ажил хийх гэж байгаа хүнд нь яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байгаа бол тус болъё гэдэг үүднээс уг итгэмжлэлийг Тын охин С.Намуунаад хийж өгсөн. Т нь манай дүү Дид 50.000.000 төгрөгийн зээлийг гаргуулж авна гэж хэлсэн байсан боловч манай дүү болон надад мэдэгдэхгүйгээр дураараа 100.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан байсан. 100.000.000 төгрөг бол их хэмжээний мөнгө. Хэрэв анхнаасаа 100.000.000 төгрөг гэж хэлсэн бол би бодож үзээд зөвшөөрөхгүй байх байсан. Уг зээлийг гаргуулж аваад нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, залгахаар утсаа авахгүй байдаг байсан. ...” /3хх 92/,

гэрч Ц.Одсүрэнгийн "...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “УББНО” ХХК-ийн захирал О.Д болон Г.Т нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Т нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөөгүй учир уг гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, харин гарын үсэг зураад тэмдэг дарсан. Т хэлэхдээ 7 хоногийн дараа 264.000 доллар өгье, мөнгөө төлсний дараа газраа над руу шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Ингээд 7 хоногийн дараа мөнгөө өгөөгүй, залгахаар утсаа авахгүй ор сураггүй алга болсон. ...Би Тд уг газрыг эзэмшээд, ашиглаад байж бай гэж хэлээгүй. Худлаа ярьж байна. ...” /1хх 28-32/,

гэрч О.Дгийн “...Намайг “УББНО” ХХК-ийн захирлаар ажиллаж байхад Т гэх хүн ирээд манай компанийн газар болох Амгаланд байрлалтай, 4.000 м.кв газрыг худалдаж авъя, түрээслэе, хамтарч ажиллая гээд гуйсан. Энэ үеэс танилцаад зүс мэддэг болсон. Ер нь би Амгаланд байрлалтай газраа зарна гэсэн бодолтой байдаг байсан. Энэ үед Т гэх хүн нь ирээд газрыг чинь худалдаж авъя гэсэн боловч худалдаж авахгүй, чимээгүй алга болчихдог байсан. Ингээд 2018 онд яг хэдэн сарыг нь сайн санахгүй байна, газраа хүнд зарах санаатай үзүүлэх гээд очих үед миний компанийн газар дээр дээр “...” гэх ХХК нь барилгын суурь цутгасан байдалтай барилгын ажил эхлүүлж байсан. Ингээд тэнд байсан хүнээс би “...” ХХК-ийн захирал Д гэх хүний гар утасны дугаарыг аваад та яагаад манай компанийн газар дээр барилгын ажил хийж байгаа юм бэ, хэн зөвшөөрсөн юм бэ гэж асуухад чи Тын дүү мөн үү гэхээр нь юу яриад байгаа юм бэ, Т гэх хүнийг танина, гэхдээ би дүү нь биш, уг газрын эзэн нь би байна гэдгээ хэлсэн. ...” /1хх 34/,

гэрч М.Мөнхтуулын "...2018 оны 10 дугаар сард шиг санаж байна, манай захирал Д намайг өрөөндөө дуудахаар нь ороход Т гэх хүн ирсэн байсан. Захирал надад хэлэхдээ Т хятадаас машин оруулж ирэх гэж байгаа юм байна, банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа гэж байна, чи эгч Бгийн орон сууц дээр итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна гэж байсан. ..." /1хх 40/, гэсэн мэдүүлгүүд,

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах хэлцэл”-ийн хуулбар /1хх-н 72/,

2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийн хуулбар /1хх 73/,

2019 оны 5 дугаар сарын 01 -ний өдрийн “Орон сууц арилжих гэрээ”-ний хуулбар /1хх 74/,

... ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18/193 тоот албан бичиг /1хх 84/,

“..." ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18/227 тоот албан бичиг /1хх 85/,

“Төвгүүр” ХХК иргэн А.Бгийн өмчлөлийн, орон сууцыг барьцаалж ...наас 100.000.000 төгрөгийн зээл авсан баримт /1хх 170-184/,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 61 А байрны 19 тоот орон сууцны өмчлөх эрхийг А.Доос шилжүүлж авсны дараа иргэн Д.Батхишигт барьцаалж зээл авахдаа уг орон сууцыг Д.Батхишигийн өмчлөлд түр шилжүүлсэн тухай Үл хөдпөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх 187/,

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “УББНО” ХХК-ийн эрх болон газар худалдах, худалдан авах тухай О.Д, Г.Т нарын хооронд байгуулсан гэрээ /2хх 178-182/,

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1540 дугаартай итгэмжлэл /2хх 184/,

Зээлийн гэрээний хуулбар /3хх 102/,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 байр, 78 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /4хх 57/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Г.Тыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба түүнийг 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Энэ хоёр шинж хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт тулгуурласан объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог билээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авах бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, эсхүл эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг онцлогтой.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. 

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, “Хамтран ажиллах хэлцэл”, “Өр төлбөр барагдуулах тухай хэлцэл”, “Орон сууц арилжих гэрээ”, “Төвгүүр” ХХК нь иргэн А.Бгийн өмчлөлийн, орон сууцыг барьцаалж ...наас 100.000.000 төгрөгийн зээл авсан гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, “УББНО” ХХК-ийн эрх болон газар худалдах, худалдан авах тухай О.Д, Г.Т нарын хооронд байгуулсан гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1540 дугаартай итгэмжлэл, Зээлийн гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 байр, 78 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар... ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18/193, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18/227 тоот албан бичгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Тын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Тын гаргасан “...Залилсан гэх үйлдлүүд нь худалдах, худалдан авах гэрээ, хэлцлүүдтэй холбоотой хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн маргааныг залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамруулан үзэх үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана.” гэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байхад анхан шатны шүүх “...Шүүх шүүгдэгч Г.Тыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлон тогтоосон тул энэ хэргээс улбаатай иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа зээлийн хүү, алданги тооцож гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, гэмт хэргээс бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгахдаа шүүх бодит хохирлыг гаргадаг, түүнээс биш иргэний эрх зүйн харилцаатай адил хүү, алданги тооцох тухай ойлголт байхгүй. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын гаргасан “...Хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү. ...”, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн гаргасан “...Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/719 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “...” ХХК,  “...” ХХК нар нь гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа хохирол, хор уршигтай холбоотой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Г.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР