Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2015/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор сумын ***** тоотод оршин суух, эрэгтэй, ****** регистрийн дугаартай, ***** овогт ****** ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгохтой холбогдон 1980 оны 05-р сараас 1982 оны 6-р сар хүртэл тус аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийнхээ ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар **** иргэний үнэмлэхний хуулбар, МҮЭ-ийн гишүүний 412751 дугаар бат илэрхийлэхийн болон ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1980 оны дурсамж, 1981, 1982 оны баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

***** нь 1980 оны 05 сараас 1982 оны 06 сар хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

**** шүүхэд гарган өгч хэрэгт хавсаргагдсан 1980 оны дурсамж, 1981, 1982 оны баярын бичгүүд дэх ***** гэх нэр нь бүхэлдээ засварлагдсан, 1980 оны ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт зохих бичилт хийгээгүй, МҮЭ-ийн гишүүний 412751 дугаар бат илэрхийлэхийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх боломжгүй болсон байна.

***** нь шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн, өөр баримт олдохгүй байх тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** овогт ***** ****** 1980 оны 05-р сараас 1982 оны 6-р сар хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ