Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 12

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:1672),

шүүгдэгч Т.Уранбэлэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Багшийнхан овогт Төмөрийн Уранбэлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003120066 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цаг 54 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 51 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван зээгийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчины 27 дугаар гудамжны 172 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УД67081509 дугаартай, Багшийнхан овогт Төмөрийн Уранбэлэг нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчины 34 дүгээр гудамжны 233 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Н.Чинбаттай маргалдаж, улмаар зүүн бугалга, зүүн хөлний тавхай хэсэгт заазуураар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Уранбэлэг, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Уранбэлэг нь Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 34 дүгээр гудамжны 233 тоотод иргэн Ц.Даваадоржийн гэрт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н.Чинбат, Ц.Даваадорж, Ц.Болдбаатар, Ариунболд нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Н.Чинбат түүнийг “чамтай унтмаар байна” гэж хэлснээс болж хоорондоо “би чамайг Тэрэлжид байхыг чинь мэднэ гичий минь, пизда минь” гэж маргалдаж байгаад Н.Чинбатын зүүн бугалга, зүүн хөлний тавхай хэсэгт заазуураар цохиж зүүн бугалга, зүүн тавхайнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Уранбэлэгийн өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал хажуу айлын залуу орж ирээд “танай гал асаагүй байгаа бол манайд ороод хоолоо хийчих” гэж хэлсэн. Айлдаа ороход Чинбат байж байсан. Тэгээд бид гурав хоолоо хийгээд сууж байхад гаднаас Хасгаа нэг шил архи авч ирсэн. Бид дөрвүүлээ Хасгаагийн авч ирсэн архийг ууж дуусаад дахиад архи авч ирж уусан. Гурав дахь шил архи ууж байхдаа Чинбаттай маргалдсан. Чинбат “би таньтай унтмаар байна” гэхээр нь хажуудаа байсан заазуурыг аваад цохьсон. Тэгээд гарнаас нь цус гарахаар нь эмнэлэгт хүргэж оёдол тавиулаад гэртээ ирсэн. Чинбат гэрт байж байгаад “Урнаа эгч ээ би гарчихаад ирье” гээд гараад явсан. Тэгээд цагдаа дуудчихсан юм байна лээ ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Чинбатын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би найз болох Даваажаргалынд хоносон юм. Тэгээд өнөө өглөө гаднаас Урнаа эгч орж ирээд бид нарт 3 шил архи авч өгсөн. Тэгээд бид нар хоорондоо юм яриад архи ууцгаагаад байж байтал миний хажууд сууж байсан Урнаа эгч заазуураар миний зүүн гарын Булчин руу цохиод дараа нь дахиад хөл рүү цохьсон чинь миний хөл гарнаас цус гоожсон, тэгэхээр нь Хасгаа гэх залуу түргэн дуудаад түргэний машинаар аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод гартаа 2 оёдол, хөлөндөө 3 оёдол тавиулсан. ... Зүгээр ярьж сууж байгаад намайг заазуураар цохьсон тухайн үед юунаас болж маргасныг мэдэхгүй байна, би нилээн согтуу байсан болохоор. ... Урнаа гэх эмэгтэйг хар багаасаа таньдаг байсан. Тухайн үед Даваажаргал, Урнаа, Хасагаа бид дөрөв байсан, өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Тэгээд би нэлээн согтсон байсан ба юу болсоныг сайн мэдэхгүй байгаа, нэг мэдэхэд л Уранбэлэг эгч намайг заазуураар цохиод миний гар болон хөлнөөс цус гараад явчихсан. ... Миний бие эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Яг хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй байна. Яг одоо надад баримт гэх зүйл алга, манай дүү нар мэдэж байгаа. Миний бие шүүх хуралд оролцохгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Даваадоржийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “... Хасгаа бид нар нэг хорооны хүүхдүүд байсан юм бүтэн нэрийг нь Ариунболд гэдэг. Ариунболд Уранбэлэгт хандаж “танай охинтой унтсан” гэж хэлж байхыг би сонссон. Тухайн үед би арай тасраагүй байсан, тэгээд удалгүй Хасгаа гараад яваад өгөхөөр нь би унтлаа гээд орон дээрээ унтаад өгсөн. Яг юу болсоныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь гэрт цагдаа нар ирээд намайг сэрээсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Болдбаатарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Ингээд бид 3 архиа хувааж уугаад сууж байтал Уранбилэг эгч орж ирээд бид 4 архиа ууж дуусгаад ахиад дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Цагаан нэртэй архи аваад буцаж ирээд хувааж уугаад сууж байхад Уранбилэг эгч, Чинбат 2 хоорондоо маргалдаад Чинбат Уранчилэг эгчийг “би чамайг Тэрэлжид байхыг чинь мэднэ гичий минь, пизда минь” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод хоорондоо бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр дуудалцаад байсан.  Ингээд архи дуусаад 18 цагийн үед болов уу би бие засахаар гараад буцаад ортол Чинбат зүүн гар шиг нь санагдаж байна алчуураар дарчихсан цус гарч байхаар нь “яасан бэ” гэхэд “Уранбэлэг эгчийг ингэчихлээ” гэхээр нь би шууд гараад эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд аваад явахаар нь би “харилаа” гэж Даваадоржид хэлээд явсан. ... Чинбат, Даваадорж, Уранбэлэг нар бол нэлээн согтуу хэл ам нь орооцолдсон байсан. Ер нь бол энэ гурав урьд нь архи уусан байсан, би бол зүгээр, сүртэй согтоогүй, болсон асуудлыг бүгдийг мэдэж байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/589 тоот:

1. Н.Чинбатын

2. Дээрх нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Т.Уранбэлэгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад хүйтэн гал асаагүй байхаар нь хажуу Даваадоржийн гэрт 11 цагийн үед ороход Даваадорж, Чинбат 2 байсан ба бид 3 хоол хийж идэхээр болоод хоолоо бэлтгээд байж байтал гаднаас Хасгаа 1 шил 0.5 литрийн Хараа архи кола ундаатай барьж орж ирээд бид 4 хувааж ууж дуусгаад ахиад Чинбат явж 0.75 литрийн Цагаан нэртэй архи 2 шилийг авч ирээд дахиад бид 4 хувааж ууж дуусгаад 16 цагийн үед байх ахиад Чинбат явж 0.75 литрийн Цагаан нэртэй архи авч ирээд тэрийгээ задлаад уугаад сууж байтал Хасгаа надаар тоглоод “танай охин чинь хөөрхөн шүү, би өчигдөр хамт буудалд хоносон” гэж яриад хоорондоо тоглож яриад сууж байгаад “би унтлаа, та 3 архиа хуваагаад уугаарай” гээд хэвтээд өгсөн. Ингээд 30 орчим минутын дараа Хасгаа унтаад, Даваадорж мөн адил унтчихсан, Чинбат бид 2 урд нь хамт Гордокт айл хөрш байсан талаар яриад сууж байхад Чинбат “тантай унтмаар байна” гэхээр нь гэнэтхэн уур хүрээд хоол хийгээд баганы хажууд түшүүлээд тавьсан гамбанз болон заазуур байсныг хараад заазуурыг аваад Чинбатын зүүн бугалганд нэг удаа, зүүн хөлийн тавхай хэсэг рүү нэг удаа заазуурны ирээр цохьсон. Тэгтэл Чинбатын хөлийн тавхай болон бугалганаас цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дагуулж яваад оёдол тавиулаад буцаад гэрт иртэл Чинбат “би гарч хүнтэй уулзаад ирье” гээд гараад явсан ба удалгүй цагдаа нар ирсэн. ... Би нилээн согтсон байсан. Гэхдээ бол болсон асуудлыг санаж байгаа. ... Намайг зодож цохьсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар тал/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

            Т.Уранбэлэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/,

            Т.Уранбэлэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/,

         Т.Уранбэлэгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37, 42-43, 46-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Уранбэлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Т.Уранбэлэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэг дагуулж явж оёдол тавиулан шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн “би чамайг Тэрэлжид байхыг чинь мэднэ гичий минь, пизда минь, чамтай унтмаар байна” гэх мэтээр хэл амаар доромжилсон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Чинбат цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багшийнхан овогт Төмөрийн Уранбэлэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Төмөрийн Уранбэлэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Уранбэлэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Уранбэлэг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Н.Чинбат цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Уранбэлэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ