Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0721/З |
Дугаар | 128/ШШ2024/0255 |
Огноо | 2024-03-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0255
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А
Хариуцагч: **** дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х, Б.С, Л.Г
Гуравдагч этгээд: *****
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн **** дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, **** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гуравдагч этгээдийг өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ур нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах, гуравдагч этгээдээс **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэх шаардлагаар тус тус маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх маргаан бүхий **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжаар ***** нь нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгахаар шийдвэрлэжээ.
2.2.Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглах эрхээ хязгаарлуулж байгаа, маргаан бүхий газрыг албадан чөлөөлөх дүүргийн Засаг даргын захирамж гарсан байхад хариуцагч нь түүний биелэлтийг хангуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа.
2.3. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн **** дугаар захирамжаар Улаанбаатар хот, **** дүүрэг, 11-р хороонд ******* м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.
2.4. Гуравдагч этгээд **** нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаар захирамжаар Улаанбаатар хот, ******* дүүрэг, 11-р хороонд нэгж талбарын 0000 дугаар бүхий 13169 м.кв, нэгж талбарын 00000 дугаар бүхий 2764 м.кв талбай бүхий нийт 15945 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.
2.5.Тус шүүх нэхэмжлэгчээс **** дүүргийн Засаг даргын 2017 оны *** тоот Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамжийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Э овогтой Г миний бие бие **** дүүргийн Засаг даргын 2016 оны **** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны **** дугаар захирамжаар **** дүүргийн 11 дүгээр хороо, Самбалхүндэв ******* тоот хаягт, **** нэгж талбарын дугаар бүхий ******* м.кв үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшдэг бөгөөд миний эзэмшлийн газар нь **** худалдааны төвтэй хил залгаа байрладаг.
Гэвч **** худалдааны төв нь нийтийн эзэмшлийн гудамжийг бүхэлд нь хааж, хашаа барин худалдааны төвийнхөө төлбөртэй зогсоол болгон ашиглаж байна.
Үүний улмаас миний бие өөрийн эзэмшлийн газартаа чөлөөтэй нэвтэрч орох, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа бөгөөд, өөрийн эзэмшлийн газартаа нэвтрэхийн тулд **** худалдааны төвийн ажиллаж буй цаг хугацаанд, төлбөр төлж орох болоод байна.
*****-ийн уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгах газар чөлөөлөх тухай *** тоот захирамж гарсан байх боловч ***** нь уг захирамжийг үл ойшоон, өнөөдрийг хүртэл хашаалсан хэвээр байгаа бөгөөд, нийтийн эзэмшлийн талбайг хашаалан, үндэслэлгүйгээр төлбөр авч байгаа үйлдэл нь хил залгаа газар эзэмшигч миний өөрийн эзэмшил газартаа орох орц гарцыг хааж газар эзэмших эрхэд халдсаар байна.
Миний бие **** дүүргийн Засаг даргад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгах газар чөлөөлөх тухай *** тоот захирамжаа албадан гүйцэтгүүлж өгөхийг хүсэж 2022 оны 11 дүгээр сард гомдол гаргахад, 2023 оны 01 дүгээр сард 2023 оны газар буулгалтын төлөвлөгөөнд тусгаж, буулгана гэсэн хариу өгсөн боловч, уг төлөвлөгөөнд тусгаагүй байх бөгөөд, өнөөдрийг хүртэл тус захирамжийн биелэлт хангагдаагүй, **** дүүргийн Засаг дарга захирамжаа гүйцэтгүүлэхгүй байсаар байна.
Миний бие 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч, хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Тус шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 6264 дүгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай захирамжид заасан гомдол, түүнийг бүртгэж авсан бүртгэл хяналтын карт-ыг нэхэмжлэлд хавсарган хүргүүлж байна.
Иймд **** дүүргийн Засаг даргын 2017 оны Албадан буулгах газар чөлөөлөх тухай *** тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийг хэрэгжилтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэв.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.Г нь **** дүүргийн Засаг даргын 2016 оны **** дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны **** дугаар захирамжаар **** дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах ******* м.кв бүхий газрыг үйлчилгээний зориулалттайгаар эзэмших эрхтэй болсон. Энэ газар нь **** худалдааны төвтэй хил залгаа оршдог. **** худалдааны төв нь өөрсдийн эзэмшил бүхий газрын хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайг хашаалснаараа Э.Г нь өөрийн эзэмшлийн хашаа руугаа орж гарах, чөлөөтэй нэвтрэх эрх нь зөрчигдсөн. Чөлөөтэй нэвтрэх боломжгүй болчхоод байна, миний эрх ашгийг хамгаалж өгөөч ээ гээд Дүүргийн Засаг даргад гомдол гаргасан. Дүүргийн Засаг даргад гомдол гаргахаар 2023 оны газар чөлөөлөлтийн төлөвлөгөөнд тусгаж газрыг нь чөлөөлж өгч таны эрх ашгийг хамгаална гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. 2023 оны нэг сард албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс газрын албан дээр очиж уулзаад газрын төлөвлөгөө батлагдсан уу, *****-ийн хашааг хэзээ буулгах юм бэ гэдэг байдлаар тодруулахад төлөвлөгөөнд *****-ийн хашааг чөлөөлөх асуудал төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн хариу авсны дагуу бид нар Нийслэлийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн Засаг дарга хүлээн аваад гомдлыг хянан шийдвэрлээд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр хянан шийдвэрлэж хариу өгөв гэсэн боловч хариугаа бид нарт албан ёсоор гардуулаагүй. Нэхэмжлэл гаргах үед албан бичгийг бид нарт өгөөгүй байсан учраас бид нар нэхэмжлэл дээрээ хариу өгөөгүй гэж дурдсан байдаг. Нийслэлийн Газрын албанаас *****-д газраа чөлөөл гэдэг мэдэгдлийг ирүүлсэн гэсэн хариу өгсөн. Ийм хариу өгсөн боловч **** дүүргийн Засаг даргаас уг захирамжаа 2017 оны *** дугаар захирамж нь албадан буулгах, газар чөлөөлөх тухай захирамж байдаг. Энэ газар чөлөөлөх захирамжаараа *****-ийн илүү хашаалсан нийтийн эзэмшлийн хашааг буулгах захирамж байгаа. Энэ захирамжийг албадан буулгах асуудал дээр ямар нэгэн үйлдэл хийхгүй, захирамж гаргахгүй, шийдвэр гаргахгүй, албадан биелүүлэхгүй байгаа учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: **** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нэгж талбарын **** дугаартай 13169 м2 талбай бүхий газрыг нийслэлийн Засаг даргын эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх тухай 2022 оны **** дугаар захирамжаар *****-д, нэгж талбарын **** дугаартай ******* м2 талбай бүхий газрыг нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх олгох тухай 2017 оны **** дугаар захирамжаар иргэн Э.Год тус тус эзэмшүүлсэн байна.
**** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамжийн хэрэгжилтийг Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг дараах журмаар санхүүжүүлнэ -т зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй арга хэмжээ авах боломжгүй.
Дүүргийн Засаг даргын 2017 оны *** дугаар захирамж нь иргэн Э.Г эзэмшил газартай хамааралгүй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: **** дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас *****-д мэдэгдлүүдийг тухай бүрд нь өгч байсан. Энэ компани мэдэгдэлд заасны дагуу газар чөлөөлөх үүргээ биелүүлэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо хүртэл газар нь чөлөөлөгдөхгүй байгаа. **** нь нийтийн эзэмшлийн газарт гудамжийг тэр чигт нь хаасан хоёр хаалга хийчихсэн байгаа. Тэр хаалтаа бүрэн чөлөөлөх ёстой гэв.
7. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагатаа: **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.
8. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: ***** нь **** дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт ***** нь мах болон хүнсний худалдааны төвийг ажиллуулдаг бөгөөд манай худалдааны төвөөр Улаанбаатар хотын хоолны газрууд болон иргэд үйлчлүүлдэг учир хүнсний болон эрүүл ахуйн тусгай стандартыг хангаж ажиллахыг шаарддаг онцгой объект юм.
Гэтэл **** дүүргийн Засаг даргын 2017.10.18-ны өдрийн *** дугаар захирамжаараа Дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***** нь нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж газар чөлөөлөхийг Дүүргийн Газрын албанд үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн.
Бодит байдал дээр **** худалдааны төвийн хашаан дотор нийтийн эзэмшлийн талбай байхгүй, харин хэн нэгний эзэмшилд хамаарахгүй нарийн гудамжны хэсэг байдаг ба уг газар нь шөнийн 00 цагаас оройн 20 цаг хүртэл нээлттэй байдаг бөгөөд үүнийг нийтийн зориулалтаар, нийтээр ашигладаг. Олон зуун түрээслэгчид болон аж ахуйн нэгжүүд байршиж уг хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оройн 20 цагаас худалдааны төвийн үйл ажиллагаа зогсдог тул тэдгээрийн өмч хөрөнгийг хамгаалах үүднээс хашааны Хаалгыг хааж харуул хамгаалалт гаргадаг. Мөн уг гудамжны хог хаягдлыг цэвэрлэх зайлуулах, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг бид зохион байгуулдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай 47.1.7-д түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна.
**** дүүргийн Засаг даргын 2017.10.18-ны өдрийн *** дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:
Захирамжид дурдсан нийтийн эзэмшлийн нарийн гудамжны хэсгийг хаасан хаалганы буулгавал өдөр шөнийн цагаар худалдааны төв бүхэлдээ нээлттэй, ил задгай болж. уг худалдааны төвд байрлах олон зуун түрээслэгч, үйлчилгээ эрхлэгчдийн эл хөрөнгө хамгаалалтгүй болж гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэнэ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн хөтөлбөр. төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах-ыг дүүрэг, хорооны Засаг даргад үүрэн болгосон. Засаг даргын энэ чиг үүргийг биелүүлэхэд бид өөрсдийн зүгээс боломжит арга хэмжээ авч, харуул хамгаалалт гаргаж, тодорхой хэмжээний хяналт тавьж туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа гэж үздэг.
Захирамжид дурдсан нийтийн эзэмшлийн нарийн гудамжны хэсгийг хаасан хаалганы буулгавал уг гудамжинд хог хаягдал бөөгнөрч, эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй байдал үүснэ. Эрүүл ахуйн тухай хуулийн 11, 12-р зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 9-р зүйлд зааснаар дүүрэг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэгээ, тохижилтыг хариуцахаар зохицуулсан. Бид Засаг даргын энэ чиг үүргийг хэрэгжүүлэх, мөн өөрсдийн хүлээсэн үүргийн хүрээнд худалдааны төвийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахын зэрэгцээ, мөн тухайн гудамжны хог хаягдал, эрүүл ахуйн шаардлагын хариуцаж, хангаж ажиллаж ирсэн.
Засаг даргын захирамжийн зорилго нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн мэт боловч бодит байдал дээр нийтийн эрх ашиг, сонирхлын эсрэг байгаа тул биелүүлэх боломжгүй байна. Засаг даргын захирамжид чөлөөлөхөөр дурдсан нарийн гудамж бодит байдал дээр чөлөөтэй, нийтээр ашигладаг хэвээр байгаа, зөвхөн орой шөнийн цагаар дээр дурдсан нийтийн эрх ашиг, чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хаадаг. Ийнхүү шөнө оройн цагаар хаалга хааснаар нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байхгүй. Учир нь худалдааны төвийн хашаан дотор ямар ч айл өрх байхгүй, тухайн нарийн гудамж өөр бусад зам, гудамжтай нийлсэн зүйл байхгүй учраас нийтийн хөдөлгөөнийг хаасан зүйл байхгүй.
Ямар зорилго агуулгаар шөнийн цагаар худалдааны төвийн хашааны хаалгыг буулгаж нээлттэй байлгах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.
Харин эсрэгээрээ хөрш гудамжны иргэд уг гудамжийг хааж битүүлэхийг шаардсан гомдлыг удаа дараа гаргаж байсан. Учир нь хөл хөдөлгөөн ихсэж, тоос шороо босдог хэмээн гомдолдог.
Иймд **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
9.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Э. Г 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан **** дүүргийн Засаг даргын 2017 оны *** тоот Албадан буулгах газар чөлөөлөх тухай захирамжийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Э. Г нь **** худалдааны төв нь нийтийн эзэмшлийн гудамжийг бүхэлд нь хааж, хашаа барин худалдааны төвийнхөө төлбөртэй зогсоол болгон ашиглаж байна... нийтийн эзэмшлийн талбайг хашаалан, үндэслэлгүйгээр төлбөр авч байгаа үйлдэл нь хил залгаа газар эзэмшигч миний өөрийн эзэмшил газартаа орох орц гарцыг хааж газар эзэмших эрхэд халдсаар байна гэх тухайд:
Иргэн Э. Г нь **** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх, *****-тай эзэмшил газрын хойд хэсэгт байрлах ******* м.кв газар эзэмших эрхийг **** дүүргийн Засаг даргын 2016 оны **** дугаар захирамжаар **** дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-аас хууль бусаар шилжүүлэн олж авсан.
Тодруулбал, иргэн Э. Г хувьд түүний газар эзэмших эрх олж авах үндэслэл болсон **** дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК /000000/ нь Нийслэлийн **** дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт үйлчилгээ эрхлэн хариуцахаар менежментийн хувьчлалаар өмч, эд хөрөнгө шилжүүлэн олж авсан байдаг. 2013 оны 1 дүгээр сард Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос менежментийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль бусаар эд хөрөнгө авах, шилжүүлэх зэргээр төрийн өмчийг шамшигдуулсан гэдэг үндэслэлээр өмч хувьчлалыг хүчингүй болгон шийдвэрлэж. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн **** тоот захирамжаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн өмч хөрөнгийг актаар хүлээн авах ажлыг хамтарсан Ажлын хэсэг байгуулан, удирдамжаар ханган ажиллахыг нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэж буюу **** дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн өмч хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид буцаан хүлээн авахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ захирамжийг биелүүлэх үүрэгтэй **** дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн удирдлага Н.О нь өмч хөрөнгөө төрд шилжүүлэхийн оронд, өөрийн төрсөн хүүхэд Э. Г шилжүүлж. тухайн газрыг хувийн аж ахуй, бизнес хийхэд ашиглах болсон нь хууль бус үйл ажиллагаа юм.
Ийнхүү Э. Г нь хууль бус аргаар газар эзэмших эрх олж авснаас хойш *****-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх зорилгоор төрөл бүрийн гомдол, нэхэмжлэл гаргасаар байх боллоо.
Нөгөөтэйгүүр, *****-ийн газар эзэмшдэг, хүнсний захын үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдсээр байж захын дунд хожим 2016 онд газар эзэмших эрх олж авсан хэр нь *****-ийг өөрийн эзэмшил газартаа орох гарах гарц хааж газар эзэмших эрхэд халдсан гэж шаардах үндэслэлгүй юм. Мөн ***** нь иргэн Э. Г эзэмшил газрын орц гарцыг хаасан зүйл байхгүй бөгөөд Э. Г нь хүнсний захын хаалгаар чөлөөтэй орж гарах боломжтой.
Иймд газар эзэмших эрх хууль бусаар олж авсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй иргэн Э. Г нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Үүнийг нотлох зорилгоор **** дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн менежментийн өмч хувьчлалыг хүчингүй болгосон хэвлэлийн мэдээ, Нийслэлийн Засаг даргын 2013.02.01-ны өдрийн ***** тоот захирамжийн хуулбар. **** дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК- нас иргэн Э.Г газар эзэмших эрх шилжүүлсэн **** дүүргийн Засаг даргын 2016 оны **** тоот захирамжийн хуулбарыг хавсарган хүргүүлж байна.
Нийтийн эзэмшлийн гудамжийг бүхэлд хашаалсан гэх тухайд:
*****-ийн захын дундуур нийтийн эзэмшлийн зам өнгөрдөг бөгөөд үүнийг иргэд олон нийт машинтай дамжин өнгөрч ашигладаг буюу нийтийн зориулалтаар нь ашигладаг.
Хүнсний захын үйл ажиллагаанд тавигддаг бусад хууль тогтоомжийн шаардлага тухайлбал, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухтай орчин бүрдүүлэх, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагаар хүнсний захыг хаалгагүй, ил задгай орхих боломжгүй байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: **** дүүргийн Засаг даргын 2017 оны *** албадан буулгах, газар чөлөөлөх захирамжийн хэрэгжилтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахыг хариуцагчид даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1-д хэргийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байвал хүлээж авахаас татгалзана, *******.1.5-д нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол мөн хуулийн 109.2-т, энэ хуулийн *******.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Ийм 2 үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг тусдаа бүлэг болгон зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлгээр захиргааны шийдвэр гүйцэтгэл гэж хаяглаад, тусгайлан зохицуулаад, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэхэд энэ журам үйлчилнэ гэж байгаа юм. Энэ хуулийн 84.1-т захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байна. Захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага, 2-т дээд шатын захиргааны байгууллага, 3-т тусгайлан эрх олгосон цагдаагийн болон мэргэжлийн байгууллага хангана гэж заасан байна. Тэгэхээр **** дүүргийн Засаг даргын 2017 оны *** гэдэг захирамж өөрөө захиргааны акт. Энэ актыг хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэхгүй байгаа асуудал нь захиргааны актын гүйцэтгэл, Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан журам үйлчлэх ёстой. Хуулиар гурван этгээдийг захиргааны актыг гүйцэтгэх эрх бүхий гэж заасан. Энэ дотор шүүх гэж байхгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан захиргааны хууль бус актын улмаас зөрчигдөж болшгүй эрхийг хамгаалахад бүх үйл ажиллагаа чиглэгдэнэ гэж заасан. **** дүүргийн Засаг даргын 2017 оны энэ захирамжийг захиргааны актыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь **** дүүргийн Засаг дарга өөрөө, 2 дугаарт нь дээд шатын байгууллага. Байхгүй болбол цагдаагийн байгууллага, мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно. **** дүүргийн Засаг дарга өөрийнхөө гаргасан захирамжийн биелэлтийг өөрөө хангах үүрэгтэй. Энэ эрхийг нь Захиргааны ерөнхий хуулиар ч олгосон Газрын тухай хуулиар ч олгосон. Бодит байдал биелүүлэх боломжгүй байгаа учраас хариуцагч ч өөрөө биелүүлж чаддаггүй, ***** ч биелүүлж чаддаггүй нөхцөл байдал байгаад байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол *****-ийн зүгээс ч өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс захирамжийг илт хууль бусад тооцуулах нь зүйтэй гээд бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий 37.3-т эс үйлдэхүй гэж юуг зааж байгаа талаар тодорхойлчихсон байгаа. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацааг биелүүлээгүй, эсвэл шийдвэрлэгдээгүй орхигдуулсныг хэлнэ гэж заасан. Тэгэхээр Э. Ганболд ямар хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар ямар хүсэлтийг, хэнд гаргачихсан юм бэ гэдэг асуулт гарч байгаа юм.
Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг судлаад үзэхээр шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Та ямар хүсэлт гаргаад, таны ямар хүсэлтийг хэн шийдээгүй юм бэ гэхээр бүртгэл, хяналтын карт гээд Нийслэлийн Засаг даргад өгсөн бүртгэл, хяналтын карт байгаа. Бүртгэл хяналтын карт дээр **** дүүргийн Засаг дарга захирамжийнхаа биелэлтийг хангахгүй байна, хангуулж өгнө үү гэсэн утга агуулгатай юм шиг байгаа юм. Өөрийнх нь гаргасан хүсэлт энэ хавтаст хэрэгт байхгүй. Үнэхээр захирамжийн биелэлтийг хангахгүй байгаа асуудал Э. Г эрх ашгийг хөндөж байгаа юм уу, Э. Г ямар эрх ашиг энд тусгагдаад, миний ямар эрх ашгийг хамгаалж өгөөч гээд хүсэлтэд тусгагдсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар миний орц, гарц хаагдлаа гэдэг. Тэгэхдээ миний орц, гарц ингээд хаагдчихлаа, нээж өгнө үү гэдэг ямар ч хүсэлтийг хэнд ч гаргаагүй. Захирамжийн биелэлтийг хангуулъя, захирамжаа биелүүлээд өгөөч гэдэг хүсэлт Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан хүсэлт биш. Үнэхээр миний хүсэлтийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж байгаа бол хариуцагч чинь Нийслэлийн Засаг дарга биш юм уу, хүсэлтийг чинь биелүүлэхгүй байгаа этгээд Нийслэлийн Засаг дарга биш юм уу? Ийм асуулт гарч ирж байгаа. Энэ дээр зайлшгүй хариулт өгөх ёстой, дүгнэлт хийх ёстой. Тухайн захиргааны байгууллага өөрөө шийднэ, шийдэж болохгүй бол хуульд заасан арга хэмжээ авна.
Эрх ашиг нь хөндөгдөөгүй бол та нарын эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа юм бэ, та нар тодруулж өгөөч гэдэг. Хуульд маш тодорхой заасан байгаа. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлох, тодорхой бичих шаардлагатай байна. Э.Г *******м.кв газар эзэмшдэг. Үнэхээр орц гарцыг нь хаагаад байсан юм бол *******м.кв газар дээр өнөөдөр 1,5 давхар барилгын суурийг цутгаад бүх юмыг нь хийчихсэн байгаа. Яаж орж гарсан байх вэ? Хэдийгээр орц гарц гэж яриад байгаа боловч бодит байдалд нийцэхгүй худал тайлбар. Чөлөөтэй орж гарч байгаа. Нийтийн эзэмшлийн гудамжны 2 талд хаалга байгаа. Шүүх үзлэгээр ч тогтоогдсон. Энэ хаалга бүх цагт нээлттэй байгаа. Төвөөр үйлчлүүлж байгаа болон орж гарч байгаа, ойр орчимд нь явж байгаа бүх машин бүрэн нийтийн зориулалтаараа ашиглагдаад явж байгаа. Үүнтэй адил Э.Г ч гэсэн тэр орц гарцаар орж гарч байгаа. Хэрэв орж гарч чадахгүй байгаа бол барилгын материал, техник зөөж байгаа машинууд яаж тэнд орж барилга барьсан байж болох вэ?
Үнэхээр Э.Г орж чадахгүй байгаа бол би орж, гарч чадахгүй байна, намайг ***** намайг оруулахгүй, гаргахгүй байна гэдэг нотлох баримт хавтаст хэрэг дотор байхгүй. Миний орц гарцыг хаагаад байна гэж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ийм учраас Э.Г яриад байгаа орц, гарц нь хаагдсан, миний эрх ашиг хөндөгдөөд байна гэдэг зүйл байхгүй. *****-ийн зүгээс ч Э.Г оруулахгүй, гаргахгүй гэдэг зүйл байхгүй. Бодит байдал дээр 2017 онд нэхэмжлэгч газар эзэмших эрхээ авсан. Байшинтай нь 45 см тулгаад байшингийн суурь цутгасан. Үүнээс болж 2 компани болоод хувь хүний хооронд маргаан үүсдэг. Үүнтэй холбоотойгоор барилгын ажлын зөвшөөрөл чинь байгаа юу гэсэн байхгүй байсан. Үүнтэй холбоотой барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхээр яваад сая дуусаж байна. Үүнээс үүдээд энэ маргаан үргэлжлээд, энд тэнд нэхэмжлэл өгөөд чи барилгаа буулгах ёстой, би байшингаа барих ёстой гэдэг асуудал яриад байгаа.
Бодит байдал дээр нийтийн эзэмшлийг хашаалсан гэдэг. Нийтийн эзэмшлийн талбай байхгүй, гудам бол байгаа. Нийтийн эзэмшлийн гудмыг хашаалчихсан хашаа байхгүй. Зөвхөн гудмын 2 талд хаалга байгаа. Энэ хаалга байнга өдрийн цагт нээлттэй байдаг. Энэ хаалгыг хийснээрээ тухайн нийтийн эзэмшлийн гудмыг шууд эзэмшиж, ашиглаж байна, тэрний үр ашгийг хүртэж байна гэсэн агуулга байхгүй. Энэ хаалга зөвхөн зохицуулах үүрэгтэй. Төвөөр явж байгаа машины хөдөлгөөний орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах, тухайн нийтийн аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой хэмжээнд хяналт тавих, зохицуулах үүрэгтэй хаалга. Газрын албаны дарга, **** дүүргийн орлогч дарга н.Л бүгд тухайн үед газар дээр нь очиж үзэж байсан. Хаалгыг буулгахад хүн хүч, төсөв мөнгө шаардаад байх зүйл байхгүй. Татаад л буулгах боломжтой. Яагаад буулгаж чаддаггүй вэ гэхээр үүсэх үр дагаврыг хэн хариуцах вэ гэдэг асуудал үүснэ. **** дүүрэг өөрөө татаад буулгачих юм бол тэнд гарч байгаа үр дагавар буюу хүнсний аюулгүй байдал, машины хөдөлгөөнийг хэн зохицуулах вэ? Цагдаа нь ирээд та нар энийгээ зохицуул гэдэг, мал эмнэлэг ирээд та нар зохицуул гэдэг. Бид нар зөрүүлээд **** дүүргийн Засаг дарга шийдвэр гаргасан, өөрсдөө хариуцна л гэж хэлнэ. ***** энэ бүхнийг тодорхой хэмжээнд зохицуулах, үүргийнхээ хувьд, тодорхой хэмжээнд нийтийн эрх ашиг буюу **** дүүргийн Засаг даргын хамтран ажиллах хүрээндээ тодорхой хэмжээнд хяналттай байлгахын тулд хаалгыг байлгаад байгаа.Энэ хаалга байснаараа нийтийн эзэмшлийн зам талбайг нь зөвхөн өөртөө ашиглаад байгаа зүйл байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө буулгах ёстой гэж байна. Нийтийн эрх ашиг гэдэг дунд захын төвөөр үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд явж байгаа. Тэр нь нийт, танай төвийнхөн нийтийн биш гэдэг ойлголт байхгүй. Тийм учраас хэрэгжилттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч гаргах ёсгүй. Гаргах шаардлагатай, шийдүүлэх шаардлагатай гэвэл бид нар ч гэсэн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд бодит байдал дээр хэрэгжих боломжтой юм уу, утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэдэг үндэслэлээр илт хууль бус болох бие даасан шаардлагаа дэмжиж оролцож байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... Гуравдагч этгээд нь өөрийн эзэмшлийн талбайгаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглах эрхээ хязгаарлуулж байгаа, маргаан бүхий газрыг албадан чөлөөлөх дүүргийн Засаг даргын захирамж гарсан байхад хариуцагч нь түүний биелэлтийг хангуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа. гэж, хариуцагчаас ... **** дүүргийн газар зохион байгуулалтын албанаас **** дүүргийн Засаг даргын 2017 оны *** дугаар захирамжийг хэрэгжүүлэх үүднээс гуравдагч этгээд *****-д газар чөлөөлөх мэдэгдлүүдийг удаа дараа өгсөн тус компаниас мэдэгдлийг хэрэгжүүлж газрыг чөлөөлөхгүй байгаа. гэж, гуравдагч этгээдээс ... Тус маргаан нь захиргааны шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудал захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Э.Г **** дүүргийн Засаг даргад холбогдуулан **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах тухай мөн гуравдагч этгээд *****-аас **** дүүргийн Засаг даргад холбогдуулан **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч Э.Г нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн **** дугаар захирамжаар Улаанбаатар хот, **** дүүрэг, 11-р хороонд ******* м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.
5.Гуравдагч этгээд **** нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаар захирамжаар Улаанбаатар хот, **** дүүрэг, 11-р хороонд нэгж талбарын **** дугаар бүхий 13169 м.кв, нэгж талбарын 000000 дугаар бүхий 2764 м.кв талбай бүхий нийт 15945 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байна.
6.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй болохыг дурдах нь зүйтэй.
7.Хариуцагч **** дүүргийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг гаргажээ.
8.Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 л, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны 866 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн ***** нь нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж газар чөлөөлөхийг дүүргийн газрын албанд үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
9.Гуравдагч этгээд ***** нь өөрийн эзэмшлийн бус нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт хийсэн үйл баримттайгаа маргаагүй бөгөөд хашаалсан үндэслэлээ замын хөдөлгөөн болон авто машины зогсоолын эмх цэгцтэй байдлыг хангах мөн хүнсний захын хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг үүднээс хашаалсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
10.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27 дугаар зүйл.Газар эзэмшүүлэх 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., 56 дугаар зүйл.Хот, тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах, 56.5.Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй., 57 дугаар зүйл.Газрын нэгдмэл санд төрийн хяналт тавих, 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмших эрхгүй байна. Мөн эзэмших эрхийн гэрчилгээгүй газраа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй хашаа, барилга, байгууламж барьсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгөхөөр байх бөгөөд тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь мэдэгдлийг биелүүлж газрыг чөлөөлөх үүрэгтэй байна.
12.Мөн дээрхээс үзвэл, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөхөөр байх бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авахаар байна.
13.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь маргаан бүхий **** дүүргийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг гаргасан нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэхээр байна.
14.Тодруулбал, маргаан бүхий тохиолдолд гуравдагч этгээд ***** нь өөрийн эзэмшлийн бус нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт хийсэн байх бөгөөд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
15.Харин дээрх захирамжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хариуцагч нь эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэхээр байна.
16.Тодруулбал, Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйл. Газрын харилцааны талаархи цагдаагийн байгууллагын үүрэг, 59.1.Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй:, 59.1.1.хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах;,59.1.2.газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд хүч хэрэглэсэн буюу зохион байгуулалттайгаар саатуулсан, эсэргүүцсэн бол зохих журмын дагуу арга хэмжээ авах. гэж тус тус заажээ.
17.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч дүүргийн Засаг дарга нь газар албадан чөлөөлөхтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, захирамжийн биелэлтийг цагдаагийн байгууллагаар хангуулах боломжтой байна.
18.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь маргаан бүхий **** дүүргийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахаар хуульд заасан холбогдох арга хэмжээг аваагүй байна гэж үзэхээр байна.
19.Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий захирамжийн биелэлтийг хангуулахаар гуравдагч этгээд *****-д газар зохион байгуулалтын албаараа дамжуулан холбогдох мэдэгдлүүдийг хүргүүлж байсан атлаа хуульд заасны цагдаагийн байгууллагатай хамтран захирамжийн биелэлтийг хангуулахаар газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллаагүй байна гэж үзэхээр байна.
20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Гоос **** дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
21.Гуравдагч этгээд *****-ийн **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагын тухайд;
22.Маргаан бүхий **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг агуулсан гэж тайлбарлан маргажээ.
23. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйл.Захиргааны акт илт хууль бус болох, 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;, 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. гэж тус тус заажээ.
24.Утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг, Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдгийг захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон байхыг тус тус ойлгох бөгөөд маргаан бүхий **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамж нь захиргааны илт хууль бус байх дээрх шинжүүдийг агуулаагүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа **** дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг **** дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд *****-ийн **** дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай *** дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ