Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр                                         Дугаар 2022/ДШМ/43                                                            Даланзадгад сум

 

 

 

 

С.Бямбадорж, Ш.Энхболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор: В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгч: Ш.Энхболд,

Шүүгдэгч: С.Бямбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: П.Гансүх /цахимаар/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан,

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Бямбадорж, Ш.Энхболд нарт холбогдох 1929002290065 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, 10-23 тоот хаягт оршин суух, хэрэгт татагдахын өмнө Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дугант овогт Шоовдорын Энхболд /регистрийн дугаар:ЗЮ87092399/,

 

          Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 3-31 тоот хаягт оршин суух, хэрэгт татагдахаас өмнө Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой ажиллаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Сүрэнжавын Бямбадорж /регистрийн дугаар:ЗЮ87041336/,

 

           Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Энхболд, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Бямбадорж нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг" ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас  3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь С.Бямбадорж, Ш.Энхболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Ш.Энхболд,  С.Бямбадорж нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Ш.Энхболдын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Энхболдод буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гялгар уутны хамт 22.8 гр нунтаг цагаан зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн устгуулах, БНХАУ-ын иргэн Б.Заяа / Jiyatu/-гийн өгсөн тайлбарыг бэхжүүлсэн гэх 1 ширхэг CD хэрэгт хавсарган үлдээж,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “хөх, ягаан тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ын урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юанийг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан хамгийн том нь 5х9.5 см, хамгийн бага нь 6х2.5 см хэмжээтэй өөр хоорондоо ижил бус дүрстэй, нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа“ гэж бичиж эд мөрийн баримтыг тус шүүхэд ирүүлээгүй ба эд мөрийн баримт тус газарт хадгалагдаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16в/519 дугаартай албан бичгээр тогтоогдсон, эд мөрийн баримт устсан байж болзошгүй нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд бүртгэн шалгуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/163 дугаартай албан бичиг ирүүлсэн болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3000 юанийг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулж, шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмгөөлөгч миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоол нь Хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй учир Шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Энэ хэрэгт хохирогч, гэрч байхгүй, мөн сэжигтэн байхгүй. Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах”  гэдэг зүйлчлэлээр яллаж байгаа юм бол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” буюу хахууль өгсөн хүн байх ёстой. Хахууль өгсөн гээд байгаа БНХАУ-ын иргэнээс мэдүүлэг авч, видео бичлэг хийж баримтжуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” гэсэн заалтыг мөн адил зөрчсөн байна. Гэхдээ БНХАУ-ын иргэний өгсөн мэдүүлэг, баримтжуулсан мэдүүлэг зэрэгт шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Мэдүүлэгтээ С.Бямбадорж мөрдөгч намайг торгууль гэсэн би торгуулсан гэсэн мэдүүлэг байгаа юм.

          Мөн 3000 юанийг мөрдөх байгууллага хаанаас хурааж авсан бэ. Хэрвээ 3000 юанийг хахуульд авсан бол С.Бямбадорж, Ш.Энхболд нар 2, 3 сар хадгалаад байх уу, хувааж авсан байх байсан гэж өмгөөлөгч миний бие дүгнэж байна.

          Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй учраас Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн.

          2. Эрүүгийн хууль зөрчсөн талаар: Ш.Энхболдын хувьд ямар үйлдэл оролцоогоороо холбогдож байгааг анхан шатны шүүх хууль зүйн тайлбар хийгээгүй.         С.Бямбадоржийн хувьд үйлдлээрээ хахууль өгөхийг шаардсан нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1.2 дах хэсэгт зааснаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.    

 

         Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой нэг бүрчлэн танилцсан. Давж заалдах гомдлын нэгдүгээр зүйл дээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар гэж байгаад энэ хэрэг дээр хохирогч, гэрч, сэжигтэн байхгүй гэж бичсэн байдаг. Авлигал өгсөн, авсан гэмт хэрэг чинь өөрөө хуулиар тогтоосон хэм хэмжээ, журам зөрчсөн гэмт хэрэг. Хохирогчгүй гэхээр гэмт хэрэг биш болох юм уу? Эх орноосоо урвасан гэмт хэрэг байвал яахын, төрийн нууц задруулсан гэмт хэрэг байвал яахын, хохирогчгүй гээд хэрэгсэхгүй болгох юм уу? Ийм сонин юм яриад давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Хуулиар тогтоосон хэм хэмжээний журам зөрчсөн гэмт хэрэг. Ямар хохирогч хайгаад байгаа юм. Дараа нь торгууль гэсэн. Торгууль гэж ярьдаг. Хэрвээ торгууль байсан бол шүүгдэгч нар тухайн үед нь актад оруулаад, төрийн санд тушаахгүй яасан юм бэ? Ширээ, шургуулга гээд шалгаж үзэхэд нөгөө 3000 юань нь гараад ирдэг. Төрийн санд тушаагаагүй торгуулийг торгууль гэж үзэх юм уу? Торгуулийг ямар журмаар яаж авах, хаана яаж тушаах ёстой байдаг юм. Торгууль нэртэй авлигал авна. Авсан авлигалаа хувааж авна. Тэгээд нөгөө хүнээ шалгахгүй хилээр гаргаад явуулна. Нөгөө хятад нь би торгуулсан гээд гараад явчихсан. Үүнийгээ гэмт хэрэг биш гэж үзээд байх юм. Тэгээд нөгөө хятад хүнээ хайгаад байдаг. 3000 юанийг нь аваад гаргаад явуулчихсан хятад яасан гэж Монгол улсад ирэх вэ дээ, ирэхгүй. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

          Шүүгдэгч С.Бямбадорж нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэг дээр бид гурав гурвуулаа очиж шалгалт хийсэн. Тухайн үед би хятад улсын иргэнийг хязгаарлаж, биед нь байгаа эд зүйлийг гаргахад паспорт болон 3000 юань гарч ирсэн. Ийм эд зүйлийг хурааж авсан. Хамгийн гол нь энэ хэрэгт Ш.Энхболд, Батжаргал гэдэг хүмүүс ямар ч хамааралгүй гэдгийг мэдүүлэгтээ хэлсэн. Тэгээд прокурорын газраас Батжаргалын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгснээ одоо бүлэглэсэн гэж үзээд байна. Би Ш.Энхболдод энэ мөнгө төгрөгөөс өгсөн зүйл байхгүй. Энэ мөнгө тухайн үед миний шургуулга дотор байсан. Би ажлаа хүлээлгэж өгөхдөө тэмдэглэл үйлдсэн. Мөнгө нь надад байсан. Сүүлд нь Авлигатай тэнцэх газрын мөрдөгч над дээр ирж 3000 юань гэж яригдаад байгаа эд зүйл хаана байна гэж хэрэг үүссэний дараа бүр сүүлд хурааж авсан. Тухайн үед хяналт шалгалтаар ирсэн хүмүүс тэр мөнгийг асуугаагүй, хурааж аваагүй. Цагаан мими гэх зүйл чинь хаана байна. Түүнийгээ гаргаад ир л гэсэн. Энэ 2, 3 жилийн хугацаанд Хятад улсын иргэнээс цахим сүлжээгээр ч юм уу, хоёр улсын хоорондын харилцаагаар ч юм уу мэдүүлэг авч болдоггүй юм уу? Бид хоёрыг л яллах гэж энэ хоёр жилийн хугацаанд үзлээ. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв. 

 

Шүүгдэгч Ш.Энхболд нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Улсын яллагч тайлбартаа хувааж авсан, энэ тэр гээд өөрөө хажууд байсан юм шиг ярьж байна. Яг юу болсон гэдгийг хэргийн материал дээрээ яаж нотолсон юм бэ? Ш.Энхболд гэдэг хүн юань авсан гэдгийг нотолсон баримт хэргийн материалд байгаа юм уу? Албан шаардлагаар гараараа бичиж өгсөн миний тайлбар байдаг. Тэрийг тухайн үед албаны шалгалт хийж байсан бүдүүн дарга нар ирээд өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх огт байхгүй, дарамт, шахалт үзүүлж байгаад нэг өрөөнд оруулаад хүчээр бичүүлж авсан тайлбар байдаг. Тэр тайлбараар л ялалдаг. Тэр тайлбарыг яллагдагчаар авсан мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Нотлох баримтын хэмжээнд энэ хэрэг шийдэгдэх ёстой. Батжаргал дээр ирсэн мэдээллийн дагуу бид гурав тэр хятадыг авчрах гээд явсан нь үнэн. Авчраад С.Бямбадорж гэдэг хүнд шалгуулах гээд өрөөнд нь оруулаад үлдээсэн. Би тэр хүнтэй түүнээс хойш нэг ч удаа уулзаагүй. Тэр хүний биеэс гарсан мөнгө төгрөгийг С.Бямбадорж хурааж авсан. Би тэр мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Авсан талаар хэргийн материалд нотолсон зүйл ч байхгүй. Миний бичсэн тайлбарын хүрээнд ийм асуудал болж байгаа. Хууль зүйн бодитой шийдвэр гаргуулмаар байна. Хахууль өгсөн гээд байгаа хятад иргэнээс гэрч, хэлмэрч оролцуулж байгаад албан ёсоор гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч хэрэгсэхгүй болгосон. Олон улсын харилцаа хөгжсөн учраас тэр хүнийг олж тайлбар мэдүүлэг авмаар байна. Өөр тайлбар байхгүй гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгч миний давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадсангүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эхний заалт дээр Ш.Энхболдын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасны дагуу хахууль авах гэсэн зүйлчлэлийн  бүтэн шинж чанарыг ямар байдлаар хангаад байгаа талаар хууль зүйн дүгнэлт байхгүй. Ш.Энхболд нь ямар үйлдлээрээ хахууль авсан юм бэ гэсэн субьектив шинж чанарыг гаргасан үйлдэл дээр ямар ч хууль зүйн дүгнэлт гаргахгүйгээр шууд бүлэглэсэн байдлаар дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. С.Бямбадоржийн хувьд мөн адил хахууль авах гэсэн гэмт хэргийн субьектив шинж чанарыг яаж хангаад байгаа юм бэ? ямар үйлдлээрээ хангаад байгаа юм бэ? гэдэг талаар ямар ч хууль зүйн дүгнэлт байхгүй учраас алдаатай дүгнэлт гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдол дээр дурдагдаад байгаа С.Бямбадорж, Ш.Энхболд хоёрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа юм бол тус хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хахууль өгсөн хүн нь хаана байгаа юм бэ? Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх юм үндэслэл, боломж нь хаана байгаа юм бэ? Хахууль өгсөн гэх хүн нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн. Энэ хүнээс нэг удаагийн байцаалт, нэг видео бичлэг байдаг. Энэ бичлэг дээрээ С.Бямбадорж гэдэг мөрдөгчид би хахууль өгөөгүй, намайг торгууль гэсэн гэх хоёр баримт харагддаг. Ийм нөхцөл байдалтай байна. Тиймээс эрхэм шүүгч нар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаж, өмгөөлөгч миний гомдлыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Ш.Энхболд нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хэлтсийн хэсгийн төлөөлөгч С.Бямбадоржтой бүлэглэн нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг" ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас  3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан,

       Шүүгдэгч С.Бямбадорж нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн мөрдөгч Ш.Энхболдтой бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг" ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас  3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Цагдаагийн ерөнхий газрын тушаалууд /1 хх-75, 76, 78/ Б.Заяагийн “...Би 2019 оны 04 дүгээр сард “Түмэн заг” ХХК-ийн ажлын байрандаа байж байхад Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Бямбадорж гэдэг хүн танихгүй 2 хүний хамт ирээд миний өрөөнд надтай хамт орж хувцасны шүүгээн дотор байсан ми ми бодисыг олж хурааж авсан. Тэр ми ми бодис маань эмийн хуруун шилэн дотор хадгалж байсан юм. Тэгээд Бямбадорж цагдаа миний паспортыг хурааж авч Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс дээр ирж №7 гэсэн өрөөнд оруулж намайг “та мансууруулах төрлийн ми ми бодис татлаа” гэж хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд жаахан байж байгаад би өөрөө энэ асуудалдаа торгуулъя гэсэн юм. Тэгсэн чинь надаас Бямбадорж намайг 10000 юаниар торгоно гэсэн. Тэгээд би ярьж байгаад 3000 юаниар торгуулахаар болсон. Тэгээд би маргааш нь цагдаагийн хэлтэс дээр ирж Бямбадоржид №7 дугаартай албан тасалгаанд 3000 юань бэлнээр өгсөн. Намайг мөнгөө өгөх үед хажууд нь хамт очсон нэг хүн нь байсан. Тэгээд намайг мөнгөө өгсний дараа паспортыг минь гаргаж өгсөн. Тэгээд би паспортаа аваад явсан. Надаас хурааж авсан ми ми бодисыг буцааж өгөөгүй. Тэд нар өөрсдөө авсан.” /1 хх-5/ гэсэн, Ш.Энхболдын бичиж өгсөн тайлбар болон түүний Д.Нандинжаргалд өгсөн тайлбарт “Би 2019 оны 04 дүгээр сард хэсгийн төлөөлөгч С.Бямбадорж, мөрдөгч Н.Батжаргал нарын хамт “Түмэн заг” ХХК-ий байранд очиж Өвөрмонгол нөхөр өрөөндөө ми ми гэх мансууруулах бодис татсан байдалтай ширээн дээр нь татсан хэрэгсэл нь байсан. ...тухайн Өвөрмонгол иргэний паспортыг хурааж авч маргааш ирж уулз гээд явуулсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд оруулаагүй. ...тэр этгээд 3000 юань бэлэн авч ирж өгсөн тул паспортыг нь буцааж өгч явуулсан. Уг мөнгийг Батжаргал, Бямбадорж ийд гурав мянга мянгаар нь хувааж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн.” /1 хх-11-12/ гэсэн, С.Бямбадоржийн бичиж өгсөн тайлбар болон түүний Д.Нандинжаргалд өгсөн тайлбарт “Би 2019 оны 04 дүгээр сард Ш.Энхболд, Н.Батжаргал бид нар “Түмэн заг” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн байранд Өвөрмонгол  залуу мансууруулах төрлийн бодис ми ми өрөөндөө хэрэглэж байхаар нь ми ми гэх төмөр хайрцагтай байсныг авч тэр Өвөрмонгол залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирж маргааш ир гэж хэлсэн. Тэгээд маргааш  өглөө нь Өвөрмонгол залуу ирэхдээ өөрөө торгуулаад явъя гэж гуйхад нь Батжаргал, Ш.Энхболд нартай уулзаж яриад 3000 юанийг Өвөрмонгол залуугаас авсан. Тухайн мөнгийг би аваагүй Ш.Энхболд уг мөнгийг авсан. ...Уг мэдээллийг бүртгэлд оруулаагүй. Дарга нартаа энэ талаар огт мэдэгдээгүй. Өвөрмонгол иргэний паспортыг хурааж аваад би өрөөндөө хадгалж байгаад маргааш өглөө нь 3000 юань авч ирэхэд нь паспортыг нь буцааж өгсөн.” гэсэн тайлбарууд /1 хх-15, 16/, гэрч Д.Отгонбаатарын “...2019 оны 04 дүгээр сард үйлдвэрийн байран дээр байхад гаднаас 3 хүн орж ирээд Заяатыг аль өрөөнд байгааг асуусан. Батсайхан өрөөг нь зааж өгөөд нөгөө 3 Заяатын өрөөнд ороод хаалгаа хаасан. Ингээд Заяатыг аваад явсан бөгөөд нэлээн орой Заяат ирсэн. Тухайн үед Заяатаас яана гэнэ гэж асуухад торгоно гэж хэлсэн. Маргааш нь Заяат надтай хамт яваад цагдаагийн гадаа буугаад үлдсэн. ...хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар торгуулсан гэж хэлсэн.” /1 хх-62-63/ гэсэн мэдүүлэг, гэрч С.Төрмөнхийн “...Дотоод хяналт шалгалтын алба хаагч намайг өрөөндөө дуудаад Бямбадоржтой хамт яваад ми ми бодисыг нь аваад ир гэхээр нь Бямбадоржоос яг наад зүйл чинь байгаа юм уу гэж ам асууж авч гараад Бямбадоржийн гэрт нь очоод Бямбадорж үүдний амбаарынхаа хажуу талаас төмөр хайрцагтай ми ми гаргаж ирэхээр нь тэрийг нь тэр чигээр нь авчираад хяналт шалгалтын Нандинболорт өгсөн.” /1 хх-72/ гэсэн, Н.Батжаргалын “...2019 оны 04 дүгээр сарын 10-ны орчим орой 19 цагийн орчимд Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албан өрөөнд ажлаа хийгээд сууж байтал иргэн Вандан гэгч өрөөнд орж ирээд надад хандан урд байдаг нүүрс угаах үйлдвэр дээр хятад иргэд согтуу ми ми татсан байдалтай байж байна гэсэн мэдээлэл өгөөд явсан.

           Би энэ талаар сум хариуцсан хэсгийн төлөөлөгч Бямбадорж, эрүүгийн мөрдөгч Энхболд нарт нэн даруй мэдэгдсэн. ...бид гурав сумын төвөөс урагш 6 орчим километрт байх “Түмэн заг” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн кемп дээр очсон.  ...өрөө рүү ороход монгол хэлээр муухан ярьдаг Өвөрмонгол эрэгтэй хүн архи үнэртүүлсэн согтуу байдалтай байж байсан. Ширээн дээр нь олон ширхэг тугалган цаастай хайрцаг байсан. Бямбадорж, Энхболд нар тухайн Өвөрмонгол хүнд ми ми хэрэглээд байна уу гэхэд тэр хүн нь ойлгогдохгүй юм яриад байсан. Тэгээд бид гурав уг тугалган цаастай хайрцгийг хурааж аваад Өвөрмонгол иргэнийг дагуулаад хэлтсийн байранд очсон. Би хэлтсийн гадна буугаад шууд өөрийнхөө автомашиныг унаад гэрлүүгээ явсан. Бямбадорж, Энхболд нар харин нөгөө Өвөрмонгол иргэнийг дагуулаад хэлтэс рүү орсон. Үүнээс цааш энэ асуудал яаж шийдэгдсэнийг би мэдэхгүй бөгөөд энэ явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 21-ний өдрөөс би ээлжийн амралтаа авсан юм.” /1 хх-65/ гэсэн, Д.Нандинжаргалын “...Миний хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч Н.Батжаргал, Ш.Энхболд, С.Бямбадорж нараас иргэдээс гаргасан гомдолд холбогдуулж тайлбар, мэдүүлэг авахдаа айлгаж, дарамталсан, шахаж, хөтөлж тайлбар авсан асуудал байхгүй. Дээрх хүмүүсийг нэг бүрчлэн тайлбартай танилцуулж уншиж танилцсан талаар нь бичүүлж тайлбар дээр гарын үсгийг зуруулсан.” /2 хх-88/ гэсэн мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3000 юань буюу 1175580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

         

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Энхболд, С.Бямбадорж нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга С.Төрмөнхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичсэн илтгэх хуудсанд /1 хх-21/  “...С.Төрмөнх би тус Цагдаагийн хэлтэст ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг өдөр тутам гар бүртгэлээр бүртгэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилладаг. Тус бүртгэлд 249 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-наас 12-ны өдөр “ми ми” гэх бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авсан болон шалгасан талаар алба хаагчдаас ямар нэг зүйл танилцуулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд энэ талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болно.” гэж, “ 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бямбадоржийн хамт түүний Цогтцэций сумын төв Уурхайчин хорооллын 3-31 тоот хашаанд очиж гэрийн баруун хэсэгт байрлах амбаараас ми ми гэх бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг тугалган цаас, асаагуур зэргийг хураа авч тус цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баасанбатаар үзлэгийн тэмдэглэл үйлдүүлсэн болно.” гэж тус тус бичигдсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нь “шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх“  агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй, БНХАУ-ын иргэнийг торгосон гэж маргаж байгаа боловч тухайн иргэнд торгуулийн арга хэмжээг хэрхэн яаж авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл холбогдлынхоо талаар Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтэст тайлбар бичиж өгсөн, шүүгдэгч нарын гаргасан тайлбарыг хэрхэн яаж авсан талаар гэрч Д.Нандинжаргал мэдүүлсэн байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.”, 4.3-т “Монгол улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ” гэж тус тус зааснаас дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн 3000 юаниар БНХАУ-ын иргэнийг торгосон гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                   Л.НЯМДОРЖ