Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч З.Болдбаатар,

шүүгдэгч М.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Мөнхбаярын Ганбаярт холбогдох эрүүгийн 1707003390079 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 55 дугаар гудамж 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД93051612 дугаартай, Боржигон овогт Мөнхбаярын Ганбаяр.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М.Ганбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэргүйгийн уурхай дээр З.Болдбаатарын нүүр рүү түлхсэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ганбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэргүйгийн уурхай дээр З.Болдбаатарыг дараалал дайрлаа гэх шалтгаанаар маргалдаж түүнийг түлхэх явцдаа баруун нүд рүү нь гараараа хүрч баруун нүдний эвэрлэгийн улайлт, шархлаа бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганбаярын өгсөн: “Би өөрийн гэм бурууг ухамсарласан учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ганбаярын яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн орчимд би Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их уурхайн цаана байдаг Цолмонгийн тоосгоны үйлдвэрийн Нэргүй гэх хүний уурхайгаас нүүрс авах гээд зогсож байтал Болдбаатар гэх ах ирснээ “чи гар пизда минь, би Нэргүйд хэлчихсэн байгаа би орж нүүрс ачуулна” гэхээр нь “би гарч чадахгүй би очергүй ачдаг юм” гэж хэлсэн чинь “чи хэн бэ пизда минь” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “та хөгшин настай хүн байж одоо боль” гэтэл над руу өөрөө дайраад ирэхээр нь би гараараа өөрөөсөө зайлуулаад түлхсэн чинь нүд рүү нь хуруу орчихсон байсан юм. Тэгээд болиоч цаашаа явчихаад буцаж ирснээ “чи нүд рүү хуруугаа хийчихлээ нүд аргаад байна” гээд байсан тэгээд бид 2 салаад явцгаасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Болдбаатарын өгсөн: “Хэрэг гардаг өдрийн урд орой нь Нэргүй надад “маргааш уурхайд ажилладаг хоёр хүнийг авч ирээд нүүрсээ очергүй ачаарай” гэж хэлсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим нүүрсэн дээр зогсдог хоёр залууг авч ирэхэд шүүгдэгч машинтайгаа зогсож байсан. Би шүүгдэгчид “ах нь орох ёстой” гэхэд “би орсон газраасаа гардаггүй юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зууралдаад тавцангаас буусан. Шүүгдэгч сарвагнаж байхдаа миний нүд рүү гараа хийсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Наранбатын өгсөн: “Энэ хоёр хүний маргааны талаар би мэдэж байна. Тэр өдөр манай уурхай өглөө 09 цагт ажил  нь эхэлсэн ба манай уурхайн ажил эхлэхээс нэг цагийн өмнө тэр Жижигээ гэх залуу уурхай дээр ирээд машинаа уурхайн аман дээр байрлуулчихсан байсан юм. Тэгсэн хотоос ирж нүүрс ачдаг Болдоо гэх залуу 10 цагийн үед уурхай дээр ирээд өглөө эрт ирсэн портерийн жолооч Жижигээд “би уурхайн эзэнд нь хэлсэн, намайг хамгийн эхэнд нь оруулж ач гэж хэлсэн” гэж Жижигээд хэлэхэд Жижигээ нь “би машинаа гаргахгүй ээ, хамгийн түрүүлж би ирсэн болохоор би эхэлж нүүрсээ ачина” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдсан юм. Тэгж маргалдаж байгаад Жижигээ нь Болдоог цохих гээд Болдоогийн нүр рүү нь хуруугаа хийчихсэн. Тэгсэн Болдоо “миний өвчтэй нүд рүү хуруугаа хийчихлээ” гэж хэлээд тэр 2 маргалдаж зууралдахаа больсон юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14632 дугаар:

  1. З.Болдбаатарын биед баруун нүдний эвэрлэгийн улайлт, шархлаа бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,

/хх-ийн 26 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 27 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 28 дугаар тал/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа,

/хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан М.Ганбаярт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.Ганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мөнхбаярын Ганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ганбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ганбаярт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Ганбаярт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Ганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                          

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ