Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр                                                   Дугаар 2022/ДШМ/45                                                             Даланзадгад сум

 

 

 

Ө.Мөнхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Л.Солонго,

Шүүгдэгч Ө.Мөнхбат

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

         Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав

         Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

         Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Мөнхбатад холбогдох 2228001170099 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Уужим од” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 6, ээж, аав, дүүгийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2 дугаар багийн Тэсгин гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, Хулд овгийн Өлзийхутагийн Мөнхбат, /регистрийн дугаар 3M98012315/

          

Шүүгдэгч Ө.Мөнхбат тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 65 дахь километрт 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ү.Банзрагчийн жолоодож явсан 57-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.Батчимэгийн жолоодож явсан 79-50 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, иргэн И.Даваажав, Ү.Банзрагч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Ө.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ө.Мөнхбатыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ө.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Ө.Мөнхбат нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Банзрагчид 210000 төгрөг, Г.Баасандуламд 485000 төгрөг, Х.Батчимэгт 500000 төгрөг, Ц.Отгонжаргалд 653000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхбатаас 2118475 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Даваажавт, 9210000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Мондгойд тус тус олгож,

Шүүгдэгч Ө.Мөнхбат цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Мондгой, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Банзрагч, И.Даваажав нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ө.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Миний бие хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйл байхгүй болно.

Харин анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Учир нь Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа болж бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулсандаа хохирогч, иргэний нэхэмжлэгч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол төлбөрөө шүүх хуралдаан дээр төлж чадаагүй миний буруу.

Ар гэр маань 2022 оны 09 сарын 08-ны өдөр анхан шатны шүүхийн тогтоолд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Даваажавт 2100000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Мондгойд 9210000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Би цаашдаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэж хуулийн байгууллагад амлаж байна.

Мөн миний бие ам бүл 6-уул, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. 24 настай, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Уужим од” ХХК-нд оператор ажилтай байсан. Аав, ээж маань хөдөө мал малладаг. Ажлаа хийхийн хажуугаар дүү нараа харж хандаж явдаг байсан. Цагдан хоригдсоноос хойш маш их зүйлийг ойлгож ухаарч байна.

          Иймд миний ар гэрийн байдал, амьдрал ахуй, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас хойш төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзаж ялтан надад ганц удаа итгэл хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж өгнө үү гэжээ.

 

         Шүүгдэгч Ө.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би өөрийн гэм буруутай үйлдлээс болж энэ олон хүмүүсийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсандаа хохирогч нараасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Намайг цагдан хоригдож байх хугацаанд ээж минь мотоциклоос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, эрүүний яс нь хугарч, оюун ухаанаа алдаж заримдаа хүн танихгүй байгаа. Би ажил хийхийн хажуугаар ээжийгээ харж ханддаг байсан. Би цагдан хоригдсоноос хойш маш их зүйлийг ойлгож ухаарсан. Цаашид дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ та бүхэндээ болон хуулийн байгууллагад амлаж байна. Хохирогч нарт хохирол, төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгөхийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. Хохирогч Г.Мондгойн гаргасан 3,000,000 төгрөгийн хохирлыг 01 дүгээр сарын 18-ны өдөр төлж барагдуулна. Миний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ та бүхэндээ амлаж байна гэв. 

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ө.Мөнхбатын эрхийг хамгаалан давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжих байр сууринаас оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэл хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байдаг. Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүх хуралдааны дараа иргэний нэхэмжлэгч И.Даваажавт 2,118,475 төгрөг, Г.Мондгойд 9,210,000 төгрөгийг тус тус төлж барагдуулж, давж заалдах шатны шүүхэд гомдлын хүрээнд нотлох баримтаар хүргүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн дурдсан 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж, иргэний нэхэмжлэгч Г.Мондгой болон түүний өмгөөлөгч нартай гэрээ байгуулж шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд ам бүл зургуулаа, ээж, аав, дүү нартайгаа амьдардаг. 24 настай залуу хүүхэд байгаа. Ээж Уранчимэгийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мотоциклоос унаж гэмтэн хэвтэн эмчлүүлэх нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар гэртээ хэвтрийн дэглэм сахих байдлаар эмчилгээ хийлгэж байгаа нөхцөл байдал байна. Ө.Мөнхбатын хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Цагдан хоригдсон гурван сарын хугацаанд их зүйлийг ойлгож ухаарсан. Дахиж ийм зүйлийг хэзээ ч хийхгүй гэсэн амлалтыг өгч байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү гэж өмгөөлөгчийн хувьд хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн улмаас учирсан хохирлоо төлж, хор уршгийг   арилгасан, эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн болбол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл гэсэн заалтад заасан 2-5 жилийн хугацаагаасаа тэнсэж болно гэсэн хуулийн шаардлагыг миний үйлчлүүлэгч хангаж байна. Гаргаж өгсөн нотлох баримтын хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нотлох баримтууд гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр шинжлэн судлуулсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Ийм учраас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөргүй болсон гэх санал хүсэлтийг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

          Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд иргэний нэхэмжлэгч Г.Мондгойн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс Ө.Мөнхбатыг залуу хүүхэд, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, мөн 9,210,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэдийгээр Г.Мондгойн тээврийн хэрэгсэлд 16,000,000 төгрөгийн хохирол учирч, нийт 16,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон. Тиймээс Ө.Мөнхбаттай эвлэрээд энэ хүүхдийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гээд давж заалдах гомдлоосоо татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулъя гэснийг энэ шүүх хуралдаан дээр уламжилж байна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлснээр анхан шатны шүүхийн шийдэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэн харгалзах ялаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ганцхан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Тэнсэн харгалзах ялаар оногдуулж өгвөл манайхаас хохирол төлбөрөө олж авах боломж нөхцөл бүрдэх юм болов уу л гэж харж байна гэв.

 

          Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ө.Мөнхбат нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,63 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.7, 13.2а гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, иргэн Даваажав, Банзрагч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Ө.Мөнхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би анхан шатны шүүх хуралдааны гэм буруугийн шүүх хуралдаанаас түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирогч И.Даваажав, иргэний нэхэмжлэгч Г.Мондгой нарт хохирол төлбөртэйд тооцон, түүний хохирол төлбөрийг нөхөн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн дагуу анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр явагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл завсарлуулахаар шийдвэр гаргасан. Энэ хугацаанд шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нөхцөл байдалд хамаарч байсан тул анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлагын хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн хэлбэрт орсон байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол нь шүүгдэгч Ө.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэг, мөн оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хууль тогтоомжид нийцүүлэн бодиттой дүгнэсэн, Ө.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтууд харилцан зөрүүгүй. Шүүхийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хариуцлагыг оногдуулахад нөлөөлөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Мөн шүүх хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Ө.Мөнхбатын хохирол төлбөр төлсөн баримт болон өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд нь анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй нотлох баримт байх тул Эрүүний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу Ө.Мөнхбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүгдэгч Ө.Мөнхбатын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

 Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ө.Мөнхбат нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 65 дахь километрт 98-82 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 13.2.а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.2.д гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ү.Банзрагч, Х.Батчимэг нарын жолоодож явсан тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, иргэн И.Даваажав, Ү.Банзрагч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Даваажав /хх-32-34/, Ү.Банзрагч /хх-39-41/, иргэний нэхэмжлэгч Ц.Отгонжаргал /хх-45-46/, Х.Батчимэг /хх-49-50/, Г.Баасандулам /хх-54-56/, Г.Мондгой /хх-60-62/, гэрч Г.Банзрагч, Г.Баасандулам, Э.Хатанбаатар, Ц.Отгонжаргал, Б.Энхбаяр нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт /хх-86-88/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 194, 197 дугаартай дүгнэлтүүд /хх-93-94, 97-98/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Мөнхбатыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Мөнхбатад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

 Шүүгдэгч Ө.Мөнхбат нь “...гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрийг анхан шатны шүүх хуралдаанаас хойш төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзаж өгөхийг хүссэн”  агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

 

Шүүгдэгч Ө.Мөнхбат нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчээс 2118475 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.Даваажавт, 9210000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Мондгойд тус тус олгохоор заасан гэм хорын хохирлыг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /хх-130-131/, иргэний нэхэмжлэгч Г.Мондгойд учирсан гэх хохиролд 3 сая төгрөгийг сайн дураараа төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад шүүгдэгч талаас ял хөнгөрүүлэхтэй холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг эдэлж шүүгдэгч Ө.Мөнхбатад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын “Ө.Мөнхбатад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.Мөнхбатын ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нь давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан тул түүний гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй орхисон болно.

        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

  1. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Мөнхбатад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө.Мөнхбатад гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг даалгасугай.” гэж,

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Мөнхбат нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ө.Мөнхбатад мэдэгдсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Ө.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Мөнхбат нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 91 /ерэн нэгэн/ хоног цагдан хоригдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш Ө.Мөнхбат нь иргэний нэхэмжлэгч И.Даваажавт 2100000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Мондгойд 9210000 /есөн сая хоёр зуун арван мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                    Л.НЯМДОРЖ