Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр                                                 Дугаар 2022/ДШМ/46                                                             Даланзадгад сум

 

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******д холбогдох 2228000000103 дугаартай эрүүгийн хэргийг  2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Адъяа овгийн *******ы *******, 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн *******,******* тоотод амьдрах, Өмнөговь аймгийн *******,******* тоотод албан ёсны бүртгэлтэй, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус 500000 төгрөг хурааж, 18 жил хорих ял шийтгэгдсэнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 422 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялд дүйцүүлэн тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 cap, 14 хоногоор тогтоож шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар *******.

 

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Баянбулаг хорооллын ар тал, *******,*******ны зүүн талд насанд хүрээгүй хохирогч Х.ын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 500000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаа, газар нутагт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор насанд хүрээгүй хохирогч Х.ын гар утсыг дээрэмдэхийн тулд, бие махбодод нь халдан, түлхэж унагаан зодож эрүүл мэндэд нь баруун эгэмд хугарал, зулай, баруун шуу, сарвуу, хэвлий, баруун гуя, өвдөгт зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас: Н.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Адъяа овгийн *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3/ гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгн Н.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан sanya гэх бичиглэлтэй мотоциклийг хураан авч худалдан борлуулж үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Х., хууль ёсны төлөөлөгч Х. нарт 1,271,200 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч Х. нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлээ цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналын агуулга: Н.*******гийн зүгээс гэмт хэрэг үйлдэх явцаа хохирогчид хүч хэрэглэн түүнд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг зүйлчлэхдээ “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй юм.

Н.*******д 3 жил хорих ял ногдуулах үндэслэл болсон Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл нь шунахайн сэдэлттэй, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилготой гэмт хэрэг. Уурлаж бухимдсан, эсвэл хувийн таарамжгүй харилцааны улмаас бусад руу довтлох нь тухайн үйлдлийн үр дагавраас хамааран гэмт хэрэг, зөрчил, эсвэл бүр гэмт хэрэг биш байдаг.

Гэтэл эд хөрөнгийг нь авахаар довтолж байгаа шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагддаг.

Энэ шинжийг тогтоосны улмаас миний үйлчлүүлэгчийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял шийтгэл ногдуулсан.

Гэтэл “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэх шинжээр түүний хохирогчид гэмтэл учруулсан үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолд Н.*******д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял ногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилнэ үү.

2. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.Ренцэнннямбуугийн унаж авсан улсын дугааргүй мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул тогтоолд өөрчлөлт оруулж уг мотоциклыг буцаан олгоно уу. Яллагдагчийн хувьд энэ гэмт хэргийг урьдаас төлөвлөж учрах саадыг арилгах зорилгоор мотоцикл унаж очоогүй. Мотоциклоор хохирогчийг мөргөсөн, тус техникийн хүчин чадал, онцлогийг гэмт хэрэг үйлдэхдээ давуу байдал болгон ашиглаагүй. гэв.

 

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэрэг, түүнд холбогдох хариуцлагыг эрүүгийн хууль тогтоомжид нийцүүлэн бодит дүгнэлтийг хийсэн. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар Н.*******гийн хийсэн гэмт хэрэг нотлогдсон. Нотлох баримтууд нь харилцан зөрүүгүй, шүүхийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг Баянбулаг хорооллын ар тал, *******,*******ны зүүн талд насанд хүрээгүй хохирогч Х.ын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 500000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаа, газар нутагт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор насанд хүрээгүй хохирогч Х.ын гар утсыг дээрэмдэхийн тулд, бие махбодод нь халдан, түлхэж унагаан зодож эрүүл мэндэд нь баруун эгэмд хугарал, зулай, баруун шуу, сарвуу, хэвлий, баруун гуя, өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Х., түүний хууль ёсны төлөөлөгч Х., гэрч О., Т.******* нарын мэдүүлэгт авагдсан мэдээлэл болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан мотоцикль, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Энэ үйл баримтыг тогтоосон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн Н.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцсэн, тэрээр уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт гэж үзнэ. Энэ нь шүүхийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэх үндэслэл болох тул  өмгөөлөгч Б.Энхбатын хэргийн зүйлчлэлийг өөрчлөх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Н.*******гийн жолоодож явсан мотоцикль нь эд мөрийн баримтаар хураагдсан байх боловч анхан шатны шүүх мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тухай тодорхой дүгнэлт хийж түүнийг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохор заасан дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзлээ. Иймд өмгөөлөгч Б.Энхбатын энэ тухай гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Шүүх нь шүүгдэгч Н.*******гийн хохирол төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан байх ба энэ хугацаанд хохирол төлөгдсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан дээр насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан сэтгэл санааны хохирол арилгуулах хүсэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчим хэрэгжих баталгааг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зохистойгоор тохирсон байхыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж ойлгоно.

Анхан шатны шүүх Н.*******д хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон байна.

Анхан шатны шүүхийн “Н.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзэн, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийн талаар прокурор эсэргүүцэл бичээгүйгээс гадна энэ тухай тайлбар, дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаагүй тул давж заалдах шатны шүүх нь хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан эрх хэмжээний хүрээнд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.*******д оногдуулсан хорих ялын хэмжээг багасган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.*******гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 37 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

 

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******дгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                        ШҮҮГЧ                                 Х.ГЭРЭЛМАА

 

   ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ