Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Эрхэт тэнгэр СӨХ /РД:9116915/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяа

Гуравдагч этгээд: Б.Нямсүрэн нарын хоорондын Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Д.Энхтуяа, хариуцагч Д.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярхүү, гуравдагч этгээд Б.Нямсүрэн, гуравдагч этгээд Б.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Эрхэт тэнгэр СӨХ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Гомдол гаргагч Эрхэт тэнгэр СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шугаржав нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар иргэн Б.Нямсүрэнг тус СӨХ-нд үйлчлэгчийн ажилд томилсон, Б.Нямсүрэн нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан гомдол гаргасны дагуу тус хэлтсийн улсын байцаагч Д.Энхтуяа нь 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх зөрчилд тус СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шугаржавд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн,

3. Түүнчлэн Улсын байцаагч Д.Энхтуяа нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0042719 дугаар шийтгэлийн хуудсаар Эрхэт тэнгэр СӨХ (Шугаржав)-ыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 200 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, 7.214.047,08 төгрөгийн шимтгэл алдангийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрхэт тэнгэр СӨХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан,

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0164 шийдвэрээр хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогчийг зөв тогтоох шаардлагатай... хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан зөрчилд хамаарах эсэхийг хариуцагч дахин шинэ акт гаргахдаа нягтлан үзэх нь зүйтэй гэх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Энхтуяагийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0042719 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн,

5. Уг шийдвэрийн дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяа нь маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг шинээр гаргахдаа Ажил олгогч Эрхэт тэнгэр СӨХ-г Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан хэмээн үзэж, 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулан, 4.811.364,72 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

6. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагч Эрхэт тэнгэр СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Шугаржав Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлын шаардлага гаргаж түүний үндэслэлээ:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл болон 3.2 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч, хохирогчид хамаарахгүй буюу тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тодорхойлсноор хэргийн оролцогч болохгүй байна. Учир нь, Эрхэт тэнгэр СӨХ-д үйлчлэгч ажилтай Б.Нямсүрэнгийн Эрхэт тэнгэр СӨХ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх гомдлоор тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор Эрхэт тэнгэр СӨХ-ийг татсан нь буруу байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, 1 дэх хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг холбогдогч байхаар хуульчилжээ. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй холбоо... гэж хуульчилсан байна. Улмаар хуулийн этгээдийн эрхгүй Эрхэт тэнгэр СӨХ-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчин холбогдогчоор татан оролцуулсан нь хууль зөрчсөн болохыг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 4 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.гэх хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан холбогдогч нь хуулийн этгээд, хүн байхыг тус тус зөрчсөн болохыг тогтоолгож, Эрхэт тэнгэр СӨХ-ийн нэр дээр бичигдсэн 0042720 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болно. Түүнчлэн Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь хөдөлмөрийн гэрээ болон бусад хэлцлийн тал болохгүй байх зарчмыг зөрчсөн байна.

2. Тус шийтгэлийн хуудас дээр Эрхэт тэнгэр СӨХ-ийг ажил олгогч гэж тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Хэрвээ Ажил олгогч хувь хүн бол эрх зүйн бүрэн чадамжтай байх-аар хуульчилсан байна. Манай тохиолдолд Эрхэт тэнгэр СӨХ хуулийн этгээдийн эрхгүй учраас Иргэний хуулийн 26 дугаар зүйл, 26.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадваргүй байна. Иймээс хөдөлмөрийн гэрээний тал болохгүй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.3-д Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж хуульчилсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйл, 7.2.-д өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан, албан журмаар даатгуулахаар хуульчилсан байна. Эрхэт тэнгэр СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй учраас албан журмын даатгалд хамрагдах хуулийн зохицуулалт байхгүй байна.

4. Тус 0042720 дугаар шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн 1-д ажил олгогч Эрхэт тэнгэр СӨХ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, 1 дэх хэсэгт зааснаар аж ахуй нэгж байгууллагыг торгох 500.000 төгрөгөөр торгож буруу шийтгэл оноосон буюу дахин хууль зөрчсөн байна. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйл, 1 дэх хэсэгт: Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан байна. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж хуулийн этгээдийн эрхгүй Эрхэт тэнгэр СӨХ-ийг Нийгмийн даатгалын хуулиар албан журмын даатгалд хамрагдах ёстой мэтээр хууль зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан гэж 0042720 дугаар шийтгэлийн хуудас бичсэн, мөн аж ахуй нэгж байгууллагыг торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн байна. Эрхэт тэнгэр СӨХ нь зөрчлийн хэргийн холбогдогч биш тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн эрхгүй учраас 500 нэгжээр торгосон нь үндэслэлгүй байна. Иймд хууль зөрчиж гарсан дээрхи Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7. Гомдол гаргагч Эрхэт тэнгэр СӨХ-ны өмгөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Нийгмийн даатгалын улсын байцаагчаас 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж байгаа. Тус шийтгэлийн хуудас дээр Зөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгон гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т заасныг баримталсан боловч оногдуулж байгаа шийтгэл нь тус хуулийн 10.17.3-т заасныг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Эрхэт тэнгэр СӨХ-г ажил олгогч гэж үзэх юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд ямар эрэмбээр үйлчлэх вэ гэдгийг хуульчилж өгсөн. Хэрвээ талууд тохиролцсон бол Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар болон салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээг барьж гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.7-д зааснаар аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж эрэмбэлэгдэж байгаа. Эрхэт тэнгэр СӨХ-ны 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 0119 дүгээр Б.Нямсүрэнг ажилд авсан гүйцэтгэх удирдлагын тушаал байдаг. Үүнд Эрхэт тэнгэр СӨХ-д ажилд орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг гэж хэлж бичүүлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.7-д зааснаар аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр талууд тохиролцсон байна гэж үзэхээр байна. Шүүх энэ талаар анхаар үзэх хэрэгтэй. Мөн Б.Нямсүрэнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-д зааснаар талууд харилцан тохиролцсон бусад гэсэн хуулийн заалттай тохирч байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар хуулийн этгээд, ажил олгогч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар ажил олгогч гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасныг хэлнэ гэж байгаа. Ажил олгогч нь хуулийн этгээд, хүн байна. Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлтэй буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тусгайлсан хөрөнгөтэй өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг. Үйл ажиллагаанаас би болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг. Нэхэмжлэгч хариуцагч байж чадах гэж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй учир нэхэмжлэгчээр оруулж өгөөч гэж хүсэлт гаргаж байгаа. Хуулийн этгээдийн эрхгүй учир нэхэмжлэгч хариуцагч байж чадахгүй гэж хуульд зааснаар тодорхой харагдаж байгаа. Тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалттай нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө хууль буюу дүрэмд заасан зорилготой ашгийн төлөө байж болно. Хуулийн этгээд нь нийтийн, холимог, өмчийн байна гэж зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 33 дугаар зүйлд хуулийн этгээдийн төрлийг зааж өгсөн байгаа. Энд сууц өмчлөгчдийн холбоо гэж ерөөсөө байхгүй. Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл компанийн хэлбэрээр байгуулна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хоршооны хэлбэрээр байгуулна гэж зааж өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Хуулийн этгээд гэдэг нь Эрхэт тэнгэр СӨХ биш. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан талууд энэ хуулиар зохицуулахаар заасан харилцан тохиролцсон тохиолдолд хуулийн үйлчлэх хүрээ явагдах юм гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Эрхэт тэнгэр СӨХ гэдэг нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага. Албан журмаар даатгуулах биш. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-д зааснаар талууд харилцан тохиролцсон бусад гэж байгаа. Тушаалыг харахад нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлдөг гэж бичсэн. Хуулийн ийм зохицуулалтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн надаа хамгийн бага цалин олгодог гэж гуравдагч этгээдээс хэлж байгаа. Гэвч үгүй Төрийн банкны дансны хуулгыг харвал зөвхөн зогсоолын төлбөр тус банкны дансанд ордог. Б.Нямсүрэнгийн Төрийн банкны дансны хуулгыг харахад ямар нэгэн газраас орлого олж байгаагүй гэдэг нь харагдаж байгаа. Зөвхөн зогсоолын төлбөрөөс 6,246,000 төгрөг орсон. Үүгээрээ би нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлдөг учир Эрхэт тэнгэр СӨХ-тэй тохиролцсон. Би нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг учир би зогсоолоос ашиг олж нийгмийн даатгалын шимтгэлээ төлчхөөд үлдсэн ашгаасаа Эрхэт тэнгэр СӨХ-нд 50 хувийг нь өгч байя гэж хэлсэн. Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тодорхой болж байгаа. Энэ нь Эрхэт тэнгэр СӨХ-ны Төрийн банкны дансанд Б.Нямсүрэнгээс хийж байсан. Эрхэт тэнгэр СӨХ холбоо модны 15 дугаар байр гэж нэрэлдэг. 25 оршин суугч нартай. 00 тоотод нь Б.Нямсүрэн амьдардаг. Үүгээр юу нотлох гэж байгаа вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-д зааснаар талууд харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар энэ хуульд зааснаар талууд харилцан тохиролцсон бол энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ гэж зааж өгсөн. Үгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.7-д зааснаар аж ахуй нэг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тусгаж өгсөн байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, дүрэмд зааснаар оршин суугч нарын мөнгийг яаж зарцуулах талаар байгаа. Гүйцэтгэх захирал зөвхөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэгдсэн тийм зардлыг зарцуулах эрхтэй гэж заасан. Үйлчлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төл гэсэн ямар ч зүйл байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг С.Шугаржав төлөгдөж байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй учир төлж байгаагүй. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч торгож байгаа бол зөвхөн 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна. Хэрэв Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар торгох бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулахаар байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна. гэжээ.

8. Хариуцагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Д.Энхтуяа би 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0164 дугаар бүхий Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр "Эрхэт тэнгэр" СӨХ-д холбогдуулан шийтгэлийн хуудас бичсэн болно. Тус шийтгэлийн хуудастай холбогдуулсан "Эрхэт тэнгэр" СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Шугаржавын гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Хуулийн этгээдийн эрхгүй "Эрхэт тэнгэр" СӨХ-г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчин холбогдогчоор татан оролцуулсан нь хууль зөрчсөн байна гэсэн тайлбарт: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0164 дугаар бүхий Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "Эрхэт тэнгэр" СӨХ нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна" мөн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт субъектийг заахдаа "ажил олгогч..." гэж тус тус заасан Тус шүүхийн шийдвэрийн 1.18, 1.19, 1.20, 1.21 дүгээр заалтуудад Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэдий боловч иргэний эрх зүйн харилцаанд оролцогч мөн, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд зөрчилд хамаарах субъектыг тодорхойлохдоо "шимтгэл төлөгч" бус харин "ажил олгогч" гэх ойлголтыг хэрэглэсэн байх тул сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн Б.Нямсүрэнг үйлчлэгчийн орон тоон дээр ажиллуулж, хөдөлмөрийн харилцаанд оролцсон ажил олгогч байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, материаллаг хууль болох Зөрчлийн тухай хуульд "ажил олгогч"-д хамаарах зөрчлийг заасан тохиолдолд хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хэн байхаас үл хамааран түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж үзэх нь хууль эрх зүйн зүйн зарчимд "Эрхэт тэнгэр" СӨХ нь ажил олгогчийнхоо хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч болно гэж шүүхийн шийдвэрээр тогтоосон.

2. Эрхэт тэнгэр СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Шугаржав нь иргэн Б.Нямсүрэнг СӨХ-нд үйлчлэгчээр ажилд томилсон байх бөгөөд иргэн Б.Нямсүрэн нь иргэн Ж.Шугаржавд хувь этгээдийн журмаар ажил гүйцэтгээгүй, харин "Эрхэт тэнгэр" СӨХ-нд үйлчлэгчийн орон тоонд хөдөлмөр эрхэлсэн Ж.Шугаржавд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд нийцэхгүй гэж шүүхээс тодорхойлсон тул Шийтгэлийн хуудсыг иргэн Ж.Шугаржавд холбогдуулалгүйгээр ажил олгогч "Эрхэт тэнгэр" СӨХ-д холбогдуулсан болно. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6 дугаар зүйлд ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэхээр хуульчилсан тул Иргэн Б.Нямсүрэнгийн 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тасарсан хугацааг ажил олгогч "Эрхэт тэнгэр" СӨХ нь төлөхөөр харагдаж байна. Иймд иргэн Б.Нямсүрэнг үйлчлэгчээр ажилласан дээрх хугацаанд дах нийгмийн даатгалын шимтэл төлөлт тасарсан байх тул ажил олгогч болох "Эрхэт тэнгэр" СӨХ нь төлж барагдуулах нь зүйн юм. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0164 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг үндэслэн шийтгэлийн хуудсыг бичсэн тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. гэжээ.

9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эрхэт тэнгэр СӨХ үйлчлэгч ажилтай Б.Нямсүрэнгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэдэг дээр бидний зүгээс арга хэмжээ тооцсон.Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.2-т заасан зүйл заалтыг хэрэглэсэн. 0047219 дугаартай шийтгэлийн хуудас оногдуулсан. Гэтэл шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж анх нэхэмжлэгч талаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манайд болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гомдлоор 42719 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т заасанд хамаарагдах болно гэж гомдол гаргасан. Тус хүсэлтийн дагуу шүүх Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар шийдвэр гаргасан. Хүсэлтийг нь хангаж 58 хоногийн дотор Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар шийтгэлийн хуудас ноогдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.2-т заасныг шүүх хуралдаан дээр яагаад буруутгаж байсан бэ гэхээр иргэн С.Шугаржав гэрээ цэвэрлүүлээгүй, иргэнээр шийтгэлийн хуудас ноогдуулсан байна гэх шаардлага тавьсан. Гэтэл иргэн С.Шугаржав гэрээ цэвэрлүүлээгүй юм бол энэ хүн хаана ажил хийсэн байж таарах вэ?, Эрхэт тэнгэр СӨХ ажиллуулсан гэдгийг шүүх хуралдаан дээр байнга тавьж байсан. Иймд шүүгч Эрхэт тэнгэр СӨХ-д ажилласан гэж шийдвэр дээрээ тодорхой дурдаж өгсөн байдаг. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар шийтгэлийн хуудас бичсэн. гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Өмгөөлөгчөөс 3 асуудлыг ярьж байна. Нэгдүгээрт ажилд авсан тушаал дээр нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлье гэсэн харилцан тохиролцсон гэж хэлж байна. Энэ нь хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж зохицуулж өгсөн. Ажилтнаа нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөр нь төлүүлэх гэж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр байна. Хоёрдугаарт нь ажил олгогч гэдэг зүйлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажил олгогч холбогдох биш гэж гаргаж ирсэн зүйл дээр ажил олгогч мөн гэж тодорхойлж өгсөн байгаа. Үүн дээр маргах зүйл байхгүй. Ажил олгогч гэдэг зүйлийг юу гэж тодорхойлж өгсөн бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод гадаадын аж ахуй нэгж байгууллага гэж орсон байгаа. Аж ахуй нэгж гэдэгт хуулийн этгээд, иргэнийг оролцуулдаг. Байгууллага гэхээр сан, хоршоо, төрийн бус байгууллага гэж байгаа. Үүн дотор Эрхэт тэнгэр СӨХ байгууллага гэдэг зүйлд орж байгаа тул ажил олгогч зайлшгүй мөн гэж үзэж байна. Гуравдугаарт нь Төрийн банкнаас олгосон 7 сая төгрөг гэж хэлээд байна. Орж ирж байгаа мөнгө нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайл с хийх үндэслэл болж байгаа юм уу гэж үзэж байна. Мөн өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байсан. С.Шугаржав гэх хүн анхнаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэж ойлгоогүй. Төлөх ёстой зүйл гэж мэдэхгүй байсан. Иймд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэж ойлгосон учир шимтгэл төлөгдөөгүй, төлөөгүй гэдэг хариу тайлбар хэлж байсан. Гэтэл тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Нийгмийн даатгалын асуудлыг би өөрөө хариуцна гэж хэлээд байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.2-т заасан үндэслэл зөв байсан гэж дүгнэлтэд хүрч байна. Анх ажилтан, ажил олгогч нарын хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудал яригдсан байгаа учир нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т заасан үндэслэл болохгүй гэж хэлээд байна. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т заасан үндэслэл болохгүй байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж байгаа. Үүнд ажил олгогчийн даатгуулагчийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтган олгохоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж зааж өгсөн байна. Субъект нь ажил олгогч гэж зааж өгсөн байгаа. Яагаад гэхээр шүүхийн шийдвэрээр Эрхэт тэнгэр СӨХ-г ажил олгогч гэж тодорхойлсон учир дахин дахин тодотгож хэлж байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж зааж өгсөн байгаа. Үүнд ажил олгогч нь энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хугацаанд төлөөгүй эсвэл дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл иргэн Б.Нямсүрэн 2019 оны 7 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 4 жил 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй асуудал ярьж байна. Би өмнө нь ажил олгогч байсан. Үйлчлэгч, зөөгч, бусад үйлчилгээний албаны ажилтанд тогтож ажиллан гэдэг үнэхээр хэцүү байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл 1 сар, 2 сар, 3 сар, хагас жилээр тасарсан асуудал биш. Бүхэл бүтэн 4 жилийн асуудал яригдаж байгаа тул Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиар ч энэ зохицуулалт иргэн өөрт учирсан хохирлоо ажил олгогч сууц өмчлөгчийн холбооноос нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. гэжээ.

11. Гуравдагч этгээд Б.Нямсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар нийгмийн даатгалд хамруулаагүй ийм зөрчил сууц өмчлөгчдийн холбоотой зөрчил илрүүлсэн байна. Тус зөрчилдөө 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийн аргах хэмжээ авсан байна. Миний ойлголтоор 2 улсын байцаагч нөхөн төлбөр гаргуулж байж иргэнийг хохиролгүй болгоно. Иймд нөхөн төлбөр гаргуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар нөхөн төлбөр гаргах боломжтой болохоос биш, Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар зөвхөн торгох шийтгэл болох гэж байна. Иргэний хохироож болохгүй заавал нөхөн төлбөр гарна гэж үзэж байна. Заавал хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Торгуулийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.1-т зааснаар торгуулийн арга хэмжээ авчхаад Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар бид нөхөн төлбөр авах боломжтой. Хуулийн цоорхойг ашиглаж байна. Тушаал, гэрээ гэдэг зүйлүүд 2 өөр зүйл гэдгийг хэлмээр байна. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг хамтран амьдрагчид хэлсэн гэж хэлэх нь хамаарал байхгүй. Зөвхөн нотлох баримтаар тодорхой болно. Тухайн үед тэмдэглэл үйлдсэн бол нотлох баримт болох байсан. Гэтэл хуульд зааснаар албан журмаар даатгуулах ёстой. Нөгөө даатгалаа төлөөгүй. Тушаал дээр өөрөө төлдөг гэж хэлсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрсдөө харилцан тохиолцсон гэж хэлээд байгаа. Хэрвээ тийм бол бичгээр баталгаажуулж авах ёстой. Ямар баримтыг үндэслэж бичсэн юм. Тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал уу?, үгүй юу гэдгийг харж үзэх ёстой гэж үзэж байна. Төрийн банкны дансны мэдээлэл буюу авто зогсоолын талаар хэлээд байна. Татвараас зайлсхийсэн олсон орлогоо нуун дарагдуулсан зэрэг Эрхэт тэнгэр СӨХ-ноос маш их зөрчил гарч ирж байна. Бидний зүгээс амаар ярьсан зүйлийг нотлох баримт гэж үзэхгүй байна. Бичгээр заавал харилцан тохиролцсон байх ёстой. Нийгмийн даатгалын байцаагч нар зөрчил илрүүлсэн гэж үзэж байна. Үүнийхээ дагуу арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нөхөн төлбөр олгох, хохирол барагдуулахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр гаргуулах боломжтой байх гэж бодож байна. Улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов Үүнд:

Эрхэт тэнгэр СӨХ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Шугаржав тус шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын улсын байцаагч Д.Энхтуяагийн гаргасан, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлд зааснаар Эрхэт тэнгэр СӨХ гэх зөрчлийн хэргийн холбогдогч биш, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг холбогдогчоор татан оролцуулсан нь хууль бус, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь хөдөлмөрийн гэрээ болон бусад хэлцлийн тал болохгүй байх зарчмыг зөрчсөн, СӨХ албан журмын даатгалд хамрагдах хуулийн зохицуулалт байхгүй... гэж тодорхойлсныг хариуцагч ...Эрхэт тэнгэр СӨХ нь ажил олгогчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэрийг үндэслэн шийтгэлийн хуудсыг бичсэн... гэж, гуравдагч этгээд иргэн Б.Нямсүрэн ...би энэ СӨХ-д үйлчлэгчээр ажилд орсноос хойш миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул гомдол гаргасан... гэж тус тус маргаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяагийн гаргасан, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсаар Эрхэт тэнгэр СӨХ нь үйлчлэгч Д.Нямсүрэнгийн нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, төлөөгүй...зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж торгох шийтгэл ногдуулж 4 811 364,12 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч, 500 000 төгрөгийг Төрийн сангийн 200690000 тоот дансанд, шимтгэл алдангийн нөхөн төлбөрийн 5 311 364,12 төгрөгийг Төрийн сангийн 200690000 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны дотор шимтгэл, торгууль төлөх үүргийг нөхөн биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх;, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх; гэж заасан.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 3-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн зүйлийн 4-т Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0164 дүгээр шийдвэр зэргээс үзвэл Эрхэт тэнгэр СӨХ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Шугаржав нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/19 дүгээр тушаалаар иргэн Б.Нямсүрэнг тус СӨХ-д үйлчлэгчийн ажилд томилсон, Б.Нямсүрэн нь 2023 оны 11 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ...тус СӨХ-д анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэх үндэслэлээр гомдол гаргаснаар эрх бүхий албан тушаалтан Д.Энхтуяа нь тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ж.Шугаржавд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэрэг нээж улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2-т зааснаар 200 нэгжээр торгох, 7217047,08 төгрөгийн шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч холбогдогч Ж.Шугаржав шүүхэд гомдлын шаардлага гаргаснаар тус шүүхийн дээрхи шийдвэрээр Эрхэт тэнгэр СӨХ нь ажил олгогч мөн боловч хариуцагч нь...зөрчлийн хэргийн холбогдогчийг зөв тогтоогоогүй,...Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна, харин Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах эсэхийг дахин шинэ акт гаргахдаа нягтлан үзэх нь зүйтэй... гэж дүгнэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтуудыг шүүх дахин нотлох шаардлагагүй бөгөөд шүүхийн, дээрхи шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн уг шийдвэрээр 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Энхтуяагийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0042719 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл /58/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд шинээр акт гаргаагүй тохиолдолд 0042719 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ийнхүү шүүхээс тогтоосон /58/ хоногийн хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь шинээр гаргасан, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудсаар Эрхэт тэнгэр СӨХ нь үйлчлэгч Д.Нямсүрэнгийн нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, төлөөгүй...зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж торгох шийтгэл ногдуулж 4 811 364,12 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч, 500 000 төгрөгийг Төрийн сангийн 200690000 тоот дансанд, шимтгэл алдангийн нөхөн төлбөрийн 5 311 364,12 төгрөгийг Төрийн сангийн 200690000 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны дотор шимтгэл, торгууль төлөх үүргийг нөхөн биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Нийгмийн даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна., 7.2-т Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна:, 7.2.1-д өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан гэж тус тус зааснаас үзвэл СӨХ-ийн ажилтан Б.Нямсүрэнг албан журмын нийгмийн даатгалд хамруулах, шимтгэлийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу суутган төлөх үүргийг байгууллагын захиргаа хүлээх ба энэ тохиолдолд Эрхэт тэнгэр СӨХ нь энэ үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д зааснаар тус СӨХ-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин, Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:, 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж тус тус заасан.

Дээрхи хуулийн заалтуудаар, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тухайлан заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар байх ба тухайн тохиолдолд Эрхэт тэнгэр СӨХ-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан атлаа нөхөн төлбөр буюу 4 811 364,72 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсан нь хууль бус, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д энэ талаар заагаагүй байхад нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус тул шийтгэлийн хуудасны энэ хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас Эрхэт тэнгэр СӨХ-ийг ...нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчил гаргасан гэх тайлбар гаргасан, мөн шийтгэлийн хуудсанд төлөөгүй зөрчил гаргасан гэж тодорхойлсон атлаа энэ үйлдэл, эс үйлдэхүйн талаар тухайлан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, энэ үйлдэл эс үйлдэхүйн талаар дүгнээгүй тул гомдол гаргагч Эрхэт тэнгэр СӨХ-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна гэж заасныг зөрчсөн байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, 4.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг тус тус баримтлан Эрхэт тэнгэр СӨХ-ны гаргасан гомдлын шаардлагаас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн улсын байцаагч Д.Энхтуяагийн гаргасан, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0042720 дугаар шийтгэлийн хуудасны Эрхэт тэнгэр СӨХ-г 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан хэсэгт холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох 4 811 364,72 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН