| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/03745/И |
| Дугаар | 101/ШШ2024/04702 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/04702
| 2024 10 14 | 101/ШШ2024/04702 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У П*******ын Д******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* А******* /рд:*******/-д холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлж, 136,300,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Д*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б******* /Ү-3186/,
Хариуцагч М.А*******,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Э******* /Ү-3541/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн П.Д******* миний бие 2022 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн Төрийн банкны 104239999999 тоот данснаас иргэн Нын Т дансанд /ХХБ-/ дугаар дансанд 75,0 сая төгрөг зээлсэн. Зээлийн барьцаанд Н.Т ээж М.А*******ийн хамт ирж Баянзүрх дүүргийн 1-р хорооны 19-р байрны 33 тоот 3 өрөө байрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Анх 2 сарын дараа 6 хувийн хүүтэй буцааж өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй 1 жил 6 сар болж байна. Энэ хугацаанд удаа дараа нэхсэн боловч сүүлдээ утсаа авахгүй, янз бүрийн хүнээр яриулж дарамт үзүүлж, байрыг чөлөөлж өгөөгүй. 2024 оны 3 сарын 6-нд байрны түлхүүр өгсөн боловч голыг нь сольсон таараагүй. М.А*******ийн өөрийн хамаатан амьдарч байгаа чөлөөлж өг гэхээр хэл ам хийж байгаа. Иймд БЗД-ийн 1-р хорооны 19-р байрны 33 тоот 3 өрөө байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч П.Д******* нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбартаа:
Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М.А*******т холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай хамаатны дүү болох Ч.Гант нь надтай холбогдож ...Ерөнхий сайд асан Нын эхнэрт 1-2 сарын хугацаатайгаар мөнгө зээлээч ээ, найдвартай хүн тул та санаа зовох хэрэггүй, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлээд дээрх хугацаанд буцааж найдвартай төлнө, та нэг тус болооч... гэж гуйсны дагуу миний бие хариуцагч М.А*******тэй утсаар холбогдож уулзахаар болж Гранд плаза худалдааны төвийн ойр уулзсан. Хариуцагч нь их хэмжээний мөнгө зээлж байгаа учир эгч нь өөрийн нэр дээр байгаа орон сууцаа дүүгийн нэр дээр шилжүүлж өгье, хэрэв тохирсон хугацаанд төлж чадахгүй бол дээрх орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрөө гаргаад авчих гэсний дагуу бид тохиролцож, 75,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. Хариуцагч нь өөрийн хүү болох Н.Т дансаар шилжүүлчих гээд Голомт банкны данс өгсний дагуу миний бие 75,000,000 төгрөгийг 2 хувааж, хариуцагчийн өгсөн дээрх данс руу шилжүүлсэн. Энэ талаараа буюу 75,000,000 төгрөг зээлсэн, уг зээлийн мөнгийг өөрийн хүүгийн дансаар шилжүүлж авсныгаа хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн байдаг. Тохиролцсон хугацаанд хариуцагч нь төлбөрөө төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өвчтэй байна, удахгүй өгнө гэх зэргээр шалтаг тоочоод төлж барагдуулаагүй тул миний бие маргаан бүхий орон сууцаа чөлөөлж худалдан борлуулж зээлийн төлбөрөө гаргаж авья гэж хариуцагчтай уулзахад хариуцагч нь зөвшөөрч, орон сууцны түлхүүрийг өгсөн боловч тухайн орон сууцанд хүн амьдарч байсан төдийгүй надад өгсөн түлхүүр таарахгүй, цоожны голыг нь сольсон байдалтай байсан. Энэ талаар хариуцагчид хэлэхэд манай хамаатан амьдарч байгаа, би удахгүй гаргачихна түр хүлээж бай гэсэн хариуг өгсөн боловч чөлөөлж өгөөгүй. Улмаар 2024 оны 01 дүгээр сард уулзахад хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 136,300,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлөхгүй бол орон сууцыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гэж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээ ч төлөөгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй байдалтай байна. Хэрэв хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу тохиролцсон төлбөрөө хугацаандаа төлсөн бол миний бие орон сууцыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа учраас миний бие маш их гомдолтой байна. Хариуцагч нь орон сууцаа чөлөөлж өгөхгүй маргаантай байгаа, хөндлөнгийн гуравдагч этгээд орон сууцанд амьдардаг гэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж миний бие орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлсэн үнийн дүн болох 136,300,000 төгрөгийг хариуцагч М.А*******ээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж өөрчилж байна. Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч М.А*******ээс 136,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч П.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие П.Д******* нь 2022 оны 11 сарын 16-ны өдөр манай хамаатны н.Гант гэх залуу надад хүсэлт тавьж ерөнхий сайд Ж.Нын гэр бүлийн хүн мөнгө зээлэх хүсэлтэй байна гэж надад холбож өгсөн. Тэгээд М.А******* нь над руу ярьж, бид Гранд плаза хавьд уулзсан. Тэгэхэд нь би та ерөнхий сайд Ж.Нын гэр бүлийн хүн үү гэхэд тийм гэж хэлсэн. Би банкнаас зээл авсан байсан, тодорхой хэмжээний мөнгө байсан учир манай хамаатны залуу 1-2 сарын хугацаатай зээлчих, хариуцлагатай хүн, Ерөнхий сайд байсан хүний эхнэр гэхээр нь би итгэсэн. М.А******* надтай уулзаад надад би чамд Сансарт байдаг 3 өрөө байраа барьцаанд тавьчихъя гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Би итгэсэн хамгийн гол зүйл нь 1-т настай хүн, 2-т ерөнхий сайдын гэр бүлийн хүн гэдэгт би 100 хувь итгэсэн, мөн 3 өрөө байраа барьцаанд тавьчихъя гэж хэлсэн тул би шууд итгэж зээлсэн. Надад 3 өрөө байраа нотариатаар ороод өмчлөлөө шилжүүлсэн. Их хэмжээний мөнгө тул 75,000,000 төгрөгийг хүүхдийнхээ дансаар шилжүүлж авъя гэсэн тул Н.Т гэх хүүхдийнх нь данс руу би мөнгийг шилжүүлсэн. 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлнэ гэж анх тохирсон, надад энэ үл хөдлөх эд хөрөнгөө Сансарын Е мартын 1 цэгийн үйлчилгээнд очиж худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул би мөнгийг тэнд нь шилжүүлсэн. Сарын дараа байхгүй болсон, өгнө, хүүтэй нь өгнө гэж хэлсэн, гэвч 2 сар болсон боловч чимээгүй байсан, 2 жил болсон тул би ярихад чиний мөнгийг хүүтэй нь өгнө гэж хэлсэн, энэ талаар холбогдох баримтуудыг би хэрэгт өгсөн байгаа. 2024-01-05-ны өдөр хоорондоо яриад эгчээ энэ хүү чинь болохоо байлаа миний мөнгийг өгөөч гэж хэлсэн, хоёулаа ярилцаж зээлийн гэрээг интернэтээс татаж аваад нэг газар уулзаж худалдах, худалдан авах гэрээ, акт үйлдсэн. 136,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд бид гарын үсэг зурсан. Дараа нь хүлээцтэй хандаж 3 сарын 05-ны өдөр уулзахаар болоод зээлийн гэрээг хүлээн зөвшөөрчихөөд мөнгөө өгнө гэж явсаар 3 сарын 05-ны өдөр уулзахад миний дүү хүрээд ир хоёулаа дахиж тохиролцъё гэж хэлж 2024 оны 3 сарын 06-ны өдөр өөрийн гараар бичиг бичиж өгсөн. 2024 оны 4 сарын 10-ны өдөр өөрөө энэ мөнгийг өгөхгүй бол чи энэ байрыг ав гэж надад түлхүүрээ гэртээ авчирч байгаад гардуулж өгсөн. 4 сарын 10-ны өдөр түлхүүр аваад 2-4 хоногийн дараа хамт байранд нь очиход эд хогшил байсныг удахгүй чөлөөлөөд өгнө гэж хэлсэн. М.А******* гэвч утсаа авахаа болиод алга болсон тул би очоод түлхүүрээр нь онгойлгох гэхэд цоожныхоо голыг сольсон байсан. Би маш их хохиролтой байна, иймд шүүхэд хандсан. 136,300,000 төгрөгийг хэрхэн гаргасан бэ гэвэл сарын 6 хувийн хүү, 75,000,000 төгрөгөөс хүү бодсон. Нийт 13 сар 20 хоногийн хүү 61,300,000 төгрөг, үүнд зээлсэн 75,000,000 төгрөгийг нэмж, нийт 136,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би банканд өр зээлтэй байсан учир 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 85 тоот 3 өрөө байраа би аргагүй эрхэнд зарсан. Худалдах, худалдан авах гэрээг эх хувиар нь хэрэгт өгсөн, би одоо өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн байранд амьдарч байгаа, зээлийн хүүгийн дарамтад орсон, бараг гудамжинд гарсан байна. Би хамгийн гол итгэж зээлсэн зүйл нь 3 өрөө байраа барьцаанд тавьсан, мөн ерөнхий сайдын гэр бүл гэж хэлсэн, мөн настай хүн байсан тул би итгэсэн. 2024 оны 01 сар хүртэл хүлээсэн шалтгаан нь настай хүн надад худлаа хэлэхгүй байх гэж үзээд итгээд яваад байсан гэв.
4. Хариуцагч М.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүх иргэн П.Д*******ын нэхэмжлэлтэй иргэн М.А*******т холбогдуулан гаргасан Байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн П.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Учир нь энэ ҮХЭХ-ийг 1997 онд миний эцэг Я М, Цэмбэлийн Х нар өмчилж авсан юм. 2 хөгшин маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж М.А******* миний нэр дээр шилжсэн хөрөнгө юм. Иргэн П.Д*******аас нэн яаралтай мөнгө зээлэх шаардлага гарч зээлийн гэрээ хийхгүй түр худалдах, худалдан авах гэрээг Д*******ын нэр дээр хийсэн юм. П.Д*******ын нэр дээр ҮХЭХ-ийн энэхүү гэрээг хийсэн боловч зээлийг хугацаанд нь өгч чадаагүй билээ. Энэ байдалдаа дүгнэлт хийж тодорхой хугацаанд зээлээ төлж барагдуулан өөрийн байрыг буцаан авах хүсэлтэй байгаа юм гэжээ.
5. Хариуцагч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би П.Д*******ын ярьж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч би 136,300,000 төгрөгийг төлөхгүй, учир нь би П.Д*******тай ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, би П.Д*******аас нэг ч төгрөгийн зээл аваагүй. П.Д******* нь миний хүүтэй тохиролцож, 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүүгийн Хаан банкны дансанд 73,800,000 төгрөг, Голомт банкны дансанд 1,200,000 төгрөгийг хийсэн юм байна лээ. П.Д*******ын ярьж байгаа дүү гэх хүнийг нь би үзээгүй, хараагүй, манай хүү таньдаг юм байна. Бид Таван шард уул уурхайн компанитай, 8 га газартай, тухайн газарт махны хөргүүрийн үйлдвэр байгуулъя гэж компаниа барьцаанд тавьж Хаанбанкнаас зээл авъя, хөнгөлөлттэй зээл өгч байна гэж н.Б гэх банкны системд 17 жил ажилласан эдийн засагч манай хүүтэй уулзсан юм байна. Гэхдээ яах вэ бид нар тухайн хүнийг нь судалж үзсэн. Тухайн хүн хөөцөлдөж байгаа зээлийнхээ 10 хувийг нь би авдаг юм, гэхдээ 5 хувийг нь эхэлж авна, 5 хувийг нь зээл бүтэх үед авна гэж хэлсэн тул зээл 14 сарын дотор бүтэх юм байна гэж ойлгосон. Нөгөө хүүхэд нь зээлийнхээ 10 хувийн 5 хувийг олох гэж байгаад П.Д*******ын дүүтэй нь уулзсан юм байна. Тухайн хүн нь манай ах л мөнгөтэй чи манай ахтай уулзаад үз гэж хэлсэн тул энэ хүнтэй уулзсан юм байна. Би энэ талаар мэдэхгүй, нэг өдөр намайг Гранд плаза дээр хүрээд ир 1 хүнтэй уулзуулаадахъя гэхэд н.Б гэх Хаанбанкны эдийн засагчид өгөх мөнгөний талыг нь олохоор болчихлоо, нэг хүнээс барьцаанд тавьж авахаар боллоо гэж хэлсэн, би аав, ээжийнхээ энэ байрны өмчлөгч нь энэ байрны гэрчилгээг барьж тухайн үед очихдоо энэ хүний барааг анх удаа харсан. Хүүхдийн хүсэлт байсан, мөн 2-т энэ хүний шахалт дарамт байсан, энэ байраа худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний нэр дээр шилжүүлэхгүй л бол би мөнгө өгөхгүй гэх байр сууринд нь үндэслэж би энэ хүний эзэмшилд 2022 оны 11 сарын 16-ны өдөр тухайн байрыг шилжүүлж өгсөн. Түр хугацаанд өгнө гэж тохироод өмчлөлд нь шилжүүлсэн. Манай хүүгийн хөөцөлдсөн ажил эхлээд аягүй бүтэмжтэй эхэлсэн боловч удаашраад, нэлээдгүй хугацаанд хойшилсон, би энэ хүний мөнгийг авсан яанаа гэж санаа зовж байсан, болчих байх гэж бодож байсан. Иргэн П.Д******* бид 2 ямар ч гэрээ хийгээгүй, би П.Д*******аас нэг ч төгрөг аваагүй, П.Д******* миний данс руу нэг ч төгрөг хийгээгүй. Гэхдээ 2024 оны 01 сарын 05-ны өдөр уурлаж, уцаарлаж байрыг чинь авлаа гэж хэлэхэд нь тухайн байранд хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа тул болохгүй уулзъя гэж хэлээд уулзаад нотариатаар баталгаажуулаагүй барьцааны гэрээ гэж бичээд 136,300,000 төгрөгийг 3 сарын дотор төл гэж шаардсан. Нотариатаар орсон боловч нотариат үүнийг гэрчлэхгүй гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж П.Д******* 2024 оны 8 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд ёс зүйгүй, балмад үйл ажиллагааг энэ байранд байнга явуулж байсан, өдөр болгон. Тухайн байранд миний хөгжлийн бэрхшээлтэй дүү амьдардаг. Байрны хаалга цоожийг нь эвдэнэ, тогийг нь тасална, хэл амаар доромжилдог, лоомоор цохиж нүддэг, тэр байтугай төмөр таслагч аваачиж зэрлэг үйлдэл хийж байсан. Мөн 1 юм хэлэхэд би Монгол улсын 19 дэх Ерөнхий сайдын эхнэр хүн. Гэтэл П.Д******* нь миний нөхөр болох Ерөнхий сайд Ж.Нын нэрийг барьж тэр байр, орцоор дүүрэн хашхирдаг, харааж доромжилдог. 2024 оны 9 сарын 02-ны өдөр ажил дээр минь согтуу ирж намайг доромжилж хашгирсан тул би харуулдаа хэлж цагдаа дуудуулсан боловч цагдаагаас айгаад зугтаасан байсан. Би П.Д*******аас 1 төгрөг ч аваагүй, 1 төгрөг ч төлөх ёсгүй, би өөрийн өмчлөлийн орон сууцаа энэ хүнд худалдах, худалдан авах гэрээгээр түр хугацаанд хийж өгсөн тул буруутаж байна. Мөн П.Д*******ын 1 хэцүү зүйл нь хэзээ ч эрэгтэй хүнтэй харьцахгүй, зээл өгсөн манай хүү байгаа, тэр залуутай ярь, уулз гэтэл уулздаггүй, зөвхөн намайг дээрэлхдэг, чавганц, галзуу, солиотой эмгэн гэх мэтээр доромжилдог. Иймд би энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, барьцааны гэрээг яаж байгуулсныг нь мэдэхгүй, хүчээр зуруулсан гэв.
6.Хариуцагч М.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Тус шүүхэд П.Д*******ын нэхэмжлэлтэй М.А*******т холбогдуулан гаргасан Байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаа билээ. П.Д*******ын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. М******* А******* миний бие 2022.11.16-ны өдөр хариуцагч П.Д*******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-/бүртгэлийн дугаар 2847/-г байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 33 тоот 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 55,000,000 төгрөгөөр тооцож өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч дээрх 2847 бүртгэлийн дугаартай гэрээ нь бодит байдалд нийцэхгүй төдийгүй, дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ юм.
1.М.А******* нь хариуцагч П.Д*******тай 2021.11.16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулахаар тохиролцож 75,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцон Зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр өөрийн хүү Н.Т Хаан банкны болон Голомт банкны данс руу дээрх мөнгийг хүлээн авсан. Энэ нь бодит байдалд Худалдах худалдан авах гэрээ байгуулах сонирхолгүй байсан буюу П.Д*******ын нэр дээр зээл авахын тулд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-/бүртгэлийн дугаар 2847/-г түүний шаардсаны дагуу байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Иймээс талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-/бүртгэлийн дугаар 2847/ нь иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-т тус тус заасан заалтыг зөрчсөн буюу зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өөрөөр хэлбэл М.А******* нь П.Д*******д зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа дээрх орон сууцыг буцаан авахаар хэлэлцэн тохиролцож, бодит байдалд нийцэхгүй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд хариуцагчтай хүүг нэмж төлөх, барьцаа хөрөнгөө буцаан шилжүүлж авах тухай ярилцан тохиролцсоноор өдийг хүрсэн бөгөөд 2024.01.05-ны өдөр барьцааны гэрээ нэртэй гэрээг байгуулж, өмнө дурдсан нөхцөлүүдийг цаасанд бусан.
2. Дээрх үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш unegui.mn болон бусад зарын сайтад байршил, хэмжээ адилхан заруудаас хайхад 230,000,000 орчим байх бөгөөд бодит байдал дээр 55,000,000 төгрөгөөр хэзээ ч худалдан борлуулахгүй нь нийтэд тодорхой баримт юм.
Нэхэмжлэгч М.А******* би өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зөрчигдөөд байгаа эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Иймд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн М.А*******ийн П.Д*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /бүртгэлийн дугаар 2847/-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч М.А*******ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 33 тоот 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Д*******д даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.
7. Хариуцагч М.А******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би П.Д*******тай зээлийн гэрээ байгуулаагүй, нэг төгрөг ч аваагүй. Миний хүү Н.Т, П.Д******* нар хоорондоо харилцан тохиролцож зээлийн гэрээг аман байдлаар хийсэн юм байлгүй, мэдэхгүй байна. Өмчлөлийнхөө байрыг худалдах, худалдан авах гэрээг би П.Д******* гэх хүний шахалт шаардлагаар мөнгө өгөхгүй гэх шаардлагыг үндэслэж худалдах, худалдан авах гэрээг хийж энэ хүний нэр рүү шилжүүлсэн. Энэ нь хүүхдийнхээ авсан зээлийг халхавчлах зорилгоор түр хугацаагаар хийсэн. Иймд энэ эд хөрөнгийг миний өмчлөлд эргүүлэн шилжүүлж өгнө үү гэв.
8. Нэхэмжлэгч П.Д******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд П.Д******* миний бие хариуцагч М.А*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тухайн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай хамаатны дүү болох Ч.Гант нь надтай холбогдож Ерөнхий сайд асан Нын эхнэрт 1-2 сарын хугацаатайгаар мөнгө зээлээч ээ, найдвартай хүн тул та санаа зовох хэрэггүй, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлээд дээрх хугацаанд буцааж найдвартай төлнө, та нэг тус болооч гэж гуйсны дагуу миний бие А*******тэй утсаар холбогдож уулзсан. Хариуцагч А*******тэй тухайн үед Гранд плаза худалдааны төвийн ойр уулзсан бөгөөд их хэмжээний мөнгө зээлж байгаа учир эгч нь өөрийн нэр дээр байгаа орон сууцаа дүүгийн нэр дээр шилжүүлж өгье, хэрэв тохирсон хугацаанд төлж чадахгүй бол дээрх орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрөө гаргаад авчих гэсний дагуу бид тохиролцож, 75,000,000 төгрөгийг хариуцагчид зээлж, хариуцагч нь өөрийн хүү болох Н.Т дансаар 2 хуваан шилжүүлэн авсан.
Дээрх тохиролцооны дагуу хамгийн боломжтой гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байсан тул тус гэрээний дагуу орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тохиролцсон хугацаанд хариуцагч нь төлбөрөө төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өвчтэй байна, удахгүй өгнө гэх зэргээр шалтаг тоочоод төлж барагдуулаагүй тул миний бие маргаан бүхий орон сууцаа чөлөөлж худалдан борлуулж зээлийн төлбөрөө гаргаж авъя гэж хариуцагчтай уулзахад хариуцагч нь зөвшөөрч, орон сууцны түлхүүрийг өгсөн боловч тухайн орон сууцанд хүн амьдарч байсан төдийгүй надад өгсөн түлхүүр таарахгүй, цоожны голыг сольсон байдалтай байсан.
Энэ талаар хариуцагчид хэлэхэд манай хамаатан амьдарч байгаа, би удахгүй гаргачихна түр хүлээж бай гэсэн хариуг өгсөн боловч чөлөөлж өгөөгүй. Улмаар 2024 оны 01 дүгээр сард уулзахад хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 136,000,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд төлөхгүй бол орон сууцыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гэж гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээ ч төлөөгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй байдалтай байна. Хэрэв хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу тохиролцсон төлбөрөө хугацаанд нь төлсөн бол миний бие орон сууцыг буцааж өгөхөд татгалзахгүй байсан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байгаа учраас миний бие орон сууцыг буцааж өгөхгүй, маш их гомдолтой байна. Хариуцагч А******* нь эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн гэрээгээр өөрийн өмчлөлийн орон сууцаа шилжүүлэн өгч, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ нь хуулийн шаардлага хангаж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгч П.Д******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Надад магадгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй бол би мөнгө зээлэхгүй байсан. Би хүчээр тн шаардаагүй, Гранд плазагаас хорооллын Е март хүртэл хамт явж, худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Настай хүн байж ямар үндэслэлгүй аймар худлаа ярьдаг юм бэ, би өөрийнхөө чихэндээ ч итгэхгүй байна. Би худлаа ярьж байгаад нь итгэхгүй байна. Өөрөө хүлээн зөвшөөрсөн тул би мөнгө зээлсэн, би тн шаардсан зүйл байхгүй, би юу гэж настай хүнд тн шаардаж гарын үсэг зуруулах юм бэ гэв.
10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд нэхэмжлэгч П.Д*******ын гаргасан Байр чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А*******ийн гаргасан 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн М.А*******ийн П.Д*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч М.А*******ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, , 33 тоот 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч П.Д*******ын даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд гуравдагч этгээд М.А үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. М******* А миний биө Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, , 33 тоотод байрлах 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцанд 1997 оноос хойш одоог хүртэл оршин сууж, амьдарч байгаа юм. Уг байранд миний биө дээр дурдсанчлан 1997 оноос хойш аав, ээж, эгчийн хамт амьдарч байсан боловч аав, ээж, эгч маань бурхан болсон ба миний биө 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл ганцаараа оршин сууж, амьдарч байгаа, цаашид ч амьдран сууна. Гэтэл миний төрсөн эгч М овогтой А******* /маргаан бүхий байранд огт амьдарч байгаагүй/ нь хууль ёсны өмчлөгч /шударга эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх төдийгүй 2022 оны 11-р сарын 16-ны өдөр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор П.Д*******тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна. Миний биө энэ тухай 2024 оны 01-р сарын 04-ний өдөр мэдсэн болно. Учир нь нэхэмжлэгч П.Д******* нь 2024 оны 01-р сарын 04-ний өдөр манай гэрийн хаалга дээр Сайн байна уу? Та хаалга онгойлгоод надтай уулз! Та ийм маягаар байвал би өөрөө онгойлгож орно. Миний %-д захиран зарцуулах эрхтэй шүү!!! Миний утас гэсэн бичиг болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон гэрчилгээний хуулбарыг нааж үлдээсэн байсан. Тэгээд миний биө 2024 оны 01-р сарын 04-ний өдөр М.А******* эгч рүү залгаж, улмаар М.А******* эгч надад мэдэгдэлгүйгээр миний амьдран сууж буй эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх төдийгүй 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор П.Д*******тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан болохыг олж мэдсэн юм. М.А******* нь П.Д*******аас 75,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй эээлэхээр харилцан тохиролцож 2022 оны 11-р сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр буюу 2022 оны 11-р сарын 16-ны өдөр зээлдүүлэгч П.Д******* нь зээлийн гэрээгээр харилцан тохирсон 75,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байдаг. Мөн М.А*******, П.Д******* нар нь 2024 оны 01-р сарын 05-ны өдөр 01 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг барьцааны гэрээний 2.1-д ...барьцаалуулагч нь барьцаалагчаас анх 2022 оны 1-р сарын 16-ны өдөр 75,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж /М.А*******ийн төрсөн хүү Нын Т-ын ХАА-н банкны тоот дансанд 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 73.8 сая, мөн Голомт банкны 1605034861 тоот дансанд 1.2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн/, барьцаанд нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12-р хороолол, 19-р байрны 33 тоотын 3 өрөө байрыг барьцаалагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч гэрээний үүргээ биөлүүлээгүй 13 сар 20 хоног өнгөрөөд зээлийн үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, зээлийн хүү 61.3 сая, нийт 136.3 сая төгрөгт хүрсэн. Байрыг зарж мөнгөө авна гэхэд байраа чөлөөлж өгөхгүй, дахиад сунгуулах хүсэлтэй байгаа тул энэхүү гэрээг байгууллаа. Гэж, мөн гэрээний 2.2-т ...136 сая төгрөгийг барьцаалагчийн Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлсний дараа барьцаалагч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12-р хороолол, 19-р байрны 33 тоотын 3 өрөө байрыг барьцаалуулагчийн нэр дээр буцаан шилжүүлнэ. гэж тус тус заасан байдаг. М.А*******, П.Д******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2024 оны 01-р сарын 05-ны өдрийн барьцааны гэрээ, эдгээр гэрээнд заасан зээлийн болон барьцааны зүйлийн мэдээлэл, талуудын хооронд болсон бодил үйл баримт, мөн нэхэмжлэгч П.Д*******, хариуцагч М.А******* нарын тайлбар зэргээс үзвэл М.А*******, П.Д******* нарын хооронд 2022 оны 11-р сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, гэдэг нь тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл, П.Д******* нь 75,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч зээлийн барьцаа байршуулахын тулд М.А*******тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь талууд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, энэ үүднээс 2022 оны 11-р сарын 16-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. М.А*******, П.Д******* нар нь анхнаасаа эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдах, худалдан авахыг хүсээгүй боловч зээлийн төлбөрийг эргэн төлөх баталгаа болгож Үл хөдлөх эд бүртгүүлсэн ба бодит байдал дээр М.А******* нь 75,000,000 төгрөг зээлсэн буюу П.Д******* нь эрхийн улсын дугаартай орон сууцыг худалдан аваагүй билээ. 2022 оны 11-р сарын 16-ны өдөр байгуулсан 2847 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно. Түүнчлэн нэхэмжлэгч П.Д******* нь шөнө оройн цагаар ирж хаалганы цоож эвдэх, гэрэл цахилгаан таслах, цахилгаан тоолуур авч явах зэргээр ганц биеэр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй намайг сэтгэл санааны маш их айдас дарамтанд байлгаж, байнга айлган сүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Хэдийгээр нэхэмжлэгч П.Д******* нь 2024 оны 08-р сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Хариуцагчаас 136,300,000 төгрөг гаргуулах тухай болгосон боловч маргаан бүхий байрны өмчлөх эрх П.Д*******ын нэр дээр байгаа тул гуравдагч этгээд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэвээр байгаа тул миний бие холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн маргаан бүхий асуудлаар бие даасан шаардлага гаргахаа энэхүү хариу тайлбараараа илэрхийлье. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн М.А*******ийн П.Д*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох тухай шаардлагыг дэмжиж байгааг хүлээн авна уу гэжээ.
11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээдийн өөрийнх нь үндсэн шаардлагыг хүлээн аваагүй учир ярих зүйл хязгаарлагдмал байна. Гэвч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь П.Д******* нь 2022 оны 11 сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр олгосон гэж ярьдаг, нэг бол би энэ өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж ярьдаг, яг аль нь болох нь тодорхой бус байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой тайлбар хийхгүй байгаа, мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдлаас нь харахад энэ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь тодорхой харагдаж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээр гуравдагч этгээдийн эзэмшиж, ашигладаг шударга өмчлөгчийн байрыг хууль бусаар нэрийг нь шилжүүлж авсан гэж үзэж байна гэв.
12. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 1-18 хуудас дахь баримтууд болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Барьцааны гэрээ, П.Д*******, М.А******* нарын гараар бичсэн гэх тохиролцооны бичиг /хуулбар хувь/, нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцааны чатыг хэвлэсэн баримт /үзлэг хийлгээгүй/, Төрийн банкин дахь П.Д*******ын харилцах дансны харилцагчийн ху баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,
Хариуцагч нь хавтаст хэргийн 51-54 хуудас дахь баримтууд болох итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ,
Гуравдагч этгээд хавтаст хэргийн 37-40 хуудас дахь баримтууд болох М.Аын 1997 оноос хойшхи оршин суух хаягийн тодорхойлолт, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, М******* Аын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн,
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас хавтаст хэргийн 90-125 дахь хуудсан дахь баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч М.А*******т холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хариуцагчаас гэрээний дагуу тооцоо нийлсэн үнийн дүн болох 136,300,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
3. Хариуцагч М.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн М.А*******ийн П.Д*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /бүртгэлийн дугаар 2847/-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар М.А*******ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 33 тоот 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг П.Д*******д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
4. Уг хэрэгт маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа гэх хариуцагч М.А*******ийн төрсөн эгч М.А бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
5. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.
6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12 хороолол, 33 тоот хаягтай, 42 м2 талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдагч М.А******* нь худалдан авагч П.Д*******д худалдаж, мөн өдөр нэхэмжлэгч П.Д******* нь орон сууцны өмчлөгч болсон байна. /хх-3-4/
7. Дээрх гэрээг нэхэмжлэгч П.Д******* тайлбарлахдаа, хамаатны дүүгийн гуйлтаар Ерөнхий сайд асан Нын эхнэрт 1-2 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй мөнгө зээлээч, найдвартай гэсний дагуу хариуцагч М.А*******т 75,000,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч нь их хэмжээний мөнгө зээлж байгаа учир эгч нь өөрийн нэр дээр байгаа орон сууцаа дүүгийн нэр дээр шилжүүлж өгье, хэрэв тохирсон хугацаанд төлж чадахгүй бол дээрх орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрөө гаргаад авчих гэсний дагуу тохиролцож мөнгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.
8. Хариуцагч М.А******* нь дээрх Худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байна.
9. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Барьцааны гэрээ байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 2847 тоот Худалдах, худалдан авах гэрээ /цаашид Үндсэн гэрээ гэх/-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгох зорилготой, барьцаалагч нь Үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 75,000,000 төгрөгийг сард 6.0 хувийн хүүтэй зээлж, барьцаалуулагч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байрны 33 тоотын 3 өрөө байрыг барьцаалагчийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Учир нь:
Барьцаалуулагч нь барьцаалагчаас анх 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 75,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6.0 хувийн хүүтэй зээлж /М.А*******ийн төрсөн хүү Нын Т Хаан банкны тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээгээр 73,8 сая, мөн Голомт банкны 1605034861 тоот дансанд 1,2 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн/, барьцаанд нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байрны 33 тоотын 3 өрөө байрыг барьцаалагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй 13 сар 20 хоног өнгөрөөд зээлийн үндсэн төлбөр 75,000,000 төгрөг, зээлийн хүү 61,300,000 төгрөг, нийт 136,300,000 төгрөгт хүрсэн. ...Энэхүү гэрээгээр барьцааны гэрээг сунгаж, барьцаалуулагч гэрээнд заасан хугацаанд буюу 2024 оны 02 сарын 05-ны өдөр 136,300,000 төгрөгийг барьцаалагчийн дансанд шилжүүлээгүй тохиолдолд барьцаалагч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр 33 тоотын 3 өрөө байрыг зарж зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөр 136,300,000 төгрөгийг гаргаж авна гэж тохирчээ. /хх-5-6/
10. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Д******* нь 75,000,000 төгрөгийг хариуцагч М.А*******т зээлдүүлж, уг мөнгийг хариуцагчийн хүү Н.Т дансанд шилжүүлсэн Төрийн банкин дахь нэхэмжлэгчийн дансны ху хэрэгт авагдсан байна.
11. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч М.А*******, түүний өмгөөлөгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй хүү Н.Т авсан тул хариуцахгүй гэж маргаж байгаа боловч өмнө хариуцагч М.А******* нь хүү Н.Т дансаар зээлийг хүлээн авсан гэсэн тайлбар гаргаж байсан мөн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, улмаар Барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулсан зэргээс үзэхэд түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Хариуцагч М.А******* 75,000,000 төгрөгийг өөрөө хүлээж аваагүй боловч түүний хүсэлтээр хүү Н.Т дансанд шилжүүлсэн үйл баримт нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийхээр заасан энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах ба нэхэмжлэгч нь хариуцагчид анх зээл олгохдоо бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч сард 6 хувийн хүү, нийт 61,300,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй гэж үзнэ.
Хариуцагч зээлийн төлбөрийг төлөхгүй 1 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа талууд Барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг сард 6 хувийн хүүтэй зээлсэн, зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 61,300,000 төгрөг, нийт 136,300,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээж, зээлийг төлөхгүй бол орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээнд заасан байна.
Гэтэл уг гэрээ байгуулах үед буюу түүнээс өмнө цаг хугацаанд уг орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байхад барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.4-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 75,000,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч гэрээний хугацаа, хүү тохирсон бичгийн гэрээ хийгдээгүй, хожим Барьцааны гэрээ гэх гэрээнд гэрээний хугацааг 2 сар гэж заасан атлаа 13 сар 20 хоногоор хүү тооцож гэрээнд тусгасан нь зөрчилтэй, энэ тохиролцоог нотариатчаар гэрчлээгүй, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа тул шүүх талуудын тохиролцоо хүчин төгөлдөр гэж дүгнэх боломжгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар зээлийн хүү тохирсон хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэх нөхцөл хангаагдаагүй гэж үзлээ.
12. Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй ба худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн нь зээлийн гэрээг халхавчлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгааг хангах зорилготой байсан болох нь талуудын тайлбар, хэргийн бусад баримтаар тогтоогдож байна.
Иймээс хариуцагч М.А*******ээс зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д*******д олгож, нэхэмжлэлээс 61,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022 оны 11 сарын 16-ны өдрийн М.А*******ийн П.Д*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 33 тоот 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М.А*******т буцаан шилжүүлэхийг П.Д*******д даалгах зүйтэй гэж үзлээ.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 70,200+769,250= 839,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.А*******ийн төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Д*******аас 432,950 төгрөг гаргуулж хариуцагч М.А*******т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 73.1 дугаар зүйлийн заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч М.А*******ээс 75,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д*******д олгож, нэхэмжлэлээс 61,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 2022 оны 11 сарын 16-ны өдрийн М.А*******, П.Д******* нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 33 тоот 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг М.А*******т буцаан шилжүүлэхийг П.Д*******д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200+769,250= 839,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.А*******ийн төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Д*******аас 432,950 төгрөг гаргуулж хариуцагч М.А*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/22753 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ