| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04987/И |
| Дугаар | 182/ШШ2024/04667 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04667
2024 11 12 182/ШШ2024/04667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ......................... тоот хаягт оршин суух, Б овогт П.А /РД:000000000/-гийн хүсэлттэй,
В овогт П.Б /РД:000000000/-ийг нас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний дүү П.Б нь 2006 онд ОХУ-д очиж ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор яваад 2009 онд 7 хоногийн хугацаатай гэртээ ирээд буцсан. 2009-2016 онуудад утсаар холбогдож байгаад хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сард ээж маань өөд болоход 1 удаа утсаар ярьснаас хойш дахиж холбоо барилгүй 7 жил 2 сар болж байна. Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган дүү П.Б-ийг эрэн сурвалжлуулсан боловч сураг огт гараагүй. Монгол Улсын хилээр гарч яван эргэж, ирээгүй талаар надад мэдэгдсэн. Миний дүү П.Б 2006.03.08-ны өдөр хүү Б.Т-ийг төрүүлээд 2 сартай байхад нь миний асрамжид үлдээгээд явсан. Дүү маань ОХУ руу явахаас өмнө хөдөлмөр эрхэлж байсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу 17 настай хүү Б.Т-т тэжээгчээ алдсаны тэтгэвэр, бүтэн өнчин болохыг тогтоолгож, Нийгмийн халамжийн тухай хуулиар халамжийн тэтгэмж тогтоолгон их дээд сургуульд сурахад төрийн сангаас тэтгэмж авах хүсэлт гаргах шаардлагатай байх тул П.Б-ийг нас барсан гэж зарлаж өгнө үү... гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,
-П.А-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,
-......... дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,
-П.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5 х/,
-Б.Т-ийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 х/,
-2022.04.04-ний өдрийн А/120 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б.Т-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж /хх-ийн 7 х/,
-2023.11.15-ны өдрийн 28л-1а/7217 тоот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-ийн 8 х/,
-2023.11.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан П.А-гийн хүсэлт /хх-ийн 9 х/,
-2022.12.15-ны өдрийн 07г/296 тоот Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 10-12 х/ зэрэг баримтуудыг,
3.Тус шүүхийн шүүгчийн 2023.12.18-ны өдрийн 182/ШЗ2023/16671 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу ирүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2023.12.22-ны өдрийн 2-3в/7857 тоот албан бичиг /хх-ийн 35 х/,
-Арилжааны банкнуудаас ирүүлсэн хадгаламжийн, харилцах, вальютын данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаанууд /хх-ийн 36-46 х/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023.12.26-ны өдрийн 02/2394 тоот албан бичиг /хх-ийн 47 х/,
-Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024.01.03-ны өдрийн 08/09 тоот албан бичиг /хх-ийн 48 х/,
-2023.12.27-ны өдрийн 07в/544 тоот Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 49-50 х/,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.25-ны өдрийн 5/12331 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 51-65 х/,
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024.01.04-ний өдрийн 04/10 тоот албан бичиг /хх-ийн 66 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.А нь өөрийн төрсөн дүү П.Б-ийг нас барсан гэж зарлуулахаар шүүхэд хүсэлт /нэхэмжлэл/ гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч П.А нь миний дүү П.Б 2006 онд Оросын холбооны улс руу ажил хийнэ гэж яваад 2009.05 сард буцаж ирж 7 хоночихоод буцсан. 2016.09 сард ээжийг нас барахад надтай нэг удаа утсаар ярьснаас хойш дахиж холбоо бариагүй, оршин суугаа газраасаа алга болоод 8 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд нэгэнт дүү маань энэ хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон, олдохгүй байгаа, түүний хүү Б.Т-т тэжээгчээ алдсаны тэтгэвэр, бүтэн өнчин болохыг тогтоолгож, Нийгмийн халамжийн тухай хуулиар халамжийн тэтгэмж тогтоолгон их дээд сургуульд сурахад төрийн сангаас тэтгэмж авах хүсэлтэй байх тул П.Б-ийг нас барсан гэж зарлуулах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д сонирхогч этгээдийн зүгээс нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин сууж байгаа газрын шүүхэд гаргах эрхтэй, гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 137.1-д Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана гэж тус тус заасан.
П.Б нь сураггүй алга болохын өмнө ................. тоотод оршин сууж байсан болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх тул П.А-гийн тус шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
П.Б нь 1988.01.24-ний өдөр Улаанбатар хотын ....... төрөхөд Р.П, Г.Ч нарын охин болж төрсөн байх ба 2009.05.07-ны өдөр Оросын холбооны улс руу ажил хийхээр явснаас хойш сураггүй алга болсон талаар Цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байх ба түүнээс хойш хаана байгаа болох нь тогтоогдоогүй байна.
Тодруулбал, шүүх 2023.12.28-ны өдрийн 182/ШЗ2023/16671 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар В овогт П.Б /РД:000000/-ийн талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгаа эсэх түүний нэр дээрх эд хөрөнгө болон бусад зүйлсийгг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкиуднаас тус тус түүний төрөл садангийн болон сурч байсан сургуулийн талаар болон бусад лавлагааг мөн Хил хамгаалах ерөнхий газраас Монгол улсын хилээр орсон гарсан лавлагааг, Цагдаагийн ерөнхий газрын Интертолын үндэсний төв товчооноос интерполын шугамаар хэзээнээс эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн, ямар үр дүн гарсан тухай лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч П.Б нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд биеийн дахин давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хамрагдаагүй, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй, түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооноос Интерполын шар булант зар мэдээгээр эрэн сурвалжлалт зарлахад ямар нэгэн мэдээ, мэдээлэл ирүүлээгүй, Монгол Улсын хилээр 2009.05.07-ны өдөр гарснаар бүртгэгдсэн талаарх холбогдох баримтуудыг дээрх газруудаас албан бичгээр тус тус ирүүлжээ.
Иймээс В овогт П.Б /РД:000000000/-ийг нас барсан гэж зарлах тухай хүсэлт гаргагч П.А-гийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно, 24.3-т Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Нас барсан П.Б нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй байсан талаар хүсэлт гаргагч П.А тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-д зааснаар эд хөрөнгийн эрхлэн хамгаалалт тогтоох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т тус тус заасныг баримтлан В овогт П.Б /РД:000000/-ийг нас барсан гэж зарлаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг түүний нас барсан өдрөөр тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-д зааснаар П.Б нь эрхлэн хамгаалалт тогтоох эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА