| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01887/И |
| Дугаар | 182/ШШ2024/04668 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04668
2024 11 12 182/ШШ2024/04668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... тоотод байрлах, Б ХХК РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......................... тоот хаягт оршин суух, Х овогт Д.М /РД:00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагч Д.М
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан ......................... тоот хаягт байршилтай 62.7 м.кв талбайтай орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Манай компани Б.А-тай 2018.09.03-ны өдөр 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээг 2018.09.03-ны өдрөөс 2023.08.05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан.
Б.А нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, гадаад улсад байгаа гэсэн тайлбарыг ар гэрээс нь өгдөг. Гэрээний ерөнхий хугацаа нэгэнт дууссан тул манай компани Б.А-тай байгуулсан гэрээг цуцалсан.
Одоо Б.А-д хүлээлгэн өгсөн дээрх орон сууцанд Д.М амьдарч байгаа. Нэгэнт Б.А-тай байгуулсан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............................. тоот хаягт байрлах 62.7 м.кв талбайтай бүхий орон сууцыг Д.М-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие .............................. тоот хаягт ач хүү О.Ц-ийн хамт амьдарч байгаа.
Би бэр Б.А, хүү Б.О, ач хүү О.Ц нартай Б ХХК-тай гэрээ хийсэн. Тухайн үед бэр Б.А маань нийгмийн даатгал төлж байсан учраас энэ компанитай гэрээ хийж, орон сууцандаа орж, оршин суусан байгаа. Хүү маань орон сууцын төлбөр төлөхөөр гэрээгээр Япон улс руу ажиллахаар явсан. Би бэр болон ач хүүгийн хамт амьдарч байсан.
Миний хүү болон бэрийн хооронд гэр бүл салалт үүсэж, бэр Б.А маань гадаад руу явсан бөгөөд өөрийнх нь нэр дээр орон сууц байгаа учраас энэ орон сууцыг би авна гэдэг байр суурьтай байсан. Би одоо ач хүүгээ сургуульд нь хүргэж, харж, халамжилдаг ба орон сууцын ашиглалтын зардлыг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа.
Над дээр нэхэмжлэх ирэх үед Б ХХК дээр очиж уулзахад намайг гэрээ хийсэн хүн биш, Б.А-гаа олж ирээрэй гэж хэлсэн. Ингээд Б.А-г хүрч ирэхэд нь компани дээр хамт, очиж уулзаж гурвалсан гэрээ хийсэн. Энэ орон сууцын тал төлбөрийг хүү маань төлсөн.
Би компанийн захиралтай уулзаж, графикаар төлөөд, гэрээг өөрийн нэр дээр авъя гэж санал хэлэхэд 54,800,000 төгрөг авчраарай гэж надад хэлж байсан. Би боловсролын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болохоор надад тийм их мөнгө байгаагүй учраас найзуудаасаа зээл аваад 7-10 хоногийн дотор мөнгөө бүрдүүлээд очиход захирлын нь байр суурь өөрчлөгдсөн байсан.
Дараа нь уулзахдаа хүртэл дээр нь мөнгө нэмээд ч хамаагүй танай компанийг алдагдалгүй болгоод байраа авъя. Би одоо хөдөө орон нутгаас ирсэн шилжилтийн насан дээрээ явж байгаа ач хүүтэйгээ хамт амьдардаг. Би өвлийн хүйтэнд байр оронгүй болоход хүнд байна гэхэд хүлээж аваагүй.
Өөрийнхөө байрны үлдэгдэл мөнгийг өгөөд хүүтэйгээ хамт байрандаа амьдрахыг хүсэж байна... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.19-ний өдрийн 70,200, 2024.07.09-нд 70,200 төгрөг тус тус төлсөн баримт /хх-ийн 2, 94 х/,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3, 96 х/
-2024.03.14-ний өдрийн 58/24 тоот албан бичгээр Л.О-д, 2024.09.05-ны өдөр 269/24 тоот албан бичгээр Ц.Х-д тус тус олгосон итгэмжлэл /хх-ийн 4, 95, 136 х/
-2018.09.03-ны өдрийн Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 5-8, 9-11, 100-102, 103, 104-106 х/
-2019.12.03-ны өдрийн 2019/731 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-ийн 14-16, 98-99 х/
-2024.05.06-ны өдрийн 49/24 дугаартай Б.А-д хүргүүлсэн Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл /хх-ийн 17, 110, 111 х/
-2024.03.06-ны адрийн 48/24 дугаартай Д.М-д хүргүүлсэн Орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл /ХХ-ийн 18 х/
-2023.03.20-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх-ийн 25, 108 х/
-2024.03.20-ны өдрийн Б.А-гийн Б ХХК-д гаргасан өргөдөл /хх-ийн 26, 109 х/
-2024.03.24-ний өдрийн Тооцоо /хх-ийн 60 х/,
-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 97, 160 х/,
-Б.А-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 107 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагчаас татгалзалтайгаа холбогдуулан хариу тайлбар /хх-ийн 31, 120, 161 х/,
-2024.05.16-ны өдрийн Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 47-49 х/
-2024.06.15-ны өдрийн 1922 бүртгэлийн дугаартай Б.Э-т Д.М-гээс олгосон итгэмжлэл /хх-ийн 122 х/
-2024.06.06-ны өдрийн 182/ШШ2024/02598 дугаартай шийдвэр /хх-ийн 123-125 х/ зэрэг баримтуудыг,
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.04.15-ны өдрийн 182/ШЗ2024/06857 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.04.25-ны өдөр 5/5447 дугаартай албан бичиг /хх-ийн 32 х/-ийг ирүүлсэн.
-Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.10.18-ны өдрийн 182/ШЗ2024/17629 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамжаар 182/2024/04342И индекстэй хэргийг 182/2024/01887И индекстэй хэрэгт нэгтгэсэн /хх-ийн 150-151х/ байна
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан .............................. тоот хаягт байрлах 62.7 м.кв талбайтай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, шаардаж эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
2.1. Б.А-тай 2018.09.03-ны өдөр 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээг 2018.09.03-ны өдрөөс 2023.08.05-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээгээр Б ХХК нь .............................. тоот хаягт байрлах 62,7 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдахаар харилцан тохиролцсон. Б.А нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, гэрээний ерөнхий хугацаа нэгэнт дууссан талуудыг байгуулсан гэрээг цуцлагдсан.
2.2. Б.А-д хүлээлгэн өгсөн дээрх орон сууцанд Д.М амьдарч байгаа учраас орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.М нь татгалзлын үндэслэлээ .............................. тоот хаягт ач хүү О.Ц-ийн хамт амьдарч байгаа. Би бэр Б.А, хүү Б.О, ач хүү О.Ц нартай Б ХХК-тай гэрээ хийсэн. Тухайн үед бэр Б.А маань нийгмийн даатгал төлж байсан учраас энэ компанитай гэрээ хийж, орон сууцандаа орж, өнөөдрийг хүртэл ашиглалтын зардлыг төлж оршин суусан байгаа.
3.1. Хүү маань орон сууцын төлбөр төлөхөөр гэрээгээр Япон улс руу ажиллахаар явсан. Хүү маань орон сууцны төлбөрийг А.А-гаар дамжуулан төлж байсан. Миний хүү болон бэрийн хооронд гэр бүл салалт үүсэж, бэр Б.А маань өөрийнх нь нэр дээр орон сууц байгаа учраас энэ орон сууцыг би авна гэдэг байр суурьтай байсан учраас гэрээний дагуу мөнгө төлөөгүй, Өөрийнхөө байрны үлдэгдэл мөнгийг өгөөд хүүтэйгээ хамт байрандаа амьдрахыг хүсэж байна гэж маргаж байна.
4.Талууд 2018.09.03-ны өдөр 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээг Б.А-тай байгуулсан, мөн гэрээ цуцлагдсан, үлдэгдэл төлбөр 54,000,000 төгрөг төлөөгүй. Өнөөдрийг хүртэл .............................. тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд Д.М амьдарч байгаа талаар маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
5.Харин зохигчийн маргааны зүйл нь .............................. тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй эсэх, гэрээг үргэлжлүүлэх боломжтой эсэх талаар байна.
6 Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2018.09.03-ны өдөр Б ХХК, Б.А-тай 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах худалдан авах тухай гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 5-7 х/
Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д А талын өмчлөлийн орон сууцыг гэрээнд заасан болзлыг биелүүлсэн тохиолдолд Б талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн тодорхой хугацаанд хөлслөх, Б тал нь гэрээнд заасан нөхцөлийг биелүүлсэн тохиолдоллд ирээдүйд уг орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах, Б тал нь гэрээгээр тогтоосон журмын дагуу хөлсийг тогтоосон хугацаанд А талд төлөхтэй холбоотой орон сууц хөлслөх, ирээдүйд худалдах, худалдан авах
1.2-т А тал өөрийн өмчлөлийн орон сууцыг 2018.09.03-ны өдрөөс 2023.08.05-ны өдрийг хүртэл нийт 60 сарын хугацаанд Б талд хөлслүүлнэ. Б тал гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, болзлыг хангасан тохиолдолд орон сууц хөлслөх хугацаанд төлсөн бүх төлбөрийг орон сууцны үнийн дүнд оруулж тооцох,
2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Гэрээний зүйл нь ....................... тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбай байх,
2.2-т Орон сууцны нийт үнэ 94,050,000 төгрөг,
Мөн өдрийн гэрээний тусгай нөхцөлд зааснаар Б.А нь сар төлбөр 1,567,500 төгрөгийг А тал буюу Б ХХК-д 2018.09.03-ны өдрөөс 2023.08.05-ны өдрийг хүртэл төлөх,
3 дугаар зүйлийн 3.4-т Б тал гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд А тал гэрээнд заасан журмыг баримтлан гэрээг нэг талын саначлагаар цуцлах онцгой эрхтэй
3.5-д ...барилгыг Улсын комиссын акт гарснаар А тал нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Б талын эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 8, 9-11 х/
Гэрээний нэг тал болох Б.А нь 2020 оноос хойш гэр бүл салалтын улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, түүний Б ХХК-д 2024.03.28-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26 х/
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан.
Б.А-гаас Д.М-д маргаан бүхий орон сууцны төлбөр төлөх үүрэг болон хөлслэх эрхийг шилжүүлээгүй. Мөн нэхэмжлэгч Б ХХК нь 2018.09.03-ны өдөр Б.А-тай байгуулсан 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах худалдан авах тухай гэрээ-ний үүргийг хариуцагч Д.М-д шилжүүлэхээс татгалзаж байгааг буруутгах боломжгүй юм.
Учир нь талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүй байна.
Хариуцагч нь 2018.09.03-ны өдрийн 69/18 дугаартай Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах худалдан авах тухай гэрээ-г өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэтэл Б ХХК-ийн захирал Ш.Ү нь 54,000,000 төгрөг төл гэж хэлсэн. Миний хувьд 7-10 хоногийн дотор мөнгөө бүрдүүлээд очсон. Гэрээг Б.А байгуулсан боловч байрны төлбөрийг би төлж байсан гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан 2024.03.20-ны өдрийн Б ХХК, Б.А, Д.М нартай уулзсан уулзалтын тэмдэглэлд Б.А: Гэрээ цуцлах хүсэлтэй. Тус байранд гэрээ хийснээс хойш амьдраагүй тул амьдарсан хугацааны төлбөр тооцоог би төлөхгүй.
Д.М: Гэрээний эрх шилжүүлэн аваад байрны үлдэгдэл төлбөрийг график гаргаж төлөх хүсэлтэй байна.
Ш.Ү: Гэрээг Б ХХК-ийн хүсэлтээр цуцалж, байрыг хуулийн дагуу албадан чөлөөлүүлж байраа буцааж авна. Гэрээний эрхийг шилжүүлэхгүй. Д.М-гээс амьдарсан хугацааны төлбөр, тооцоог шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгагджээ. /хх-ийн 25 х/
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан.
Б ХХК маргааны зүйл болох .............................. тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт 2024.06.13-ны өдөр бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээ авсан байна. /хх-ийн 160 х/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаар эд хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрх нөгөө этгээд түүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөлд хангагдах учиртай.
Б ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Д.М-гийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............................. тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
8.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг /2024.03.19-нд төлсөн 70,200, 2024.07.09-нд төлсөн 70,200/-өөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............................. тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.М-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж Б ХХК-д тус тус олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА