Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0910/З |
Дугаар | 128/ШШ2024/0494 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э /РД:/
Хариуцагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо,
Хариуцагч: Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ховд аймгийн М сумын уяач Бийн Э миний халтар үрээний бай шагналыг олгохоос татгалзсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ховд аймгийн М сумын уяач Бийн Э миний халтар үрээний бай шагналыг олгохоос татгалзсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн.
2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан, уг хавсралтын хоёрт Хурдан морины салбар хорооны даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Г, орлогч даргаар Батлан хамгаалахын Ерөнхий шалгагч, бригадын генерал Ж.Б, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Б, гишүүдээр Д.Р, Д.Д зэрэг нэр бүхий 39 хүн, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г. нарыг тогтоожээ.
3. Тус салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Морь шүдлэх ажлын хэсгийн ахлагчаар Д.З, гишүүдээр Д.Э*******, Д.Д*******, М.М******* нарыг томилсон байна.
4. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн М сумын уяач Бийн Эын халтар үрээ түрүүлж ирсэн, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдаж Өвөрхангай аймгийн ******* сумын харьяат П.Б*******гээс ирүүлсэн, ...Соёолонгийн түрүү морь хязаалан үрээ байх тул ахин шүдэлж өгнө үү? гэх хүсэлтийг хэлэлцээд Хуралд оролцсон гишүүдийн тайлбар, шүдлэх ажлын хэсгийн баримтад үндэслэн Соёолон насанд түрүүлж хурдалсан 452 дугаартай Бийн Эын гал давхцалт тамгатай халтар үрээг соёолон насны тэргүүн байрнаас /түрүү/ хасаж шийдвэрлэх, Хуралдаанаас гарсан шийдвэрийг Соёолон насны даамал, соёолон насанд түрүүлж хурдалсан 452 дугаартай гал давхцалт тамгатай халтар үрээний эзэн Б.Эт мэдэгдэх, Соёолон насанд түрүүлж хурдалсан 452 дугаартай гал давхцалт тамгатай Б.Эын халтар үрээг хассан шийдвэрийн төслийг боловсруулж, хурдан морины салбар хорооны даргаар баталгаажуулахыг тус тус үүрэг болгож шийдвэрлэсэн,
5. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны 06 дугаар Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоолоор Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм-ийн 2.5, 12.1 дахь заалт, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд Соёолон насны морьдын уралдаанд түрүүлж ирсэн Ховд аймгийн М сумын харьяат, уяач Бийн Эын халтар үрээг ахин шүдлэхэд нь сүүн шүд нь бүрэн солигдоогүй хоёр настай /шүдлэн/ адуу болохыг шүдлэх ажлын хэсэг тогтоосон тул Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.7.1. 14.7.3 заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд уралдаанаас хасах, 2 дахь заалтаар Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.5, 7.6 хэсгийг үндэслэн Аман хүзүүдсэн морьдоос хойш хурдалсан Соёолон насны морьдыг тус бүр нэг байр урагшлуулан бай шагналыг олгох-оор шийдвэрлэсэн байна.
6.1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Монгол Улсын Ховд аймгийн М сумын уяач Бийн Э миний уясан халтар үрээ нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд холбогдох хууль, дүрмийн дагуу бүртгүүлэн уралдаж, түрүүлэн тод магнай, торгон жолоогоо өргүүлж, уяач миний болон наадамчин олныг баясгасан. Тийнхүү хурдан соёолонгийн уралдаанд оролцсон морьд барианд ирсний дараа хурдан морины салбар хороо хуралдаж, миний халтар үрээг түрүүлснийг баталгаажуулан шийдвэрээ гаргаж, уяач надаар гарын үсэг зуруулж авсан. Иймээс миний бие халтар үрээгээ цоллуулахаар 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон. Гэвч хурдан морины салбар хорооноос ямар нэгэн албан ёсны шийдвэр танилцуулалгүйгээр миний халтар үрээг "нас тохирохгүй" гэсэн шалтгаанаар хассан болохоо амаар мэдэгдэж, түрүү морины бай шагналыг олгохоос татгалзсан. Миний бие нэн даруй гомдол гаргах гэсэн хэдий ч түүхэн ойгоо тэмдэглэж, баярлан цэнгэж буй наадамчин олноо хүндэтгэж, 2022.08.11-ны өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд гомдол гаргасан боловч хариуг ирүүлэхгүй өдийг хүрлээ. Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны миний халтар үрээг хурдан соёолонгийн уралдааны бай шагналыг олгохоос татгалзасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монгол Улсын Их хурлаас Үндэсний их баярын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт "Үндэсний хурдан морины бүртгэл нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасан нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ" гэж үндэсний хурдан морины бүртгэлийг бүртгэхээр хуульчилсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна" гэж заасны дагуу энэхүү хурдан морины бүртгэлийг бүртгүүлэх ажлыг дээрх хугацаанд зохион байгуулж дуусгахаар шийдвэрлэсэн. Ийнхүү үндэсний хурдан морины бүртгэлийн ажил зохион байгуулагдаж дуусахаас өмнө Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулахаар хуульчилсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрмийг баталсан. Уг дүрмийн 5 дахь хэсэгт "Хурдан морийг шүдлэх, сэрвээг хэмжих, сэрвээний дээд хэмжээ" тогтоох харилцааг хуульчлан зохицуулсан. Дүрмийн 5.2 дахь хэсэгт "Уралдахаар шүдлэгээ, хэмжилтийн хэсэгт ирсэн морийг шүдэлж, түүний дараа сэрвээний өндрийг хэмжинэ" гэж, мөн дүрмийн 7.2 дахь хэсэгт "Их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн талбайд шүдлэх бөгөөд тухайн насны морины шүдлэгээнд тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй" гэж тус тус заасны дагуу миний морь бүртгэлд хамрагдсан. Дээр заасан журмын дагуу миний морь бүх шаардлагыг хангасан учраас хасагдсан морьдод багтаагүй тул уралдуулахаар шийдвэрлэж дугаар олгосон. Ийнхүү албан ёсоор миний морь бүх байдлаа шалгуулж, бүхий л шаардлагыг хангасан учраас уралдаандаа оролцож, түрүүлж хурдалсан. Ийнхүү миний халтар үрээг хурдан соёолон насны морины уралдаанд түрүүлж хурдалсныг морины салбар хорооноос баталгаажуулж, надаар гарын үсэг зуруулан, олон нийтэд албан ёсоор мэдээллэсэн. Гэвч 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж хурдан морины бай шагналаа авахаар очиход миний морийг хассан айрагдсан морины унаач хүүхдүүдэд зориулсан ижилсэн хувцас тарааж байсан ажилтан нь таны морь "нас тохирохгүй" гэж үзээд хасагдсан байна гэж мэдэгдсэн. Тэрээр хурдан морины салбар хорооны гишүүн биш байсан бөгөөд надад албан ёсны шийдвэрийг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна. Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн Есдүгээр зүйлд "Барианы үеийн зохион байгуулалт"-ийг журамлан зохицуулсан байна. Уг зүйлд хурдан морийг байр эзлүүлж, албан ёсоор олон нийтэд мэдээллэсний дараа хасах, ямар нэгэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байхад тийнхүү миний морийг хассаныг хууль бус гэж үзэж байна.
Тодруулбал Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.2 дахь хэсэгт "Их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн талбайд шүдлэх бөгөөд тухайн насны морины шүдлэгээнд тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй" байхаар журамласан бөгөөд миний морь тийнхүү шүдлэгээнд тэнцсэн тул уралдаж түрүүлсэн. Дүрмийн 7.2 дахь хэсэгт зааснаар харахад их насны мориноос бусад морийг шүдлэж байгаа нь тухайн морийг нас өгсөж уралдахыг зөвшөөрч байгааг илэрхийлж байна. Энэ нь дээр дурьдсаны дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуульд орсон шинэчлэлийн дагуу Үндэсний хурдан морины бүртгэлийн ажлыг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан учраас ийнхүү сэрвээний өндрийг голлон уралдуулах болохыг хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагч ХЗДХСайд Х.Н******* удаа дараа мэдээллэж байснаар батлагдана. Нэгэнт түрүүлж уралдсан морийг хасах шийдвэр гаргах эрхийг хууль болон дүрмээр олгоогүй байхад ийнхүү эрх хэмжээгээ хэтрүүлэн уяач миний олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна.
Тодруулбал Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрэм тус тус батлагдсаны дараа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Г "Хуульд шилжилтийн үеийг Засгийн газрын дүрмээр зохицуулна хэмээн заасан. Энэхүү дүрмийн дагуу энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан дүрмээр зохицуулагдах бөгөөд хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдуулна гэсэн онцлогтой. Таван эгнээгээр морийг явуулна. Морь барианы зүүн талд байршуулах 3х6 метрийн лед дэлгэцээр хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явц болон хэн гэдэг уяачийн хэд дугаартай морь болохыг харуулсан лайв дамжуулна. Лайвыг NTV болон Үндэсний телевиз дамжуулах ба Ардын хувьсгалын 100 жил пэйж хуудсанд лайв хадгалагдах тул иргэд орж харах боломжтой. Гарсан дүрмийн дагуу Хурдан морины салбар комисс уралдааныг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна" гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл дүрмээр шилжилтийн үеийн онцлогийг харгалзан үйлдэрлэг байдлыг үл харгалзан сэрвээний өндрөөр морьдийг бүртгэх тухайгаа олон нийтэд мэдэгдсэн хэрнээ дүрэм, хуульд заагаагүй үндэслэлээр буюу хууль бусаар аймгийн алдарт уяач Б.Э миний халтар үрээний түрүү морины бай шагналыг олгохоос татгалзсныг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү. гэжээ.
6.2. Мөн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Уг нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэлийг гардан авсан Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос "Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай" 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн. Уг тогтоолыг надад урьдчилан танилцуулаагүй, мэдэгдээгүй тул ийнхүү шүүхэд ирсэн даруйд танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. үүнд: 1. Тус маргаан бүхий тогтоолын тогтоох хэсгийн 1-д "... Бийн Эын халтар үрээг ахин шүдлэхэд нь сүүн шүд нь бүрэн солигдоогүй хоёр настай шүдлэн адуу болохыг шүдлэх ажлын хэсэг тогтоосон тул Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.3 заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд уралдаанаас хассугай" гэжээ. Гэтэл уг 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хэлэлцсэн хурдан морины салбар хорооны хурлын тэмдэглэлээс харахад хурал 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр соёолон насны морьд уралдаад барианд орж ирсний дараа болжээ. Нэгэнт уралдаж ирээд, айргийн 5 морины хашаанд орж, дахин шүдлүүлээд, түрүүлсэн морины мэдээг улс орон даяар зарлагдсаны дараа морийг уралдаанаас хасах боломжгүй юм. 2. Үндэсний их баяр наадмын Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн Есдүгээр зүйлд "Барианы үеийн зохион байгуулалт"-ийг журамлан зохицуулсан байна.
Уг зүйлд хурдан морийг байр эзлүүлж, албан ёсоор олон нийтэд мэдээлэлсэний дараа хасах, ямар нэгэн хяналт шалгалтын үйл ажиллагaa явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байхад тийнхүү дахин шүдэлж, уралдаанаас хасаж шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. Тодруулбал миний халтар үрээ дараах байдлаар хууль дүрмийн дагуу шүдлүүлсэн. Үүнд:
Морь уралдахын өмнө бичиг баримтаа бүртгүүлсэн
Морь гарахын өмнө морь шүдлэх ажлын хэсэг шүдэлсэн
Морь түрүүлж ирээд, морь шүдлэх ажлын хэсэг комиссын хашаанд түрүүний 5 морийг шүдлэхэд дахин шүдлүүлсэн.
Гэтэл Хурдан морины салбар хороо хууль болон дүрэмд тусгагдаагүй ажиллагааг өөрийн санаачилга, дур зоргоороо явуулж, ямар ч нотлох баримтгүйгээр дахин шүдэлсэн нь хууль бус юм.
3. Мөн маргаан бүхий тогтоолын 2 дахь хэсэгт "Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.5, 7.6 хэсгийг үндэслэн Аман хүзүүдсэн морьдоос хойш хурдалсан Соёолон насны морьдыг тус бүр нэг байр урагшлуулан бай шагналыг олгосугай" гэжээ. Гэтэл Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.5 "Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замын дундаас морь оруулахыг хориглоно", 7.6 "Гарааны зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замын дундаас оруулсан морийг барианд барихгүй, байр эзлүүлэхгүй" гэж заажээ.
Гэтэл миний халтар соёолон аль хэдийн гарааны зурхайд хүрч, байраа эзлэн орж, улс орон даяар түрүүлсэн болохоо Хурдан морины салбар хорооны шийдвэрээр зарлуулсан тул дээрх үндэслэлүүд хамаарахгүй юм. Иймд Хурдан морины салбар хороонд ийнхүү шийдвэр гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Тиймээс Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
6.3. Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...тухайн наадамд жирийн нэг уяач морио уяад л оролцсон, оролцоод морь уралдсан, өөрсдөө шүдлээд л гаргачихсан, тэгээд болчихсон гээд барьчихсан, барьчхаад морь чинь түрүүллээ, дахин шүдэлгээнд оруулна гээд дахин шүдлээд уяачийг унаач хүүхдүүдтэй нь суулгаад айраг өгөөд, таны морь албан ёсоор түрүүлсэн байна баталгаажууллаа энэ дээр гарын үсгээ зураарай гээд надаар зуруулсан. Ийнхүү миний морийг түрүүллээ гэж зурагтаар бүх орон даяар бүх нийтэд зарлачхаж байгаа. Үүний өмнө шалгах процесс нь дуусдаг байх гэж би бодож байгаа. Хуулийг нь харахад тэгж л харагдаж байгаа, ямар нэгэн байдлаар хассан танилцуулсан зүйл байхгүй. Түрүүлсэн гээд баталгаажуулаад зуруулж явсан байхад яагаад хасаж байгаа юм. Намайг байлцуулж байгаад морийг шүдлээд, протокол хөтлөхгүй яасан юм бэ, миний морийг шүдэлсэн гэдгийг ямар баримтаар яаж тогтоох вэ, Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. гэжээ.
6.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д Зохион байгуулах хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна, С.А******* даргатай хороог хэлээд байгаа юм. Тэрнээс биш н.Г даргатай хурдан морины салбар хороог хэлэхгүй байгаа. 19.1.1, 19.1.2-т тус тус заасны дагуу хасах, байр шагнал олгохгүй байх шийдвэрийг 19.1-д зааснаар зохион байгуулах хороо буюу С.А******* даргатай хороо гаргана гээд заачхаад байхад салбар хороо буюу н.Г дарга энэ нөхдүүд дур мэдээд энэ хасах шийдвэрийг гаргасан.
Энэ нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг буюу хорооны эрх хэмжээг хэрэгжүүлээд морийг нь хасах шийдвэр гаргачихсан байгаа. Дахин хуралдаад нэгэнт нийтэд зарлагдсан морийг яг журмынхаа хэдийн хэдийг үндэслээд дахин шүдлээд байгаа юм, хэддүгээр заалтыг үндэслэж хасаад байгаа гэдгээ тайлбарлах хэрэгтэй гэв.
7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т "Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг энэ хуулийн 15 1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна." гэж заасны дагуу Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар "Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм"-ийг баталсан. Дээрх хууль, дүрмийн хүрээнд Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж явуулсан. Мөн Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм"- ийн 2.3-т "Салбар хороо хурдан морины нас бүрийн уралдааныг хариуцсан даамал, дэд даамал, цуваа бүртгэлийн ахлагч, цуваа бүртгэгч, шүдлэгч,... малын эмч бүхий баг (цаашид "шүүгчид" гэх) болон шаардлагатай бусад хянах хэсгийг томилно.", 2.5-д "Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал нь гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач, уралдаанч хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцна." гэж заасны дагуу холбогдох албан тушаалтнууд тус тусын ажлыг хариуцан зохион байгуулсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт "... Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд холбогдох хууль, дүрмийн дагуу бүртгүүлэн уралдаж, түрүүлэн тод магнай, торгон жолоогоо өргүүлж, ... олныг баясгасан....миний халтар үрээг "нас тохирохгүй" гэсэн шалтгаанаар хассан болохоо амаар мэдэгдэж, түрүү морины бай шагналыг олгохоос татгалзсан." гэсэн нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7-д "Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ:
- 14.7.1-д "хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;", 14.7.2-т "эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;", 14.7.4-т "морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх;", 14.7.12-т үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх" гэж заасантай нийцээгүй, дээрх зохицуулалтуудыг зөрсөн тул мөн хуулийн 19.1-д "Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ" 19.1.1-д "Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах", 19.1.2-т "тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх" гэж тус тус заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Эын халтар соёолонг баяр наадмын хурдан соёолон морины түрүү магнайгаас хассан болно. Иймд нэхэмжлэгч Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг Эрхэм шүүгчээс хүсье. гэжээ.
7.2. Мөн хариу тайлбараа тодруулж: Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар "Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм"-ийн хүрээнд Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж явуулсан. Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэм"-ийн 2.3-т "Салбар хороо хурдан морины нас бүрийн уралдааныг хариуцсан даамал, дэд даамал, цуваа бүртгэлийн ахлагч, цуваа бүртгэгч, шүдлэгч, малын эмч бүхий баг (цаашид "шүүгчид" гэх) болон шаардлагатай бусад хянах хэсгийг томилно.", 2.5-д "Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал нь гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач, уралдаанч хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцна." гэж заасны дагуу холбогдох албан тушаалтнууд тус тусын ажлыг хариуцан зохион байгуулсан. Нэхэмжлэгчийн уясан халтар үрээг хурдан морины уралдаанаас хасаж, бай шагналыг олгохоос татгалзсан үндэслэл нь уралдааныг зохион байгуулах соёолон насны шүдлэх багийн ахлагч Д.З, гишүүд Д Д******* Б.Э*******, М.М******* нарын "Соёолон насанд уралдсан 452 дугаартай Бийн Эын гал давхах алх тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй бусад 2 настай адуу болохыг тодорхойлов" гэсэн акт болон Өвөрхангай аймгийн ******* сумын харьяат П.Б*******гийн Хурдан морины комисст гаргасан "Миний хонгор халзан үрээ айргийн тавд хурдалсан тул айргийн таван морьдийг шүдлэн хэмжиж дахин нягталж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг баримтад тулгуурлан шийдвэрлэсэн болно. Энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7-д "Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ: 14.7.1-д "хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх.", 14.7.2-т "эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;", 14.7 4-т "морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх;", 14.7.12-т үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх." гэж заасантай нийцээгүй, дээрх зохицуулалтуудыг зөрчсөн тул мөн хуулийн 19.1-д "Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ" 19.1.1-д "Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах,", 19 1.2-т "тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх; гэж тус тус заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Эын халтар соёолонг баяр наадмын хурдан соёолон морины түрүү магнайгаас хассан болно. гэжээ.
7.3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан хэсэгт "Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" гэсэн өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлсэн шаардлага шинээр гаргасан байна. Хариуцагчийн зүгээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагад тодорхой хариу тайлбарыг хууль эрх зүйн хүрээнд шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь хариуцагчийн өмнө гаргаж өгсөн тайлбартай нягт холбоотой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Эын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлж ирсэн гэх тухайн үедээ шүдлэн настай халтар үрээг соёолон насны түрүү байрнаас хасаж, бай, шагналыг олгохоос татгалзсан нь уралдааныг зохион байгуулах соёолон насны шүдлэх багийн ахлагч Д.З, гишүүд Д.Д******* Б.Э******* нарын "Соёолон насанд уралдсан 452 дугаартай Бийн Э*******ын гал давхах алх тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй бусад 2 настай адуу болохыг тодорхойлов" гэсэн акт болон Өвөрхангай аймгийн ******* сумын харьяат П.Б*******гийн Хурдан морины комисст гаргасан "Миний хонгор халзан үрээ айргийн тавд хурдалсан тул айргийн таван морьдийг шүдлэн хэмжиж дахин нягталж өгнө үү гэсэн хүсэлтэд үндэслэн шүдэлсэн процессийн үйл ажиллагаанд тулгуурлан шийдвэрлэсэн болно.
Мөн...нэхэмжлэгч Б.Эын халтар соёолонг баяр наадмын хурдан соёолон морины түрүү магнайгаас хассан Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоол нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэж гарсан тогтоол гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг Эрхэм шүүгчээс хүсье. гэжээ.
7.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Зургаан насны морийг яаж тогтоохыг мэргэжлийн шинжээчийн тайлбарыг авъя гэж бодож байна. Соёолон насны морины шүд нь ургаад соёолон насны морийг соёолон насанд уралдуулна гэдгийг бүх уяач бүгд мэддэг байгаа. Тэгэхэд шүдлэн насны морийг мэдсээр байж соёолон насанд уралдуулсан, яахаараа хөдөө аж ахуйн мэргэжлийн байгууллага нь тодорхойлж чадахгүй гэсэн хариу өгдөг юм. Би үүнийг ойлгохгүй байна, өөр тайлбар байхгүй. гэв.
7.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ер нь анхнаасаа хууль дүрмээ бариад морио тэр уралдах насных нь ангилалд шүдлэн насанд нь уралдуулсан бол ийм асуудал болохгүй...Одоо тухайн уралдаж түрүүлсэн гэх морь нь үхчихсэн гэсэн, энэ тохиолдолд шүүх маргааныг шийдвэрлэх боломжгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ховд аймгийн М сумын уяач Б.Э миний халтар үрээний бай шагналыг олгохоос татгалзсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б.Эын уясан халтар үрээ нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлж наадамчин олноо баясгасан, ийнхүү хурдлан ирснийг Хурдан морины салбар хороо баталгаажуулж уяач Б.Эаар гарын үсэг зуруулан улмаар олон нийтэд албан ёсоор зарлан мэдээлсэн, тухайн морийг шүдлэх, сэрвээний өндрийг хэмжихэд шүдэлгээнд тэнцсэнээр уралдааны замд гарсан, түүнчлэн айргийн 5-д хурдлан ирсэн морьдыг хашаанд оруулж дахин шүдэлгээ хийх явцад мөн шүдэлгээнд тэнцсэн болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Харин уралдаанд түрүүлж ирсний дараа иргэн П.Б*******гээс ирүүлсэн Соёолонгийн түрүү морь хязаалан үрээ байх тул ахин шүдэлж өгнө үү гэх гомдлын дагуу Морь шүдлэх ажлын хэсгээс Соёолон насанд хурдалсан 452 дугаартай Бийн Эын гал давхцалт тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй буюу 2 настай адуу болохыг тодорхойлов гэх тодорхойлолт ирүүлснээр Хурдан морины салбар хороо 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоол гарган уг тогтоолоор Б.Эын халтар үрээг шүдлэхэд сүүн шүд нь бүрэн солигдоогүй, хоёр настай шүдлэн адуу болохыг шүдлэх ажлын хэсэг тогтоосон, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд уралдаанаас хасахаар шийдвэрлэн нэхэмжлэгчийн уясан морийг төв цэнгэлдэх хүрээлэнд оруулж цоллохгүйгээр буцаажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэгэнт соёолон насны морьд уралдаад барианд орж ирсний дараа морийг уралдаанаас хасах боломжгүй, хурдан морины салбар хороо нь хууль болон дүрэмд тусгагдаагүй, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй ажиллагааг өөрийн санаачлага, дур зоргоороо явуулж ямар ч нотлох баримтгүйгээр дахин шүдэлсэн нь хууль бус, Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.5, 7.8-д заасныг зөрчсөн... гэж тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч ...Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7.2, 14.7.4, 14.7.12-т заасныг зөрчсөн тул хуулийн 19.1.1, 19.1.2-т заасан зохицуулалтын дагуу бай шагналаас хассан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргав.
Нэг. Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ, 14.7.1-д хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;, 14.7.2-т эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;, 14.7.3-д энэ хуулийн 10.1-д заасан шаардлагыг хангасан байх, 14.7.4-т морийг насны өөр ангилал болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх, 14.7.12-т үндэсний хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 15.1.1-д үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батлах, 19 дүгээр зүйлийн 19.1-д Энэ хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ, 19.1.1-д Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах;, 19.1.2-т тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх гэж тус тус заасан.
Хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааны дүрэм-ийг баталсан, уг дүрмийн 5.2-т Уралдахаар шүдлэгээ, хэмжилтийн хэсэгт ирсэн морийг шүдэлж, түүний дараа сэрвээний өндрийг хэмжинэ, 7.2-т Их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн талбайд шүдлэх бөгөөд тухайн насны морины шүдлэгээнд тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Хуулийн болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч Хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоол нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ чиг үүрэгт нийцээгүй, мөн захиргааны акт гаргах талаархи Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, оролцогчид мэдэгдэх, тайлбар гаргах боломжийг олгоогүй хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.
Учир нь тухайн морийг шүдлэх ажлын хэсгээс шалгаж уралдаанд оролцуулсан, улмаар уг морь түрүүлж ирсний дараахь хяналтын шүдлэгээнд мөн тэнцсэн буюу аливаа нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзээгүй атлаа иргэн П.Б*******гийн гаргасан Соёолонгийн түрүү морь хязаалан үрээ байх тул ахин шүдэлж өгнө үү гэх хүсэлтийг үндэслэн дахин шүдлэх ажиллагаа явуулсан, ийнхүү явуулахдаа уг морины эзэн Б.Эыг оролцуулаагүй, түүнчлэн дахин шүдлэх ажиллагааг нотлох баримтаар бэхжүүлээгүйгээс тухайн шүдлүүлсэн морь нь нэхэмжлэгчийн морь байсан эсэх нь ч тодорхой тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл тухайн морийг насны ангилалд тохирсон болохыг Морь шүдлэх ажлын хэсгээс тогтоож уралдаанд оролцуулсан, уралдаанд түрүүлж ирсний дараа ч дахин хяналтын шүдэлгээ хийхдээ тэнцсэн гэж үзсэн атлаа иргэнээс ирүүлсэн хүсэлтэнд үндэслэн дахин шүдэлгээ хийх ажиллагааг эхлүүлэхдээ оролцогч этгээдүүдийг бүрэн оролцуулаагүй, тэдэнд мэдэгдээгүй Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, хуулийн 24.4-т заасан Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн журмыг зөрчсөн байхад зөвхөн морь шүдлэх ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэг бүхий Соёолон насанд хурдалсан 452 дугаартай Бийн Эын гал давхцалт тамгатай халтар үрээг сүүн шүд бүрэн солигдоогүй буюу 2 настай адуу болохыг тодорхойлов гэх баримтыг үндэслэсэн нь хууль бус тул Хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 16.5.3-д энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг үндэслэн уяачид цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх 16.5.6-д бөх, уяач, сурын болон шагайн харваачид бай, шагнал олгох гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д ...зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ:, 19.1.1-д Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах;, 19.1.2-т тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх гэж тус тус заасан.
Эдгээрээс дүгнэвэл Хурдан морины салбар хороонд тухайн маргаан бүхий тогтоолыг гаргах, улмаар морийг уралдаанаас хасах, бай шагнал олгохгүй байх эрх хэмжээ олгогдоогүй, уг эрх хэмжээ нь Зохион байгуулах хороонд хадгалагдаж байхаас гадна нэгэнт уралдаад ирсэн морийг уралдаанаас хассугай гэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, мөн хуулийн 47.1.6-д заасан эрх хэмжээгүй захиргааны байгууллага гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Түүнчлэн уг захиргааны актын 2 дахь заалтаар ...Аман хүзүүдсэн морьдоос хойш хурдалсан Соёолон насны морьдыг тус бүр нэг байр урагшлуулан бай шагналыг олгох-оор шийдвэрлэхдээ Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7.5, 7.6-д заасныг үндэслэсэн боловч дүрмийн 7.5-д "Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замын дундаас морь оруулахыг хориглоно", 7.6-д "Гарааны зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замын дундаас оруулсан морийг барианд барихгүй, байр эзлүүлэхгүй" гэж заасан, өөрөөр хэлбэл эдгээр заалтууд нь шийдвэрлэж буй асуудалтай нь огт холбоогүйгээс гадна хариуцагчийн эрх хэмжээнд хамааралгүй, дүрэмд энэ талаар тухайлан зохицуулаагүй.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурав, аймагт хоёр хүртэлх өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ, хуулийн 10.17-д Энэ хуульд зааснаас бусад нөхцөлөөр Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морийг бүртгэхээс татгалзах, бүртгэл болон уралдаанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно гэж зааснаас үзвэл нэгэнт бүртгэлд зохих журмын дагуу хамрагдсан морийг дахин шүдлэх, улмаар энэ үндэслэлээр уралдаанаас хасах, цол чимгийг олгохоос татгалзсан шийдвэр гаргах үндэслэлгүй.
Иймд шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Хоёр. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ховд аймгийн М сумын уяач Бийн Э миний халтар үрээний бай шагналыг олгохоос татгалзсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ховд аймгийн М сумын уяач Б.Э миний халтар үрээний бай шагналыг олгохоос татгалзсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны явцад бай шагнал олгохоос татгалзсан шийдвэр гэдгийг Хурдан морины салбар хорооны 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар бүхий Соёолон насны уралдаанд түрүүлж ирсэн морийг бай шагналаас хасах тухай тогтоол гэж тодруулсан, шүүхийн энэ шийдвэрээр дээрхи тогтоолыг хууль бус гэж дүгнэсэн тул даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Зохион байгуулах хорооны саналыг үндэслэнэнэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно гэж заасан.
Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл уяачийн уясан морь нь улсын баяр наадамд нэг түрүүлсэн байх амжилт нь тухайн уяачид олгох цолны эрэмбэд чухал ач холбогдолтой, өөрөөр хэлбэл уяачид олгох цолны урьдчилсан нөхцөл болохын хувьд нэхэмжлэгч Б.Эын уяачийн хувьд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн бөгөөд уг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна. 16.4.Зохион байгуулах хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна гэж,16.5-д Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, хуулийн 16.9-д Энэ хуулийн 16.5.3, 16.5.5, 16.5.6, 16.5.10-т заасан бүрэн эрх болон улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааг зохион байгуулах эрхийг тухайн салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооны шийдвэрээр холбогдох үндэсний спортын холбоонд шилжүүлж болно гэж заасан боловч энэ хэргийн тухайд 16.5.6-д заасан уяач...-д бай, шагнал олгох эрхийг салбар хороонд шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Эт соёолон насны түрүүлж ирсэн морины бай шагнал олгохыг Зохион байгуулах хорооны даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хурдан морины бай шагналыг Ховд аймгийн М сумын уяач Б.Эт олгохыг хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол улсын Шадар сайд-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН