Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/04689

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 13 182/ШШ2024/04689

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ............... тоот хаягт байрлах, Ю ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... тоот хаягт бүртгэлтэй боловч .............. тоот хаягт байрлах, Т ХХК/РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн гүйцэтгэх захирал А.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2023.09.15-ны өдөр Маркетингийн контент бүтээх үйлчилгээний гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулагдсан. Тус гэрээгээр хариуцагч нь захиалагч байгууллагад богино хэмжээний кино бүтээх, видео сурталчилгааны эх бэлтгэх, Reel эх бэлтгэх, мөн влог бүтээх хэвлэлийн ярилцлага хийх, хэвлэлийн мэдээ бэлтгэх, нийтлэл бичих, пост эх бэлтгэл хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр гэрээний 1.2-т тохиролцсон. Энэхүү ажлуудыг хуанлийн 45 хоногийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд тус ажлын нийт төлбөр, хөлс нь 24,200,000 төгрөг байхаар гэрээний 5.1, 6.1-т тусгасан.

Гэрээний талууд харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нийт 15,400,000 төгрөгийг шилжүүлэхээр болж нэхэмжлэгч нь тус мөнгийг зохих ёсоор шилжүүлсэн. Гэтэл хариуцагч тал нь гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй. Хариуцагч тал нь манай компани руу 2023.12.07-ны өдөр 22/78 дугаар албан бичгээр энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад төслийн үндсэн захиалагчийн хүсэлтээр богино хэмжээний кино контентийг гүйцэтгүүлэх ажлыг цуцлах санал ирүүлснээр буцаах болон зарим ажлын гүйцэтгэлийг тооцож нийлэх болсныг үүгээр илэрхийлж байна гэсэн хариу өгсөн.

Энэхүү албан бичгийг баталгаажуулж, гэрээний талууд тооцоо нийлэх актыг үйлдсэн. Тус тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч талаас А.Л, хариуцагч талаас гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Т нар гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан. Тус тооцоо нийлсэн актаар хариуцагч талын нийт гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 1,000,000 төгрөг гэж тохирч, 2024.04.10-ны өдрийн дотор Рийл 3 ширхэг, Сошиал постер 6 ширхэгийг хамтад нь 1,110,000 төгрөгөөр гүйцэтгүүлнэ гэж тохиролцсон.

Харин гэрээ цуцлагдсанаас үлдсэн буцаан шилжүүлэх төлбөрийг 13,290,000 төгрөг гэж тохирч тооцоо нийлсэн. Гэтэл хариуцагч тал нь 2024.04.10-ны дотор гүйцэтгэх ёстой байсан ажлаа гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй тул 2024.07.19-ний өдөр нийт 14,400,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардаж, албан бичгээр хандсан. Гэвч одоог хүртэл энэ төлбөрийг төлөөгүй.

Иймд хариуцагчаас нийт 14,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Ю ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага буюу 14,400,000 төгрөгийг 2024.12.31-ний өдрийн дотор 7,200,000 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор үлдэгдэл 7,200,000 төгрөгийг төлөх болно. Энэхүү тайлбарыг үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь хариуцагч талаас гэрээний үүрэгт 14,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч нь 2024.11.07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу эвлэрэх саналтай байна. 2024.12.31-ний өдрийн дотор 7,200,000 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор 7,200,000 төгрөгийг хуваан төлөх нөхцөлийг зөвшөөрч байна. Эвлэрснээс бий болох хууль зүйн үр дагаврыг ойлгож, мэдэж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 14,400,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,400,000 төгрөгийг 2024.12.31-ний өдрийн дотор 7,200,000 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор 7,200,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч Ю ХХК-иас 2024.09.12-ны өдөр А.Т-д 2 жилийн хугацаатай, хариуцагч Т ХХК-иас 2024.11.06-ны өдөр Б.Т-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 02/192, 24/11 дугаартай итгэмжлэлүүдийг олгосны дагуу төлөөлөгч нар нь эвлэрэх саналаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Т ХХК-иас тэмдэгтийн хураамжид 114,975 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 114,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.10.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,400,000 төгрөгийг 2024.12.31-ний өдрийн дотор 7,200,000 төгрөг, 2025.02.25-ны өдрийн дотор 7,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ю ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т ХХК-иас тэмдэгтийн хураамжид 114,975 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 114,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 2024.10.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА