Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2024/00257

 

 

 

 

 

 

 

 

 

        2024      11        13                                        137/ШШ2024/00257                              

     

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Д аймгийн З сум С баг ...-р байрны .. тоотод оршин суух, А овогт Б-ийн Г /РД:......., утас:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум, ...... дүгээр баг, ........ дугаар хэсэг .... байрны .... тоотод оршин суух, О овогт Г-ын Д /РД:, утас:,

 

Хариуцагч: Д аймгийн З сум, ....-р баг, А-ийн гудамж ........ тоотод оршин суух, Б овогт Ч-ын У /РД:, утас:/ нарт холбогдох

 

 Үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хүлээн авч хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Г би 2013 оны 10-р сард Т банкнаас 5 жилийн хугацаатай 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан ба сард 1,011,000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2015 оны 12 сарын 31-нд тус банкны зээлийн эдийн засагч Г.Д, салбарын эрхлэгч Ч.У нар нь гэрт ирж тухайн сарын төлөлтийг хийхийг шаардсан.  Надад бэлэн байсан 200,000 төгрөгийг одоо бэлнээр төлчихье, үлдэгдэл мөнгийг 1 сард төлчихье гэж гуйхад Г.Д танд  барьцаалах үнэт эдлэл байвал бид мөнгө олоод төлөлтийг чинь гүйцээгээд хийчихье гэж хэлсэн. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг нь  сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг чинь хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно. Бид ерөнхий нягтлан бодогчийн сейфт  хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт Т банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн.  2016 оны 01 сарын 08-нд намайг Улаанбаатарт байхад Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ярьж “Э,Э” ломбардад  хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул  хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн.  Цагдаад ирж мэдүүлэг  өгсөн.  Мөн ахлах дэслэгч Б.Ш-гийн шаардлагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ хэрэг илрэхгүй байсаар 2021 онд хаагдсан.  Тухайн үед шүүхэд хандсан боловч цагдаа дээр байхад хэргийн нэхэмжлэл хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.  Дээрх 2 хүнээс 28 мм диаметртэй  алтан нуухтай шахмал толгойтой их газрын цагаан хаш хөөрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөргөний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгнөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасаж 15,880,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Г-ийн нэхэмжлэлтэй Г.Д, Ч.У нарт холбогдох хөөрөгний үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нарын төлөөлөгч С.Э би дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үүнээс 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны дотор төлөх, үлдэх 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгаж эвлэрэх хүсэлтэй байна. 2024 оны 11 дүгээр сарын 15-нд төлөх 3,000,000 төгрөгийг Г.Д төлнө. Үлдэх 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор Ч.У төлөх болно гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч С.Э нь уг хэрэгт нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г миний бие хариуцагч Ч.У, Г.Д нарын төлөөлөгч С.Э-ын шүүхэд гаргасан эвлэрэх тухай хүсэлтийг танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие тус шүүхэд гаргасан 15,880,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 9,380,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж хариуцагч нарын санал болгосон 6,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор 3,000,000 төгрөгийг төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. Мөн хамтран хариуцагчаар татсан Т банк ХК-наас татгалзаж байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Г.Д, Ч.У нарт холбогдуулан үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч тал хамтран хариуцагч Т банк ХК-ний З, С тооцооны төвөөс татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлага 15,880,000 төгрөгийн 9,380,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгний 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны дотор хариуцагч Г.Д, 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 15-ны дотор хариуцагч Ч.У нар нь тус тус төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрсэн болох нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д, Ч.У нарт холбогдох үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 15,880,000 төгрөгийн 9,380,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгний 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны дотор хариуцагч Г.Д, 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 15-ны дотор хариуцагч Ч.У нар нь тус тус төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн 50 хувь болох 55,475 төгрөгийг хариуцагч Г.Д, Ч.У нараас, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 55,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ