Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0354/З |
Дугаар | 128/ШШ2024/0505 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Самдангийн Нямдаваа /РД: УО76012514/
Нэхэмжлэгч: Экоконстракшн ХХК /РД:2711532/
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитекторын хоорондын Экоконстракшн ХХК болон С.Нямдаваа нарын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваний өргөн чөлөө-1, 652 хаягт байрлах нэгж талбарын 1460400014 дугаартай бүхий 4020 м.кв газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газарт баригдах барилгын загвар буюу Гангоо архитектс ХХК-ийн боловсруулсан Экоконстракшн ХХК-ийн Холимог ашиглалттай цогцолбор барилга зургийг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу батлахыг даалгах, Эко констракшн ХХК-ийн Холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Халиун, А.Ундрам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Экоконстракшн ХХК болон иргэн С.Нямдаваа нар нь Экоконстракшн ХХК-ийн холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Экоконстракшн ХХК, С.Нямдаваа нарын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, 652 хаягт байрлах нэгж талбарын 1460400014 дугаартай, 4020 м.кв газарт баригдах Гангоо архитектс ХХК-ийн боловсруулсан Экоконстракшн ХХК Холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу батлахыг даалгуулах-аар маргаж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаа Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа сольж Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан болно.
2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1459 дугаар захирамжаар иргэн С.Нямдаваагийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын хэмжээ, зориулалтыг өөрчилж С.Нямдаваад Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, 652 хаягт байрлах, нэгж талбарын 1460400014 дугаар бүхий 4020 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0000137404 дугаар гэрчилгээ олгон, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0119-2022/04773 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг-г байгуулсан,
3. Нийслэлийн Ерөнхий архитектор 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ2022/43-010 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг, схем зургийн хамт баталсан, уг архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр хэвээр байгаа,
4. Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-аас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23/106/АА дугаар Хүсэлт уламжлах тухай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Монголын Зочид буудлуудын холбооны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23/59 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус хандаж ... Экоконстракшн ХХК-ийн олон улсын өндөр зэрэглэлтэй зочид буудал барих хүсэлтийг хүлээн авч, дэмжиж байна. Иймд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэх хүсэлт хүргүүлсэн,
5. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4/1806 дугаар албан бичгээр Эко констракшн ХХК-д Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 26 дугаар хурлаас гаргасан Батлагдсан М3Х2022/43-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан Давхар талбайн харьцааны 10.0 үзүүлэлтийг төлөвлөж буй барилга хангаж байгаа эсэхэд зураг төсөл зохиогчоос тодруулга ирүүлэх. Мөн Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд заасан "Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай" Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан С61 дүгээр байрны хойд хананд байсан, зураач Ш.Галсандоржийн 1991 онд бүтээсэн "Цагаан морин жил" хэмээх шигтгэмэл урлалын бүтээлийг зохимжтой байршилд байрлуулан зургаар харуулах. Төлөвлөж буй барилгын нөлөөлөлд одоо байгаа 6/10 кВт-ын цахилгаан түгээх шугам, дулааны 18 магистраль, цэвэр усны ф200 мм-ийн шугам, ариутгах татуургын 200 мм-ийн шугам мэдээлэл холбооны үндсэн худаг сувагчлал кабелийн байгууламж өртөхөөр байгаа тул дээрх шугам сүлжээнээс холбогдох норм дүрмийн дагуу хамгаалалтын зурвас газрыг үлдээн төлөвлөлт хийх, мөн төлөвлөж буй барилгыг хангах инженерийн дэд бүтцийн шийдлийг холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөх. Барилга угсралтын үе шатанд барилгын ажлын талбайг хэрхэн шийдвэрлэх, хөрш залгаа газар эзэмшигчдээс санал авсан эсэх нэмэлт материалын шаардлагуудыг зураг төсөлд тусгах, албан бичгээр тайлбар ирүүлэх тухай санал, дүгнэлтийг хүргүүлсэн.
6. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/2023-166 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1459 тоот захирамжаар Иргэн С.Нямдаваа миний нэр дээр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд байршуулан 4020м2 газар 15 жилийн хугацаатайгаар олгогдсон билээ. Захирамжаар олгогдсон тус газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ2022/43-010 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан, Бидний зүгээс эскиз зургийг батлуулахаар мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн 26-р хурлаар орж хурлаар орж дэмжигдсэн. Хурлын багийнхны саналын дагуу тодруулгыг хүргүүлж байна. Тус 50 давхар барилгыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-с 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/1569 тоот албан тоотоор дулаанаар хангахад татгалзах зүйлгүй тухай ирүүлсэн хүсэлтийг хавсаргалаа. Цахилгаан хангамжийн хувьд уг газарт дахин төлөвлөлтөд хамрагдахаар Нийслэлийн Засar даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/847 дугаар захирамж гарж. Улаанбаатар пропертиз ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдан 2022 оны 08 дугаар сарын 24-ний №83/2021/252 тоот техникийн нөхцөлийн дагуу ажлын зураг хийгдэн, гадна цахилгааны ажил гүйцэтгэгдсэн. Бид техникийн нөхцөлийн нэрийг солиулахаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд хүсэлт өгөөд байна. Цэвэр бохир усны тухайд мөн адил дахин төлөвлөлтөд хамрагдахаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/847 дугаар захирамж гарж, Улаанбаатар пропертиз ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдан 2022 оны 03 дугаар сарын 24-ний №90/22 тоот техникийн нөхцөлийг гаргуулсан ба бохир цэврийн ажил зургийн дагуу гүйцэтгэгдээд байна. Бид техникийн нөхцөлийн Ус сувгийн удирдах газарт хүсэлт өгөөд байна. Холбооны техникийн нөхцөлийн тухайд Иргэн С.Нямдаваа миний нэр дээр 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр №B-U2023/366 дугаар техникийн нөхцөл гаргуулан авсныг хавсралтаар хүргүүлж байна. Зураач Ш.Лувсандоржийн Цагаан морин жил мозайк шигтгэмэлийн тухайд мэргэжлийн байгууллага болох Арт авеню ХХК-р мэргэжлийн өндөр түвшинд салгуулан, зориулалтын газар хадгалж байгаа бөгөөд барилга ашиглалтанд ороход барилгын 1 давхарт дотор талд ханан дээр байршуулах болно. Бид хурлын багийнхны саналын дагуу холбогдох тайлбаруудыг хүргүүлж буй тул их хотынхоо төрхөнд өнгө нэмэх, дэлхийн стандартуудыг эх орондоо авчрах бидний их бүтээн байгуулалтыг дэмжин, эскиз зургийг батлан өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлт гаргасан.
7. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/848 дугаар Загвар зураг зөвшилцөх тухай албан бичгээр нэхэмжлэгчид ...загвар зургийг манай байгууллагын зүгээс судалж, хянаж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй байгааг мэдэгдэж байна гэж мэдэгдсэн
8. Нэхэмжлэгч иргэн С.Нямдаваа, Эко констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсайхан нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч "Эко констракшн ХХК болон С.Нямдаваа нар нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн А/1459 тоот захирамжаар нэхэмжлэгч С.Нямдаваагийн нэр дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5-р хороолол-1 /14250/ бүсчлэлд, Төв шуудангийн урд талд байршилд нийт 4020 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар олгогдсон газар дээр Эко тауэр барилга барихаар төслийг эхлүүлэн холбогдох зөвшөөрлийг гаргуулж байгаа болно.
Эко тауэр үйлчилгээний барилгад нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зөвшөөрлүүд олгогдоод байгаа. Үүнд, 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн МЗХ2022/43-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 01/1569 тоот бичигт дулаанаар хангахад татгалзах зүйлгүй тухай, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16/23 тоот Ардчиллын өргөө ХХК-с Хот байгуулалт хөгжлийн газарт Эко тауэр барилгыг барихад татгалзах зүйлгүй талаар албан тоот, 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн B-U2023/366 тоот техникийн нөхцөлийн дагуу харилцаа холбооны ажил хийгдсэн, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын 2023 оны 06-р сарын 27-ны өдрийн 23/106/АА тоот бичиг, Монголын зочид буудлын холбоо ТББ-ын 2023 оны 07-р сарын 27-ны өдрийн 23/59 дугаартай албан тоот, Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 26-р хурлаар төсөл дэмжигдсэн.
Нэхэмжлэгч нар нь дээрх төслийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрлийг авч холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу Барилгын тухай хуульд заасан зөвшөөрлийг авч ажиллаж байгаа болно.
Барилгын тухай хуульд заасны дагуу барилга барихад шаардагдах загвар зургийг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Гангоо архитектс ХХК-ийн боловсруулсан Эко констракшн ХХК-ний Холимог ашиглалттай цогцолбор барилга загвар зургийг батлуулахаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 12-р сарын 19-ний өдөр хандсан боловч, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй болно.
Тодруулбал, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3- т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ гэж заасны дагуу загвар зургийг баталгаажуулах тухай хүсэлтийг өгснөөс хойш 10 хоногийн дотор буюу 2023 оны 12-р сарын 29-ний өдөрт багтаан хариу өгөх ёстой байсан боловч захиргааны байгууллагаас энэхүү үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотойгоор хариу өгөхийг шаардсан боловч удахгүй шийдэж өгнө гэсээр хамгийн сүүлд 2024 оны 04-р сарын 05-ны өдрийн 4/848 дугаартай албан бичгээр ...2022 оны 12-р сарын 26-ны өдрийн МЗХ2022/43-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2023 оны 03-р сарын 22-нд боловсруулж ирүүлсэн загвар зургийг 2023 оны 07-р сарын 21- ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 26 дугаар хурлаар хэлэлцэж дэмжсэн санал гарсан... Иймд загвар зургийг манай байгууллагын зүгээс судалж, хянаж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна гэх хариу өгсөн байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь нэхэмжлэгч талаас гаргасан хууль ёсны хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй, мөн Засгийн газрын 2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 108 дугаартай тогтоолын хавсралт Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.5-д Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална, 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж тус тус заасны дагуу батлах эрх бүхий субъект, мөн батлах үүргийг хүлээдэг боловч батлахгүй байгаа нь дээр заасан хийх ёстой үйлдлийг хийхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Засгийн газрын 108 дугаар тогтоол болон Барилгын тухай хуульд зааснаар хариуцагч нь загвар зургийг мэргэжлийн зөвлөл хэлэлцсэн, мөн Нийслэлийн ерөнхий архитектур нэгэнт Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон тохиолдолд түүнийг үндэслэн даалгаврын дагуу зурагдсан загвар зургийг батлах үүрэгтэй байхаар заасан байтал энэхүү үүргээ гүйцэтгэлгүй эс үйлдэхүй үйлдэж Монгол улсын цаг уурын онцлог, барилгын ажил гүйцэтгэх богино хугацааг харгалзан үзэхгүй байгаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгааг харгалзан үзнэ үү.
Нэхэмжлэгч С.Нямдаваагийн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1459 тоот захирамжтай, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Энхтайвны өргөн чөлөө-1 652 хаягт байрлах 4020 м.кв талбайд нэхэмжлэгч Эко констракшн" ХХК-тай хамтран Холимог ашиглалттай цогцолбор барилгыг загвар зургийг батлуулахаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хандсан.
Хот байгуулалтын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/848 дугаар албан бичгээр загвар зургийг одоогоор батлах боломжгүй шалгалтын ажил явагдаж байна гэх хариуг өгсөн.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг, 23 дугаар зүйлийн 23.1-д Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг нийслэлийн ерөнхий архитектор батална гэж тус тус заасны дагуу хуульд заасан журмын дагуу Нийслэлийн ерөнхий архитектор шийдвэрлэж загвар зургийг батлахгүй байгаа нь эс үйлдэхүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаар Хот байгуулалт, хөгжлийн газрыг тодорхойлсон боловч Засгийн газрын 2016 оны 108 дугаар тогтоолын 3,6 дугаар зүйлд зааснаар загвар зургийг батлах эрх бүхий этгээд нь Нийслэлийн ерөнхий архитектор байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хариуцагчийг сольж байна. Иймд Нийслэлийн ерөнхий архитекторын Эко констракшн ХХК-ийн Холимог ашиглалттай цогцолбор барилга загвар зургийг батлахгүй байгаа эс үйлдэхүй бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
9. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч хуулийн этгээд болон иргэн С.Нямдаваа нарын зүгээс холимог ашиглалт бүхий орон сууцын барилгыг барих талаар төрийн захиргааны байгууллагад 2022 оны 12 дугаар сараас буюу архитектурын даалгавар гарсан цагаас эхлээд хандаж эхэлсэн. 2023 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл загвар зураг батлах ажиллагаа гацчихсан байдалтай байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс тайлбарлахдаа загвар зургийг шалгагдаж байна гэдэг боловч татгалзсан эсхүл зөвшөөрсөн ямар нэг шийдвэр өгөөгүй.
Гэтэл барилга байшин барих цаг уурын нөхцөл таарч байгаа үе 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс өнгөрсөн оны 07 дугаар сараас эхлээд хандаж байхад ямар нэг байдлаар зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаа шийдвэр өгчихсөн бол өнөөдрийн байдлаар шаардлагад нийцэхгүй, зөрөөтэй байгаа асуудлуудыг нь засаад өгөх боломжит хугацаа байхад шийдвэрлэж өгөхгүй байгаа нь эс үйлдэхүй үзүүлж байна. Хэрвээ хуульд өөрчлөлт орохоос өмнө шийдвэрлэгдээд дуусчихсан байсан бол өмнөх хуулийн хүчин төгөлдөр байсан хугацаагаар барилгажих талбай хуульд нийцэж байсан. Энэ хугацаанд шийдвэрлээгүй хэр нь дахин 12 дугаар сард хүсэлт өгөхөд мөн адил шийдвэрлээгүй.
Аль барилгажих талбай өөр вэ гэдэг зүйлийг ерөөсөө хэлдэггүй. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны үеэр та нар 70 хувьд барилгажих төлөвлөгөө гаргасан байна, хуулиараа 60 хувь байдаг гэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн зураг төслийг боловсруулдаг. Гэтэл энэ архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 12 дугаар сард олгогдсон. Өөрөөр хэлбэл хэдэн хувьд барилгажих вэ гэдгийг архитектур төлөвлөлтийн даалгаварт заагаад өгчихсөн юм. Үүний дагуу бид нар Гангоо архитектс ХХК-д захиалга өгөөд зураг төслөө хийлгэчихсэн. Энэ зургаа 07 дугаар сард Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулаад батлуулчхаад, Ерөнхий архитектураар батлуулах гээд өгөхөд шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 60 хувьд нь барилгажих шаардлагатай болсон учраас бидний өмнө хийсэн 2 жилийн үйл ажиллагаанд хариу өгөхгүй байсан Ерөнхий архитектурын эс үйлдэхүйгээс болоод нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдчихөөд байна. Нэхэмжлэгч хүсэлтүүдээ хуульд өөрчлөлт орохоос өмнө гаргасан, тухайн үед нь шийдвэрлээд өгчихсөн бол энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу шийдвэрлэгдэх байсан. Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээд явж байх боломжтой нөхцөл байдлууд байсан. Барилгын загвар зураг батлах үйл ажиллагааг явуулах боломжтой хамгийн дээд байгууллага нь Ерөнхий архитектор буюу Хот байгуулалт, хөгжлийн газар. Архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан барилгажих талбайн хэмжээ, ногоон байгууламж гэсэн бусад шаардлагуудаа хангаж байвал загвар зургийг ерөнхий архитектор батлах юм. Техникийн нөхцөлүүд шаардлага хангах боломжтой гэдгийг хариуцагч илэрхийлчихсэн. Тэр тал дээр асуудал байхгүй гээд хариуцагч тал тайлбарлаж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан барилгажих талбайн шаардлагыг хангахгүй байна л гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч хүсэлтээ хуулийн өөрчлөлтөөс өмнө гаргасан юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
10. Хариуцагч Нийслэлийн Ерөнхий Архитектор Г.Батзориг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 2.1 дэх хэсэгт Зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг Барилгын тухай хуулийн 23.2-т заасны дагуу боловсруулна, 4.4 дэх хэсэгт Иж бүрэн ажлын зураг төслийг зураг төслийн даалгавар, эх загвар зурагт үндэслэн Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үе шатаар боловсруулна гэснийг шаардлагыг Эко констракшн ХХК-ийн Загвар зургийн төсөл хангаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагад захиргааны байгууллага хугацаандаа бидний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэж дурджээ.
Тус асуудлын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, 93.2 дахь хэсэгт Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж заасныг Эко констракшн ХХК нь баримтлаагүй буюу Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/848 дугаартай албан бичгийг хүлээн авсны дараагаар тухайн асуудаар тус газарт болон дээд шатны байгууллагад хандаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.
Мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.6 дахь хэсэгт Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж заасан байдаг ба Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан Ерөнхий архитекторын эрх, үүргийн хүрээнд ирүүлсэн загвар зургийг зөвшилцөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Халиун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Мэргэжлийн зөвлөлийн 26 дугаар хурлаар хэлэлцүүлсэн асуудлын танилцуулгыг авчирсан. Учир нь хавтаст хэрэгт авагдсан загвар зургийн төсөл тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газраар хянуулсан загвар зургаас зөвхөн нүүр биш доторх агуулга, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөний давхрын зохион байгуулалт, давхрын хэмжээ, нягтаршил зэрэг бүгд зөрөөтэй байсан. Батлаагүй гэж маргаад байгаа өмнө нь хот одоо яг эс үйлдэхүй гээд маргаад байгаа загвар зураг Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-оос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-оос доошгүй хувь нь авто зогсоол байна гэсэн шаардлагуудыг хангаагүй. Мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах магадлал хийх дүрмийн 2.1 дэх хэсэгт зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлд заасан холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна. 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг Барилгын тухай хуулийн 23-д заасны дагуу боловсруулна. 108 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 4 дэх хэсэгт иж бүрэн ажлын зураг төслийг зураг төслийн даалгавар, эх загвар зурагт үндэслэн Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үе шатаар боловсруулна гэж тус тус заасныг Эко констракшн ХХК-ийн загвар зургийн төсөл хангаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хандсан гэж хэллээ. Хот байгуулалт хөгжлийн газраас Эко констракшн ХХК-д 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4/1806 дугаартай хурлын санал дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг явуулсан. Тус албан бичигт батлагдсан МЗХ2023/43-010 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан давхар талбайн харьцааны 10.0 үзүүлэлтийг төлөвлөж буй барилга хангаж байгаа эсэх талаар зураг төсөл зохиогчоос тодруулга заавал ирүүлэх шаардлагатай байна. Мөн хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч болох Ардчиллын өргөө-с хөршийн санал авч ирүүлэх шаардлагатай байна. Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд заасан хөршөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулж шилжүүлэх тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан С61 дүгээр байрны хойд хананд байсан зураач Ш.Галсандоржийн 1991 онд бүтээсэн Цагаан морин жил хэмээх шигтгэмэл урлагийн бүтээлийг зохимжтой байршилд байршуулан зургаар харуулахыг даалгасан. Барилга угсралтын үе шатад барилгын ажлын талбайг хэрхэн шийдвэрлэх, хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчдээс санал авах гэсэн 4 шаардлагыг Эко констракшн ХХК-д хүргүүлсэн. Тус 4 шаардлагаас 3 нь биелэгдсэн. Харин хот төлөвлөлтийн шаардлагаа хангахгүй, зай хэмжээ, нягтаршил хангахгүй гэдэг шаардлагуудыг хангаагүй. Загвар зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавартай нийцэхгүй байгаа.
Архитектур төлөвлөлтийн даалгавар бол хот байгуулалтын анхан шатын баримт бичиг. Архитектур төлөвлөлтийн даалгаварт тухайн нэгж талбарт ямар хэмжээтэй, ямар барилга баригдахыг зааж өгсөн байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гээд бүгд уялдаатай байж барилга барих эсэх асуудал шийдэгдэнэ. Нэхэмжлэлийн шаардлагад захиргааны байгууллага хугацаандаа бидний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэж дурдсан байна. Тус асуудлын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл дээд шатны хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.14-д заасны дагуу тухайн захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх ёстой. Хот байгуулалт, хөгжлийн газрын дээд шатны байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Захиргааны байгууллагын шийдвэр нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргаагүй үйл баримтууд тогтоогдож байна. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 3.6 дахь хэсэг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийн төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн Ерөнхий архитектур батална гэж заасан байдаг. Тэгэхлээр тухайн маргаан бүхий загвар зураг нь архитектур төлөвлөлтийн даалгаварт нийцээгүй учраас Хот байгуулалт, хөгжлийн газраас загвар зургийн төслийг батлах боломжгүй гэдгийг мэдэгдсэн гэв.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Тухайн үед газар нь 4020 м.кв гэж хариу хэлээд байгаа. Хажуу талд нь Эко констракшн ХХК-ийн нэгж талбай байгаа. Тухайн 2 нэгж талбар нийлээд 4212 м.кв талбайд хуульд заасан үзүүлэлтээр бодож ирүүл гэсэн шаардлагыг тухай бүрд нь тавьж байсан. Хэргийн материалтай танилцахад барилгажих талбай нь 3114 м.кв байна. Барилгын давхрын хувьд 51 давхраар тухайн үед хэлэлцүүлэгдэж байсан бол шүүхэд өгсөн материал дээр 55 давхар болсон байна. Тэгээд ерөнхий төлөвлөлт дээр орц, гарц, эргэлт зэргийг нь тооцож, тухайн үед 03 дугаар сараас хойш хүсэлт өгөөд загвар зурагт засваруудыг хийлгэж байсан. Улмаар 51 давхраар мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулаад зөвшөөрсөн санал гарсан. Гэтэл тухайн үед ирүүлж байсан загвар зургаас өөр загвар зургийн төсөл ирүүлсэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Экоконстракшн ХХК болон иргэн С.Нямдаваа нар нь Экоконстракшн ХХК-ийн холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Экоконстракшн ХХК, С.Нямдаваа нарын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, 652 хаягт байрлах нэгж талбарын 1460400014 дугаартай, 4020 м.кв газарт баригдах Гангоо архитектс ХХК-ийн боловсруулсан Экоконстракшн ХХК Холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу батлахыг даалгуулах-аар маргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа сольж Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан болно.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөрсдийн эзэмших эрх бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газар дээрээ Эко тауэр барилга барихаар төслийг эхлүүлэн холбогдох зөвшөөрлүүдийг тухайлбал архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж дулаан цахилгаан, мэдээлэл холбооны техникийн нөхцөлүүдийг авч мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэнээр загвар зургаа батлуулахаар хандсан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй...эс үйлдэхүй гаргасан... гэж тодорхойлсныг хариуцагчаас ...нэхэмжлэгчийн ирүүлсэн загвар зургийн төсөл нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/1806 дугаар Хурлын дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр Эко констракшн ХХК-д Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 26 дугаар хурлаас гаргасан Батлагдсан М3Х2022/43-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан Давхар талбайн харьцааны 10.0 үзүүлэлтийг төлөвлөж буй барилга хангаж байгаа эсэхэд зураг төсөл зохиогчоос тодруулга ирүүлэх, мөн Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд заасан "Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай" Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан С61 дүгээр байрны хойд хананд байсан, зураач Ш.Галсандоржийн 1991 онд бүтээсэн "Цагаан морин жил" хэмээх шигтгэмэл урлалын бүтээлийг зохимжтой байршилд байрлуулан зургаар харуулах, төлөвлөж буй барилгын нөлөөлөлд одоо байгаа 6/10 кВт-ын цахилгаан түгээх шугам, дулааны 18 магистраль, цэвэр усны ф200 мм-ийн шугам, ариутгах татуургын 200 мм-ийн шугам мэдээлэл холбооны үндсэн худаг сувагчлал кабелийн байгууламж өртөхөөр байгаа тул дээрх шугам сүлжээнээс холбогдох норм дүрмийн дагуу хамгаалалтын зурвас газрыг үлдээн төлөвлөлт хийх, мөн төлөвлөж буй барилгыг хангах инженерийн дэд бүтцийн шийдлийг холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөх, барилга угсралтын үе шатанд барилгын ажлын талбайг хэрхэн шийдвэрлэх, хөрш залгаа газар эзэмшигчдээс санал авсан эсэх нэмэлт материалын шаардлагуудыг зураг төсөлд тусгах-ыг тус тус мэдэгдсэн байна.
Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Экоконстракшн ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/2023-166 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж ...хурлын багийнхны саналын дагуу тодруулга хүргүүлж байна, тус 50 давхар барилгыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас дулаанаар хангахад татгалзах зүйлгүй гэх 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/1569 тоот, цахилгаан хангамж, цэвэр бохир усны тухайд...хүсэлтээ өгөөд байгаа,...зураач Ш.Лувсандоржийн цагаан морин жил мозайк шигтгэмэлийн тухайд...ашиглалтад орох барилгын 1 давхарт дотор талд ханан дээр байрлуулах болно,...эскиз зургийг батлан өгч туслалцаа үзүүлнэ үү гэж хандсан, уг хүсэлтэнд захиргаа ямар нэгэн хариу өгөөгүй нь тогтоогдов.
Харин, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/848 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, Энхтайваны өргөн чөлөө 5 дугаар хороолол-1/14250/ бүсчлэлд, Төв шуудангийн баруун урд талд байршуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1459 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1460400014 дугаар нэгж талбарын дугаар бүхий газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн М3Х2022/43-010 Дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2023 оны 03 дугаар сарын 22-нд боловсруулж ирүүлсэн загвар зургийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 26 дугаар хурлаар хэлэлцэж дэмжсэн санал гарсан. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална. /4.1.27.загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг/ гэж заасан. Иймд загвар зургийг манай байгууллагын зүгээс судалж, хянаж байгаа тул өнөөдрийн байдлаар батлах боломжгүй байгааг үүгээр мэдэгджээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг, 23 дугаар зүйлийн 23.1-д Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ., 23.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна., 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 35.1.3-д барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; гэж,
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар 70 хувиас илүүгүй гэснийг 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол гэж өөрчлөлт оруулсан/ гэж,
Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 2.1-д Зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 12, 15 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна. 4.3-д Эх загвар зураг, иж бүрэн ажлын зургийг Барилгын тухай хуулийн 23.2-т заасны дагуу боловсруулна. гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
Дээр дурдсан хууль болон дүрмийн заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан, барилгын загвар зураг батлуулах хүсэлтийг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэхээр заасныг зөрчиж хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйн дээр 2024 оны 4 дүгээр сарын 05-ны байдлаар судалж хянаж байгаа гэж мэдэгдсэн нь хууль бус, уг мэдэгдлийг хүсэлтэнд хариу өгсөн гэж үзэхгүй, хариуцагч захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагчаас, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар 70 хувиас илүүгүй гэснийг 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол гэж өөрчлөлт оруулсныг үндэслэл болгон татгалзлаа зөв гэж тайлбарлаж байх боловч цаг хугацааны хувьд хуулийн өөрчлөлтөөс өмнө буюу 2023 оны 7 сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлт ирүүлснээс хойш өөрчлөгдсөн буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг баримтлан эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нөгөө талаар Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална гэж зааснаар тухайн загвар зургийг мэргэжлийн зөвлөл хэлэлцсэн, Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МЗХ2022/43 010 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байхад түүнийг үндэслэн боловсруулсан загвар зургийг батлахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч хариу тайлбартаа ...Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана., 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргасан боловч Нийслэлийн ерөнхий архитекторын тухайд дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул нэхэмжлэлийг шууд шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол...нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч байгууллага нь Хот байгуулалт хөгжлийн газарт загвар зургаа батлуулах-аар хүсэлтээ гаргасан нь харьяаллын бус байхад Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-д зааснаар эрх бүхий этгээдэд 3 хоногийн дотор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон тул 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ/2022/43-010 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон нэхэмжлэгч байгууллагын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01/2023-166 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн загвар зургийг батлахыг хариуцагч Нийслэлийн ерөнхий архитекторт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Экоконстракшн ХХК болон иргэн С.Нямдаваа нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Экоконстракшн ХХК-ийн холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Экоконстракшн ХХК, С.Нямдаваа нарын Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, 652 хаягт байрлах нэгж талбарын 1460400014 дугаартай, 4020 м.кв газарт баригдах Гангоо архитектс ХХК-ийн боловсруулсан Экоконстракшн ХХК Холимог ашиглалттай цогцолбор барилгын загвар зураг-ийг батлахыг Нийслэлийн Ерөнхий архитекторт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН