Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 30

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Х.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарчуул овогт Х.Ц-д холбогдох эрүүгийн 1721002430155 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 4-8 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарчуул овогт Х.Ц.  

 

Шүүгдэгч ... нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Авто агро” ХХК-ийн хашаанд хохирогч Б.Ц-ийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас төмөр шидэж, Б.Ц-ийн толгойн тус газар онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр ярих зүйлгүй. Гэмшиж байна ... гэв.

 

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Энхболд манайд ирсэн. Хамт гараад түүний төрсөн өдрийг тэмдэглэж, 1 шил архи хувааж уусан. Хоёулаа трактор янзлуулах ажилтай байсан. Энхболд Цогт-Эрдэнээр трактор янзлуулна гэж ярьсан юм байна лээ. Цогт-Эрдэнийг сураглан “Авто агро” ХХК-нд очсон. Би нэлээн согтсон байсан ба тэр компанийн захирал Энхболд намайг цэрэгт байхад салааны захирагч байсан учраас бие биенээ таньж, юм ярьж байснаа санаж байна. Тэрнээс хойшхи явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмнэлэгт байхад Цогт-Эрдэнэ ирж уулзаад “Та намайг зүгээр байхад гэнэт цохиод гагнуураар... төмрөө нэг мэдэхэд шидсэн байсан” гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэжээ.  /хх-ийн 11-12 тал/

 

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Цэрэндондог Эрдэнэцагааны отрядад намайг салаан даргаар ажиллаж байхад цэрэгт байсан ба намайг даргаа сайн уу гээд ойр зуурын юм ярьж байснаа Цогт-Эрдэнэ гагнуур хийж байхад нь “чи хэдэн оных юм бэ” гэж ярьж байснаа Цогт-Эрдэнийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Цогт-Эрдэнийн хамраас цус гарснаа “яаж байнаа” гээд босож ирээд гартаа барьсан төмрөө Цэрэндондогийг цааш эргээд явж байхад араас нь шидсэн. Тэр төмөр нэлээн урт байсан ба нэг үзүүр нь эргээд толгойг нь оносон. Цэрэндондог газар унаад ухаан алдсан ...” гэжээ. /хх-ийн 20 тал/

 

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Цогт-Эрдэнэ Энхболд нар гагнуур хийгээд сууж байсан. Энхболд цэрэгт Цэрэндондогийн дарга байсан юм уу тэр талаар яриад байсан. Бид такси аваад очсон учраас таксинд мөнгийг өгч явуулчихаад эргээд 1-2 минутын дараа ирэхэд Цэрэндондог газар хажуугаараа хараад хэвтэж байсан ба дагзны ар хэсгээс зүүн чихнээс нь цус гарчихсан байсан.   Хажууд нь Энхболд, Цогт-Эрдэнэ хоёр байсан. Цогт-Эрдэнийн хамраас цус гарсан байсан. Цэрэндондог түүнийг гагнуур хийж байхад нь хажуунаас нь хамар луу цохихоор нь төмрөөр нь цохьсон гэсэн үү, шидсэн гэсэн үү тийм зүйл болсон гэж Цогт-Эрдэнэ надад хэлсэн ...” гэжээ. /хх-ийн 24 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 681 тоот актын дүгнэлтэд

            1. Б.Цэрэндондогийн биед суурь яс, зүүн чамархай яс, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйханд зүүн чамархайн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтлүүдийн суурь яс, зүүн чамархай яс, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйханд зүүн чамархайн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 40-41 тал/

 

     Шүүх сэтгэц эмгэг судлалын 59 тоот дүгнэлтэд

1. Х.Ц нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж хэвийн байдал алдагдсан байх боломжтой байна.

2. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 71-72 тал/

     - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 07-08 тал/

     - Шинжээч Ж.Жгийн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

- Гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

- Гэрч Г.Сын мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

- Гэрч Д.Оийн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/

- Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 тал/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 тал/

- Ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 87 тал/

 - Хохирогч Б.Цийн хүсэлт /хх-ийн 93 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар 129 см урттай төмрийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Шарчуул овогт  Х.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Авто агро” ХХК-ийн хашаанд хохирогч Б.Цийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас төмөр шидэж, Б.Цийн толгойн тус газар онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 681 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 59 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Х.Ц-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Х.Ц-ийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Ц-г хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Х.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Хохирогч Б.Ц нь шүүгдэгч Х.Ц-ээс эмчилгээний болон замын зардалд 3407.000 төгрөг авсан бөгөөд шүүгдэгч Х.Ц-д гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 129 см урттай төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Х.Ц-д тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ц тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 129 см урттай төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ