Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр                                                         Дугаар 2022/ДШМ/49                                                       Даланзадгад сум

 

 

 

У.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

   Прокурор Л.Солонго,           

   Шүүгдэгч У.*******,

   Нарийн бичгийн дарга  Э.Ууганчимэг нарыг оролцуулан

 

   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч У.*******д холбогдох 2128000560066 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Пүрэвдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалыг танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд Улаанбаатар хотын Ажилчны дүүргийн ардын шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ардын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасныг журамлан 1 жил 6 сар хорих ял дээр 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* дугаар регистртэй, Их мэргэд овгийн *******ын *******.

 

Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Терра Энержи” ХХК-ний ажилчдын амрах байранд "Монруд" ХХК-ний галч М.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун суга, зүүн гуянд хутгалж, баруун  шуу, хэвлийд зүсэж эрүүл мэндэд баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь У.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их мэргэд овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл  мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.*******д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гэртэй, шаргал өнгийн бариултай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, М.Пүрэвдоржийн өмсөж явсан гэх хар ногоон өнгийн баруун талын ханцуй, суга хэсэгт зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн баруун талын ханцуй суга хэсэгт зүсэгдэж урагдсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсгийн голд зүсэгдэж урагдсан футболк 1 ширхэг, зүүн гуяны дотор дээд талд зүсэгдэж урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн зүүн гуяны ар хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын зузаан өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.*******аас ажилгүй байсан хугацааны цалингийн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Пүрэвдоржид олгож, 3,400,000 /гурван сая дөрвөн зуун төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Пүрэвдоржийн гаргасан нэхэмжлэлээс эмчилгээний зардал 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Пүрэвдорж нь энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хохирогч М.Пүрэвдоржид эмнэлгийн төлбөрт 316,000 /гурван зуун арван зургаан мянга/ төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч У.******* нь 121 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М.Пүрэвдорж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Миний бие 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах “Терра Энержи” ХХК-ний ажилчдын амрах байранд У.*******д баруун суганы доохон уушгинд, зүүн гуяны ард, баруун гарын шуунд, хэвлийн хүйсийн орчим нийт 4 удаа хоёр удаагийн  дайралтаар хутгалуулсан. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар уг хэргийг шалгаж үзээд У.*******д Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байдаг. Уг оноосон зүйл анги нь тухайн хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, баримт нотолгоо хангалттай гэж үзэн аймгийн Прокурорын газраас тус зүйл ангиар татсан нь зөв байсан.

Харин удаа дараагийн шүүх хурал буцан У.*******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамааруулан ялласан нь хуульд нийцэхгүй байна. М.Пүрэвдорж миний бие зүгээс яагаад хуульд нийцэхгүй нэг талыг барьж шүүх хурал болсныг эсэргүүцэж дэлгэрэнгүй бичиж байна.

 Үүнд: 1. Гэрчийн өгсөн мэдүүлэг, “У.******* гүйцээнэ, гүйцээчихье” гэж хэлсэн үгийг гэрчилсэн гэрч, миний 1-р хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг зэрэг хангалттай баримт байхад,

2. У.******* нь намайг 1 удаа хутгалалгүй дахин орж ирэн “би чамайг гүйцээнэ” гэж хэлээд дахин хутгалсан нь Эрүүгийн хуулийн 10.1-р зүйлчлэх хангалттай баримт.

3. У.******* нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй яагаад гэвэл тухайн хэрэг гардаг өдөр ******* гэдэг залуу салгаж байсан байдаг.

Гэтэл У.******* нь ******* дээр очин “Чи тэр үед намайг салгаагүй байсан бол би М.Пүрэвдоржийг гүйцээх байсан юм” гэж хэлсэн байдаг.

Ингээд бодохоор У.******* нь хэзээ ч намайг алахгүй гэсэн баталгаа алга. Миний амьд явах эрх баталгаагүй байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтыг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. 1-р хавтаст хэрэгт анх зүйлчилсэн 10.1 дүгээр зүйлээр яллаж өгнө үү.

М.Пүрэвдорж миний бие уушгины дутагдалтай, амьсгал давхацдаг болсон гомдолтой байна. Эрхэм шүүгч нар минь үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

          Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл заалтуудыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн У.*******д холбогдох 2128000560066 дугаартай хэргийн Давж заалдах шүүх хуралдаанд оролцон дараах тайлбар, дүгнэлтээ гаргаж байна. У.*******д холбогдох эрүүгийн 2128000560066 дугаартай хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж шүүгдэгч У.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Шүүгдэгч У.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч М.Пүрэвдоржид учирсан гэмтлийн зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу У.*******д ял өөрчлөн сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч М.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч У.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч удаа дараа уучлалт гуйсан. Миний буруу гэж хэлсэн. Яагаад гомдол гаргаж, эсэргүүцээд байгааг би мэдэхгүй байна. Шүүх хуралдаан болоход дандаа өөр зүйл санаанаасаа зохиож ярьдаг. Үүнийг би гайхаж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “Терра Энержи” ХХК-ний ажилчдын амрах байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Пүрэвдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар баруун суга, зүүн гуянд хутгалж, баруун  шуу, хэвлийд зүсэж эрүүл мэндэд баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь

хохирогч М.Пүрэвдоржийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан: “Тухайн өдөр ...би чи хүн ална гэж юу байхав дээ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй хутга гаргаж ирэхээр нь би сандраад гэрийн үүд рүү гүйхэд араас ирээд гуя руу хутгалсан. ...сөхрөөд газар унахад дээр гарч би чамайг ална, гүйцээнэ гэж хашхираад уушги руу хутгалсан. Би хутгийг тавиулах гэж ноцолдож байхад гаднаас гэх залуу орж ирээд У.*******ыг аваад гарсан. Би гялс газраас босож орон дээрээ ...байхад дахиж орж ирээд би чамайг гүйцээнэ гэж дахиж араас татаж хутгаа далайхаар нь би хорьж байхад миний хүйсийн хажуу талд хутганы үзүүр ороход нь хөлөөрөө өшиглөж хойш нь унагаасан. Дахиж босож ирээд дайрахаар нь хамгаалахад миний гарын шууг зүссэн. ...Эмчилгээний зардал 2,600,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5,400,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх,  

 

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Буцаад гэртээ ирэхэд хамт ажилладаг ******* гэх ах энэ ******* Пүрэвдоржийг хутгалчихсан байна гээд гэрийн гадаа зогсож байсан” гэх,

 

Гэрч Ц.мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед байх намайг Ноён сумын нутагт байдаг “Терра Энержи” ХХК-ийн кемпийн хашаанд байдаг ажлын өрөөндөө сууж байхад манай галч Пүрэвдорж над руу утсаар залгаад “яаралтай хамгаалагч дуудаарай” гэж хэлэхээр нь би гэр рүү нь гүйж очоод гэрт нь ороход Пүрэвдорж гэрийн зүүн хойд талын орон дээшээ харсан байдалтай дээгүүрээ цагаан футболктой, доогуураа өмдгүй гуяны ар хэсгээр нь цус гарчихсан хутгалуулсан байдалтай дэвссэн даавуу нь цус болчихсон байсан. ... асуухад Пүрэвдорж “намайг ******* хутгалчихлаа” гэж хэлсэн ...кемпийн эмч ирээд Пүрэвдоржийн биеийг нь үзээд цээжний доод хэсэгт болон гуяны ард байсан хоёр шархыг ариутгаж боосон. ... Кемпийн хашаанд байдаг галч нарын амьдардаг Д-11 тоот гэрт хэрэг болсон байсан...” гэх,

 

Гэрч Г.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...******* ганцаараа нэлээн архи уучихсан согтуу гэрт орж ирээд “Бөөн юм болчихсон, би Пүрэвдоржийг хутгалчихсан, би гүйцээчих үү” гэж надад хэлэхээр нь би юу болсон юм бэ гэхэд ******* надад тодорхой юм хэлээгүй” гэх мэдүүлгүүд,

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаартай: “М.Пүрэвдоржийн биед баруун суганд цээжний хөндийд нэвтэрсэн, баруун шуу, зүүн гуянд шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. М.Пүрэвдоржийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. М.Пүрэвдоржийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 786  дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт хохирогчийн өмсөж байсан гэх хар саарал өнгийн дотуур өмдний ноосон ширхэгт материал байна. Иймд шинжилгээнд ирүүлсэн хутгаар уг хар саарал өнгийн дотуур өмдний гэмтэл үүссэн байж болно” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 785  дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн цамцанд 25мм, 25мм, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамцанд 35мм, саарал өнгийн өмдөнд 150мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон цамцанд 17мм, 14мм, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамцанд 14мм, 29мм, саарал өмдөнд 27мм, саарал дотуур өмдөнд 25мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх хувцаснуудад гарсан зүсэгдэлтүүд нь 2 удаагийн үйлчлэлээр гарсан байна. Бусад гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1387  дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

 

М.Пүрэвдоржоос авсан цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоон хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо М.Пүрэвдоржоос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолсон дээрх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалж, судлагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоож, шүүгдэгч У.*******ын М.Пүрэвдоржийг хоёр удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж хууль зүйн дүгнэлт хийж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүх У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч У.*******ын үйлдэлд хүнийг санаатай алахыг завдсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх тухай хохирогч М.Пүрэвдоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч У.*******ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” гэж зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...,Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/,... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээг хуульчлан тогтоосон.

 

 Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасан “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх өршөөлд хамрахгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч У.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаасан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байхад шүүхээс “шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт сонсох ажиллагаанд...оногдуулах ялаас 2 жилийн ялыг өршөөн хасаж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан ба шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар прокурор шүүгдэгч У.*******ыг өршөөлд хамруулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр дүгнэлт ирүүлэх боломжтой тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй байх нь зүйтэй гэж шүүх үзэв” гэсэн дүгнэлт хийж Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх ...Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”гэсэн хууль ёсны зарчмыг зөрчсөн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч У.*******ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 /жаран ес/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Өмнөговь аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 “3, 4 , 5, 6, 7, 8, 9,10” дугаар заалтыг “4, 5, 6, 7, 8, 9,10, 11” гэж дугаарлан өөрчилж,  

 “3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хассугай” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч М.Пүрэвдоржийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг  түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАСАНЖАРГАЛ

 

                  ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

 

                                                                 Л.НЯМДОРЖ