Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0876/З |
Дугаар | 128/ШШ2024/0492 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0492
2024 06 05 128/ШШ2024/0492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж*******, Э.Н*******, Б.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н, Г.Б нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж*******, Э.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А- дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн залаатын аманд 11,3 га газрыг “М*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон.
1.2. Богдхан уулын дархан цаазат газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар саналыг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2016 оны 05 дугаар сарын 10 өдөр 5 жилээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/3 дүгээр тушаалаар уг газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар тус тус сунгасан.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дүгээр тушаалаар “... сайдын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А- дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын залаатын ******* хязгаарлалтын бүсээс “М*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 524 мкв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.
1.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1045 тоот “М*******” ХХК-д хэсэгчилэн хүчингүй болгосон газрын чөлөөлж, газрын төлөв байдлыг сайжруулан, хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлсэн.
1.5. Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““М*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/ тоот тушаал, 2011/03 дугаартай гэрчилгээгээр олгогдсон, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын ДЦГ, ******* ам нэртэй газарт 11.3 га талбайтай газрыг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А тоот “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай тушаал” /цаашид “сайдын тушаал” гэх/-аар ******* ******* 11.3 га газраас 524 м.кв газрын ашиглах эрхийг “Усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр хэсэгчлэн хүчингүй болгохоор шийдвэрлэснийг манай компанид 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн. Компанийн зүгээс ******* ******* 11.3 га талбайгаас хэсэгчлэн цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
Нэг. Хуулийн үндэслэлгүй тухайд:
Сайдын тушаалд “... газар нь усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа” гэсэн хэдий ч давхцалтай гэх 524 м.кв газар нь анхнаасаа (олгогдсон үеэсээ) давхцалтай байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. ******* ******* 11.3 га газар нь анх Байгаль орчны сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/ тушаалаар олгогдсон. Энэ үед ******* 11.3 га газар нь усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байсан буюу тухайн үеийн Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй. Тодруулбал,
a. Манай компанид уг газар олгогдох үед 2004 оны Усны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 31.2-т “Усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэх заалт л байсан, одоогийн Усны тухай хуультай адил онцгой хамгаалалтын бүсийн зай, хэмжээ ямар байх талаар заалт байгаагүй.
б. Манай компанид уг газар олгогдох үед Газрын тухай хуулийн 33.6 дахь заалт агуулгаараа ч байгаагүй. Энэхүү заалт нь бүр хожим буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар анх, шинээр батлагдсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл онцгой хамгаалалтын бүсэд газар олгохыг хориглосон хууль байгаагүй.
с. Газрын тухай хуулийн 33.6 дах заалт нь газар анх олгоход хамаарах, мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш олгогдсон газруудад хамаарах заалт болно.
d. 2010 онд манай компани газар ашиглах эрх олж авах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Усны тухай /2004/ хуулиар усан сан бүхий газрын эргээс бус зөвхөн усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтоодог байсан тул ******* ******* 11.3 га газар нь онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байсан.
Хоёр. Хуульд нийцээгүй тухайд:
Сайдын тушаалд газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1-ийг бас нэг үндэслэлээ болгожээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1-т “Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд 40.1.1-т “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заажээ. Дээрх зохицуулалтаас үзэхэд тусгай хамгаалалтай газар ашиглах эрхийг дуусгавар болгоход газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулж буй суурь хэм хэмжээ болох Газрын тухай хуульд үндэслэхээр байна. Харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд мөн л газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг жагсаасан байх бөгөөд тэдгээр үндэслэлд “усан сангийн онцгой хамгаалалтын бүстэй давхацсан гэх” үндэслэл буюу “Усны тухай хуулийн 22.2, Газрын тухай хуулийн 33.6 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэл хамаарахгүй. Иймд сайдын тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байна.
Гурав. Хэлбэрийн шаардлага хангаагүй тухайд:
Захиргааны акт нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн үр дагавар нь хандсан этгээддээ шууд хамааралтай байх ёстой. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд манай компанид олгосон газраас хэсэгчлэн хүчингүй болгосон шийдвэр гаргахдаа манай компанид хамааралгүй, эрх олгоогүй актыг дурдсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй.
Итгэл хамгаалах зарчмын тухайд: Захиргааны үйл ажиллагаанд холбогдсон иргэн, хуулийн этгээд нь ирээдүйд тухайн шийдвэр, үйл ажиллагаа тогтвортой үйлчилнэ гэдэгт итгэж үйл ажиллагаагаа төлөвлөдөг ба эрх зүйн тогтолцоонд энэхүү итгэлийг хамгаалах зарчим үйлчилдэг. Энэ нь тухайн хэм хэмжээний үйлчлэл “хуулийг буцаан хэрэглэх” журамд нийцсэн эсэх байдлаар тодорхойлогдоно. Газрын тухай хуулийн 33.6 дах заалт нь манай компанийн хувьд сөрөг нөлөөлөлтэй, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан агуулгатай байх тул энэ зохицуулалтыг манай компанид хамаатуулж, хуулийг буцаан хэрэглэх нь түүнд тавигдах гол шалгуур болох “эргэн үйлчлэлийн зөвшөөрөгдөхүйц байдал”-ыг хангахгүй байна. Мөн дээрх нэмэлт (ГТХ 33.6)-ийг оруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байгаа нь уг зохицуулалтын эрх зүйн үйлчлэл нь гагцхүү хүчин төгөлдөр болсон мөчөөс хойш байхыг илтгэж байна
Иймд, нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А тоот Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А тоот газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн 3 үндэслэлээр тайлбарыг гаргаж байна. “М*******” ХХК Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт Богдхан уулын ******* ам нэртэй газарт 11,3 га буюу 113,779 мкв газрыг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/ тоот тушаалаар ашиглах эрх аваад, үүнээс хойш 5, 5 жилийн хугацаатай сунгалт хийгддэг. 2015 он, 2020 онд 2 удаа сунгалт хийгдсэн. Мөн 2 удаа газар ашиглах эрхийн гэрээг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 3 талт гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд заасан эрх, үүргээ бүрэн биелүүлээд, ажиллаж байгаа. Үндэслэлгүй гэж үзэж байгаа 2010 онд 113,779 мкв газрыг олгох үед энэхүү талбай нь усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй байсан. 2010 онд давхцал байхгүй байсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдаад байгаа Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байсан. 2010 онд газар олгогдох үед Усны тухай хууль 2004 онд батлагдсан, Усны тухай хууль үйлчилж байсан. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалтад усны эх ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтооно гэсэн утгатай заалт байсан. 2019 онд Газрын тухай хуульд шинээр нэмэлт, өөрчлөлт ороод, онцгой хамгаалалттай бүстэй, хамгаалалтын бүс бүхий газарт газар олгохыг хориглоно гэсэн заалт орсон. Иймд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө усны онцгой хамгаалалттай бүсэд газар ашиглах, эзэмших эрх олгохыг хориглоно гэсэн заалт байгаагүй. Манай газарт ашиглах эрх олгосон 2010 онд ямар нэг зөрчлүүд байгаагүй. Гэтэл сайдын тушаал 2010 онд олгох үед усны онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байсан мэтээр энэ тушаалын 1 дүгээр зүйлд заасан. Энэхүү тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг сайд тушаал гаргахдаа үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно гэсэн заалт байгаа. Энэ зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг дуусгавар болгоход газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулж буй суурь хэм хэмжээ болох Газрын тухай хуулийг үндэслэвэл ийм зохицуулалт харагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлээс үзэхэд усан сангийн онцгой хамгаалалтын хилтэй давхацсан гэх үндэслэл буюу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл 2010 оны үед ийм нөхцөл, байдал байхгүй байсан. Сайдын тушаал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуультай нийцээгүй тушаал болсон байна. Сайдын тушаал хэлбэрийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлийг манай зүгээс тавьж байна. Захиргааны алба эрх зүйн үр дагавар үүсгэсэн, үр дагавар нь хандсан этгээдтэй шууд хамааралтай байх ёстой. Гэтэл сайдын тушаал манай компанид олгосон газраас хэсэгчлэн хүчингүй болгоход манай компанид хамааралгүй, эрх олгоогүй актыг үндэслэлдээ дурдсан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг зөрчсөн. Мөн захиргааны эрх зүйд итгэл хамгаалах зарчим үйлчилдэг. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж байгаа. Манайд олгосон газар 2010 он. Гэтэл 2019 оноос хойш олгосон мэт болгохын тулд 2020 он гэх үндэслэлээр тус актад заасан юм уу? Ямар учиртай юм? 2010 он гээд заавал хүчингүй болох хууль эрх зүйн үндэслэл байхгүй учраас танилцуулга, хурал нь явсан байх гэж ойлгож байгаа. Иймд 2010 он гэж бичихийг 2020 он гэж өөрсдөө хэлж байгаа. Итгэл хамгаалах зарчим гэж захиргааны эрх зүйн үндсэн суурь зарчмуудыг 2010 онд энэ газрыг авах үед, түүнээс хойш хэд хэдэн удаа Байгаль орчин, аялал жуулчлалын я******* сайдын тушаал гарч сунгагдсан.
Тусгай хамгаалалттай газар учраас 5, 5 жилээр олгогдож байгаа. Мөн гэрээ дүгнэсэн акт үйлдэх ажиллагаанууд явж байсан. 2010 оноос хойш 13 жилийн хугацаанд асуудал яригддаггүй байсан, гэтэл нэг өдөр тусгай хамгаалалттай, давхацсан байна гэдэг хууль бус үндэслэлээр сүүлд гарсан хуулийг үндэслэж, хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ хэмжээгээр М******* ХХК эрхэлсэн туслахтай байгаа газарт газрын төлбөр төлж ирсэн, тодорхой хэмжээний зардал, мөнгө гаргаад, ажиллаж ирсэн нөхцөл, байдлууд байгаа. Тус газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзсэн учраас энэ ажиллагаа явж байсан. Ийм 3 үндэслэлтэй нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагчийн тайлбарыг үндэслээд нэмж тодруулах зүйлээ хэлээд явна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сайд тус тушаалыг гаргахад холбогдох хуулийг зөрчиж гаргасан. 2019 оноор хойш батлагдсан хуультай нийцэхгүй нөхцөл, байдалд орж байгаа нь тухайн үед олгож байсан төрийн байгууллагын буруу байхгүй, газар аж ашиглах эрх авч ашиглаж ирсэн аж ахуйн нэгжид буруу байхгүй, тус хууль өөрчлөгдөж байгаа учраас яаж шинэ батлагдсан хуульд нийцүүлэх байсан талаарх асуудал хуульд байгаа. Хуульд нөхөн олгох, солих гэдэг арга байгаа. Шууд цуцлахгүй, сольё, онцгой хамгаалалтын газартай давхцаж байна гэдэг үндэслэлээр хандаад, тус асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас эвийн журмаар шийдэх боломж байсан. Сонсох ажиллагаа хийхдээ утга, агуулгын хүрээнд огт яваагдаагүй. Цуцлах гэж байна, иймд тайлбараа өг гэсэн. Газар ашиглагчийн зүгээс үндэслэлгүй гэх тайлбар, үндэслэлийг сонсох ажиллагааны хүрээнд хамгаалалтын захиргаанд өгсөн. Энэ талаар хэргийн материалд давхацсан зүйл харагдаж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалаар “М*******” ХХК-д Богдхан Уулын дархан цаазат газрын ******* ам гэх газарт 11.3 га талбай бүхий газрыг ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон. Тус тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А******* дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан XII хурлаас гарсан шийдвэр зэргийг удирдлага болгосон.
Тус олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын ******* ******* хязгаарлалтын бүсээс “М*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасны дагуу “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтад заасан Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналын дагуу тухай аж ахуйн нэгжийн 524 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын я******* харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус я******* болон хамгаалалтын захиргааны цахим хаягаар дамжуулан (https://met.gov.mn/) хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны А/ дугаар тушаалаар “М*******” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын дарга ******* аманд 11,3 га газар ашиглах эрхийг олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/3 тушаалаар газар ашиглагчийн эрхийн хугацааг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан, ямар нэг байдлаар газар ашиглах эрхийн хугацаа, газрын төлбөр, тооцоо, ашиглалт, зориулалтын талаар маргаан байхгүй. Маргаан бүхий акттай холбоотой сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А дүгээр тушаалыг гаргасан. Уг тушаалын үндэслэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутаг, газар ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан 12 дугаар хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэл болгосон.
Тус олгосон газар Богдхан уулын Дархан цаазат газрын ******* ******* хязгаарлалтын бүсээс “М*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д зааснаар батлан хамгаалалттай бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, тэслэх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хийх, олборлох, зэх шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэх зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн тул Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах, дуусгавар болгох саналын тухай тухайн аж ахуйн нэгжийн 524 мкв газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сонсох ажиллагаатай холбоотой Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тусгай хамгаалалттай газар нутгийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалтын газар, нутгийн талаарх хууль тогтоомж, тус газар, нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллага гэрээ байгуулах, тус газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулах болон үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын я******* харьяа байгууллага болох Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус я******* болон захиргааны цахим хаягаар дамжуулан сонсох ажиллагааг хийсэн. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 773 дугаар албан бичгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голын онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хийх хяналт шалгалтын төлөвлөгөө гэсэн үүрэг, чиглэлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын я******* салбарын хяналтын газартай хамтран Туул голын онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ах ахуй, хориглолтын бүс дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглалт, хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдал 01/16 дугаартай удирдамжийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтын дагуу мэдээллийн сангаас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгогдсон газар ашиглагчдын мэдээллийг нэгтгэн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд сонсох ажиллагааны мэдээллийг хүргүүлсэн.
Маргаан бүхий акттай холбоотой уг хяналт шалгалтын хүрээнд зөрчлийг илрүүлээд, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсний дараа Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналыг хүргүүлсэн. Уг санал иргэн, аж ахуйн нэгжүүдийн хуульд заасны дагуу давхцалтай байгаа учраас эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг бүхэлд нь болон хэсэгчлэн цуцлах нь зүйтэй байна гэдэг санал хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсний дагуу сайдын А******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, хуралдаанаар тус маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газрын хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2010 онд нэхэмжлэгчид газар олгосон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор усан сан бүхий хил заагийг тогтоож шийдвэрлэсэн. Үүнээс хойш сайдын удирдамж, төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийгдсэнээр тус зөрчил, газрууд давхцалтай байгаа тул ингэж шийдвэрлэх нь зөв гэдэг байдлаар өмнө гаргасан шийдвэрээ зөв болгож тушаал, шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас газар ашиглах онцгой зориулалт, газар ашиглаж байх явцад усны хориглосон, хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулснаас гарах үр дагавраас урьдчилан сэргийлэхгүй, нэхэмжлэгчийн хамгаалалтын бүсийн давхцалтай байгаа хэсэгт ямар нэг асуудал үүссэн тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг ийм тушаалаар ингэж олгосон учраас хүчингүй болгоогүй гэдэг үр дагавар үүсэх учраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолын дагуу хэрэгжилтийг хангаж ажилласан тушаал гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “М*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
“- Анх 2010 онд газар ашиглах эрх олгох үед усны хамгаалалтын бүстэй давхцалгүй байсан тул маргаан бүхий актад дурьдсан хууль зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй байсан,
- Хуульд өөрчлөлт орсноос хойших хугацаанд буюу 2020 онд газар ашиглах эрх олгогдсон мэтээр зөрүүтэй бичиж хэлбэрийн шаардлага хангаагүй акт гаргасан,
- Хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой байсан” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын,
3.1. 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А- дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн залаатын аманд 11,3 га газрыг “М*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон,
3.2. Богдхан уулын дархан цаазат газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын я******* Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5 жилээр сунгасан,
3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/3 дүгээр тушаалаар уг газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар мөн сунгасан.
3.4. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дүгээр тушаалаар “... “М*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь усан сангийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 524 мкв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
4. “М*******” ХХК-ийн ашиглалтад анх олгосон 11,3га/113779мкв/ газрын зүүн хойд хэсэгт нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 524 мкв талбайгаар, энгийн хамгаалалтын бүстэй 24048 мкв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 1/2593 тоот лавлагаагаар тогтоогдов.
5. Мөн газрын даргын 2024 оны А/39 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/14 тоот шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий актаар хүчингүй болгосон 514 мкв талбайд баригдсан уурын зуухны барилгын 0,66 мкв талбайтай хэсэг нь туул голын онцгой хамгаалалтын бүсэд багтсан болох нь тогтоогдож байхын зэрэгцээ уурын зуухны барилга 2014 оны агаар сансрын зурагт дүрслэгдсэн байна.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 40.1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж заасны дагуу өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд газар ашиглагчийн эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоосон байх шаардлагатай.
7. Гэтэл маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар ашиглалтын хувьд зөрчилгүй тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “....хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглах эрх үүссэн, хашаа болон барилга баригдах үед усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоогоогүй байсан тул бид хууль зөрчөөгүй, хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй.
8. Гэвч,
8.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж зохицуулжээ.
8.2. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” заасан байна.
8.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс”-ийг тогтоосон байна.
8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй, маргаан бүхий А дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж зөрчигдөхөөр байна.
9. Өөрөөр хэлбэл, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд үүссэн газар ашиглах эрхийн хувьд хуульд өөрчлөлт орсон гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй, хариуцагч нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газарт баригдсан хашаа, уурын зуухны барилга байрлаж байгаа хэсэг нь хууль тогтоомжийн өөрчлөлтөөр газар ашиглах эрх олгохыг хориглосон газарт багтах болсон болон тухайн эд хөрөнгийг хэрхэх асуудлыг хариуцагч шийдвэрлэсний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байжээ.
10. Түүнчлэн дээрх 3.1 дэх хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах эрх олгогдоогүй, байхад хариуцагчаас маргаан бүхий актад “2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А- дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ******* ******* хязгаарлалтын бүсээс “М*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар нь” гэж газар ашиглах эрх олгогдсон огноог алдаатай бичсэн байгаа нь тухайн актыг утга агуулгын хувьд ойлгомжгүй, тухайн нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
11. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заасан зарчимд нийцээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь дээрх 8 дахь хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалтууд хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд үүссэн байгаад дүгнэлт хийлгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дүгээр тушаалыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 649,444 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ